Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/145

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын ахлах прокурор Н.Цэнгэлбаяр,

  Шүүгдэгч Г.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч овгийн Г-н Э д холбогдох эрүүгийн 2234000830135 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ч овгийн Г-н Э , 1996 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх,  бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багийн Сангийн далай гэх газар оршин суух засаг захиргаан бүртгэлтэй, одоо Төв аймгийн Сэргэлэн сум Авдар 5 дугаар багийн Сэрүүн дэнжийн 32-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .... регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Г.Э  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Г.Э  нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 23 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн Сэрүүн дэнжийн 32-3 тоотод байрлах гэртээ Г.А ыг хамтран амьдрагч М.Э тэй хардаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234000830135 дугаартай хэрэгт авагдсан 

           

           Хохирогч Г.А ын өгсөн: "Би 2022 оны 01 дүгээр сарын 17-ны орой 19 цаг өнгөрч байхад найз Эрдэнэцэцэгийнд очиж түүний найз залуугийн төрсөн өдрийг тэмдэглэсэн. Тэгээд бид 4 пиво ууж дуусаад дахиад пиво авахаар дэлгүүр рүү Эрдэнэцэцэгийн хамт явчхаад ирсэн. Тэгсэн найз залуу нь надтай хардсан юм шиг байгаа юм уурлаад байсан. Тэгээд бид хоёр маргалдаж байтал Э  миний нүүр хэсэгт ямартай ч цохиод авсан. Би сайн санахгүй байна. Би тасарчихсан байсан. Надад ямар нэгэн зовиур байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх 7, 55/,

            Гэрч Д.Наранцэцэгийн өгсөн: “Би Төв аймгийн Сэргэлэн сумын 5-р баг Авдрын уул гэх газар эгч Эрдэнэцэцэгийн гэрт 2022 оны 01 дүгээр сарын 16-ны орой 19 цагийн үед очсон. 21 цаг өнгөрч байхад манай эгч болон түүний найз залуу Э  бид дөрөв Э ы төрсөн өдрийг тэмдэглэнэ гээд 2 ширхэг пиво хувааж уучхаад би унтаад өгсөн. Тэгсэн чинь нэг сэрээд хартал хэрүүл болцон Алтанхундагын нүүр рүү Э  цохисон гэж Эрдэнэцэцэг хэлж байсан. Би учрыг нь олоогүй. Тэгээд удалгүй цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хх 8-9/,

            Гэрч М.Э ийн өгсөн: “Төв аймгийн Сэргэлэн сумын Авдрын уул гэх газарт гэртээ би болон манай найз залуу Э , манай дүү Наранцэцэг түүний найз Алтанхундага нарын хамтаар 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Э ы төрсөн өдрийг 20 цагийн үед гэртээ тэмдэглэж эхэлсэн. Би 21 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад дэлгүүр орж 1 ширхэг пиво нэмж аваад буцаад гэртээ очоод ууж сууж байгаад 23 цаг өнгөрч байхад найз залуу Э , Алтанхундага нар хоорондоо муудалцсан. Тухайн үед Э  намайг Алтанхундагатай хардаад хоорондоо муудалцсан гэж би бодож байна. Манай дүү Наранцэцэг жаахан юм ууцан унтаж байсан. Тэгсэн чинь Э , Алтанхундага хоёр муудалцаж байгаад Э  Алтанхундагын нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгээд удалгүй сумын цагдаа ирсэн. Бид хоёр  гэр бүлийн баталгаа байхгүй. Дундаасаа хүүхэдгүй. Хамтран амьдраад нэг жил болж байна. Намайг зодож цохисон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хх 5/,

           Шүүгдэгч Г.Э ы өгсөн: "Би 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр миний төрсөн өдөр болоод Төв аймгийн Сэргэлэн суманд тэмдэглэсэн. Тэгээд манай найз Алтанхундага ирсэн. Бид архи ууцгаагаад манай эхнэр Алтанхундагатай хамт дэлгүүр рүү пиво авахаар гарсан. Би гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд тэр хоёр гараад 10-20 минут болоод хаалттай байна гээд ороод ирсэн. Тэгээд би тэр хоёрыг хардаад “ямар уддаг юм бэ” гэж хэлсэн чинь Алтанхундага эхнэртэйгээ хардаад байгаа юм уу дэлгүүр орчоод ирлээ гээд уурласан. Тэгээд бид хоёр үл ойлголцоод маргалдаж эхэлсэн. Тэгээд удалгүй цагдаа гэрт ороод ирсэн. Би Алтанхундагыг сайн танихгүй. Манай эхнэрийн найз байгаа юм. Тухайн үед би нэлээн согтолттой байсан. Бид хоёр нэг нэгнээ цохисон. Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх 33-34, 44/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1.Г.А ын биед баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхи, дээд урууланд зулгаралт, дээд урууланд цус хуралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх 26/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Э  нь бусдын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгч Г.Э ыг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

   Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Г.Э д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Г.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 500 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

 Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Хохирогч Г.А  хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн 2234000830135 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч овгийн Г-н Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Г.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 2234000830135 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э  нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ