Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбадорж,

улсын яллагч А.Оргилбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-т холбогдох 2116001460120 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Я овогт Б-н Б.

Шүүгдэгч Б.Б /******** ХХК/ нь “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт барилгын ажлыг гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас туслах ажилтан Б.М нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа  2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн орчим өргөгч төхөөрөмжөөс унаж суурь ясны хугарлын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан үйл баримтыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.Б-н шүүх хуралдаанд өгсөн “...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд зочид буудлын 5 давхар барилга бариулах гэж ***** ХХК-тай гэрээ байгуулсан боловч ****** ХХК Ховд аймгийн Алтай сумд барилгын тендер авчихсан байсан. ***** ХХК манайх энд тендер авчихлаа, Э гэх залуу Ховд аймагт хүн эмнэлгийн барилга, коллежийн барилга, Буянт сумд соёлын төв барьсан туршлагатай залуу байгаа тэр залуутай гэрээ байгуулаад та бариулж бай, шавар шохойны ажлыг нь би хийе гэсэн. Тэгээд цаг давчуу байсан тул Э-тэй гэрээ хийгээд бариулсан. Би Э-д гэрээний дагуу угсралт, карказын 18,779,000 төгрөгийн хөлсөн дээр тохироод явц дунд нь ажлын гүйцэтгэлээр нь сар бүр цалинг нь тооцож Э-д шилжүүлдэг. Би өөрөө ажилтан авдаггүй, Э өөрөө ажилтан авч ажиллуулж байсан. Тэр М гэдэг талийгаач залуу бол манайд ажилд орсон юм билээ. Би ажилтнуудын цалинг өгдөггүй, материал нийлүүлэх ажлыг хариуцдаг. Тэр залуу 10 дугаар сарын 1-ний үеэр корона тусаад 5 хоног ажилдаа ирэхгүй байж байгаад ирчихсэн байсан. Би тэр өглөө Э-д “...энэ залуу корона туссан гэсэн. Чи дор хаяж 7 хоног байлгачихгүй  яасан юм бэ?...” гэхэд  харин “...ажилдаа орно, миний бие зүгээр...” гээд ирсэн гэсэн. 10 дугаар сарын 08-ны өдөр манай тогооч  Завхан аймагт хуримын ажилтай гээд явчихсан байсан тул би тэр өглөө 10 цагийн үед гэрт ногоо цагаа бэлтгээд, гал тогооны ажилтай байхад ийм асуудал болсон. Яг тэр үед би гэрт байсан. Э ажил дээрээ байсан. Ийм л зүйл болсон ... Намайг яллаж байгаа зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байгаа ... Энэ явдлаас маш их ухамсарлаж ойлголоо, санамсаргүйгээс хийсэн зүйл боллоо, энэ буруугаа би хүлээж байна. Хүний амь эрсэдсэнд маш их харамсаж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй... Би оршуулгын зардалд 5,400,000 төгрөг, нөхөн төлбөрт 50,000,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Ч.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 06 сарын 28-ны орчим Говь-Алтай аймагт очиж барилгын ажил хийнэ гээд гэрээсээ явсан юм. Тэгээд 10 хоногийн дараа барилгын ажилд орсон гэж утсаар ярьсан юм. Тэгээд цалингаа аваад хувцас хунар авсан, мотоцикль авсан гэж байсан юм. Тэгээд 2021 оны 10 сарын 08-ны хөдөө байж байхад хүү М-г барилгаас унаж нас барсан гэж хэлсэн, тэгээд бид нар хөдөөнөөс ирсэн. ...Манай хүүгийн ажиллаж байсан барилгын компаниас буяны ажлын зардалд 5.400.000 төгрөг, цалин гэж 50.000.000 төгрөг нийт 55.400.000 төгрөгийг өгсөн. Бид нарт гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 106 дугаар тал/,

Гэрч З.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М 9 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд ажилдаа гарцгаасан. Намайг дээр байхад М дээшээ 5 давхарт эхлээд шатаар прусс гаргаж дээшээ тавьчихаад дараа нь подемоор хар фанер зөөж гаргасан. Би М-г доош нь буулгаад Т, Д хоёртой цуг саравчны арматур боочихоод контайнерт байгаа 30 шуудай цементийг гаргаад тавьчих гэж хэлсэн ... гадаа хүнтэй уулзаж байтал над руу С залгаад барилга дээрээс М унчихлаа гэж хэлсэн. Тэгээд би гүйгээд ороод ирсэн чинь  М-г гэрт өргөөд оруулчихсан байсан. Тэгээд би эмнэлгийн тусламж дуудаад яаралтай тусламж ирээд аваад явсан... Барилга дээр ажиллаж байгаа хүмүүс өндрийн бүс зүүчихсэн байсан. Доор ажиллаж байгаа хүмүүс өндрийн бүс зүүгээгүй байсан. Өглөө ажил эхлэхэд бүгд хамгаалалтын малгай өмссөн байсан... ХАБ-н инженер гэж байдаггүй, анх ажил эхлэхэд л байхгүй байсан ... **** компани нь гүйцэтгэгч компани, ******** ХХК нь захиалагч байгууллага байсан. Би бригадын ажилчдаа төлөөлж *********ХХК-тай гэрээ хийсэн. Харин би манай бригадад ажилладаг 7 хүнтэй гэрээ хийж ажиллуулж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 108-109  дүгээр тал/,

Гэрч З.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “... 2021 оны 05 сарын 31-ний өдөр 01 дугаартай “**********” ХХК захиалагчтай карказ угсралтын ажил хийж гүйцэтгэх гэрээг 18,879,000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэхээр байгуулсан. Тэгээд 2021 оны 06 сарын 03-нд Говь-Алтай аймагт 3 хүний бүрэлдэхүүнтэй ирээд хашаа, гэр барьж, суурь тавих ажлаа эхэлсэн. Тэгээд манай бригадад 8 хүн ажилладаг байсан. Говь-Алтайгаас 2 туслах ажилтан авахаар болж Говь-Алтайн зарын групп дээр барилгын туслах ажилтан авна гэж зар тавьж талийгаач М, Д хоёрыг авч нийт 10 ажилтантай ажил үүргээ гүйцэтгэж байсан ... Тухайн өдөр талийгаач Б.М-д ажилд гарах үед хамгаалалтын малгай /каск/, бээлий, өгч гаргасан. Талийгаачийн тухайн өдөр хийж гүйцэтгэх ажил нь 5 давхрын шатаар дээшээ прусс гаргасан, Тэгээд Д, Т, талийгаач 3 саравчны арматур боочиход Д, талийгаач хоёрыг контейнерт цемент гарга гэж хэлсэн. Д-г хөдөө явуулах ажилтай байсан наана түр байж бай гэж хэлчихээд би хүнтэй уулзаж байсан чинь миний утас дугарсан чинь С М уначихлаа гэж хэлсэн тэгэхээр нь би хүрээд ирэхэд гэр рүү оруулсан байхад 103 эмч ирээд Г манай ажилтан бид хоёр талийгаачийг аваад хамт явсан. Тэгээд эмнэлэг дээр түргэн тусламж үзүүлж 30 минут болсон байх тэгээд нас барсан. Тухайн осол болох үед малгайг өмссөн байсан эсэхийг нь би хараагүй. Талийгаач ер нь байнга каск малгайг өмсдөг байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 125-126 дугаар тал/,

Гэрч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... М 09 цаг өнгөрч байхад ирсэн, тэгээд бид 3 дээшээ материал болох арматураа зөөж байсан, дуусах дөхөж байхад 8 метрийн урттай арматур дээш нь зөөх хэрэгтэй болсон, тэгээд подем дээр багтахгүй болохоор нь уртын хэмжээг нь нэмэх гээд ард нь 7x7 см хэмжээтэй 4 метрийн урттай модыг зэрэгцүүлж дээр хөндлөвч тавиад 8 метрийн урттай арматураа тавиад талийгаач М, Д нар нэг талдаа суугаад арматураа голдоо хийгээд суусан байсныг хараад өргөсөн, подем дээшлээд надад харагдах орчин хязгаарлагдаад ирэхээр Д надад зогсоо гэсэн дохио өгсөн, подем зогсох үед нь зүүн прусс хугарч унаад дээрээс арматур унаад ирэхээр нь би байсан газраасаа холдсон, арматур унаж дуусахаар нь би дээш хартал Д барилга руу гарчихсан байсан. Тэгээд арматур төмөр дээр очоод харсан чинь М газарт уначихсан байж байсан, тэгээд дуудсан чинь амьсгалж байсан боловч дуугарахгүй байсан, тэгээд дээрээс Д бууж ирээд Э-г дуудаад, Э эмнэлгийн түргэн тусламж дуудсан. Түргэн ирэх зуур бид нар газарт хэвтүүлээд яах вэ гээд гэрт өргөөд оруулсан, тэндээс түргэн тусламж ирж авсан ... Өглөө 08 цагт ажилд гарахын өмнө зааварчилгаа өгдөг. Өндөрт ажиллах үедээ өндрийн бүс зүүх, анхаарал болгоомжтой ажиллах, бүдэрч унахаас болгоомжлох, харилцаа холбоотой ажиллах зэрэг зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан...Бид нар дээш юм зөөж байсан тул өндрийн бүс зүүх боломжгүй байсан. Хамгаалалтын малгай өмсөөгүй байсан. Уг нь хүний тоогоор байдаг боловч би нар тухайн өдөр өмсөөгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 111-112 дугаар тал/,

Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Өглөө би ажилдаа 8 цаг 40 минутын үед очсон. Талийгаач М 9 цаг өнгөрч байхад ирсэн тэгээд бид хоёр 5 давхар өөд арматур подем дээр суугаад зөөж байсан 5 давхар дээр очоод би доошоо харж болно гээд подем ажиллуулж байсан хүн рүүгээ дохио өгсөн тэгэхэд л ард арматур дугарч чимээ гарахаар нь харахад талийгаач М газар унаж байсан. Тэгээд би М уначихлаа гээд доошоо буугаад очиход подем ажиллуулж байсан ах хажууд нь очсон байсан намайг очиход ухаантай амьсгалж байсан. Тэгээд 103 дуудаж дуудлага өгсөн, эмч удалгүй ирээд аваад явсан ... Бид хоёр барилгын туслах ажилтан хийж байсан. Талийгаач намайг ороход өмнө нь орсон гээд ажиллаж байсан ... Бид хоёрыг 5 давхар өөр арматур дээшээ зөөж гарга гэж подем ажиллуулж байсан хүн хэлсэн. Тэгээд бид хоёр 5 давхар өөд  шатаар зөөж гаргах байсан. Тэгэхээр нь бид хоёр залхуурч подем дээр сууж зөөсөн юм...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,

Гэрч Ч.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2021 оны 05 сарын 15-ны өдөр 03 дугаартай “***********” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Манай компани нь карказ угсралтын ажлаас бусад ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Манай компани нь Ховд аймгийн Булган сумын сум дундын прокурорын 2 айлын орон сууц, шүүхийн шинжилгээний албаны барилгын тендерийн гэрээтэй байгаа тул карказ угсралтын ажпыг хийх боломжгүй байсан учраас ******* ХХК-ны захирал Б.Б-т та карказ угсралтын ажлыг өөр компаниар хийлгэж бай, бусад барилгын ажлыг манай компани гүйцэтгэе, би давхар карказ угсралтын ажил дээр хяналт тавиад явъя гэж би хэлсэн юмаа. Тэгтэл “***********” ХХК нь ***** овогтой Э-тэй гэрээ байгуулсны дагуу З.Э нь карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байсан... Манай компани өргөх механизмыг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр техник хяналтад шалгуулж, паспортыг бүрэн үзлэгт оруулсан төхөөрөмж, тоног төхөөрөмжийг ажиллуулахыг З.Э хариуцаж байсан... Энэ ажлыг карказ угсралтын бригадын даамал З.Э хариуцан ажиллаж байсан  ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 123 дугаар тал/,

Гэрч П.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн өдөр 103 дуудлагын эмчээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тус өдрийн 11 цаг 36 минутад 5 давхрын барьж байгаа барилгаас хүн уначихлаа гэсэн дуудлага ирсний дагуу 11 цаг 43 минут гэхэд дуудлага дээр очсон, тэгэхэд гэрт ороход 20 орчим насны залуу ухаангүй, гэрийн хойморт хэвтүүлсэн байдалтай байсан. Тэр залуу нь гадна төрх нь нүүр нь цус болсон, баруун талын гар булгалга хэсгээр хугарсан, баруун талын хөл дунд чөмгөөр хугарсан, ухаангүй, хоолой хэржигнэсэн, даралт хэмжигдэхгүй, зүрхний цохилтын тоо түргэн бүдэг байсан тийм учраас эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт 11 цаг 50 минутад тээвэрлэж ирж анхны тусламж үзүүлж байхад 12 цаг 35 минутад нас барсан ... Хамгаалалтын хувцас өмсөөгүй байсан. Малгайтай цамцтай, ердийн хувцастай байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 131 дүгээр тал/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “... 1. Талийгаач Б.М-н биед суурь ясны хөндлөн хугарал, умдаг яс, зүүн сүүж яс, баруун бугалага яс, баруун дунд чөмөгт ясны далд хугарал, дотор эрхтний доргилт, угийн цус хуралт, баруун хацар, баруун ташаан толгойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. 3.  Талийгаачийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу өндрөөс унах үед үүсгэгдэнэ. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.5. Талийгаач нь суурь ясны хугарлын улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байна.

6. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ...”  гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 145-147 дугаар тал/

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч М.Ууганбаатар, Б.Батцэнгэл, Ц.Бадмаа нарын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №05-092/10 дугаартай “...Хариулт 1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, нэгдсэн эмнэлгийн хойд талд баригдаж буй 5 давхар зочид буудлын зориулалттай барилга дээр гарсан осол нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн холбогдох заалтуудыг мөрдөж ажиллаагүйн улмаас гарсан байна.

Барилгын ажил гүйцэтгэж буй захиалагч болон гүйцэтгэгч байгууллагууд нь Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, барилгын салбарын норм, норматив баримт бичгийн холбогдох заалтуудыг мөрдөж ажиллах үүрэгтэй.

********* ХХК нь тухайн үед “Карказ угсралтын ажил гүйцэтгэх 2021.05.31-ний өдөр №01” тоот гэрээг иргэн З.Э-тэй байгуулан ажил эхлэхээс ажлыг хүлээлгэж өгөх хүртэл хугацаанд гүйцэтгэгч хариуцахаар ажиллаж байсан байна.

Хариулт 2. Барилгын тухай хуулийн 18.2. /... барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ./ гэж заасны дагуу карказ угсралтын ажлыг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэх ёстой.

*********** ХХК-ийн захиалгаар барьж буй барилга нь барилга байгууламжийн ангиллаар дунд зэргийн төвөгшилтэй буюу Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтад хамаарна.

Гэтэл захиалагч ********* ХХК нь тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээдтэй /иргэн З.Э / 2021 оны 05 сарын 31 өдөр №01 дугаартай “Карказ угсралтын ажил гүйцэтгэх” гэрээ хийж барилгын ажил гүйцэтгүүлсэн нь Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалт /Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ./, 37.1.3. дахь заалт /захиалагч ... барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн ... 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх үүрэгтэй/ заалтыг зөрчсөн байна.

Мөн гэрээнд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйл Захиалагчийн чиг үүргийн 37.1.9-д заасан /барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах/ үүргийнхээ дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлээгүй, түүнд зарцуулах хөрөнгийг ажлын төсөвт тусгаж өгөөгүй байна.

Уг №01 дугаартай “Карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.7-д /Гүйцэтгэгч нь хөдөлмөр аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн инженер ажлын талбай дээр тогтмол байлгаж захиалагчийн ХАБЭА-н инженерийн өгсөн зааварчилгааны дагуу бие даан бүрэн хариуцна./ заасны дагуу аль аль тал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулаагүй, гэрээний заалтаа биелүүлээгүй байна.

Тухайн барилга дээр ажиллаж байсан иргэдийг ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангаагүй, түүнд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны мэдлэг олгоогүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн15.1. /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй./,

28 дугаар зүйлийн 28.1.8. /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх; мөн MNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 3.16 дах :2элт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дах өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/ гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Хариулт 3. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, нэгдсэн эмнэлгийн хойд талд баригдаж буй 5 давхар зочид буудлын зориулалттай барилга дээр иргэн Б.М ажиллаж байхдаа өндрөөс унаж нас барсан осол нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан ‘Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заалтад хамаарах үйлдвэрлэлийн осол мөн.

Хариулт 4. Хавтаст хэргийн материалд авагдсан осолдогчийн өмсөж байсан гэх хувцасны гэрэл зургийн үзүүлэлтээс харахад энгийн цамц, гуталтай, жинсэн өмдтэй байгаа мөн хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй түүнийг олгосон тухай нотлох баримт авагдаагүй байна.

Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй./- д заасныг зөрчсөн байна.

Мөн хавтаст хэргийн ... дугаар хуудсанд авагдсан Зааварчилгааны дэвтэр дээр М гэсэн нэртэй хоёр хүний гарын үсэг зурагдсан байх бөгөөд бичгийн хэвийг энгийн нүдэн баримжаагаар харахад нэг хүний гарын үсэг гэж харагдаж байгаа тул осолдогч Б.М осол гарсан өдөр зааварчилга авсан эсэхийг мэргэжлийн байгууллагаар гарын үсгийн хэвийг тогтоолгох нь зүйтэй.

Хариулт 5. Осолдогч Б.М-н буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй болно. Учир нь осолдогчийг тухайн барилга дээр ажиллуулах нөхцөлийг бүрдүүлсэн этгээд нь осолдогчийг ажил үүрэг гүйцэтгүүлэхийн өмнө хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга барилд сургаагүй, ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй ажиллуулсан байсан.

Хариулт 6. “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар БД 12-101-05”-ын 19.4 /Байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд болон үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож        болзошгүй бүсэд өндрийн ажлыг гүйцэтгэхдээ хамгаалалтын бүс заавал хэрэглэнэ./, 19.6 /Өндөрт механизмаар ажил гүйцэтгэхдээ зөвхөн мэргэжлийн оосорлогч, дохиочны тусламжтай гүйцэтгэнэ./, 19.7 / Өндөрт гүйцэтгэх ажлыг зөвхөн ажил гүйцэтгэх зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ / мөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 4.5.13 /Өргүүрээр дараах ажил, үйлдэл хийхийг хориглоно. Үүнд: а) ачааны гүүрээр хүн тээвэрлэх/-д заасныг зөрчсөн байна.

Хариулт 7. ***** ХХК нь захиалагч талтай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч осол болох үед уг байгууллага нь тухайн барилгын талбайд ямар нэг ажил үйлчилгээ явуулаагүй байна. Иймд **** ХХК-н ямар албан тушаалтан хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар холбогдох хууль дүрэм журмын ямар заалтуудыг зөрчсөн талаар дүгнэлт гаргах боломжгүй.

Хариулт 8. Захиалагч ********** ХХК-ийн гаргасан зөрчлийг (Хариулт 1, 2-д хариулсан) үндэслэн уг компани нь холбогдох хууль, дүрэм журамд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна гэж дүгнэж байна.

Тухайн барилгын ажлыг гүйцэтгэхэд Тод титэм ХХК-тай холбоотой ямар нэг гэрээ, хэлцэл хийгдсэн баримт, тушаал шийдвэр, албан бичиг хавтаст хэрэгт авагдаагүй тул уг компани зөрчил гаргасан эсэх талаар дүгнэх боломжгүй.

Хариулт 9. Хавтаст хэрэгт тухайн осол гарах үед өргүүрийг мэргэжлийн үнэмлэхтэй ажилтан ажиллуулж байсан эсэхийг нотлох баримт (мэргэжлийн үнэмлэх, тухайн өргүүр дээр ажиллуулахаар томилсон шийдвэр гм) авагдаагүй байна. Ер нь Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага /БНбД 12-03-04/-ийн 7.1.11. /Машин, тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, механикжуулалтын бусад хэрэгслүүдийг залгах, ажиллуулах үйл ажиллагааг зөвхөн эдгээр хэрэгслийг удирдах, хариуцан ажиллуулахаар томилогдсон үнэмлэх бүхий этгээд гүйцэтгэнэ./ гэж заасны дагуу өргүүрийг хариуцан ажиллуулахаар томилогдсон үнэмлэхтэй этгээд ажиллуулах ёстой. Мөн дүрмийн 4.6. /Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг уг ажлыг гүйцэтгэж буй байгууллага хариуцна./ гэж заасан байдаг.

Хариулт 10. Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм I хэсэг. Ерөнхий шаардлага /БНбД 12-03-04/-ийн /Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг уг ажлыг гүйцэтгэж буй байгууллага хариуцна./ гэж заасан байдаг тул тухайн өргүүрийг ашиглаж, үйл ажиллагаа явуулж байсан этгээд мэргэжлийн хүнийг ажиллуулах үүрэгтэй...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 177-181 дүгээр тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 12-16 дугаар тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 17-23 дугаар тал/,

Талийгаачийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 24-25 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байсан 5 давхар зочид буудлын барилгын ажлын талбайд туслах ажилтнаар ажиллаж байсан амь хохирогч Б.М нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өргөгч төхөөрөмжөөс унаж суурь ясны хугарлын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон...” бол гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.1-д “Эзэмшигч, ашиглагч нь үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар журам тогтоон мөрдөж ажиллах” мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэг “Аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дараах чиг үүргийг тусгана”, 27.5.1."Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, өөрийн харьяалах ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд тохирсон дүрэм, журмыг боловсруулахад оролцох”, 28 дугаар зүйлийн 28.1.6 дахь хэсэг “Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх” зэрэг тухайн аж ахуйн нэгж, компани үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахдаа баримтлах аюулгүй байдалтай холбоотой хүлээх үүргүүдийг хуульчлан зохицуулжээ.

Гэтэл тус компани үйл ажиллагаа явуулсан 5 давхар зочид буудлын барилга угсралтын ажлын талбайд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан байхгүй, тухайн ажлын онцлогтой холбоотой дүрэм журам батлан мөрдөөгүй байна.

Түүнчлэн дээрх үйл ажиллагаа явуулахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” үүрэгтэй гэж мөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 4.5.13-д ачааны өргүүрээр хүн тээвэрлэх”-ийг хориглосон зохицуулалтыг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаас харахад уг ажлын талбарт барилга угсралтын ажлын талбайд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан байхгүй, ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх үүргээ биелүүлээгүй бөгөөд “Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн холбогдох заалтыг зөрчиж, өргүүрийн төхөөрөмжөөр барилын материалын хамт ажилтныг тээвэрлэсний улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 5 давхар зочид буудлын барилгын ажилд туслах ажилтнаар ажиллаж байсан амь хохирогч Б.М нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өргүүрийн төхөөрөмжөөс унаж, суурь ясны хугарлын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан үйл явдалд шүүгдэгч нь хууль, захиргааны хэм хэмжээ тогтоосон актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн “...хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон...” шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйл 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ. Аливаа болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүйн эцэст гарч болох хор уршгийг мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй чадна гэж хөнгөмсгөөр найдах, мэдээгүй боловч хэргийн нөхцөл байдалтай холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг мэдэх ёстой, боломжтой буюу хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрнэ. Шүүгдэгчийн тухайд түүний үйл ажиллагаа явуулсан ажлын талбар буюу барилгын талбай нь эрсдэлтэй бүс гэдгийг мэдсээр байж ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнуудыг ажлын онцлогт тохирсон хамгаалалтын хувцас хэрэгслээр хангалгүйгээр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актуудын холбогдох заалтуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа дагаж мөрдөлгүй ажиллах нь өөрөө ажилтнуудад аюултай нөхцөл байдал үүсгэнэ гэдгийг мэдэх боломжтой байсан гэдэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээр хуулиар хүлээсэн үүргээ эс биелүүлсний улмаас хүний амь нас хохироосон эс үйлдэхүйг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.

Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/168 дугаартай захирамжаар хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоосон болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 25 дугаар тал/, хохирол /цалингийн нөхөн олговор/-д 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 50,000,000 (тавин сая) төгрөг төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,  хохирогч Ч.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр барилга дээр гарсан ослын буяны ажлын зардалд 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөг, үйлдвэрлэлийн ослын цалингийн зардалд 50,000,000 (тавин сая) төгрөг, нийт 55,400,000 (тавин таван сая дөрвөн зуун мянга) төгрөгийг хохирогч болох ээж Ч.О миний дансанд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн болно. Иймд тухайн хэрэгтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй болно. Мөн хохирогчийн зүгээс энэ хэрэгтэй холбоотой гомдол, нэхэмжлэл байхгүй тул хөнгөн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх хүсэлт /1-р хавтаст хэргийн 32 дугаар тал/, хохирогч Ч.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай хүүгийн ажиллаж байсан барилгын компаниас буяны ажлын зардалд 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга)төгрөг, цалин гэж 50,000,000 (тавин сая) төгрөг нийт 55,400,000 (тавин таван сая дөрвөн зуун мянга)төгрөгийг өгсөн. Бид нарт гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 106 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн болон эрүүл мэндийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчтэй тохиролцсон прокурорын санал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр  1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохиролд 55,400,000 (тавин таван сая дөрвөн зуун мянга) төгрөг төлсөн, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 8/найм/ хуудас баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Я  овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохиролд 55,400,000 (тавин таван сая дөрвөн зуун мянга) төгрөг төлсөн, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 8 (найм) хуудас баримтыг хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА