| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2022/0060/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/54 |
| Огноо | 2022-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мөнхсүрэн |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч М.Мөнхсүрэн,
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох эрүүгийн 2222000000026 тоот хэргийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ..................... төрсөн, ........... боловсролтой, засварчин .............., ам бүл ............. хамт ....................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, *******
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ................ төрсөн, ............. боловсролтой, ........... мэргэжилтэй, ам бүл ...........................хамт............. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй,*******
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Зоогийн 5-510 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч*******-тай 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр маргалдаж түүний биед тархи доргилт, дух, цээж, сарвуунд шарх, хүзүү, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Зоогийн 5-510 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******-тай 2022 оны 02 дугаар 07-ны өдөр гэрт агсам тавьсан гэх шалтгаанаар маргалдаж түүний биед нуруунд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2022 оны 02 сарын 07-ны өдөр архи уугаад хоорондоо муудаад, би Т руу сандал аваад шидтэл духыг нь оносон...” гэв.
Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тэр өдөр бөөнөөрөө архи уусан. Манай гэрт байсан болохоор агсан тавилаа гэж хэлээд маргалдсан. Сандлаар цохиулсан болохоор Мын биед гэмтэл учруулсан...” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Т миний нуруун дундуур шилээр хатгасан. Гомдол, санал байхгүй...” гэв.
Хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. М над руу сандал авч шидсэн. Миний дух хагарсан...” гэв.
Гэрч Б.Б-ийн “Би Сайнцагаан сумын 5-р баг Зоог 5-5 тоот хашааны зүүн талын хашааны айл болох Бажухайгийн /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй ээ/ ороод байж байхад манайн найз М, М, Б нар ирээд тэнд 0,75 литрийн 2 шил архи, 2 том пиво ууж байгаад манай гэр рүү М, М, Б бид хэд орсон. Тэгээд манай гэрт орж бид 0,75 литрийн хараа нэртэй архи ууж байсан. Тэгээд тасраад унтаад өгсөн, нэг сэрсэн чинь гал тогооны өрөөгөөр дүүрэн ус асгаад хаячихсан, эхнэр Тын толгойноос нь цус гарч байсан. Бас Мын зүүн гарыг дагаад цус гарч байсан. Тэгээд л цагдаа нар ирээд бид хэдийг аваад явсан. Цагдаа дээр ирээд сонсож байхад М манай эхнэр Ттай маргалдсан юм байна лээ. Эхнэр хэлэхдээ М сандлаар толгой дундуур цохисон гэж байсан. Байшингийн хаалганы шилээр Мын далан дээр зүссэн гэж байсан. Би тэр үйл явдлыг хараагүй унтаж байсан. Эхнэр Т, М хоёрыг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
Гэрч Б.Б-ын “...Би 2022 оны 02 сарын 07-ны өдөр У /Бажухай/-н гэрт нь намайг 11 цагийн үед очиход Б, М, М, У нар 0,75 литрийн хараа, нэг том пивотой уугаад сууж байсан. Тэрнээс уулцаж дуусгаад Бийнд дөнгөж орчихоод яваад өгсөн. Тэгээд би гадуур ажил амжуулж байгаад 05 цаг болж байхад цагдаа нар М, М, Б нарыг аваад явахаар нь хамт цагдаа дээр ирсэн юм. Бийн эхнэр, М хоёр хоорондоо маргалдсан юм шиг байна лээ сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/
Гэрч *******н “...Би 2022 оны 02 сарын 07-ны өдөр Зоогийн гудамжинд /хаягийг нь мэдэхгүй байна/ У /Бажухай/-н гэрт нь Б, М, У, Уийн ах нь, Ц, Дойд, Б, бид хэд 0,75 литрийн “хараа” нэртэй архи 2 шил, нэг том пивыг ууж дуусгаад Бийнд гэрт нь очсон. Тухайн үед пивийг нь эмэгтэйчүүд уусан. Бийнд байхад Б тэр хоёр жаахан ам мурийх гээд байсан. Тэгсэн Ц, Дойд, Б тэр хэд гараад яваад өгсөн. Бийнд ороод нэг юм задлаад дөнгөж ууж байхад тэр хэд гараад яваад өгсөн. Тэгээд Бийнд М би, Бийн эхнэр Т /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ бид хэд үлдсэн. Тэгэхэд Б тасраад суугаараа унтаад өгсөн. Тэгтэл Т “ та ингэж болохгүй, та хэд яв” гэсэн чинь М “найзындаа байна, чамд хамаагүй” гээд тэрнээс болоод Т ширээн дээр байсан архийг аваад хагалаад хөөгөөд агсчаад байсан. Тэгээд М босож ирэхэд өөдөөс нь Т дайрахаар нь түлхсэн. Тэгсэн Т ширээний хажуугаар унасан. Тэгээд босож ирснээ ширээн дээр байсан аяга, ус буцалгагч авч шидээд байхаар нь гараад үүдний таамбарт нь зогсож байхад гал тогооны хаалганы шил нь хагарахаар нь ороод очтол Т шил гартаа барьчихсан хүзүүгээ зүсээд байхаар шилийг нь авах гэсэн чинь өөдөөс чичлээд байсан. Гал тогооны хаалганы шил хагарахаар нь орж ирэхэд Тын духнаас нь цус гарч байсан, бас Мын гарыг нь дагаж цус гоожиж байсан. Тэгэхээр нь би Мыг аваад гараад явсан. Би гал тогооны өрөөнөөс гарахдаа хаалгыг хааж гараад коридорт зогсож байхад л хаалганы шил пир гээд хагарсан. Юмаар цохисон юм уу, гараар цохисон юм уу, бүү мэд. Тэр Т гэдэг эмэгтэй, Мтай муудалцаж маргалдсан. Тэр хоёр хэн хэнийгээ яаж гэмтээснийг бол хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/
Гэрч Б.Т-ын “Т манай 2 дахь охин байгаа юм. Айлын бага охин. Охин маань 1993 онд Дундговь аймаг Сайнцагаан суманд төрсөн. Охин маань 2018 он хавьцаа нөхөртэй болоод 2020 онд салж байсан /дундаасаа 2 хүүхэдтэй/. Охин маань одоо 2 хүүхэдтэй, Б гэдэг залуутай хамтран амьдардаг. Харин дундаасаа хүүхэд байхгүй. Т дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, одоо Боржигоны өрхийн эмнэлгийн эмч ажил хийдэг. Өмнө нь огт хэрэг төвөгт орооцолдож байгаагүй, цагдаа сэргийлэхээр ч огт явж байгаагүй Би охиноо архи ууж байсныг нь бол мэдэхгүй, харин хэрэг гарсан өдөр л пиво уусан гэж байсан. Тусдаа амьдардаг болохоор архи дарс ууж байгаа үгүйг нь сайн мэдэхгүй байна. Ааш зангийн хувьд ч их даруухан, харин уурлахаараа их түргэн ууртай. 10 гаруй жилийн өмнөөс бөөгийн сахиусаа авч байсан. Сахиустай бөө хүүхэд байгаа юмаа. Өмнө нь тэгж амиа хорлох ч үйлдэл хийж байгаагүй, тийм зүйл миний охинд тохиолдож л лав байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35/
Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022.02.10-ны өдрийн 71 тоот “Т.Тын биед тархи доргилт, дух, цээж, сарвуунд шарх, хүзүү, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, дух, цээж, сарвуунд үүссэн шархнууд нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад зулгарсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-ийн 40-41/
Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022.02.11-ний өдрийн 73 тоот “*******ын биед нуруунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад зулгарсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн гэмтэл нь зодоон болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-ийн 46-47/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 49-50/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80-81/
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.20-ны өдрийн 2019/ШЦТ/992 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 83-87/
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Зоогийн 5-510 тоотод шүүгдэгч *******,******* нар нь бусдад зодуулсан үйл явдал болсон, үүний улмаас *******ын биед нуруунд шарх, зулгаралт гэмтэл, шүүгдэгч*******ын биед тархи доргилт, дух, цээж, сарвуунд шарх, хүзүү, хэвлийд зулгаралт гэмтэл тус тус учирсан болох нь нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтууд болон шүүгдэгч нарын хохирогчоор өгсөн мэдүүлгээр шүүгдэгч *******,******* нар нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Зоогийн 5-510 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас маргалдаж улмаар шүүгдэгч ******* нь*******ын толгойн тус газар сандлаар цохисон, шүүгдэгч******* нь *******ын нуруунд шилээр хатгасан болох нь тогтоогдож байна.
Үүний улмаас шүүгдэгч нар нь харилцан бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022.02.10-ны өдрийн 71 тоот, 2022.02.11-ний өдрийн 73 тоот дүгнэлтүүдээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч нарын харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь*******ыг сандлаар цохисон дараа шүүгдэгч******* намайг цохилоо гэх шалтгаанаар *******ыг шилээр хатган гэмтэл учруулж байгаа үйлдлүүд нь тус тус төгссөн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 992 дугаартай шийтгэх тогтоолоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзагдаж байсан болох нь хэргийн 83-87-рт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бие биеэсээ хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч *******, Т. Т нарыг тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт тус тус 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХБАТ