Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/156

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,

Иргэдийн төлөөлөгч Н.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С , түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр,  

Шүүгдэгч Д.Х , түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Д-н Х д холбогдох эрүүгийн 2134000000167 дугаартай, 2 хавтаст хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Х  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Д.Х  нь 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг Энгэрийн 4-3 тоотод хамтран амьдрагч Т.Х тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зүүн өвдгөнд нь хутгалж улмаар Т.Х  нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2134000000167 дугаартай хэрэгт авагдсан

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С ын өгсөн: "2011-2015 оны хооронд Аззаяа гэх Төв аймгийн эмэгтэйтэй гэр бүл болж 5 жил амьдраад дундаасаа Амин-Эрдэнэ гэх охинтой. Одоо 9 настай ээжтэйгээ цуг амьдарч байгаа. Эхнэр хүүхэд нь бидэнтэй холбоотой байдаг. Ямар шалтгааны улмаас салсан эсэхийг бол мэдэхгүй байна. Ингээд 2015 оноос хойш Алтанбулагт гэрээрээ ирж аав, ээждээ болон бид нарт туслаад хамт амьдарч байгаад 2019 оны сүүлд 2020 оны эхээр одоо энэ Х  гэх эмэгтэйтэй Төв аймагт хамтран амьдарч ирж очоод байх болсон. 2020 оны хавар ирж мал төллүүлж өгөөд хамаг ажил цэгцэрсний дараа шинэ мотоцикл авч унаад энэ хүүхэн рүүгээ явсан. Түүнээс хойш очоогүй байж байгаад 2021 оны хавар 3 дугаар сард нэг удаа Алтанбулагт очиж аав ээжтэй уулзчихаад ах дүү нарынхаараа орчхоод явсан байсан. Ингээд хэрэг гарсан 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр талийгаач аав, ээжтэй утсаар ярьсан байсан. Мөн тэр өдрийн өглөө нь надтай утсаар ярьсан ер нь ах дүү нартайгаа бүгдтэй нь утсаар ярьсан байсан. Хөдөө мал дээр байдаг дүү рүүгээ ах нь одоо ингээд гарлаа мал хуйд чинь тусалъя гэж хэлсэн байсан. Надад бол энд хашаа нурчихсан янзалж байна гэж ярьж байсан. Ингээд тэр өдрийн орой 20 цагийн орчим манай нагац эгч Отгондулам над руу залгаад Х  хүнд хутгалуулсан гэж эмнэлгээс ярилаа ар гэрийн хүмүүсийг ир гэж хэллээ гэж хэлсэн. Тэр орой би ирэх боломжгүй байсан учир манай дүү Пүрэв-Очир Төв аймагт ирсэн. Ингээд эмнэлэг дээр хагалгаанд ороод гарч ирээд Пүрэв-Очиртой уулзаад ахын дүү ирчихсэн юм уу ахыг нь яачихваа гэж хэлж байсан гэсэн. Ингээд манай ирсэн хамаатнууд бүгд л уулзсан байсан. Заримыг нь ухаан санаа нь орж гараад танихгүй байсан ингээд маргааш өдөр Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдээд тэндээ бас дахин хагалгаанд орохоор болоод би тухайн өдөр аавыгаа аваад гэмтэл дээр очиж хоноод маргааш өглөө нь 07 цагт ер нь найдваргүй боллоо ар гэрийнхнийг нь оруул гэж хэлээд бид ороход хүчилтөрөгчийн аппарат залгачихсан хамаг бие нь хувхай цайчихсан байсан. Ингээд зүрхэнд нь хүчдэл өгөөд сэргээгүй эмч нар 07 цаг 25 минутад нас барснаар бүртгэ гэж ярилцаад биднийг гар гэж хэлсэн. Бид маш их гомдолтой байна. Өмд, дээл нь маш их цус нэвтэрч бараг мушгихад цус гарахаар болсон байсан, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна." гэх мэдүүлэг /хх 27-28/,

Гэрч М.Т-н өгсөн: “2021 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө би гэрээсээ 10 цагийн үед гараад Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Ар урт" супермаркетын үүдэнд танил Т.Х , түүний эхнэр Д.Х , манай найз Дүүдээгийн эхнэр Ш.Батзаяа нартай уулзаад юм ярьж зогсож байгаад Ш.Б хашаа салхинд нурсан гэхээр нь бид нар гэрт нь очиж янзалсан. Тэндээ байж байтал Т.Х  эхлээд 1 шил 0.75 литрийн хараа нэртэй архи авч ирээд тэрнээс хойш дахиж 2 шил архи авч ирээд бид дөрөв хувааж уусан. Тэгтэл Х , Х  нар хашаа барьж дууссанаас хойш хоорондоо муудалцаад нөхрөө гол дээр хүнтэй уулзлаа гээд уурлаад байсан. Тэгтэл нөхөр нь уулзаагүй гээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би тухайн үед нь та хоёр битгий хоорондоо муудалцаад бай гэж хэлсэн, тэр хоёр ч нэг их сүйдтэй маргалдаад байгаагүй. Тэгээд би тасраад хажуу гэрт ороод ганцаараа унтаж байтал цагдаа нар ирээд намайг сэрээсэн. Тэгэхээр нь би гараад хартал Д.Х  гар нь цус болчихсон байсан ба гэрээс гараад хартал нөгөө гэрийнх нь үүдэнд их цус урсчихсан байсан” гэх мэдүүлэг /хх 38-40/,

Гэрч Ш.Б өгсөн: "Би 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байж байгаад манай хашаа эвдрээд уначихсан байсан учир би хашаагаа янзлуулах гээд Б.Эрдэнэбат, М.Тогтохдэлгэр хоёртой Т. Х , Д.Х  хоёрыг гэрээс нь очиж аваад барилгын материалын дэлгүүр орж хадаас аваад Эрдэнэбат ах бид хоёр банк орж мөнгө аваад эргээд машинд нь ирэхэд Тогтохдэлгэр, Х , Х  гурав 1 шил 0.75 литрийн Хараа архи машиндаа хувааж уугаад талд нь оруулаад сууж байсан. Ингээд Эрдэнэбат ах бид хоёрт нэг нэг хийж уулгаад манай гэрт ирээд Тогтохдэлгэр "Би машинтай архи уухгүй, би эхнэрээ дуудаж машинаа явуулна." гээд удалгүй эхнэр нь ирж машиныг нь авч яваад бид хэд манай хашааг элбэж янзалж дуусаад Х  дахиад нэг шил 0.75 литрийн Хараа архи гаргаж ирээд бид хэд хувааж уугаад байж байхад  Э хүүхэд нь ирээд гэр лүүгээ аваад явчихсан. Тэгээд архи дууссан энэ үед Х , Х  хоёр гэртээ харилаа гээд манайхаас гараад явсан. Би гэртээ ганцаараа үлдээд гэрийнхээ хулдаасыг нөхөөд сууж байхад Х , Х  хоёр манай хашаанд гэрийн гадаа юм яриад маргалдаад байх шиг байсан. Тэгтэл гэнэт Х  гаднаас Заяа би хүн алчихлаа гээд хашхирахаар нь би гэрээс гараад очиход гэрийн үүдэнд Х  хэвтчихсэн хөлөөс нь цус гараад газар урсчихсан Х  хөлийг нь гараараа барьчихсан найз нь хүн алчихлаа гээд орилоод сууж байсан. Би Х ээ сэрээч ээ гээд хацар луу нь алгадаад хөдлөхгүй нүүр ам нь цайгаад уруул нь хөхөрчихсөн байсан. Ингээд л шууд цагдаад дуудлага өгөөд, дараа нь эмнэлэгт дуудлага өгөөд гэрээсээ гараад цагдааг тосоод хашаанаасаа хойшоо гарахад цагдаа өөдөөс гарч ирээд шууд дагуулж гэртээ авчирсан.” гэх мэдүүлэг /хх 41-43/,  

Гэрч  Э өгсөн: “Манайх Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн Хөтөлийн шинэ тоотод одоогоор хаягжилт байхгүй Заяа гэдэг айлын хажууд байдаг. Заяагийн хашаа салхинд унасан байсан. Өдөр Заяа, Тогтох хоёр яваад Д.Х  Т.Х  нарыг гэрээс нь авчирч бид тав хамтдаа Заяагийн хашааг босгосон юм. Тэгээд 1 шил 0.75 гр Хараа архи Х  авч ирээд бид нар хувааж уусан. Тэгээд би хүүхдээ авахаар явсан. Би хэрэг болох үед байгаагүй учир хэргийн талаар мэдэх зүйл алга байна. Х , Х  хоёр хоорондоо байнга хэрэлдэж маргалдаж байдаг аль аль нь архи уудаг хүмүүс байгаа юм.” гэх мэдүүлэг /хх 36-37/,  

Шүүгдэгч Д.Х гийн өгсөн: “2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр цагийг сайн санахгүй байна. Өдөр хэрд очсон. Нөхөр Т.Х , М.Тогтох,  Ш.Заяа, Б.Батаа бид тав Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн урд руу байдаг Ш.Заяагийнд салхинд унасан хашааг нь босгож өгөхөөр хамт очсон. Тэгээд бид хэд 2 шил 0.75 гр Хараа нэртэй архи хувааж ууцгаасан, бүгд уусан. Тэгээд нөхөр Т.Х ийн хоёр найз Ш.Заяагийнд ирэх гээд утсаар яриад байхаар нь би уурлаад "яах гэж хүн ирүүлж архи уух гээд байгаа юм" гэж нөхөр Т.Х эд уурласан. Тэгтэл манай нөхөр Х  над руу "архичин гичий минь адилхан архи уучхаад хүнийг найзгүй болголоо" гээд бид хоёр муудалцсан. Тэгээд Б.Батаа манай нөхөр Т.Х  хоёр яваад дахин 1 шил 0,75 литрийн Хараа архи авч ирээд Б.Батаагийнд орж хувааж ууцгаасан. Тэгээд манай нөхрийн хоёр найз нь болох хоёр хүн нэрийг нь мэдэхгүй ирээд манай нөхрийг авч явах гээд байхаар нь би явуулаагүй манай нөхөр тэр үед тасраад ш.Заяагийн гэрт унтаж байсан. Тэгээд удалгүй манай нөхөр Т.Х  сэрээд босож ирээд намайг "Архичин гичий минь чи дандаа намайг найзгүй болгодог" гээд хэл амаар доромжлоод баруун хацар луу гараараа цохиод бид хоёр маргалдаж муудалцаад байж байтал над руу Ш.Заяагийн гэрийн үүдэнд Т.Х  хутга аваад дайрсан хутга хаанаас авсныг би хараагүй. Тэгэхээр нь хутгыг нь булааж аваад буцаагаад далайтал өөдөөс Т.Х  буцаад над руу дайраад яг тэр үед зүүн гуя хэсэгт нь хутга орчихсон. Тэгээд хутгыг буцаагаад сугалах үед өөдөөс цус годгодож эхэлсэн. Т.Х  газар шууд унаад өгсөн. Тэгээд би сандраад эмнэлэг, цагдаа дууд гээд сандарч эхэлсэн /уйлав/ тухайн үйл явдал болоход Ш.Заяа л хажууд байсан өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 32 34,83, 86-87, 114-116/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 6 дугаар сарын 07-ний өдрийн 40 дугаартай дүгнэлт: "1.Т.Х ийн биед зүүн гуянд хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн гуяны артерийн судасны тасралт, тархины эдийн няцрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх зүүн гуяны шарх, зүүн гуяны артерийн судасны тасралт гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Т.Х  нь зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны артерийн судасны тасралт гэмтлийн улмаас тархины эдийн няцралт, дотор эрхтний цус дутагдлын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 4.Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна." гэжээ /1 хх  72-73/,

Шинжээч эмч И.Ганболорын өгсөн. “Тархины эдэд цусан хангамж дутагдсаны улмаас тархины эдийн няцрал үүсэж байгаа. Талийгаачийн зүүн гуяны артерийн судас тасарч их хэмжээний цус алдсан учир шууд үхэлд хүргэх гэмтэл мөн.  Талийгаач тус гуяны артерийн судас тасрах гэмтлийг авсан даруйдаа их хэмжээний цус алдаж байгаа нь өөрөө хүндрэл. Зүүн гуянд үүссэн хатгагдсан шарх нь гуяны булчинг гэмтээж, цааш гуяны артерийг таслан, цус алдаж дотор эрхтний цусан хангамжийн дутагдалд орсон байна. Энэ нь үхэлд хүргэх шалтгаан амь насыг аврах боломжгүй учир нь хэргийн материалаас харахад 2021 оны 4 дүгээр сарын 29-нд дуудлага ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ 19 цаг 35 минутад эхэлжээ энэ хугацаанаас харахад амь насыг аврах боломжгүй.” гэх мэдүүлэг /2 хх 16/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 хх 3-7/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 хх 8-11/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 хх 12-20/, 25 см урттай, 12 см урт хар бариултай, ажлын хэсэг нь 13 см хутга, СD бичлэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон хяналтын прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №08 дугаартай тогтоол /1 хх 24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2223 дугаартай шинжээчийн дүгнэлт: "Шинжилгээнд ирүүлсэн "Х  32 н" гэсэн хаягтай цуснаас 1,0 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 1,0 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна." гэх /1 хх 63-64/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Д.Х г  2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг Энгэрийн 4-3 тоотод хамтран амьдрагч Т.Х тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зүүн өвдгөнд нь хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчид холбогдох эрүүгийн 2134000000167 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын өгсөн тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Д.Х г дараах нотлох баримтуудаар;

Шүүгдэгч Д.Х гийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Т.Х  намайг өмнө нь 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр архи уусан байхдаа хамар хугалж самсаа мурийлгаж байсан. Дараа нь 2020 оны 6 дугаар сард согтуу байхдаа намайг ална гээд хутгаар баруун гарын бугуй хэсэгт хутгаар зүсэж байсан. Ер нь намайг байнга зоддог. Сая намайг хэл амаар доромжлоод нүүр ам хэсэг рүү зодож цохиод над руу хутга бариад дайрахаар нь би хутгыг аваад санамсаргүй зүүн талын гуяны дотор хэсэгт нь 1 удаа зоочихсон." гэх /1 хх 83/, 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: "Удалгүй Х , Эрдэнэбат хоёр 1 шил 0,75 литрийн хараа архитай ирээд хувааж ууцгаагаад сууж байтал миний 99500670 дугаарын утас руу танихгүй дугаар залгаад Х тэй ярих юм гэхээр нь байхгүй гэж хэлсэн тэгтэл удалгүй Б гадаа танихгүй хоёр залуу ирээд дээрээс нь бага хэмжээгээр уучихсан 0,75 литрийн хараа архитай орж ирээд уух гэтэл Батзаяа танихгүй хүн орж ирлээ гээд уурласан. Тэгээд Батзаяагийнхаас гараад хажуу талын гэрт орж архиа ууж дуусаад нөгөө хоёр хүн явах гэтэл Х  хамт явах гэхээр нь би чи явж яах гэж байгаа юм үлд гэж хэлэхэд Х  надад хандаж чи намайг найзгүй болгодог, адилхан архи уудаг янхан архичин биз дээ гээд бид хоёр хэрэлдсэн. Тэгтэл нөгөө хоёр найз нь яваад өгсөн Х  орж ирээд чи хүнийг явуулдаггүй дандаа хүнийг хорьж найз нөхөдгүй болгож байдаг гээд намайг толгой руу гараараа 2 удаа цохиод авсан. Намайг ална гээд шургуулгаас хутга булаагаад авахад гараа татаад хаалгаар гадагшаа гараад явчихсан. Тэгэхээр нь би явчихлаа гэж бодоод араас нь гараад очиход өөдөөс зүүн хөлөөрөө өшиглөх шиг болоод өвдгөө өргөсөн тэгтэл өвдөг хавьцаа нь хутга зоогдох шиг болсон би гартаа байсан хутгыг арагшаа чулуудахад Х  газарт арагшаа саваад унасан. Намайг Б сууж байхад Х  араас орж ирээд зүүн хацарт гараараа нэг удаа цохиод мөн толгойн баруун урд дээд хэсэгт нэг удаа цохисон." гэх мэдүүлэг /хх 86-87, 115-116/, хэрэг учрал болох үед шүүгдэгч Д.Х гийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт, духанд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон болох нь Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 165 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон /1 хх 51-52/,

гэрч Б. Э өгсөн: "Ер нь Х , Х  хоёр байнга л маргалдаж хэрэлдэж байдаг. Аль аль нь архи уугаад байдаг хүмүүс." гэх мэдүүлэг /1 хх 36-37/,

гэрч М.Тогтохсүрэнгийн өгсөн: "Х , Х  хоёр хашаа барьж дууссанаас хойш хоорондоо муудалцаад нөхрөө гол дээр хүнтэй уулзлаа гээд уурлаад байсан. Тэгтэл нөхөр нь уулзаагүй гээд хоорондоо хэрэлдээд байсан." гэх мэдүүлэг /1 хх 39-40/,

гэрч Ш.Б өгсөн: "...тэгээд архи дууссан энэ үед Х , Х  хоёр гэртээ харилаа гээд манайхаас гараад явсан. Би гэртээ ганцаараа үлдээд гэрийнхээ хулдаасыг нөхөөд сууж байхад Х , Х  хоёр манай хашаанд гэрийн гадаа юм яриад маргалдаад байх шиг байсан. Тэгтэл гэнэт Х  гаднаас Заяа би хүн алчихлаа гээд хашхирахаар нь би гэрээс гараад очиход гэрийн үүдэнд Х  хэвтчихсэн хөлөөс нь цус гараад газар урсчихсан Х  хөлийг нь гараараа барьчихсан сууж байсан.” гэх мэдүүлэг /хх 41-43/, 

гэрч Х.Дуламсүрэнгийн өгсөн: "2019 онд талийгаач Х  хөдөө мал дээр байж байхад эрэлд явж байгаад манайхаар ирээд манай охинтой танилцаад түүнээс хойш манай охин дээр ирж очдог болсон. Х ийн хувьд архи уухгүй бол уурлаад байдаг хүн байсан. Тэгээд архиа уучихаар нь Х  архи битгий уу гэхээр чамд ямар хамаатай юм гээд үүнээсээ болоод хэрэлдэж муудалцаад байх шиг байдаг. Ер нь архи уусан үедээ охиныг минь зодоод гар хүрээд байдаг байсан юм билээ, хааяа биеийн ил харагдах хэсэгтээ хөхөрчихсөн л явж харагддаг." гэх мэдүүлэг /1 хх 45-46/, амь хохирогч Т.Х  нь согтуугаар 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Д.Х гийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамар зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн, мөн 2019 оны 6 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Д.Х г зодон эрүүл мэндэд нь баруун гар, хэвлийд зулгаралт, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял шийтгэгдсэн болох нь 1-р хавтаст хэргийн 164-169-р хуудсанд авагдсан шийтгэх тогтоолын хуулбар зэргээр хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автсан байх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэлтэй холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдалд үүсэж, түргэн зуур болдог онцлогтой. Түүнчлэн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгт байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээдийн сэтгэл зүй тодорхой цаг хугацаанд тэсэрч, сэтгэл санааны хүчтэй цочролд орж, улмаар хүнийг алах, хүнд гэмтэл учруулахад хүргэдгээрээ хүнийг алах гэмт хэргээс ялгагддаг.

 

Иймээс гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгт байдалд оруулж, түүний сэтгэл зүй тодорхой цаг хугацаанд тэсэрч, сэтгэл санааны хүчтэй цочролд орж, улмаар хүнийг алсан үйлдэл нь хохирогчийн удаан хугацааны туршид гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгт байдалд оруулж байсан хууль бус, зүй бус үйлдлүүдээс шалтгаалан уг эмгэгт байдал нь тухайн цаг хугацаанд илэрсэн сэтгэл санааны хүчтэй цочролд орж хийсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Д.Х  2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг Энгэрийн 4-3 тоотод хамтран амьдрагч Т.Х тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автсаны улмаас Т.Х ийн зүүн өвдгөнд нь хутгалж зүүн гуянд үүссэн хатгагдсан шарх нь гуяны булчинг гэмтээж, цааш гуяны артерийг таслан, цус алдаж дотор эрхтний цусан хангамжийн дутагдалд орж нас барсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд түүнд хяналтын прокуророос зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийг тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэдийн төлөөлөгчийн "Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, гэм буруугүй гэж үзэж байна. Хүн өнгөрсөн байхад ингэж хэлж байгаадаа санаа зовж байна. Гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэгддэг байсан. Анхны амьдралаас тийм хөөрхөн охинтой юм байж яагаад 2 дахь амьдрал зохиосон, гол нь энэ хүн өөрөө гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсныг үгүйсгэхгүй. Тиймээс шүүгдэгч Д.Х г гэм буруугүй гэж үзэж байна." гэх дүгнэлт нь дээрх дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагч шүүгдэгч Д.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулах санал,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч хэргээ өөрөө илчилсэн, байнгын хүчирхийлэл дарамтад байсан, бага насны 4 хүүхэдтэй өрх толгойлон, өндөр настай эхийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2 жилийн хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэх санал,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: хохирол нөхөн төлснөөр хор уршиг арилахгүй тул хамгийн хүнд ялыг оногдуулж өгөөч гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

            Шүүгдэгч Д.Х  нь урьд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 434 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбар, ял шалгах хуудсаар /1 хх 121, 123-127/, уг торгуулийн ялыг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр биелүүлсэн талаарх ял шалгах хуудсанд тэмдэглэгдсэн тэмдэглэл, 66 настай эх, 5-13 насны 4 хүүхэдтэй талаарх хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1 хх 128-131/, багийн засаг даргын тодорхойлолт /1 хх 117/ зэрэг бичгийн баримтууд авагджээ.

 

            Шүүгдэгч Д.Х гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ нь 2021 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэнд хамаарч, шүүгдэгч Д.Х  нь урьд өмнө Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй, тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2021 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах /Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйл/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна" гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Х гийн үйлдсэн гэмт хэрэг энэ зүйл хэсэгт хамаарч байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүний эдлэх ялыг 1 жил хорих ялаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.

            Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүний эдэлбэл зохих 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн миний үйлчлүүлэгчид гэм буруутайд тооцсон зүйл ангийн доод хэмжээгээр хорих ял оногдуулах санал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол нөхөн төлснөөр хор уршиг арилахгүй тул хамгийн хүнд ялыг оногдуулж өгнө гэх саналыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн  хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

  Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс оршуулгын зардалд 28 079 500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаас шүүх 21 394 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэн 6 685 500 төгрөгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 6 685 500 төгрөгийг нөхөн төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ажлын 5 хоногийн завсарлага авч 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд төлж барагдуулсан болохыг дурдав.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2-р хавтаст хэргийн 19-27-р хуудсанд хохирлын баримт ирүүлсэн байх бөгөөд Хустайн мандал гэх газраас авсан 21 394 000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн 2134000000167 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25 см урттай, 12 см урт хар бариултай, ажлын хэсэг нь 13 см хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг CD хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 30 хоногийг /1 хх 90-104/ эдлэх ялд  нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Д.Х  5-13 насны 4 хүүхэдтэй болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1 хх 128-131/-аар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2010 оны 6 дугаар сарын 11-нд төрсөн Б.Д , 2008 оны 7 дугаар сарын 17-нд төрсөн Б.О , 2014 оны 11 дүгээр сарын 25-нд төрсөн Б.О , 2016 оны 7 дугаар сарын 27-нд төрсөн Б.Д нарт асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 

 

2.Шүүгдэгч Б овгийн Д-н Х г санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х д 3 /гурав/ жил хорих ял оногдуулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж, эдлэх ялыг 1 /нэг/ жил хорих ялаар тогтоосугай.  

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х гийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2010 оны 6 дугаар сарын 11-нд төрсөн Б.Д , 2008 оны 7 дугаар сарын 17-нд төрсөн Б.О , 2014 оны 11 дүгээр сарын 25-нд төрсөн Б.О , 2016 оны 7 дугаар сарын 27-нд төрсөн Б.Д нарт асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга хэрэгжүүлсүгэй.

 

8.Эрүүгийн 2134000000167 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25 см урттай, 12 см урт хар бариултай, ажлын хэсэг нь 13 см 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

9.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

   10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

            11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОТГОНЖАРГАЛ

 

 

                                                       ШҮҮГЧИД                                Ш.ГАНДАНСҮРЭН

 

                                                                                                                       

                                                                                                              Т.БАТЖАРГАЛ