Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/154

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,

  Шүүгдэгч Д.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М овгийн Д-н Э д холбогдох эрүүгийн 2134003810120 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Д.Э  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

            Шүүгдэгч Д.Э  нь 2021 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 44-84 ХЭА улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр баг "Дөтлүүр" газар ертөнцийн зүгээр зүүн талаас баруун тал руу уруудсан уулын энгэрийн Улаанбаатараас Багануур чиглэлийн асфальтан замын 247 дугаартай тэмдгийн хажууд зүүн зүгээс баруун зү грүү чиглэлийн хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна", 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчигч Л.О гийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2134003810120 дугаартай хэрэгт авагдсан 

           

           Хохирогч Л.О гийн өгсөн: "Би 2021 оны 10 дугаар сарын 29-ний орой 18 цагийн үед Хэнтий аймгийн Биндэр сумаас Улаанбаатар хот орохоор хот хооронд хүн тээвэрлэдэг Истана маркийн Э  гэх жолоочтой унаанд суугаад хөдлөөд замдаа явж байгаад шөнө дунд хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна машинд унтаж явж байхад их чимээ гараад сэртэл машин онхолдсон би машины хажууд байж байсан. Тэгээд босч чадахгүй хүзүүгээ хөдөлгөж чадахгүй байсан. Эмнэлгийн машин ирээд уг газраас аваад явсан. Би жолоочийн хажууд суугаад Э  жолооч жолоогоо бариад арын суудал зүүн талаасаа Ганбат, Ганзориг, нэг хүүхэд, нэг эмэгтэй зорчиж явсан. Жолооч эрүүл байсан. Би тухайн үед унтаж байсан учир мэдэх зүйл байхгүй байна. Миний хүзүүний 5-р нугалмын үе мултарсан, 6-р нугалам сэртэн хугарсан, 7-р нугалам дээд гадарга шахагдсан хугаралтай гэсэн оноштой. Жолооч Д. Э  хамт зорчиж байсан манай дүү Ганбат, Ганзориг бид гуравт нийт 3 000 000 төгрөг дансаар шилжүүлсэн. Уг мөнгөнөөс би 2 400 000 төгрөг эмчилгээнд зарцуулсан. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх 40, 42/,

            Насанд хүрээгүй хохирогч М.Х ын өгсөн: “Би ээж Наранзулын хамт 2021 оны 10 дугаар сарын 29-ний орой 18 цагийн үед Хэнтий аймгийн Биндэр сумаас Улаанбаатар хот орох гээд хот хооронд хүн тээвэрлэдэг Э  гэх жолоочийн Истана маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд суугаад явж байгаад 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 03 цагийн үед машинд унтаад явж байхад их чимээ гараад сэртэл машин онхолдсон баруун талаараа хараад унасан байсан. Тэгээд жолооч Э  урд салхины шилний цонхоор ээж бид хоёрыг гаргасан. Гараад эмнэлгийн машинд суугаад яваад өгсөн. Тээврийн хэрэгслийг Э  гэх жолооч өөрөө жолоодож явсан. Жолоочтой нийлээд 6 зорчигч байсан. Жолоочийн хажуу талд нэг эгч суугаад, жолоочийн арын суудалд зүүн талаасаа хоёр ах суугаад, тэгээд би суугаад миний баруун талд ээж сууж явж байсан. Жолооч архи уугаагүй эрүүл байсан. Би машинд унтаж явсан учир яг ямар шалтгаанаас болж онхолдсон талаар мэдэхгүй байна. Миний биед гэмтэл учраагүй. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх 32-33/,

            Гэрч Б.Наранзулын өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 29-ний 03 цагийн үед Хэнтий аймгийн Биндэр сумаас хүү Х ын хамт Улаанбаатар хот руу үхрийн мах зарахаар Истана маркийн тээврийн хэрэгсэлтэй жолооч Э , О , Ганбат, Ганзориг нарын хамт явсан. Тэгээд бид нар замдаа явж байгаад Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт зам тээврийн осолд орсон. Тэр үед хүү бид хоёр унтаад явж байсан. Нэг мэдсэн чинь би машинаас гарчихсан гадаа хэвтэж байсан. Жолоочийн хажуу талын суудал дээр эгч О  сууж явсан. Жолоочийн ар талд хойд суудал дээр Ганбат ах, О  эгчийн ард талд хойд суудал дээр би сууж явсан, харин манай хүү Х , Ганзориг нар хойд талын суудлын голд суугаад явж байсан. Жолооч эрүүл байсан. Х  бол манай хүү байгаа юм. Э  гэх хүн манай эндээс Улаанбаатар хот руу тээвэрт явдаг хүн байгаа юм. Харин О , Ганбат, Ганзориг манай нутгийн ах эгч нар байгаа юм би зүс танина. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Миний биед гэмтэл байхгүй байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан байсан. Хүү бид хоёр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 36, 46-47/,

            Гэрч Л.Ганзоригийн өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн үед Хэнтий аймгийн Биндэр сумаас эгч О , ах Ганбат, Наранзул түүний хүү, жолооч Э  нарын хамт Улаанбаатар хот руу дүү Гантулга Халдвартын эмнэлэгт бөөрний хорт хавдрын хагалгаанд орох болчхоод дүү дээрээ бид нар очих санаатай явсан. Тэгээд бид нар шөнө байсан болохоор жолооч нараас бусад нь унтаж явсан юм. Тэгсэн бид нарын сууж явсан Истана маркийн тээврийн хэрэгсэл тар няр болоод явчихсан. Тэгэхэд нь би сэрсэн. Тэгээд нэг мэдсэн чинь миний дээр үхрийн цул мах дарчихсан би машин дотор арын суудал дээр хэвтэж байсан. Тэгсэн намайг жолооч Э  татаж гаргаж авсан. Тэгээд машинаас гараад ирсэн чинь гадаа О  эгч, Наранзул нар газар болоод хэвтэж байсан, харин Ганбат ах Наранзулын хүү жолооч Э  нар машины хажууд зүгээр зогсож байсан. Тэгээд Э  сүлжээтэй газар очиж цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн байх удалгүй цагдаа болон эмнэлгийн хүмүүс ирсэн. Жолоочийн хажуу талын суудал дээр эгч О  сууж явсан. Жолоочийн ар талд хойд суудал дээр Ганбат ах, О  эгчийн ард талд хойд суудал дээр Наранзул сууж, харин Наранзулын хуу бид хойд талын суудлын голд суугаад явж байсан. Жолооч эрүүл байсан. Э  гэх хүнтэй танил нэг нутгийн хүмүүс байгаа юм. Биндэр сум Улаанбаатар хот хооронд хүн тээвэр хийдэг залуу байгаа юм. Харин О  Ганбат нартай би төрсөн эгч дүүс байгаа юм. Наранзул гэх хүн манай нутгийн хүн байгаа юм зус танина. Би тухайн үед унтаж явсан болохоор мэдэхгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /хх 49-50/,

            Гэрч Л.Ганбатын өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 30-ны шөнө Би Э  гэх хуний Истана маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот руу эгч О , дуу Ганзориг, Наранзул түүний хүү нарын хамт явж байгаад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Дөтлүүр гэх газарт зам тээврийн осолд орсон. Тухайн үед би унтаж явсан нэг мэдсэн чинь би гадаа хээр сэрсэн тэгэхэд манай эгч О , Наранзул, бид 3 машинаас гадагш шигдсэн байсан. Гантулга Улаанбаатар хот Хавдар судлалын эмнэлэгт бөөрний хагалгаанд орох гээд бид нар эгч дүү нарын хамт явж байсан. Э  архи уугаагүй байсан. Э  гэх хүнтэй танил нэг нутгийн хүмүүс байгаа юм. Би тухайн үед унтаж явсан болохоор сайн мэдэхгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх  52/,       

           Шүүгдэгч Д.Э ын өгсөн: "Би 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эхнэр Болор-Эрдэнэ, охин Номундарь, хүү Даваажаргал нарын хамт би жолоо бариад эхнэр миний хажууд суугаад Улаанбаатар хотоос Архангай аймаг руу явж байх замд Төв  аймгийн Лүн сум дөнгөж өнгөрөөд явж Би Хэнтий аймгийн Биндэр сумаас Улаанбаатар хот хооронд өөрийн тээврийн хэрэгслээр хүн тээвэрлэдэг. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн үед Хэнтий аймгийн Биндэр сумаас Улаанбаатар хот орохоор өөрийн 44-84 ХЭА улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслээр 1000 кг малын мах ачаад. Л.Осормаа, Л.Ганбат, Л.Ганзориг, Наранзул гэх 4 том хүн болон Наранзулын хүүхэд нийлсэн 5 хүн тээвэрлээд хөдлөөд явж байгаад 2021 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02:30 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сум Хушинга 4-р баг Дөтлүүрийн даваа руу зүүн талаас баруун тал руу өгсөж байхад зам халтиргаагүй байсан. Тэгтэл даваа уруудаад доошоо явж байгаад тормос гишгэхэд машины бөгс жолооч тал руу хөндөлсөөд тэр чигээрээ гулгаад жолооч талаараа газар онхолдоод замын хажуу жалга мөргөөд ахиад нэг эргээд машин жолоочийн эсрэг талаар газар унаад, дөрвөн дугуй ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан байрлалтай зогссон. Үзэгдэх орчин хэвийн байсан, 60 км цагийн хурдтай явж байсан. Уруудаж байхдаа тоормос гишгэхэд зам халтиргаатай байсан учир тээврийн хэрэгсэл хөндөлсөөд онхолдсон. Би өөрөө жолоо барьж жолоочийн хажуу талд Осормаа жолоочийн арын суудал дээр зүүн талаасаар Ганбат, Ганзориг, Наранзул, Наранзулын хүүхэд сууж явж байсан. Ямар ч хүн хамгаалах бүс зүүгээгүй байсан. Тээврийн хэрэгсэл миний өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Би архи уугаагүй эрүүл байсан. Би Ганбат, Ганзориг, Осормаа гуравт дунд нь 3.000.000 төгрөгийг Осормаагийн охины данс руу шилжүүлсэн. Бусад хүнд мөнгө өгөөгүй байгаа.” гэх мэдүүлэг /хх 44, 54-55, 108/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1.Л.О гийн биед хүзүүний 5-р нугалмын үе мултарсан, 6-р нугалам зөрүүтэй, 7-р нугалмын их биеийн гадаргуу дээд гадарга шахагдсан, сээрний 1-р нугалмын их биеийн дээд гадаргуу шахагдсан хугарлууд бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэжээ /хх 70/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 06/377 дугаартай үнэлгээний тайлан /хх 77-92/,

Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтэд: “1. Хюндай Истана маркийн 44-84 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Э  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хюндай Истана маркийн 44-84 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Э  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.", 12.2. "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.", 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.". 3.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар асфальтан зам нь бүхэлдээ халиргаа гулгаа үүссэн, уруу, хайш хашлаггүй, үзэгдэх орчин чөлөөтэй, огцом эргэлттэй, суурингийн гаднах гэж тусгагдсан байна энэ нь осол болоход замын нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж үзэв. 4.Асуултанд дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдолтой зүйл тогтоогдоогүй болно.” гэжээ /хх 97/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зураг /хх 7-17/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18-21/, ...ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол /хх 22/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

  Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

  Шүүгдэгч Д.Э ын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрч,  гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгчид ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Д.Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.  

 

   Шүүгдэгч Д.Э  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, дээрх хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.  

 

  Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

 

            Шүүгдэгч гэм хорын хохиролд хохирогч Л.О д 3 000 000 төгрөг өгсөн баримт хавтаст хэргийн 113-р хуудсанд авагдсан болохыг дурдаж, хохирогч өөр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

 

Эрүүгийн 2134003810120 дугаар хэрэгт хураагдан ирсэн жолоодох эрхийн "B, C, D, E" ангиллын №...дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэг, ...ХЭА улсын дугаартай №...дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг тус тус хураагдан ирсэн бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц жолоочийн үнэмлэхийг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэж,

эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ssangyong.Istana маркийн ...ХАЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М овгийн Д-н Э ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Э ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Э ын тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд авсан албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э  нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

  6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э ын үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  7.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Д.Э ын "B,C,D,E" ангиллын №...дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8.Эрүүгийн 2134003720003 дугаар хэрэгт Ssangyong.Istana маркийн ...ХАЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, ...ХЭА улсын дугаартай №...дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Д.Э д буцаан олгосугай.

 

  9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Э  нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  11.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ