Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2018/00190

 

 

      2018 оны 04 сарын 11 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00190

                      Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, Т.М-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 153/2018/00173/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.М нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт арилсан, архивын лавлагаа дутуу гарч ирээд хохироход хүрээд байна. Иймд намайг 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Т.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Т.М нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн 1984 онд нээлгэсэн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь /хх-ийн 7-31 дүгээр хуудас/

- 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нээлгэсэн ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-6 дугаар хуудас/

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19, 1984 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 37, 1986 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 150, 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 тоот тушаалууд,

- Хүсэлт гаргагчийн 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн механикжсан үнээний ферм дээр авахуулав гэх тайлбар бүхий гэрэл зураг,

-Гэрч М.Э-ийн “....Би ******* онд төрсөн. 1976 онд Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн. 1982 оноос эхлээд Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд няраваар 1991 оныг хүртэл ажиллаж байсан. Намайг 1982 онд Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж эхлэхэд Т.М нь Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд цагаан үхрийн фермд саальчнаар ажиллаж байсан. Т.М-ийн ээжийг нь Баадай гэдэг аврага саальчин хүн байсан. Аав нь Түвшинбаяр гэж үхэрчин хийдэг хүн байсан. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд Т.М-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна....” гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Д.У-ын “...Би *******оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд зоо техникчээр ажиллаж байсан. Би *******онд Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд ажилд ороход Т.М нь саальчнаар ажилладаг байсан.Ямар ч байсан намайг 1991 онд Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйгаас гарахад Т.М нь ажиллаад үлдсэн. Тэгэхээр 1991 оныг хүртэл ажиллаж байсан гэсэн үг юм. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд Т.М-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна....” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т.М-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т.М-г 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Т.М-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ