Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 460

 

105/2019/0303/Э

 

 

 

 

 

 2019          5              16                                            2019/ДШМ/460                                                          

 

У.М-дхолбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Цэрэнжамц,

өсвөр насны шүүгдэгч У.М- ийн хууль ёсны төлөөлөгч М.Уранзул, өсвөр насны шүүгдэгч У.М- ийн өмгөөлөгч А.Мөнхсайхан,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч У.М- ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1806072870021 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М овгийн У-ын М, ........... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................../;

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1067 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

 

Өсвөр насны шүүгдэгч У.М-  нь 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 4 дүгээр хэсгийн 185 тоотод оршин суух иргэн Ч.Мөнхзулын гэрийн ариун цэврийн өрөөний цонхоор нэвтрэн “Dell” загварын нотебүүк, хөөрөг хулгайлж, нийт 830,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: У.М- ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч У.М- ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, өсвөр насны шүүгдэгч У.Мөнхзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, өсвөр насны шүүгдэгч У.Мөнхзулд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг 2 дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч У.М-дшүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1067 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч У.М-  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч У.М-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Өсвөр насны шүүгдэгч У.М-  давж заалдах гомдолдоо: “...Миний бие ээж, 3 дүүгийн хамт амьдардаг. Ээж минь уушги, зүрхний нийлэнг өвчтэй. Би айлын том хүүхэд, ээждээ туслах гэж ажил хийж яваад энэ хэрэгт ял сонссон. Мөн өөрөө ажил хийж, хохирлыг бүрэн төлсөн учир энэ байдлыг харгалзан надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Өсвөр насны шүүгдэгч У.М- ийн хууль ёсны төлөөлөгч М.Уранзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Оногдуулсан ялаас багасгаж өгнө үү. Гачуурт руу нүүсний дараа ээжийн минь бие өвдөж, хүү У.М-  авто засварын газар ажил хийж байгаад хэрэгт холбогдсон. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч У.М- ийн өмгөөлөгч А.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөх шийтгэх тогтоолоор ял хойшлуулж, хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн. У.М-  нь одоо 17 настай, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлж барагдуулсан.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийг бүхэлд нь хянаж үздэг тул өмнөх шийтгэх тогтоолоор хойшлуулсан 2 жилийн хорих ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийг нэмж нэгтгэн 4 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж зааснаар багасгаж, 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. У.М- ийн хувьд засрах бүрэн боломжтой гэж харж байна. ...” гэв.

 

Прокурор Г.Цэрэнжамц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор, хуульд заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2 дахин багасгаж шийдвэрлэсэн.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1067 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.

Тэгэхээр 1 жилийн хугацаагаар уг ялыг хойшлуулахад тухайн шүүгдэгч У.М-  нь гэмт хэрэг үйлдээгүй бол эдлэх ялаас хасагдах байсан. Шүүхээр хойшлуулсан 1 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй бол 2 дахин багасгах шаардлагагүйгээр 2 жилээс 1 жил нь хасагдаж тооцогдох байсан. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу 1 сарын дараа дахин гэмт хэрэг үйлдсэн тул сүүлийн гэмт хэрэгт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх өмнөх шийтгэх тогтоолыг хэлэлцээгүй. Харин 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр болсон хэрэгт ял оногдуулсан. Өмнөх шийдвэрийг хэлэлцэх боломжгүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хуулийг хэрэглэх алдаа байсан эсэхийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрлэх учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Өсвөр насны шүүгдэгч У.М-  нь 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 4 дүгээр хэсгийн 185 тоотод оршин суух иргэн Ч.Мөнхзулын гэрийн ариун цэврийн өрөөний цонхоор нэвтрэн “Dell” загварын нотебүүк, хөөрөг хулгайлж, 830,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.Мөнхзулын “...2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 13 цаг 30 минутанд байшингаа түгжээд салхинд гараад маргааш өдөр нь 21 цагт гэртээ ирэхэд доторх эд зүйлийг сандаачсан, ариун цэврийн өрөөний цонх онгойсон, “Dell” загварын нотебүүк, хуучны хөөрөг хоёр алдагдсан байсан тул цагдаа дуудсан. ...” /хх 14-15/ гэх мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгийг нотлон мэдүүлсэн гэрч Г.Цогтмагнай /хх 17/, М.Чулуунбаатар /хх 18/ нарын мэдүүлгүүд, өсвөр насны шүүгдэгч У.М- ийн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний “Тод үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 8/78 дугаартай дүгнэлт /хх 21/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-12/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Өсвөр насны шүүгдэгч У.М- ийн иргэн Ч.Мөнхзулын гэрт эзэнгүй байхад нь ариун цэврийн өрөөний цонхоор нь нэвтэрч, “Dell” загварын нотебүүк, хөөрөг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжтэй байх ба уг зүйл, хэсгээр зүйлчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

У.М- ийн 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэрэгт 2 жилийн хорих ял оногдуулсан нь У.М- ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирчээ.

Энэ гэмт хэргийн хохирол болох 830,000 төгрөгийг У.М-  нь хохирогч Ч.Мөнхзулд төлсөн /хх 49/ байна.

 

У.М-  нь “...Надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

У.М-  нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1067 дугаартай шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд буюу 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна...” гэж зааснаар түүний эдлэх ялыг тогтоох хууль зүйн үндэслэл үүсч байна. 

 

Давж заалдах шатны шүүх, У.М-дтус шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1067 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, У.М- ийн эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоосны дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч У.М- ийн эдлэх 4 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, 2 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь У.М- ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх боломжийг шүүхэд олгож байна гэж дүгнээд, энэ талаар өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулахаар шийдвэрлэв.

 

Ингэж шийдвэрлэх нь өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан ялыг насанд хүрсэн этгээдэд оногдуулах ялаас багасгаж тогтоох талаарх Эрүүгийн хуулийг батлахдаа баримталсан Монгол Улсын төрийн бодлого, Эрүүгийн хуулийн үзэл баримтлалд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтад өсвөр насны шүүгдэгч У.М- ийн нэрийг “У.Мөнхзул” гэж буруу бичсэнийг зөвтгөх нь зүйтэй байна.  

 

Цаашид, өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан ял оногдуулж, эдлэх ялыг нь хоёр дахин багасгана...” гэж зааснаар эдлэх ялыг нь багасгаж заасны эцэст шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэж байх нь хуульд нийцэхийг анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...өсвөр насны шүүгдэгч У.Мөнхзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...өсвөр насны шүүгдэгч У.М- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...өсвөр насны шүүгдэгч У.Мөнхзулд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч У.М-дэнэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1067 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, У.М- ийн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч У.М-дшүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1067 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч У.М- ийн эдлэх 4 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, У.М- ийн жинхэнэ эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ