Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
Хэргийн индекс | 176/2022/0111/Э |
Дугаар | 2022/ШЦТ/146 |
Огноо | 2022-04-04 |
Зүйл хэсэг | 11.1.2.4., |
Улсын яллагч | Г.Ариунзул |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,
Иргэдийн төлөөлөгч С.Оюунсүрэн,
Шүүгдэгч Г.Т , түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Г-н Т д холбогдох эрүүгийн 2234000000013 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн орчим иргэн А.Мийг дэр шидлээ, босооч гэж хэллээ гэх шалтгааны улмаас уурлан түүний хэвлийн тус газар хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн нэвтэрсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2234000000013 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч А.Мийн өгсөн: “Миний хувьд яг он сар өдрийг нь сайн санахгүй байна. Урд өдөр нь Улаанбаатар хотод Золбоо гэдэг найзындаа байж байгаад маргааш өглөө нь Төв аймаг руу манай гэрт ирэхээр нь болоод Золбоо эхнэртэйгээ, би эхнэртэйгээ мөн манай найз Т нар такси бариад аймагт ирсэн. Тэгээд тэр өдөртөө агаарт хүүхдүүдээ гаргаад тоглож байгаад өнжсөн. Маргааш өглөө нь дэлгүүр ороод архи пиво аваад Золбоо, Т бид гурав нэг том 0.75-тай архи хоёр шил 0.33-тай архи уусан. Харин Золбоогийн эхнэр, манай эхнэр хоёр пиво уусан. Тэгээд орой болоод Т унтаж байхаар нь хоол өгөх гээд Т г сэрээсэн бөгөөд газар орны дэр унчихсан байсан болохоор аваад ор луу шидсэн чинь Т дээр унасан. Тэгтэл Т босож ирээд гал тогооны шургуулагнаас хар өнгийн иштэй хутга аваад шууд над руу ирээд миний хэвлий тус газарт нэг удаа хутгалсан. Тэгээд би бие засах гээд угаалгын өрөө орсон чинь цус гарч байсан. Тэгээд шууд түргэн дуудсан. Т гийн эхнэр бол манай эхнэрийн хамаатан. Бид хоёр маргалдсан зүйл байхгүй. Яагаад хутгалсан талаар сайн мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 18-19/,
Гэрч О.Мөнгөнзулын өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос нөхөр Мэ ирсэн. Тэр өдөртөө Улаанбаатар хотоос архи уучихсан ирсэн байсан тул дахин уулгүй хүүхдүүдээ гадаа тоглуулаад хоноцгоосон. Маргааш нь буюу 07-ны өдөр гурван эрэгтэй буюу Мэ, Т , Золбоо нар нэг том архи мөн хоёр жижиг архи авч ууцгаасан. Харин Энхцэцэг бид хоёр хоёр том пиво уусан. Орой 20 цагийн орчим Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс явна гэж байсан бөгөөд Т нэлээн согтчихсон манай буйдан дээр унтаад өгсөн. Явтлаа архиа гаргана гэж байсан. Харин би хоол хийгээд бид нар хоолоо идчихээд Т г дуудаад босоод хоол идчих гэсэн чинь юм дуугарахгүй хэвтэж байснаа гэнэт босож ирээд манай гал тогооны шүүгээнээс хутга аваад манай нөхрийн гэдэс хэсэг рүү нь хутгалчихсан. Тэгээд бид нар тоглож байна гэж бодсон чинь манай нөхөр гэдсээ дараад үүд рүү явахаар нь харсан чинь цус гарч байсан. Тэгээд бид нар цагдаа эмнэлэг дуудсан байгаа. Тухайн үед ямар нэгэн хэрүүлийн шинжтэй зүйл болоогүй. Т намайг цохиж зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 24-25/,
Шүүгдэгч Г.Т гийн өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 06-ны орой 16 цагийн орчим Улаанбаатар хотоос манай найз Золбоо эхнэр, хүүхдүүдээ агаарт гаргана гэхээр нь хамт Төв аймагт ирсэн. Тэгээд Зуунмод суманд Мийнд хамт ирцгээсэн ирэхдээ бид нар архи уучихсан байсан бөгөөд хүүхдүүдээ байрных нь гадаа цасаар тоглуулаад тэр оройдоо унтаж амарцгаасан. Маргааш өглөө нь буюу 07-ны өглөө 11 цагийн орчим босоод золбоо Мэ бид гурав 0,75-тай нэг шил архи, жижиг 100 граммтай архи 2-ийг ууцгаасан мөн эхнэрүүд пиво ууцгаасан. Тэгээд би орой 16 цагийн орчим согтоод унтчихсан байсан чинь Мэ над руу дэр шидээд босооч гээд тоглоод байхаар нь би босож ирээд гал тогооны шургуулагнаас хар иштэй хутга байхаар нь аваад Мийг тоглоод айлгах гэж байгаад санамсаргүйгээр гэдсэнд нь дүрчихсэн. Тэгээд сандраад мөн эхнэр нь зайл гээд байхаар нь гараад явчихсан. Тэгээд төв рүү ороод жижиг машинд суугаад Улаанбаатар хот руу явсан. Хэрэлдэж маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Өмнө нь хүртэл тийм зүйл гаргаж байгаагүй сайн найзууд. Бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон өр авлага байхгүй. Тухайн үедээ нойроо жоохон харамлаад л тийм зүйл болсон байх. Бид хоёр тухайн өдөр муудалцаж маргалдаагүй. Өмнө нь хүртэл маргалдаж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 21-22, 39-40, 43-44/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “1.А.Мийн биед хэвлийн нэвтэрсэн шарх /2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн мэс заслын бичлэгт 250 мл орчим цус, 20-30 мл орчим бүлэнтсэн цус, нарийн гэдсэнд хатгагдсан шарх/ гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх /хх 32/,
Шинжээч эмч Э.Эрхэмбаярын өгсөн: "Үзлэгээр үзүүлэгч А.Мэ нь биеийн байдал ерөнхий дунд гадна үзлэгт хэвлийн зүүн дээд хэсэгт 2 см 3 ширхэг мэс заслын оёдол бүхий шарх хэвлийн голоор ариун наалттай хэвлийн зүүн дор хоёр ширхэг гуурстай бөгөөд гуурсны төгсгөлд 1 удаагийн бээлий бэхэлсэн бээлийнд 5 мл орчим ягаан өнгийн шингэн байсан. Мөн А.Мийн өвчний түүхтэй танилцахад мэс заслын тэмдэглэл хөтлөгдсөн байсан бөгөөд хэвлийн голын шугамаар нээж хэвлийг шалгахад 250 мл орчим шингэн цус 20-30 грамм бүлгэмсэн цус гарсан бөгөөд нарийн гэдэс зүсэгдсэн хатгагдсан шархтай үүнийг мэс заслаар оёсон тэмдэглэлтэй байсан. Хатгагдсан шарх болон нарийн гэдэсний зүсэгдсэн шархны аль аль нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна." гэх /хх 63-64/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-12/, хутгыг эд мөрийн баримтаар тооцсон прокурорын тогтоол /хх 14/ зэрэг бичгийн нотлох баримуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгыг зэвсгийн чанартай ашиглан бусдын эрх чөлөөнд халдсан буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Мийн эрүүл мэндэд хэвлийн нэвтэрсэн шарх бүхий амь насанд аюултай хүнд хохирол учирсан байх тул шүүгдэгч Г.Т г хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Т гийн "Мийг тоглоод айлгах гэж байгаад санамсаргүйгээр гэдсэнд нь дүрчихсэн." гэсэн мэдүүлгийг хүлээн авах боломжгүй түүнийг бусдын эрх чөлөөнд санамсаргүй болгоомжгүйгээр хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан шүүгдэгч Г.Т г бусдын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэх түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Иргэдийн төлөөлөгч С.Оюунсүрэн шүүгдэгчийг архи уусан үедээ найзыгаа хутгалсан гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,
Шүүгдэгч Г.Т болон түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарын зүгээс миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн тул тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Г.Т нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 45-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 14-р хороо 19-440 тоотод оршин суудаг талаархи Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа зэрэг авагджээ.
Шүүгдэгч Г.Т нь гэм буруугийн санаатай болон болгоомжгүйн хэлбэртээ маргасан хэдий ч хохирогчийн хэвлийн тус газар хутгаар хатгаснаа хүлээн зөвшөөрсөн, гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан "шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах" саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгчид дээрх зүйл ангиар 3 жил 5 сар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь хохирогч А.Мэд гэм хорын хохиролд 3 500 000 төгрөг төлж, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 2234000000013 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн хагархай иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Г-н Т г хутгыг зэвсэг, зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Т г 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т д оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн 2234000000013 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн хагархай иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т нь хохирогч А.Мэд 3 500 000 төгрөг төлсөн, тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ю.ЭНХМАА
Т.БАТЖАРГАЛ