Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2024/0040

 

Д.Ц-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С

Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/588 дугаар захирамжийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 768 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0556/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Ц-ээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/588 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 768 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Д.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч тал 2016 онд маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болж, уг газраа 2017 оны зун хашаалж дуусгасан. Ингээд санхүүгийн нөхцөл боломж муу байснаас үүдэн газраа ашиглаж чадаагүй байсаар 2019 онд нэхэмжлэгчийн эцэг хүндээр өвдөж эхэлсэн. Гэвч хэдий ч 2017-2019 онд нэхэмжлэгч тал тухайн газраа шороо асгаж үйл ажиллагаа эхлэх гэж байсан бөгөөд хаалга бүхий зам гаргасан талаарх нөхцөл байдал шүүхийн газрын үзлэгээр тодорхой харагддаг. Энэ бүхнээс харахад шүүхээс уг газрыг ашигласан гэж маргаагүй гэх дүгнэлт үгүйсгэгдэж байна.

3.2. Монгол Улсад Коронавирусын халдвар гарсан нь гэнэтийн давагдашгүй хүчний үйлчлэл бөгөөд “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаан үргэлжлэх талаар тусгажээ.

Гэтэл шүүхээс дээрх хуулийн цаг хугацааны үйлчлэх хүрээг харгалзан үзэлгүйгээр зөвхөн 2019 оны сүүл, 2020-2021 онуудыг цар тахлын улмаас газраа ашиглаж чадаагүй нийтэд илэрхий нөхцөл байдал гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор “гэнэтийн давагдашгүй хүчний ... зэрэг газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг хуанлийн 2 жилийн дотор ...” хэмээн тайлбарласан байдаг. Үүнээс харахад гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэл 2019 оны сүүлээж эхэлсэн бөгөөд 2022 оныг дуустал үргэлжилсэн байх бөгөөд үүнээс дариу 2 жилийн дараа буюу 2024 оныг дуустал маргаан бүхий газрыг ашиглаагүй бол хүчингүй болгох эрх үүсэх байтал 2023 оны 6 сард Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

3.3. Нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй нөхцөл байдлаа өөрийн эцэг, эхийг биечлэн асарсан гэж тайлбарлан энэ тухай нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Гэтэл шүүхээс Д.Ц-ийг өвчтэй хүн асарч байсан гэх хүндэтгэн үзэх шалтгааныг шууд нотлох баримт болохгүй гэж үзэхдээ зөвхөн асран тэтгэх гэрээ болон Чингэлтэй дүүргийн Нийгмийн халамжийн сангийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолтыг үндэслэсэн нь буруу болсон. Учир нь Д.Ц эцэг эхээ биечлэн асарч байгаа талаараа дээрхээс гадна өрхийн эмчийн тодорхойлолт болон охин Э.О-г гэрчээр асуулгасан байдаг. Энэ бүхнээс Г.Д болон С.Н нарын асран тэтгэх гэрээ чухам яагаад Э.О-ийн нэр дээр хийгддэг болон энэхүү гэрээ нь зөвхөн нэр бүхий хийсвэр зүйл төдийгүй бодит байдал дээр Д.Ц эцэг эхээ асардаг болохыг тодорхой харуулдаг. Үүнтэй холбоотойгоор Д.Ц-ээс хамаарах шалтгаангүйгээр газраа ашиглаж чадаагүй ба нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

3.4. Шүүхээс захиргааны байгууллагыг сонсох ажиллагаа явуулаагүй зөрчил гаргасан гэж дүгнэсэн мөртлөө энэ нь нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй ашиглаж чадаагүй ба нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Учир нь сонсох ажиллагааны гол зорилго нь маргаан бүхий захиргааны акт гаргах болон иргэн хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөхөөс сэргийлэх зэрэг байх атал энэхүү ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс нэхэмжлэгчид ямар хүндэтгэн үзэх шалтгаан байсан болохыг тодруулалгүй нэг талыг барьсан хууль бус акт гаргасан гэж үзэхээр байна.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 768 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Д.Ц-ээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/588 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Анх нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” А/365 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Ц-т Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 40 000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.

2.3. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/588 дугаар захирамжаар эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Ц-ийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай 40 000 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

2.4. Нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаагүй болох нь анхан шатны шүүхийн маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс газраа зориулалтын дагуу ашиглаагүй шалтгаанаа өвчтэй эцэг эхээ асардаг байсан гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн дүүрэн тогтоогдоогүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

2.5. Нөгөөтээгүүр анх газар эзэмших эрх олгосон 2016 оноос хойшхи бүхий л цаг хугацаанд болон цар тахлын нөхцөл байдал арилснаас хойш ч газраа зориулалтын дагуу ашиглах хангалттай хугацаа байсан боловч уг үүргээ биелүүлээгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 768 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН