| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00154/и |
| Дугаар | 153/ШШ2018/00189 |
| Огноо | 2018-04-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 153/ШШ2018/00189
| 2018 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 153/ШШ2018/00189 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, В.Я-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 153/2018/0*******/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч В.Я
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч В.Я нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийг 1979 онд төгсөж, эвлэлийн илгээлтээр малчин болсон. 1986 онд анхны охин Пагмадуламыг гаргасан. 1988 онд Батаа овогтой Шартай гэр бүл болсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл нөхрийн хамт мал маллаж байна. Миний ажиллаж байсан байдлын талаархи архивын лавлагаа дутуу гарч ирсэн учраас миний бие хохироход хүрээд байна. Иймд намайг 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч В.Я нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч В.Я нь 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 788 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1979 оноос 1988 он, 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
- Хүсэлт гаргагчид 1988 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос олгосон дурсгалын гэрчилгээ /хх-ийн 19 дүгээр хуудас/ ,
- 1985 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 20 дугаар хуудас/ ,
-Гэрч Н.Э-ийн “...Би 1975 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн ******* сумын 1 дүгээр бригадад малчин болж байсан. 1975 оноос 1986 оныг хүртэл эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байгаад 1986 онд тусдаа гэр бүл болж Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд гуталчингаар 1989 оныг дуустал ажиллаж байсан. Түүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байна. В.Я нь 1979 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн ******* сумын 2 дугаар бригадад эцэг эхийн хамт малчин болж байсан. Эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байгаад 1988 онд Б.Шартай гэр бүл болж Ховд аймгийн ******* сумын 2 дугаар бригадад 1990 оныг хүртэл ажиллаж байсан....” гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч Ж.Ш-ийн “...Би 1960 онд төрсөн. 1968 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид орж 1976 онд 8 дугаар ангиа төгссөн. 1977 онд цэргийн албанд татагдаж, 1978 онд цэргийн сургуульд орсон. Улмаар цэргийн сургуулиа төгсөөд Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн ангид 1981 оноос 2000 оныг хүртэл инженер техникийн албаны дарга ажилтай байсан. Ховд аймгийн ******* сумын 2 дугаар бригадад эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байгаад 1988 онд Б.Ш-тай гэр бүл болж Ховд аймгийн ******* сумын 2 дугаар бригадад нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Одоо ч гэсэн Ховд аймгийн ******* сумын ******* багт мал маллаж амьдарч байна. Би Ховд аймгийн ******* суманд төрж өссөн. Тэр нутагт байнгын ирж очиж амьдардаг байсан хүний хувьд В.Я-ын ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. Би өөрөө 2000 оноос хойш 2013 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байсан....” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан В.Я-ын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан В.Я-г 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар В.Я-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ