| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2022/0053/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/48 |
| Огноо | 2022-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2122002080031 тоот хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ...................... төрсөн, .............. боловсролтой, ............. мэргэжилтэй, ам бүл ........................... оршин суух урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *******
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хохирогч О.Б-ийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож түүний биед хамар ясны хугарал, хоёр нүдний алимны салст, баруун доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 10 дугаар сарын 27-ны орой гэртээ байж байтал манай гэрт хамт амьдардаг О.Б залгаад “Болор плазад хүрээд ир” гэж хэлсэн. Би 20 цагийн үед гэрээс гарч Болор плазад очиход Б, Энхбаяр нар найзынхаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай их хэмжээний согтолттой байсан. Тэнд очоод би тэр хоёрын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба миний дараа мөн О.Бийн найзууд болох Бболон Ц нар ирсэн юм. Бид бөөнөөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба би тухайн үед тасарсан байсан. Нэг мэдэхэд л гэртээ сэрсэн ба тухайн үед 2021.10.28-ны 09 цаг болж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52/
Хохирогч О.Б-ийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Б, Э, Б, Ц, Э нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Бид Болор плаза гэх газарт хоол идэж архи пиво уусан юм. Тухайн үед Б нь хүмүүстэй хэрэлдэж маргалдаад байсан юм. Бид нар тэр газраас гарч Цийг гэрт нь хүргэж өгөх гээд явж байтал Бын гар утас руу Найрамдал гэдэг хүн залгаад байсан юм. Бид нар явж байгаад зогсож Б нь машинаас бууж утсаар ярьсан. Тухайн үед би машинаас буугаад зогсож байтал Б утсаар ярьж дуусаад ирээд намайг 4 удаа мөргөсөн. Тэгэхдээ “чи миний найзад томордог хэн бэ” гэж байсан. Тэгтэл манай найзууд бид хоёрыг салгасан юм. Би Бад “та чинь яаж байгаа юм бэ, санаж бодсон юм байгаа бол эрүүлдээ ярьж хөөрч болдоггүй юм уу” гэж асуухад “бодсон юм байгаа болоод ингэж байгаа юм пизда минь” гэж хэлсэн. Тэгээд тэндээс хөтөлтөл Б нь намайг заамдаж байгаад хэд хэдэн удаа цохисон юм. Тэгээд гайгүй болж Б ах бид 2 Бын гэр болох Боржигоны 20-06 тоотод очсон. Би машинаас буухдаа найзууддаа хандан “би хувцсаа аваад гараад ирье, энд байхгүй” гэж хэлээд буутал манай найзууд хөдлөөд явсан юм. Гэтэл “найзууд чинь явчлаа шүү дээ, ийм л байна даа” гэж Б надад хэлсэн юм. Би юм бодолгүй гэрт нь ороход Бын эхнэр Мөнхцэцэг хүүхдийн хамт унтаж байсан юм. Би гэрт нь ороод байшингийнх нь хойд өрөөнөөс чимоданаа аваад үүдэнд нь очоод хувцсаа янзалж байтал Б нь миний баруун шанаа хэсэгт цохисон. Би тухайн үед ухаан алдаад сэргэтэл би газарт хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байсан ба Б миний толгой руу өшиглөж байсан, тэр үед эхнэр нь хараад зогсож байсан. Тэгэхээр нь би “хөөе боль юу болоод байгаа юм” гэхэд Б “босоод ир, нойл орж наад цусаа угаа” гэж хэлсэн. Би нойлд нь ороод цусаа угаатал миний хамраас цус гараад тогтохгүй байхаар нь “нойлын цаас өгчих” гэж хэлэхэд Б “энэ муу овоо пизда шүү” гэж хэлээд гараараа миний толгой хэсэгт цохиж байгаад гартаа нэг зүйл авч миний толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд эхнэр нь “болиоч ээ чи хүүхэд аллаа” гэж хэлсэн. Тэгтэл Б нь гал тогооныхоо өрөөний буланд очиж зогсоод ганцаараа юм яриад байсан. Тэр үед нь би босох гээд дөрвөн хөллөөд байж байтал Б миний цээжин хэсэгт өшиглөж дахин газарт хэвтүүлээд нөгөө юмаараа зодоод байсан. Тэр зүйлийг нь юу гэдгийг нь мэдэхгүй байна. Би тэр үед Бтай зууралдаж байгаад түлхэж унагаад байшингаас нь гартал хашаанынх нь үүдэнд манай найзууд ирчихсэн байсан ба би машинынх нь хаалгыг нээгээд ухаан алдсан. Нэг сэрсэн эмнэлэгт ирсэн байсан. Миний биед толгой, баруун гарт хөхрөл гэмтэл учирсан. Одоо бол босоод удаан явахаар толгой эргэдэг. Мөн огцом хөдөлж болохгүй, толгой хатгуулж өвдөөд байгаа. Өөрт учирсан гэмтэл шархыг эмчлүүлж, буруутай хүнээр нөхөн төлүүлмээр байна” гэх мэдүүлэг/хх-16-17/
Гэрч Б.Э-ын “2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Бтой утсаар ярьж орой нь хамт караоке орохоор тохиролцсон юм. Тэгээд бид хоёр 18 цагийн үед уулзаад аймгийн баруун урд байх Болор плазагийн хажуу талын Хотол зоог гэх газарт орсон. Барамсайдорж нь Бын гэрт нь байдаг тул Быг дуудсан юм. Б бид хоёрыг тэр газарт орсны дараа цаг гарны дараа ирсэн байх. Быг ирсний дараа манай найзууд болох Ц, Бхоёр ирсэн. Бид 5 тухайн газар хэдэн шил пиво уугаад дараа нь Eleh нэртэй 0,75 литрийн архи уугаад дараа нь дахин Eden нэртэй 0,7 литрийн архи уусан юм. Сүүлийн архины ихэнхийг Б уусан. Тухайн үед Б нэлээн их согтсон байсан. Тэгтэл Б нь тухайн газарт байсан хүмүүстэй /огт танихгүй/ хэрэлдэж маргалдаад уг газрын гадаа нь тухайн хүмүүстэй зууралдаад байсан. Би тэд нарыг болиулаад буцаад нөгөө газраа ороход Б Бтой маргаж эхэлсэн. Тэгээд тэр газраас гарч Б, Б хоёрыг гэрт нь хүргэж өгөхөөр явж байгаад бид тамхи татахаар машинаас буухад Б нь толгойгоороо Бийн толгой хэсэгт 1-2 удаа мөргөсөн. Тэгээд тэр хоёрыг дахин салгаад гэрт нь хүргэж өгөхөөр машинтай явж байтал Б нь гараараа Бийн нүүр хэсэгт мөн 2-3 удаа цохисон. Бид дахин болиулж тайвшруулаад Бын гэр болох зүүн лагерт хүргэж өгсөн. Тэр хоёр хэрэлдэж маргалдахаа больж гэр лүүгээ орцгоосон. Тэгэхдээ Б “хувцсаа аваад гараад ирье” гэж хэлсэн юм. Бид нар тэдний гадаа хүлээгээд зогсож байтал манай эхнэр надад “хүүхдийн памперс аваад ирээч” гэж хэлэхээр нь дэлгүүр явсан юм. Тухайн үед 00 цаг болж байсан байх онгорхой дэлгүүр олдоогүй юм. Бид дэлгүүр хайж яваад эргээд очтол Бийн нүүр битүү цус болчихсон гарч ирээд машины хаалга налаад ухаан алдаад унасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн ...../
Гэрч Э.Цийн “2021 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед аймгийн баруун урд байх Болор плаза гэх газарт ирж Б, Б, Энхбаяр нартай уулзсан Тухайн үед Б, Б, Энхбаяр нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай Б, Энхбаяр хоёр нэлээн согтсон, харин Б гайгүй байсан. Тэгээд удалгүй тэндээс гарч Б Б хоёрыг гэрт нь хүргэж өгөхөөр машинтай явж байтал Б, Б хоёр хэрэлдэж маргалдан Б нь гараараа Бийн нүүр хэсэгт мөн 4-5 удаа цохисон. Бид тэр хоёрыг салгаж тайвшруулаад Б гэрт нь очсон. Тэгэхэд Б “би хувцсаа аваад гараад ирье” гэж хэлсэн юм. Бид гэрийнх нь гадаа хүлээгээд зогсож байгаад дэлгүүр ороод буцаад ирсэн. Тэр хооронд 10 минут л болсон байх. Буцаад Бын гэрийн гадаа очтол Б гэрээс нь гүйж гарч ирээд машины хажууд унаад өгсөн. Тэгэхээр Бийг өргөж машинд суулгаад би Б дээр очоод “найз яагаад ингэчихэж байгаа юм” гэж хэлэхэд Б нь өөдөөс агсраад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/
Гэрч Э.М-ийн “2021 оны 10 дугаар сарын 27-ны орой ажлаасаа тараад гэртээ ирээд байж байтал 20 цагийн үед манай нөхөр Б хувцсаа өмсөөд гарах гэхээр нь хаашаа явах гэж байгаа талаар асуухад “хүмүүс дуудаад байна гараад ирье" гэж хариулсан ба би лавлаж асуугаагүй. Тэгээд нөхөр ирээгүй тул унтсан юм. 2021.10.27-ноос 28-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байх үед сэртэл гэрт хүмүүс зодолдоод байгаа бололтой байхаар нь унтлагын өрөөнөөс гарч нойлын өрөөнд очтол манай нөхөр Б, Бийн дээр нь гараад суучихсан зодож байсан. Тухайн үед Б хоёр гараараа толгойгоо хамгаалсан байдалтай байсан. Би очоод тэр хоёрыг салгатал Б намайг түлхээд гараад гүйсэн юм. Би араас нь нөхрийн хамт гартал Бийг найзууд нь гэх 3 залуу машиндаа Бийн хоёр суганаас нь өргөөд машинд суулгаж байсан. Тэгтэл нэг дээлтэй залуу манай нөхөр дээр ирээд “манай найзыг яаж байна аа” гэж хэлээд байж байтал араас нь нөгөө хоёр найз нь ирсэн. Тэгээд манай нөхөртэй зууралдаж байгаад газар унагааж тэр дээлтэй залуу манай нөхрийн толгой хэсэгт 2-3 удаа цохисон. Тухайн үед Бийн найз Энхбаяр гэх залуу Быг газарт ухсан байх үед өшиглөж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/
Гэрч А.Б-ийн “2021 оны 10 сарын 27-ны оройн 20 цагийн үед Б, Энхбаяр 2 миний гар утас руу залгаад “аймгийн зүүн урд байх Болор плазагийн караокед байна, хүрээд ир” гэж хэлсэн. Би 21 цагийн үед очсон. Намайг очиход Б, Энхбаяр, Б нар байсан ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэлээн согтсон байсан. Тэгээд байж байтал 2021.10.27-ны өдрийн 22 цаг өнгөрч байх үед хөдөөнөөс манай найз Ц гэх залуу ирсэн. Тэгээд О.Б, Б, Б.Энхбаяр, Э.Ц нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгэхэд Б согтчихоод тэнд байсан танихгүй хүмүүстэй муудалцаад байсан юм. Удалгүй караоке нь хаахаар болж бид нар тэр газраас гараад би нөгөө хэдийг гэр гэрт нь хүргэж өгөхөөр болсон. Тэгэхэд Б гадуур байсан танихгүй хүмүүстэй маргалдаад байсан. Тэгээд Быг машиныхаа арын суудалд суулгаад мөн ард Ц, Б нар суугаад би өөрөө жолоо бариад миний хажууд Энхбаяр суусан юм. Тэгээд явж байх үед Ц Быг “зүгээр яв л даа” гэж хэлж байсан. Тэгтэл Б “түр зогсож бай даа, маныг чинь цохиод байна” гэж хэлсэн. Би засмалын хажуу руу гараад зогсоод хойшоо эргээд хартал Бийн хамраас нь цус гарсан байсан. Тэгээд Бийн цусыг нь тогтоочхоод шууд Бын хашааны гадна талд очоод зогсоход Б “би хувцсаа аваад гараад ирье” гэж хэлээд Бын хамт гэр рүү нь хамт орсон. Бийг хүлээгээд байж байтал Энхбаяр “онгорхой дэлгүүр байвал хүүхдэдээ памперс авъя” гэхээр бид 3 хөдлөөд дэлгүүр орчихоод буцаад Бын хашааны гадна очоод зогстол Б Бын гэрээс гүйж гарч ирээд миний машины арын хаалгыг налаад унаад өгсөн. Бид 3 гараад хартал Бийн нүүр, ам хавдаж, цус гарсан байдалтай байсан. Тэгээд Бийг босгох гэтэл босохгүй байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11088 тоот “О.Бийн биед хамар ясны хугарал, хоёр нүдний алимны салст, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 40-41/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/
Хохирлын баримтууд /хх-ийн 59-66/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч О.Б нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт бусдад зодуулсан үйл явдал болсон, уг үйл явдлын улмаас хохирогч О.Б-ийн эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хоёр нүдний алимны салст, баруун доод зовхинд цус хуралт” бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа болох нь тогтоогдож байна.
Хохирогч О.Бийн эрүүл мэндэд учирсан “хамар ясны хугарал, хоёр нүдний алимны салст, баруун доод зовхинд цус хуралт” гэмтлийг шүүгдэгч ******* зодох байдлаар учруулсан болох нь хохирогч, О.Б, гэрч Б.Э, Э.Ц, Э.М, А.Б нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч *******-ийн хохирогч О.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 8 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн байна.
Мөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулан санал гаргаж, хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт ямар хэмжээний ял оногдуулах талаар санал гаргах нь прокурорын эрхийн асуудал боловч санал болгож буй ял нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон эсэхийг анхаарч байх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь хохирогч Бид 471.000 төгрөг төлсөн хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Э. Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь хохирогч Бид 471.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХБАТ