Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/130

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,

Иргэдийн төлөөлөгч В.А ,

Шүүгдэгч О.М , түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Шүүгдэгч Д.М , түүний өмгөөлөгч Т.Урангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б овгийн Д-н М ад, Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овгийн О-н М т тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2134003050420 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Б овгийн Д-н М , 1995 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засаг чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р баг 1-57 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 13ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай.

2.Монгол улсын иргэн, Т овгийн О-н М , 1994 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р багийн 4-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

Хэнтий аймаг Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ..... регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан, шүүгдэгч О.М  нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө Төв аймгийн Баян сумын нутаг "Бидний нутаг Баян" гэх газар иргэн О.М ыг үл ялих зүйлээр шалтаглан, улмаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэн түүний хэвлий хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

          Шүүгдэгч О.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө Төв аймгийн Баян сумын нутаг "Бидний нутаг Баян" гэх газар иргэн Д.М ыг үл ялих зүйлээр, шалтаглан, улмаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэн түүний хэвлий хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

Энэ нь эрүүгийн 2134003050420 дугаартай хэрэгт авагдсан

Д.М ын хохирогчоор өгсөн: ’’Би хувиараа ачааны машин унуулдаг Ундрахбаяр гэх хүний машинаар Төв аймгийн Баянжаргалан сумын нутгаас Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхийн баян гал" ХХК руу төмрийн хүдэр тээвэрлэж байсан. Тухайн өдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр цуг тээвэр хийж явсан Дөлгөөн бид нар Улаанбаатар хот Багахангай дүүрэгт гуанзанд хоол идээд байж байхад М , Төрөө хоёр Төв аймгийн Баян сум өнгөрөөд замын хажууд зогсож байна яваад ир гэж Дөлгөөн рүү залгасан. Тэгээд Дөлгөөн бид хоёр машинтайгаа хөдлөөд Төв аймгийн Баян сумын нутаг “Бидний нутаг баян сум” гэх самбарын ойролцоо М , Төрөө хоёр машинтайгаа зогсож байсан. Дөлгөөн бид хоёр М ын машинд суусан чинь М , Төрөө хоёр нэг шил архи уугаад дуусаж байсан Дөлгөөн өөрийнхөө машинаас нэг шил архи авчираад М , Төрөө, Дөлгөөн бид нар хувааж уусан. Төрөө, Дөлгөөн хоёр унтлаа гээд М ын машинаас буугаад машин машин руугаа явсан М  бид хоёр үлдсэн. Би машинаас буугаад өөрийн машинд байсан нэг шил архиа авчраад бид хоёр юм яриад ууж байхад М  би шоронд явж байсан гэж атмаан зан гаргаад байсан. Тэгэхээр нь ийм сайн найз нөхөдтэй, гоё машин барьж байж гэж хэлээд тайвшруулан М ыг чи өмнө нь бас Багахангай дүүргийн нутагт гуазангийн хажууд хүн хутгалах гэж байсан гэсэн биз дээ тэгж болохгүй гэж хэлсэн. Тэгэхэд М  намайг чи яаж ойлгох юм гээд уйлсан би тайвшир гэж хэлээд архинаас өөртөө хийгээд уух гэж байхад М  машины голын хайрцгийг ухаад байсан. Тэгтэл хажуугаас хэвлий орчимд цохих шиг болсон. Би М ыг яаж байнаа гээд хартал М ын гарт хутга байсан цамцаа сөхөөд хартал хэвлий хэсгээс цус гарч байсан. Миний эрүүл мэндэд хэвлий хэсэгт хутгаар нэг удаа зүсэгдсэн. Гэмтлийн эмнэлэгт очиж оёоо тавиулсан, өвчин намдаах эм уусан. Өөр ямар нэг эмчилгээ хийлгээгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх 15-16/,

Д.М ын шүүгдэгчээр өгсөн: "М  луу дайраад хутгыг нь булаах санаатай тэгээд юу болсон талаар мэдэхгүй нэг мэдэхэд М  бид хоёр машинаас буучихсан машины зүүн талд дугуйны хажууд газар М  хэвтэж байсан. Би М ыг босгох гэсэн чинь М ын хэвлий хэсэг нь зүсэгдсэн өөх нь гараад шархтай хэвтэж байсан. Би Дөлгөөний машиныг хаалгыг нүдээд  намайг хутгалсан гэж хэлэхэд та хоёр чинь юу хийх нь энэ вэ гээд манай ах, эгч нарыг дуудаад тэд машинтай ирж Баян сумын эмнэлэгт хүргэгдсэн." гэх мэдүүлэг /хх 15/, "М  намайг эхлээд хутгаар хутгалж эрүүл мэндэд хохирол учруулсан. Хутгыг нь авах гэж булаацалдаж байгаад М ын эрүүл мэндэд болгоомжгүйгээр гэмтэл учруулсан. Би санаатай хутгалаагүй." гэх мэдүүлэг /хх 80-81/,

О.М ын хохирогчоор өгсөн: ”Төв аймгийн Баян сумын “Бидний нутаг Баян сум” гэх самбарын орчим замын хажууд зогсоод М  руу утсаар нь залгаад хаана явж байна гэсэн чинь Багахангай дүүрэг дээр гуанзанд хоол идэж байна ойрхон байна гэсэн. Тэгэхээр нь яваад ир гэсэн тэгэхэд Д.М , Дөлгөөн хоёр машинтайгаа миний машины хажууд ирээд зогссон. Би машиндаа Мөнхтөртэй архи, ундаа уугаад сууж байхад Д.М , Дөлгөөн хоёр нэг шил архитай миний машинд орж ирээд бид дөрөв архиа хувааж уусан. Тэгээд Төрөө, Дөлгөөн хоёр унтлаа гээд машинаас буугаад явсан миний машинд Д.М  бид хоёр үлдээд Д.М  өөрийн машинаас нэг шил архи гаргаж ирээд бид хоёр хувааж уусан. Би юу болсныг мэдэхгүй байна. Ухаан ороход гэдсэнд хутгалуулсан шархтай Улаанбаатар хот Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орох гээд хэвтэж байсан. Тухайн хутга миний машинд байдаг хоол цайгаа хийдэг шаргал эрээн бариултай хутга байсан. Миний хэвлий хэсэгт хутгаар зүсэгдсэн гэмтэлтэй, хэвлий нэвтэрч элэгний 5 дугаар сэмистэр зүсэгдсэн гэмтэл учирсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх 21-23/,

О.М ын шүүгдэгчээр өгсөн: "Би тухайн үед архи уугаад тасарчихсан болсон үйл явдлыг мэдэхгүй байна. М  эхлээд юм яриад сууж байсан юунаас болж М ыг хутгаар хатгаснаа мэдэхгүй." гэх мэдүүлэг /хх 72/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 395 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "1.2.Д.М ын биед хэвлийд шарх бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 3.4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл байна. 5.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтэл учруулах үед довтлогчийн байсан зай, байрлал зэргийг нарийвчлан тогтоох боломжгүй. 6.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна." гэжээ /хх 47 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1.О.М ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн, элэгний баруун дэлбэнгийн 5-р сегментийн хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэжээ /хх 51-52/,

Гэрч Д.ОЯын өгсөн: ”2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн өглөөний 10 цагийн орчим би эмнэлэг дээрээ байж байтал гаднаас 2 үл таних эрэгтэй хүмүүс биедээ хутганы шархтай манай эмнэлэг дээр анхан шатны тусламж авахаар ороод ирсэн. Тэр 2 хутгалуулсан гэх 2 залууг өөр бас хэд хэдэн хүмүүс дамжлаад аваад ороод ирсэн. Тэр даруй би биед нь үзлэг хийж яаралтай эмчилгээ хийхэд Д.М  гэх залуу нь зүүн хавирганы нуман дор орчмоо нэг удаа хутгалуулсан бололтой 1.5 см өргөнтэй шархтай байсан нөгөө О.М  гэх залуу нь хэвлийн баруун дунд хэсэгтээ 2 см орчим өргөн зүсэгдсэн 8 см орчим гүнтэй хэвлийн өөх гарч ирсэн хүнд шархтай байсан тул би анхан шатны тусламж үзүүлээд Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай эдгээр хүмүүсийг хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх 29/,

Гэрч Г.Мөнхтөрийн өгсөн: ”Э.Дөлгөөн, Д.М  нар нэг шил 0.75 литрийн Абсолют гэх архи авчирсан бид дөрөв хувааж уусан. Дараа нь О.М  бид хоёр 0.5 литрийн Экс гэх архитай байсныг задлаад бас хамт хувааж уусан. Ингээд өөр уух архи байхгүй байсан тул би унтлаа гэж тэд нарт хэлээд машин руугаа очиж унтсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө 09: 30 цагийн орчим машины хаалга хүн тогшихоор нь онгойлготол Д.М  гэх залуу надад хандаж "Намайг О.М  хутгалчихлаа гэчихсэн хэвлийн баруун талаас нь цус гарчихсан байдалтай өөх, сэмж нь ил бүлтрээд гараад ирчихсэн эндээ шийдэх үү цагдаа дуудах уу яах уу" гэж надаас асуусан. Би тухайн үед нь босоод хувцасаа өмсөж байтал Д.М  "Би зөрүүлээд О.М ыг бас хутгалчихсан” гэж надад хэлсэн. Би тэндээсээ шууд О.М ын машин дээр очсон чинь машиныхаа урд газар уначихсан хэвлийн тус газраа хутгалуулсан бололтой цус гарчихсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх 31/,

Гэрч Э.Дөлгөөний өгсөн: ”...Өглөө эрт 09 цаг өнгөрөөгөөд Г.Мөнхтөр ах намайг машинаас сэрээгээд “Д.М , О.М  хоёр чинь бие биенийгээ хутгалаад эмнэлэг явчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 33/,

Гэрч А.Нямдаваагийн өгсөн: ”Би тэр даруй Сүхжаргал, Г.Энхбаатар гэх хамт ажилладаг 2 жолоочийн хамт очсон чинь Д.М  хэвлийн зүүн талаа гараараа дарчихсан өвдөглөөд доошоо суучихсан машиныхаа хажууд О.М  нь хажуу талаараа харчихсан газар хэвтэж байсан. Тэр хоёрыг ажиглахад архи согтууруулах ундаа уусан бололтой үнэртэй байсан. Д.М ын өмсөж явсан хувцас нь нил цус болчихсон байсан тул бид нар шууд Баян сумын эмнэлэгт тэр хоёрыг аваачиж үзүүлсэн. Би тухайн үед Д.М аас юу болсон талаар асуусан чинь "О.М  миний өөдөөс шорон орон ярьж томроод намайг эхлээд нэг удаа хутгалсан дараа нь дахиж хутгалах гээд дайраад байхаар нь би зөрүүлээд хутгыг нь аваад хутгалчихсан." гэж ярьсан." гэх мэдүүлэг /хх 37/ зэрэг бичгийн нотлох баримуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, тэднийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгыг зэвсгийн чанартай ашиглан хэн алиныхаа эрх чөлөөнд халдсан буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.М ын  эрүүл мэндэд хэвлийд шарх бүхий хөнгөн хохирол, хохирогч О.М ын эрүүл мэндэд хэвлийн хөндий рүү нэвтэрсэн, элэгний баруун дэлбэнгийн 5-р сегментийн хатгагдсан шарх бүхий амь насанд аюултай хүнд хохирол учирсан байх тул шүүгдэгч  Д.М ыг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч О.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.М  "Намайг эхлээд хутгаар хутгалж эрүүл мэндэд хохирол учруулсан. Хутгыг нь авах гэж булаацалдаж байгаад О.М ын эрүүл мэндэд болгоомжгүйгээр гэмтэл учруулсан. Би санаатай хутгалаагүй." гэсэн мэдүүлгийг өгсөн ба түүний өмгөөлөгч Т.Урангэрэл “миний үйлчлүүлэгч дээрх "Намайг эхлээд хутгаар хутгалж эрүүл мэндэд хохирол учруулсан. Хутгыг нь авах гэж булаацалдаж байгаад О.М ын эрүүл мэндэд болгоомжгүйгээр гэмтэл учруулсан. Би санаатай хутгалаагүй." гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож тогтвортой өгдөг гэсэн тайлбарыг гаргаж, хохирогчийг хутгалснаа хүлээн зөвшөөрч байна, харин санаатай хутгалаагүй болгоомжгүй хутгыг авах гэж байгаад хатгасан гэж маргасан. Энэ нь хавтаст хэрэг болон шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч Д.М , О.М  нарын өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдоогүй.

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан тул өмгөөлөгч Т.Урангэрэлийн шүүгдэгч Д.М ыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Шүүгдэгч О.М  болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болохыг мөн иргэдийн төлөөлөгч шүүгдэгч нарыг гэм буруутай гэж дүгнэсэн болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч О.М ыг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,

Шүүгдэгч О.М ын өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн зүгээс миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү гэх,

Шүүгдэгч Д.М ын өмгөөлөгч Т.Урангэрэл миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн тул тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хөнгөрүүлж өгнө үү  гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч О.М  нь урьд нь Хэнтий аймаг Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж байсан болох нь хэргийн 89, 95-99 дүгээр хуудсанд авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон. Энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт. Шүүгдэгч 1994 оны төрсөн 27 настай, эх, дүү нарын хамт ам бүл 4-үүлээ амьдардаг. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг талаар биеийн байцаалт авагдсан.

шүүгдэгч Д.М  урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан болох нь хавтаст хэргийн 102-109 нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт. Шүүгдэгч 1995 оны төрсөн 26 настай, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт ам бүл 6-уулаа амьдардаг талаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 8-р багийн тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэргийг шүүх хуралдаанд гаргаж өгсөн.

Шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хоорондоо эвлэрэн хэлэлцсэн, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.М ын өмгөөлөгчийн гаргасан "шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах" саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгчид дээрх зүйл ангиар 3 жил 6 сар хорих ял оногдуулах,

Шүүгдэгч О.М ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг /М  машины голын хайрцагнаас хутга авч эхэлж Д.М ыг хутгаар хатгасан үйл баримт тогтоогдсон/ байдлыг харгалзан улсын яллагчийн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах  нь зүйтэй гэж үзэв.

Ийнхүү шүүгдэгч нарт ялгамжтай ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2134003050420 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар эрээн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоног, бусдад

төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн

22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4,

36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн Д-н М ыг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

 Шүүгдэгч Т овгийн О-н М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4т зааснаар шүүгдэгч Д.М ыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.М ад оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М т оногдуулсан 1 000 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6.Эрүүгийн 2134003050420 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар эрээн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М , О.М  нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

   8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

   9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.М ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 3 дугаар сарын 28-ний өдрөөс эхлэн тоолсугай.

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.БАТЖАРГАЛ

                                              ШҮҮГЧИД                           Ш.ГАНДАНСҮРЭН

                                                                                          Ю.ЭНХМАА