Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
Хэргийн индекс | 169/2022/0039/Э |
Дугаар | 2022/ШЦТ/31 |
Огноо | 2022-02-24 |
Зүйл хэсэг | 27.10.2.1., |
Улсын яллагч | Г.Эсэн |
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Б. Цэрэнбат
Улсын яллагч Г.Эсэн
Хохирогч Г.М, түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2222000000023 тоот хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... оны ...... дугаар сарын .......-ны өдөр төрсөн, ........ боловсролтой, ........... мэргэжилтэй, ам бүл ................ хамт, ........аймгийн ........ сумын ............. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан шагналгүй, *******
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Болор” супермаркетын баруун талын засмал зам дээр 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2493 ДУЭ улсын дугаартай Сонота-7 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.9 “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэх заалтыг зөрчсөний улмаас 01-54 ДУН улсын дугаартай Тоёота приусс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Г.М-ийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би 2022 оны 01 сарын 19-ний өдөр 2 хүнтэй Паркийн тэндээс мах авчхаад буцаж явахдаа Болор плазагаас тамхи авах гээд урдаас машин ирж байхаар нь амжчих байх гээд орсон. Тэгээд болгоомжгүйгээр энэ хэргийг үйлдсэн. Би шөнө нь архи уусан байсан. Тэр нь өглөө гараагүй байсан” гэв.
Хохирогч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр С, Э нартай Болор плаза дэлгүүр орохоор явтал өөдөөс машин гарч ирээд мөргөлдсөн. Би 01 сарын 19-22-ны өдөр хүртэл аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгээд 01 сарын 24-нд хот явж хагалгаанд орж 8 хадаас хадуулсан. Сая эмчилгээнд явж байгаад хотоос ирсэн. Одоогийн байдлаар гарсан мөнгөө гаргуулвал гомдол байхгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ё.Э-ы “Би хөрөнгө эстиметэд 82.000 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн. Хөрөнгө эстиметын гаргасан үнэлгээний дагуу автомашиныхаа эвдрэлийн 1.790.000 төгрөгийг нэхэмжилсэн. ******* миний эхнэрийн 5460001479 /Б.С/ тоот данс руу 1.790.000 төгрөг шилжүүлсэн. Одоо үнэлгээ хийлгэсэн 82.000 төгрөгийн хохирлыг барагдуулчихвал өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38/
Гэрч Г.Б-ы “2022 оны 01 сарын 18-ны шөнө Б, Ц бид 3 Ц-ийн гэрт нь Хараа нэртэй 0,75, 0,5 литрийн 2 шил архи уусан. Тэгээд маргааш өглөө нь буюу урагшаа явж байгаад Б Болор дэлгүүр рүү тамхи авна гээд гэнэт л зүүн гар тийшээ эргэчихсэн. Тэгтэл хойшоо урсгалтай замаар чигээрээ явж байсан Приус-20 маркийн машин ирээд л мөргөлдчихсөн. Б согтуу жолоо бариад, мөн чигээрээ явж байсан машины урдуур нь гэнэт эргэчихсэн. Б нилээн хурдтай явж байсан, харин дохио өгч эргэсэн үгүйг нь мэдэхгүй байна. Ц бид хоёр машины хойд талд нь суусан байсан, өөр хүн зорчиж яваагүй. Б-ын машины баруун талын хаалга нь дотогшоо цөмөрсөн байсан, харин приусс-20 машины урд талын гупр нь тэр чигтээ л хагараад уначихсан, шил нь бас хагарсан бололтой байсан. Приусс 20 машинд явж байсан эмэгтэй гар нь хугарсан байна гээд эмнэлэг дуудсан. Тэгээд Ц бид хоёр махаа машинаас нь аваад такси бариад гэр рүүгээ яваад өгсөн. Урд шөнө нь 0,75, 0,5 литрийн архи уусан байсан. Осол болсон өглөө харин архи уугаагүй байсан, гэхдээ урд шөнийн архи нь гараагүй, нэлээн л согтуу байсан. Миний бие зүгээрээ. Ил харагдах гэмтэл шархгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 44/
Гэрч Б.С-ийн “2022 оны 01 дүгээр сарын 19-ны өглөө би нөхөр Э-тай хамт гэрээсээ гараад М найзыгаа аваад, замаараа манай нөхрийн дүү Э-г аваад Болор сүпермаркет дэлгүүр рүү явсан. Дэлгүүрээс гэр ахуйн зүйл л авах гэж явсан юм. Манай нөхөр жолоо бариад би урд талын суудал дээр, миний ард М, хажууд нь Э сууж явсан. Нөхөр маань суудлын бүс зүүсэн, харин би суудлын бүс зүүгээгүй байсан. Болор дэлгүүрийн үүдэнд ирэх гээд засмал дээр хойшоо явж байтал Соната-7 маркын саарал машин урдуур дохиогоо өгөхгүй шууд маш хүчтэй ороод ирсэн. Соната 7 машин нь урагш чиглэлийн замаар л явж байгаад урсгал сөрж манай машины урдуур ороод ирсэн. Жолооч нь архи уусан, их согтуу хүн байсан. Бас арын суудал дээр нь 2 эрэгтэй хүн согтуу байсан, бууж ирээд алхаад яваад өгсөн. М-н зүүн гар нь хугараад эмнэлэг дуудаж шууд эмнэлэг рүү явуулсан. Би урагшаа шил мөргөж толгойдоо л гэмтэл авсан юм шиг байна, маш их өвдөж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 46/
Гэрч Ц.Ц-ийн “2022 оны 01 сарын 18-ны шөнө манай гэрт Б, Б нар ирээд бид 3-уулаа 0,75 литрийн 1 шил архи, 0,5 литрийн 1 шил архи хувааж уусан. Тэгээд өглөө нь 2022 оны 01 сарын 19-ны өглөө зүүн хойд лагераас айлаас мах авах гэж явсан. Б Соната-7 маркын машиныг бариад, Б бид хоёр машины хойд талд суугаад 3-уулаа явсан. Тэгээд паркийн урд айлаас очиж махаа авчхаад буцаад манай гэр рүү явж байсан. Б засмал замын урагшаа чиглэлтэй замаар явж байгаад “Болор дэлгүүрийн үүдэнд зогсъё, дэлгүүр орж тамхи авна” гээд Б зүүн гар тийшээ эргэх дохиогоо өгөөд эргэтэл л нэг приус-20 маркийн машин хойшоо чиглэлтэй замаар чигээрээ явж байгаад шууд ирээд л мөргөсөн. Бын архи нь гараагүй, согтуу байсан Тэгээд мөргөлдчихөөр нь Б бид хоёр махаа аваад такси бариад шууд гэр рүүгээ яваад өгсөн. Б бид 2-ын биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Быг хэдэн километр цагийн хурдтай явж байсныг мэдээгүй, Б согтуу нь согтуу л байсан. Би санал, гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 50/
Гэрч Б.Т-ийн “Манай нөхөр 2022.01.18-ны шөнө нь гэртээ ирж хоноогүй, утсаа авахгүй байсан. Тэгээд маргааш нь буюу 2022.01.19-ны өглөө бас холбоо барих гээд утас руу нь залгатал гар утас нь холбогдохгүй байсан. Тэгээд 2022.01.19-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Болор дэлгүүрийн худалдагч нь над руу залгаад “танай нөхөр чинь манай дэлгүүрийн гадаа машинтай мөргөлдчих шиг боллоо” гэсэн. Тэгээд би сандраад очтол манай нөхөр согтуу, нэг приус-20 машинтай мөргөлдчихсөн байсан. Манай нөхөртэй 2 өвгөн хамт явж байсан гэсэн, намайг очиход тэр хоёр өвгөн байхгүй байсан, цагдаа нар ирсэн үзлэг хийж байсан. 2493 ДУЭ улсын дугаартай Соната-7 маркийн автомашин Бэрс финанс гэдэг нэртэй банк бус дээр байдаг. Машинаа тавьж зээл авч байсан, зээлээ би ганцаараа төлдөг” гэх мэдүүлэг /хх-ийн 52/
Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаартай” Г.М-ийн биед зүүн шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 72-73/
Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаартай 1. Б.С-ийн биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, духанд үүссэн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 85-86/
Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай магадалгаанд “жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн дараах холбогдох заалтыг зөрчсөний улмаас 0154 ДУН улсын дугаартай приусс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Г.Мийн биед хүндэвтэр хохирол учруулсан байна. Үүнд: 3.7.а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг, мөн дүрмийн 10.9-т заасан “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэжээ.
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 2-5/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг осол болсон газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 6-8/
- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15/
- *******ын согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд “драгер багжаар шалгахад 1,15 хувь” гэжээ /хх-ийн 16/
- Хөрөнгө эстимент ХХК-ний хохирлын үнэлгээний тайлангийн хавсаралтад “Hundai Sonata-7 2493 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нийт шууд зардлын дүн-272.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн-562.000 төгрөг” гэжээ /хх-ийн 55/
- Хөрөнгө эстимент ХХК-ний хохирлын үнэлгээний тайлангийн хавсаралтад “Prius-20 0154 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгслийн нийт шууд зардлын дүн-1.420.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн-1.790.000 төгрөг” гэжээ /хх-ийн 61/
- Г.Мийн үзлэгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 75-76/
- *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 151/
- 1.790.000 төгрөгийн хохирол төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 153/
- Хохирлын баримтууд /хх-ийн 158-173/
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Дээрх баримтуудаар 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2493 ДУЭ улсын дугаартай Сонота-7 маркийн тээврийн хэрэгсэл, 01-54 ДУН улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн үйл явдал болсон, зам тээврийн осолд өртсөн Сонота-7 маркийн 2493 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******, Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд хохирогч Г.М зорчиж явсан болох нь шүүгдэгч *******, хохирогч Г.М, гэрч Г.Б, Б.С, Ц.Ц нарын мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд уг ослын улмаас Г.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 58 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Уг зам тээврийн осол нь Сонота-7 маркийн 2493 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан шүүгдэгч *******ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “ 3.7.а, 10.9 дэх хэсгийг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас гарсан болох нь мөрдөгчийн магадалгаа, согтуурал шалгасан тэмдэглэл, шүүдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-н Монгол Улсын Замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан гэдэг шинжээр нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******-г согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэгт ял тохирох талаарх прокурорын саналыг ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасан байна.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Г.М-д 1.995.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ё.Э-д 1.790.000 төгрөг тус тус төлсөн байх тул дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд хохирогч Г.М-с эмчилгээтэй холбоотой 276.900 төгрөгийн баримт шинээр ирүүлснийг шүүгдэгч ******* төлөхөө илэрхийлсэн, хохирогчоос ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан, хохирогчийн эмчилгээтэй холбогдон гарсан, иргэний нэхэмжлэгч Ё.Э нь шүүгдэгчээс үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 82.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн, шүүгдэгч ******* төлөхөө илэрхийлж байх тул тус тус шүүгдэгч *******-с гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хохирогч Г.М эмчилгээ дуусаагүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх тул цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг зааж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч........ овогт ...............-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ............. овогт ..............-д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******-д шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Г.М-д 1.995.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ё.Э-д 1.790.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******-с 358.900 төгрөгийг гаргуулан хохирогч Г.М-д 276.900 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ё.Э-д 82.000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.М нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг заасугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХБАТ