Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2018/00185

 

     2018 оны 04 сарын 11 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00185

                      Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б.Ж-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 153/2018/00097/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Ж, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Ж нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн. 1970 оноос 1978 онд Ховд аймгийн Ховд сумын 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. 1980 оноос 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллаж байсан. 1980 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаартай Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуйн даргын тушаалаар тракторчноор ажилд орж тасралтгүй 12 жил 12 сар ажилласан. Гэтэл 1992 онд Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуй тарсан. Миний ажиллаж байсан байдлын талаар нотлох баримт байхгүй учир хохироход хүрээд байна. Иймд намайг 1990 оноос 1993 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд 3 жил тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.Ж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1990 оноос 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Ж нь1990 оноос 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5дугаар хуудас/

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 773 дүгээр албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1980 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаар тушаал /хх-ийн 20 дугаар хуудас/

-Гэрч Ч.Ц-ийн “...Би Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор 1970 оноос 1993 оныг хүртэл ажиллаж байсан. 1993 онд Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн хувьчлагдаж Бүтээл ХК болсон бөгөөд би уг компанид тракторын жолоочоор 2000 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Б.Ж нь 1980 оноос 1993 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор, 1993 оноос 2006 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Бүтээл ХК-д тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан. Бид хамтдаа нэг нэгдэл, компанид олон жил ажиллаж байгаа хүний хувьд Б.Ж-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна....” гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч А.М-ийн “...Би 1969 оноос 1994 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд тракторын жолооч, салааны ахлагчаар ажиллаж байсан. Б.Ж нь 1980 оноос эхлээд Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд 1993 оныг хүртэл ажиллаж байсан гэдгийг би мэдэж байна. Ямар ч байсан бид хоёр хамтдаа 1980 оноос 1993 оныг хүртэл нэг газар ажиллаж байсан.....” гэх гэрчийн мэдүүлэг

- Гэрч Ү.М-ийн “... Би 1976 онд Дархан аймгийн Шарын голын техниккумыг төгсөж, Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд гидротехникчээр 1995 оныг хүртэл ажиллаж байсан. Б.Ж нь 1980 оноос эхлээд Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд 1993 оныг хүртэл ажиллаж байсан. Тухайн үед би бригадын даргаар ажиллаж байсан. Ямар ч байсан бид хоёр хамтдаа 1980 оноос 1993 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан..” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Ж-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Ж-г 1990 оноос 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Б.Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ