| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2022/0058/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/53 |
| Огноо | 2022-03-30 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/53
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Прокурор Б.Саруул-Ирээдүй,
Хохирогч Б.З
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч Х.Ч нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ч-д холбогдох эрүүгийн 2222000000009 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ......... сарын ......-ны өдөр төрсөн .......боловсролтой, ..........., ам бүл ................ .......... аймгийн ....... сумын ........ оршин суух Х.Ч
Шүүгдэгч Х.Ч нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 5-1 тоотод 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.З-тай куртикний халаас ухсан гэх шалтгаанаар маргалдаж түүний биед тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдалт, тархины эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна, Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэл дээр маргахгүй...” гэв.
Хохирогч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тэр өдөр Ч бид 2 манайд 1 шил архи уугаад хоёулаа нэлээн согтоод унтсан. Тэгээд би босоод тамхиа өгчих гэсэн чинь унтаад байхаар нь хормойг нь ухсан чинь босож ирээд “чи яагаад хормой ухдаг юм” гээд намайг цохисон. Тэгээд хамраас цус гараад байж байтал манай дүү гаднаас орж ирээд яаж байгаа юм гэсэн. Тухайн үед бид 2 нэлээн согтуу байсан. Хормой ухлаа гээд сандлаар толгойн зүүн хэсэгт цохисон. Х.Ч надад 1.800.000 төгрөг төлсөн, би үлдсэн 14120 төгрөгөө нэхэмжлэхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид тархины яс нөхөх хагалгаанд орно” гэв.
Хохирогч Б.З мөрдөн байцаалтын шатанд анх удаа өгсөн мэдүүлэгтээ “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би гэртээ хэнтэй байснаа санахгүй байна. Архи уугаад байж байсан чинь Ч манай гэрт согтуу орж ирсэн. Тэгээд Ч хэд хоногийн өмнө надад агсам тавиад байсныгаа яриад агсам тавиад байсан. Тэгээд яг яаж муудалцсанаа санахгүй байна. Би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор санахгүй байна...” гэжээ /хх-ийн 9-10/
Хохирогч Б.З мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ “...миний биед Ч гэмтэл учруулсан. Ч нь хуванцар сандлаар /2 давхарлаж тавьсан байсан/ миний зүүн шанаа, толгойн зүүн хэсэгт нэг удаа цохиж учруулсан. Х.Ч нь сандлаар цохих үед 2 давхарлаж тавьсан байсан сандлын гадна талын сандал хагарч бутарсан байсныг манай дүү хаячихсан байсан. Тэр хагархай сандлыг хаана байгааг мэдэхгүй. Дотор талын сандал нь хагараагүй байсан. Одоо манай гэрт байгаа. Одоо миний толгой их өвддөг, ширүүн хөдлөхөөр өвдөөд байгаа. Би Ч-г алгадсан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтсон байсан. Би хөлөөрөө хаасан асуудал байхгүй. Х.Ч-н далайсан сандал миний толгойн зүүн хэсэгт оносон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/-рт
Гэрч Б.Г-н “...Би 2022 оны 12 дугаар сарын 04-ний орой Дундговь аймгийн Луус суманд гэртээ байж байхад “эмнэлгийн хүлээн авахаас ярьж байна, танай ах Б.З гэртээ байхдаа таталт өгөөд дуудлагаар манай эмнэлэг дээр ирж дусал хийлгэж байна. Та ирж уулзах хэрэгтэй байна” гэхээр нь очсон. Очиход манай ах З нь дусал хийлгээд хэвтэж байхаар нь эмчтэй нь уулзахад “архины хордлого тайлах эмчилгээ хийж байна” гэсэн. Тэгсэн манай ах эмнэлэгт хэвтэж эмчлэгдэж байх хугацаандаа дахин таталт өгөөд байхаар нь эмнэлгийн мэдрэлийн эмч ирж үзээд “толгойндоо гэмтлийн харвалт байж магадгүй, яаралтай хот орох хэрэгтэй” гэж ярьсан. Тэгэхээр нь би гэрийнхэнтэйгээ болон сумын эмч нартай ярилцаж байгаад 2021.12.09-ний өдрийн 11 цагийн орчим Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт 103-р ирж хэвтсэн. Гэмтэл дээр үзлэг хийлгэхэд толгойны зүүн талын тархинд их хэмжээний цус хуралттай байна. Яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэж хэлсэн. Гэмтлийн эмч нар гадны гэмтэл байна гээд цагдаа дуудсан. Манай ах З нь сүүлийн 4-5 жил архи уугаад байдаг болсон. Анх сумын эмнэлэг дээр очиход ”нүдний дээр хөмсөг нь нэлээн том хавдсан байдалтай байсан. Нүдээ яасан талаар асуухад ярьж чадаагүй. Тэгэхээр нь би нутгийн Сарангэрэл, найз Алтангэрэл нартай уулзахад “манай нутгийн Ч гэх залуу хамт архи ууж байхдаа маргалдаж З-г аймар зодсон байна лээ” гэсэн яриа сумаар тархсан байсан. Хүмүүсээс сонсоход Дундговь аймгийн Луус сум, Наранбулаг баг, орон сууцны нийтийн байр болох гэртээ зодуулсан гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/
Гэрч Б.Ш-н “Б.З нь ...... суманд ээж Д-н хамтаар амьдардаг. 2021 оны 12 сарын 07-ны өдөр манай ээж над руу залгаад “дүү З-г татаж унаад сумын эмнэлэгт хэвтлээ” гэж хэлсэн. Тэрнээс хойш холбоогүй байж байгаад өчигдөр буюу 12 сарын 08-ны өдөр ээж залгаад “хот явахаар боллоо, харвалтаас хамгаалдаг тариа явуул” гэсэн. Тэгээд би замын машинд тариаг нь явуулаад утсаар ярихад “тариагаа аваад хийлгэсэн, маргааш хот руу явна, чи зам дээр зогсож бай” гэсэн. Тэгээд би эмнэлгийн машинтай дүүгийн хамт гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирээд манай дүү Г үзүүлсэн ба яаралтай хагалгаанд орох хэрэгтэй, толгойдоо гэмтэлтэй гэж хэлсэн. Өөр зүйлийн талаар би мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17/
Гэрч Б.О-н “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 11-12 цагийн орчимд би айлд амбаар тавилцчихаад гэртээ ирсэн чинь Х.Ч, З нар нэлээн согтуу 0.75 литрийн хараа архи уугаад сууж байсан. Тэгээд тэр хоёр унтаад өгсөн. Тэр хоёрыг унтаад өгөхөөр нь би хажуу айл руугаа орж цай уучхаад ороод ирсэн чинь тэр хоёр зодолдоод Б.З-н хамраас цус гарчихсан, зүүн нүдний дээд хэсэг нь хавдсан, хуванцар сандал бутарчихсан зодолдсон шинжтэй байсан. Би Х.Ч-д “та яаж байгаа юм бэ, цагдаа дуудъя” гэж хэлэхэд “ахыгаа цагдаад битгий өгөөрэй” гэхээр нь би за яахав дээ, хамт архи уусан юм чинь гэж бодоод чимээгүй байж байтал Х.Ч гараад явсан. Б.З ах “би тамхи татах гээд халаасыг нь ухсан чинь мөнгө авах гэлээ гээд намайг сандлаар цохичихлоо” гэж байсан...Б.З түүнээс өмнө болон хойно хүнтэй зодолдоогүй, бид хоёр орон сууцны 5-1 тоотод хамт амьдардаг учраас сайн мэдэж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-рт/
Гэрч Б.Д-н “Би өвөл болоод сумын төвд ........... тоотод байх охиныхоо хашаанд гэр бариад байж байгаа. Орон сууцны .......тоотод манай хүү Б.З, Б.О нар амьдарч байгаа юм. Тухайн үед зодуулсан талаар би мэдээгүй байсан. Тэгтэл надад сумын хүмүүс “Х.Ч танай хүү Б.З-г зодсон байна” гэхээр нь архи ууж байгаад л хоорондоо муудалцаа биз гэж бодоод тоогоогүй. Тэгж байгаад Ч-н эхнэрээс юу болсон талаар асуухад нарийн учрыг нь мэдэхгүй байхаар нь тоогоогүй хаясан. Тэгээд нэлээн хэд хоногийн дараа З бие нь муудаад эмнэлэгт хүргэгдсэн. Сумын эмнэлэгт 3 хоноод бие нь дээрдэхгүй байхаар нь сумын эмч нар аймгаас зөвлөгөө авахад “яаралтай хот яв” гэж хэлсэн. Тэгээд сумын эмнэлэг хот руу хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/
Гэрч Э.Г-н “Б.З нь 2021 оны 12 сарын 06-ны орой дуудлагаар очсон. Онош нь анхандаа дуудлаганд очсон эмч архины хордлого гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь эмнэлэгт очиход таталт өгөөд байсан. Би аймгийн мэдрэл, сэтгэцийн эмч нараас зөвлөгөө аваад Улаанбаатар хот руу явуулсан. Зүүн нүд нь хавдартай, баруун гар хөдөлгөөнгүй, духны хэсгээр хуучин хатсан, зулгарсан шархнууд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
Гэрч Ж.Б-н “Би хэзээ гэдгийг нь санахгүй байна. З-н нүд нь хавдчихсан байхаар нь “чи нүд амаа яасан юм” гэж асуухад Ч-д зодуулаад ийм болсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 35/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 26 дугаартай “Б.З-н биед тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. Гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Учрах үедээ амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 43-45/
Гэмтэл согог судлалын төвийн өвчтөний түүх /хх-ийн 50-63/
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 144 дугаартай “Х.Ч нь сэтгэцийн хувьд F07.8 тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байна. Х.Ч нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх баримт үгүй байна. Х.Ч нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Х.Ч нь хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд сэтгэцийн хувьд оролцох чадвартай байна. Х.Ч-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 124-126/
Шүүгдэгчийн хувийн болон эрүүл мэндийн байдалтай холбоотой бусад баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримтын талаар:
Хохирогч Б.З нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын эрүүл мэндийн төвд архины хордлого оноштойгоор хэвтэн эмчлүүлж, улмаар Улаанбаатар хотод гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн, тархины хагалгаанд орсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Б.З-н эрүүл мэндэд “тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, тархины эдийн няцрал гэмтэл учирсан, уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл бөгөөд учрах үедээ амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
Хохирогчийн биед учирсан хүнд зэргийн гэмтлийг шүүгдэгч Х.Ч хуванцар сандлаар цохиж учруулсан болох нь хохирогч Б.З-н “ Ч нь хуванцар сандлаар /2 давхарлаж тавьсан байсан/ миний зүүн шанаа, толгойн зүүн хэсэгт нэг удаа цохиж учруулсан” гэх мэдүүлэг, гэрч Б.О-н “ороод ирсэн чинь тэр хоёр зодолдоод Б.З-н хамраас цус гарчихсан, зүүн нүдний дээд хэсэг нь хавдсан, хуванцар сандал бутарчихсан, зодолдсон шинжтэй байсан. Би Х.Ч-д “та яаж байгаа юм бэ, цагдаа дуудъя” гэж хэлэхэд “ахыгаа цагдаад битгий өгөөрэй” гэсэн” гэх мэдүүлэг, гэрч Ж.Б-н “З-н нүд нь хавдчихсан байхаар нь “чи нүд амаа яасан юм” гэж асуухад З Чинтогоо /Ч/-д зодуулаад ийм болсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Д-н “тухайн үед зодуулсан талаар би мэдээгүй байсан. Тэгтэл надад сумын хүмүүс “Х.Ч танай хүү Б.З-г зодсон байна гэсэн” гэх мэдүүлэг, Б.Г-н “анх сумын эмнэлэг дээр очиход ”нүдний дээр хөмсөг нь нэлээн том хавдсан байдалтай байсан. Нүдээ яасан талаар асуухад ярьж чадаагүй. Тэгэхээр нь би нутгийн Сарангэрэл, найз Алтангэрэл нартай уулзахад манай нутгийн Ч гэх залуу хамт архи ууж байхдаа маргалдаж З-г аймар зодсон байна лээ гэсэн яриа сумаар тархсан байсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл, хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Х.Ч нь хохирогч Б.З-г хуванцар сандалаар толгойн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд буюу тархинд амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учруулахдаа хуванцар сандлаар цохиж учруулсан боловч Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “ "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчилсан байна.
Иймд шүүгдэгчийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх боломжгүй юм.
Шүүгдэгч Х.Ч-н хохирогч Б.З-г халаас ухлаа гэх шалтгаанаар сандлаар толгойн зүүн хэсэгт нь цохиж хүнд гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг юм.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч Х.Ч нь хохирогч Б.Зын баримтаар нэхэмжилсэн 1.800.000 төгрөгийг хохирогчид төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Х.Ч нь эрүүл мэндийн хувьд 2007 онд мотоциклиос унаж тархиндаа хүнд гэмтэл авсан, унаж татдаг болох нь хэрэгт авагдсан түүний эрүүл мэндтэй холбоотой баримтуудаар тогтоогдож байна.
Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн эрүүл мэндийн болон хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь өрхийн хувьд нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдардаг, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн орлого олох боломж нөхцлийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоолоо.
Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Хохирогч Б.З нь баримтаар 1.814.120 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн, шүүгдэгч нь хохирогчид 1.800.000 төгрөгийг дансаар төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтуудаар, хохирогч нь 14.120 төгрөгийн хохирлын нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.800.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Хохирогч Б.З нь цаашид тархины яс нөхөх хагалгаанд орно гэж мэдүүлсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан байх тул хохирогч нь цаашид гарах эмчлгээний зардлын талаархи баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ........ овгийн Х.Ч-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ......... овгийн Х.Ч-д 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.800.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.З нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХБАТ