| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2022/0064/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/96 |
| Огноо | 2022-07-04 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/96
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Д-,
Шүүгдэгч А.Е-ийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Н-,
Өсвөр насны шүүгдэгч Х.М-, Д.Р- нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч К.Е-,
Өсвөр насны шүүгдэгч А.А-ын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын өмгөөлөгч С.Т-,
Шүүгдэгч А.Е-, өсвөр насны шүүгдэгч А.А-, Х.М-, Д.Р- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шүүгдэгч А.Е-, өсвөр насны шүүгдэгч А.А-, Х.М-, Д.Р- нарт холбогдох 2213000000043 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 2004 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс казак, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж овгийн А-ийн А-, РД:БВ..........,
2.Монгол Улсын иргэн, 2005 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн бус дунд боловсролтой, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн .... ангийн сурагч, ам бүл-8, эцэг эх, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.х овгийн Х-ын М, РД:БВ.........,
3.Монгол Улсын иргэн, 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн бус дунд боловсролтой, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн ... ангийн сурагч, ам бүл-4, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.х овгийн Д-ын Р, РД:............,
4.Монгол Улсын иргэн, 2004 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн бус дунд боловсролтой, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн .... ангийн сурагч, ам бүл-6, эцэг эх, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж.х овгийн А-ын Е, РД:БВ...........,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч А.А-, Х.М-, Д.Р-, шүүгдэгч А.Е- нар нь бүлэглэн, машин механизм ашиглан, 2022 оны 01 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн үед Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Ж-ы хашаанаас 2 тооны ямаа хулгайлж, 120.000 төгрөгний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсгүүдэд хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг: Гэм буруугийн талаар:
А.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, тайлбар
1.Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Өсвөр насны шүүгдэгч А.А-, Х.М-, Д.Р-, шүүгдэгч А.Е- нар нь бүлэглэн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Ж-ы хашаанаас 2022 оны 01 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн үед машин мехинизм ашиглан 2 тооны ямаа хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэв.
2.Өсвөр насны шүүгдэгч А.А-ын өмгөөлөгч С.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, дүгнэлтдээ:“...Хавтаст хэрэг цугларсан нотлох баримтуудтай танилцсан. Миний үйлчлүүлэгч, өсвөр насны шүүгдэгч А.А-ын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Иймд гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй” гэв.
3.Шүүгдэгч А.Е-ийн өмгөөлөгч С.Н- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Е- нь өсвөр насны шүүгдэгч А.А-ыг өөрийн ямааг авч байгаа гэж ойлгосон, хулгай хийж байгааг мэдээгүй, түүний үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн субвектив талын шинжийг хангахгүй байх тул хэргийг А.Е-т ашигтай байдлаар шийдвэрлэж, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.
4. Өсвөр насны шүүгдэгч Д.Р-, Х.М- нарын өмгөөлөгч К.Е- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, дүгнэлтдээ:”...Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, А.А-ыг хулгай хийж байгааг Д.Р-, Х.М- нар мэдээгүй. Хулгай хийх субьектив санаа зорилго байгаагүй. Иймд өсвөр насны шүүгдэгч Д.Р-, Х.М- нарт холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэв.
5.Өсвөр насны шүүгдэгч А.А- шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр би А.Е-ийг дуудаад авсан. А.Е- бид хоёр уулан дээр сууж байхад би А.Е-т төв оръё гээд бид хоёр төв орсон. Бид хоёр гудамжаар явж байхад Д.Р-, Х.М- нар тааралдсан. Тухайн үед би А.Е-, Д.Р-, Х.М- нарт надад нэг мал байгаа, тэр малыг хэдүүлээ хамт яваад аваад ирье гээд тэр гурвыг дагуулаад явсан. Тухайн үед Д.Р-, Х.М- нар гадаа байсан бол А.Е- хашааны гадна талд байсан. Малыг аваад сумын төвд мал авдаг Д.Е- гэх хүнд мал худалдаж авах уу гээд очихдоо энэ мал хулгайн мал биш юм уу, би та нараас мал худалдаж авахгүй гэж бид нарын зургийг утсандаа татаж авсан. Тэгэхээр нь би Д.Е-д мал худалдаж авахгүй бол ядаж миний зургийг устгачхаарай гээд гуйж байгаад зургаа устгуулсан. Дараагаар нь сумын төвд мал авдаг Х.С- гэх хүнд очоод мал худалдаж авахыг санал болгосон. Тухайн үед Х.М- нар гадаа байж байсан. Х.С- нэг малын мөнгийг өгч, нэг малын мөнгийг өгөөгүй. Би тухайн үед Х.С-аас 40,000 төгрөг авсан. Энэ мөнгөнөөс Д.Р- утасны нэгж авна гэхээр түүнд мөнгө өгөөд, үлдсэн мөнгөндөө шатахуун авсан.
Би тухайн үед А.Е-, Д.Р-, Х.М- нарт хэлэхгүйгээр, миний ажил хийж, хөлсөндөө авсан хоёр ямаа айлд байгаа, хамт очоод аваад ирье гээд дагуулж яваад Х.Ж-ы хашаанаас 2 ямаа авчихсан. Миний буруу, би дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэв.
6.Шүүгдэгч А.Е- шүүхийн хэлэлцүүлэгт: “Намайг гэртээ байж байтал А.А- ирээд надтай уулзсан. Тэгээд бид хоёр уул руу яваад ууланд сууж байхдаа А.А- надад “би Монгол хүмүүст ажил хийж өгөөд хөлсөнд 2 ямаа авсан, тэр хоёр 2 ямааг авч ирмээр байна. 2 ямааг хоёулхнаа авч ирж барахгүй учраас дахиад хүн олоод хамт яваад аваад ирье” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр сумын төвд явж байгаад Х.М-, Д.Р- нартай тааралдсан. Х.М-, Д.Р- нарт ямааны талаар хэлэхэд тэр хоёр бидэнд ямааг авч ирэхэд туслахаар болж дагаад явсан. А.А- ямаа нь байгаа гэсэн айлд ороод явахад би тухайн айлын хашааны гадна талд ойрхон газар зогсож байсан. Харин Х.М-, Д.Р- нар зайдуу газар зогсож байсан. А.А- 10-15 минутын зайтай хугацаанд тухайн айлаас 2 ямаа авч гарсан. Энэхүү 2 ямааны нэгийг А.А- бид хоёр явж байсан мотоциклд аваад, нөгөөг нь Х.М-, Д.Р- нарын явж байсан мотоциклд аваад явж мал авах Х.С- гэх хүний гэрт очоод мал авахыг санал болгоход тэр хүн мал авахгүй гэсэн. Тухайн үед би 2 ямааг барьж байгаад хашааны үүдэнд үлдсэн. Х.С-тай А.А- өөрөө уулзаж ярилцсан. Х.С- ямаа авахгүй гэсэн тул Д.Е- гэх хүнийд очоод А.А-, Д.Р- нар ороод түүнд ямаа авахыг санал болгосон. Тэгэхэд Д.Е- ч гэсэн мал авахгүй гэсэн учраас анх очсон айлдаа дахин очоод ямааг Х.С-ад зарж А.А- 40,000 төгрөг аваад бид гуравт идэж уух зүйл аваарай гээд 10,000 төгрөг өгсөн. Ямааг зарж борлуулсны дараа бид гурав А.А-аас саяны ямааг яагаад зарж байгаа юм бэ гэж асуухад А.А- хулгайн ямаа байсан гэж хэлсэн” гэв.
7. Өсвөр насны шүүгдэгч Д.Р- шүүхийн хэлэлцүүлэгт:” Х.М- бид хоёр тухайн өдрийн орой 8-9 цагийн үед нэгж авахаар сумын төвөөр явж байхад А.Е-, А.А- нартай тааралдсан. Тэгэхэд А.А- надад миний мал айлд байгаа гэж хэлээд тухайн малыг авч ирэхэд туслахыг гуйсан. Бид тухайн үед А.А-ын хэлсний дагуу тэднийг дагаад явсан. А.А-ын малаа авах ёстой гэсэн айлд очоод А.А-, А.Е- нар байшингийнх нь хажууд зогсож байсан. Харин Х.М- бид хоёр өөр харанхуй гудамжинд зогсож байсан. А.А- 5-10 минутын зайтай хугацаанд 2 ямаа авч ирсэн. Эхлээд Д.Е- гэх хүнд ямаа авахыг санал болгоод очсон боловч тэр хүн А.А-аас ямаа худалдаж аваагүй. Дараа нь ямааг өөр хүнд худалдаад А.А- 40,000 төгрөг авсан. А.А-, А.Е- нар ярилцаж байхдаа А.А- А.Е-т 10,000 төгрөг өгсөн. Тэр үед А.Е- А.А-аас саяны ямаанууд ямар учиртай ямаа байсан бэ, яагаад зарж байгаа юм бэ гэж асуухад хулгайн ямаа байсан талаар хэлсэн. Тэгэхэд бид хоёр хулгай хийснийг мэдээд мөнгө аваагүй гэв.
8. Өсвөр насны шүүгдэгч Х.М- шүүхийн хэлэлцүүлэгт:” Д.Р- бид хоёр нэгж авах гээд сумын төвд явж байхад А.Е-, А.А- нартай тааралдсан. А.А- надад миний ямаа айлд байгаа, тэрийг авч ирэхэд туслаач гэхээр нь Д.Р- бид хоёр тэд нарыг дагаад явсан. Тэгээд бид А.А-ын малаа үлдээгээд явсан гэх айлын гадаа очсон. А.А- ороод нэг нэгээр 2 ямаа гаргаж ирсэн. 2 ямааг аваад Д.Е- гэх хүнийд очиход тэр хүн А.А-ын малыг аваагүй. Дараагаар нь мал авдаг дахин нэг хүн болох Х.С- гэх хүнтэй уулзаад А.А- малаа тэр хүнд худалдсан. А.А- Х.С-аас 40,000 төгрөг аваад А.Е-т 10,000 төгрөг өгсөн. Харин Д.Р- бид хоёрт мөнгө өгсөн боловч хулгайн мал байсныг хожим мэдээд мөнгийг нь аваагүй гэв.
Б.Шүүх хуралдаанаар эрүүгийн 2213000000043 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагчаас:
1. Иргэн Х.Ж-аас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан “...01 дүгээр сарын 16-ны өдрийн орой 20:00 цагийн орчим Баяннуур сумын 4 дүгээр багт байрлах миний хашаанд байсан 2 тооны ямаа хулгайд алдагдсан...” гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 01 дэх тал/,
2. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1дүгээр хавтаст хэргийн 03-10 дахь тал/,
3. Эд зүйлд буюу хулгайд алдагдсан гэх 2 тооны ямаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтаст хэргийн 11-18 дахь тал/,
4.Эд зүйлд буюу хулгайд алдагдсан гэх 2 тооны ямааг хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтаст хэргийн 19-28 дахь тал/,
5. А.Д-ын улаан өнгийн улсын дугааргүй, ХҮРСКLO8С0343140 арлын дугаартай, С.А-ийн цэнхэр өнгийн улсын дугааргүй, LХҮРСКL01F0387677 арлын дугаартай мотоциклуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн30-36, 39-45 дахь тал/,
6.Х.М- (16 нас, 10 сар, 1 хоног), А.А- (17 нас, 2 сар, 23 хоног), А.Е- (18 нас, 12 хоног), Д.Р- (16 нас, 10 сар, 15 хоног) нарын нас тоолсон тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 51-60 дахь тал/,
7. Хохирогч Х.Ж-ы мөрдөн байцаалтын өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баяннуур сумын 2 дугаар багт байсан малаасаа төллөх 24 тооны ямааг З.Д- гэх залуугийн портер машинтай ачиж авч ирэн тус сумын 4 дүгээр багт байрлах хашаа, байшиндаа маллаж байсан юм. 2022 оны 01 дүгээр сарын 16-ны орой ажлаас 20 цаг 16 минутын үед гэртээ очиход ямаа оруулсан байсан жижиг амбаарын хаалга нь онгорхой байсан бөгөөд ороод ямаагаа тоолоход 2 тооны ямаа алга болсон байсан..., ...Миний цагаан зүсмийн 1 тооны болон хар зүсмийн 1 тооны ямаа хулгайд алдагдсан байна. Уг 2 ямааны им тамга нь гэвэл баруун талын чих нь цуулбар имтэй, зүүн талын чинь тайрмал имтэй...”, “...миний хулгайд алдагдсан 2 тооны ямааг хэсгийн төлөөлөгч 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олж, хүлээлгэж өгсөн. Надад одоо гомдол, санал байхгүй. Мөн ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-67, 71 дэх тал/,
8. Гэрч Х.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын сарын 16-ны өдөр гэртээ хамаатны хүмүүст цай өгөөд сууж байтал орой 20-21 цагийн үед А.А- манай гэрт ороод ирсэн бөгөөд намайг дуудсан. Гадаа гарахад 2 тооны ямаа барьсан А.Е- нь манай хашааны дотор талд зогсож байсан. Тэгээд А.А-, А.Е- нар нь надад уг 2 тооны ямааг худалдаж авах уу? гэж асуусан. Тэр үед би энэ ямааг хаанаас авсан бэ? хулгайн ямаа биш биз гэж асуухад А.А- нь хулгайн ямаа биш ээ манай ямаа байгаа юм. Та авах уу? гэж асуусан. Би тэр үед А.А-т хандаж яг танай ямаа юм бол маргааш авна. Маргааш өдөр ямаагаа аваад хүрээд ирээрэй хэмээн явуулсан..., ...тэгээд би гэртээ ороод сууж байтал 1-2 цагийн дараа буюу 21-22 цагийн үед байх А.А- нь намайг дахин дуудсан юм. Намайг гарахад хоёр мотоцикльтой, дөрвөн залуу зогсож байсан. Тэгээд А.А- нь надад уг 2 тооны ямааг танд үлдээгээд явья. Манай мотоцикль эвдэрсэн бөгөөд мөнгө хэрэгтэй байна гээд надаас 40,000 төгрөг аваад явсан...”, “...А.А- нь анх надтай ирж уулзахдаа уг ямааг өөрийнхөө ямаа гэж хэлсэн. Би тухайн үед хулгайн ямаа гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 73-74, 76-77 дахь тал/,
9. Гэрч Д.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би Баяннуур сумын 5 дугаар багт байрлах гэртээ сууж байхад гаднаас хэн нэгэн цонх тогшсон бөгөөд би хэн юм бол гэж гадаа гарахад А.А- болон хажууд нь танихгүй хоёр залуу ямаа барьсан зогсож байсан. Тухайн үед А.А- надад энэ миний 2 ямаа байгаа юм, та худалдаж авах уу? гэж асуухад би худалдаж авахгүй хэмээн гэрлүү ороод гэрээс гар утсаа авч гаран тэр хоёрын зургийг дарж авах үед А.А- нь та худалдаж авахгүй бол бид явлаа. Харин та утсанд байгаа зургаа устгачихаарай гэж хэлсэн бөгөөд гуйсаар байгаад миний утсанд байсан зургийг устгуулсан..., ...Тухайн үед би А.А- нарыг явахад манайхаас бас юм хулгайлж магадгүй гэж бодоод гэрийн гадаа зогсож байхад манай хашааны гадна талаас хоёр мотоцикльтой, дөрвөн залуу уг 2 ямар ямааг аваад явсан. Уг 2 тооны ямаа нь 1 нь хар, нөгөөдөх нь цагаан зүсмийн ямаа байсан...” гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст хэргийн 80-81, 84 дэх тал/,
10. Иргэний хариуцагч С.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр А.А- нь гэрт ирсний дараагаар түүнийг мал хулгайлж зарсан гэдгийг нь мэдээд хэсгийн төлөөлөгчид би өөрөө очиж энэ талаар мэдүүлсэн ...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 118 дахь тал/,
11. Өсвөр насны шүүгдэгч Х.М-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тус өдөр гэртээ сууж байхад орой 18:00-19:00 цагийн хооронд миний хамаатан болох Д.Р- улаан өнгийн мотоцикльтой ирсэн бөгөөд намайг сумын төв ороод нэгж аваад ирье гэсэн. Тэгээд бид хоёр Баяннуур сумын 2 дугаар багт байрлах гэрээсээ гарч сумын төвд Х- гэх хүний дэлгүүрээс 2,000 нэгж аваад зогсож байхад манай сургуулийн 12 дугаар ангийн хүүхэд А.Е- болон хажууд нь А.А- гэх хүүхэд мотоцикльтой ирсэн юм. Тэгээд А.Е- нь А.А-ын ямаа нь ойрхон нэг айлд байгаа юм хамт очоод аваад ирэх үү? гэхээр нь Д.Р- бид хоёр зөвшөөрч бид дөрөв хоёр мотоцикльтой Баяннуур сумын 5 дугаар багруу хөдөлсөн юм. Тухайн үед А.А-, А.Е- нар нэг мотоцикльтой, Д.Р- бид хоёр нэг мотоцикльтой явж байсан. Тэгээд Д.Р- бид хоёр А.А-, А.Е- нарын араас дагаж явж байсан бөгөөд 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт нэг айлын хашааны гадна очоод зогссон юм. Тэгээд А.А- болон А.Е- нар бид хоёр ямааг аваад ирье та хоёр хүлээгээд зогсож байгаарай гэж хэлээд хашааруу орсон тэгээд А.А- нь 1 тооны хүзүү хэсэг нь хар бусад бие нь цагаан зүсний 1 тооны ямаа авч ирээд та хоёр энийг барьж байгаарай гэж хэлж өгчихөөд дахиад А.Е-ийн хамт ороод 1 тооны хар зүсний ямааг авч гарч ирээд мотоцикль дунд сундлаад бидний араас дагаад яваарай гэж хэлсэн. Д.Р- бид хоёр тэр хоёрын араас дагаж явсаар сумын төвд нэг айлын хашаанд ороод зогссон юм. Д.Р- бид хоёр очиж уг гэрийн хашааны гадна талд зогсож байтал удалгүй А.А- нь бидэнд байсан 1 тооны ямааг ирээд авсан. Тэгээд Д.Р- бид хоёр хүлээгээд зогсож байхад А.Е- нь уг 2 ямааг бариад зогсож байсан бөгөөд А.А- нь гэрт орж нэг хүнийг дагуулан гарч ирээд гадна ярилцаж байсан. Тэгээд А.А- нь 1 тооны ямааг буцаад Д.Р- бид хоёрт авч ирэн энэ хүн ямааг авсангүй, өөр газарт очно гэж хэлсэн ба А.Е- бид хоёрын араас дагаж яваарай гэж хэлсэн. Тэгээд Д.Р- бид хоёр тэр хоёрын араас дагаж явсаар манай сумын 4 дүгээр багийн иргэн Д.Е-ын гэрийн гадна очсон. Тэгээд А.Е- бид хоёр уг гэрийн гадна зогсож байсан бөгөөд А.А- нь Д.Р-ад хоёр ямааг бариулж өөрөө Д.Е-ын гэрт орсон ба удалгүй А.А- болон Д.Е- нар гарч ирсэн, удалгүй Д.Е- буцаад гэрлүүгээ орчихсон.
Тэгээд бид дөрөв мотоцикльтой 2 тооны ямааг авч буцаад явсан ба өмнөх ямааг зарах гэж байсан айлын хашаанд очиж А.Е- нь уг 2 тооны ямааг бариад зогсож байгаад удалгүй А.А-, А.Е- нар хашаанаас гарч ирсэн бөгөөд А.А- нь уг 2 тооны ямааны 1 ямааг нь 40,000 төгрөгөөр зарсан, нэгнийх нь мөнгийг маргааш ирж аваарай гэж хэлсэн гэсэн..” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 173-174 дэх тал/,
12. Өсвөр насны шүүгдэгч Д.Р-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн:“...2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би аавын улаан өнгийн Мустанг-150 маркийн мотоцикльтой өөрийн хамаатан болох Х.М-ийн гэрт очоод хамт сумын төв ороод нэгж аваад ирье гээд тэднийхээс гарсан. Бид хоёр сумын төвд ирж Х- гэх хүний дэлгүүрээс нэгж аваад дэлгүүрийн гадна зогсож байхад А.Е- болон А.А- нар мотоцикльтой хүрээд ирсэн ба бид ойр зуурын юм ярилцаад зогсож байтал А.Е- нь бид хоёрт А.А-ын 2 тооны ямаа нь нэг айлд байгаа юм байна. Тэрийг очоод аваад ирье гэхээр нь Х.М- бид хоёр зөвшөөрөөд мотоцикльтой хөдөлсөн. Улмаар Баяннуур сумын 4 дүгээр багт А.А- болон А.Е- нар нэг айлын хашааны гадна талд зогссон. Х.М- бид хоёр нилээн зайтай зогсож байхад А.Е- нь уг гэрийн хашааны гадна талд зогсож А.А- нь уг хашаанд орж удалгүй 1 тооны цагаан зүсний ямаа аваад гарсан ба А.Е-т өгч, дахиад уг хашаанд орж 1 тооны хар зүсмийн ямааг Х.М- бид хоёрт авч ирж өгсөн. Тэгээд бид дөрөв 2 тооны ямааг 2 мотоцикль дундаа дүүрч авч хөдөлсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 192-193 дахь тал/,
13. Өсвөр насны шүүгдэгч А.А-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн:“...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би орой 19:00-19:30 минутын үед гэрээс мотоциклиор гарсан бөгөөд А.Е-тэй гэрт нь очиж уулзаад байж байхад тэрээр чамд мөнгө байна уу? гэхээр нь надад мөнгө байхгүй, чи мөнгөөр яах юм бэ гэхэд нэгж авмаар байна гэхээр нь А.Е-т Х.Ж-ы хашаанд миний мал байгаа, тэрийг зараад нэгж авах уу гэхэд тэрээр Х.М-, Д.Р- нарыг фэйсбүүк чатаар дуудсан. Тэгээд Х- гэх хүний дэлгүүрийн хажуу талд зогсож байхад Д.Р-, Х.М- нар мотоцикльтой ирсэн. Тэгээд тэр хоёрт А.Е- нь А.А-ын 2 ямаа нэг айлд байгаа тэрийг очоод аваад ирэх үү гэж хэлсэн бөгөөд Д.Р-, Х.М- нар зөвшөөрсөн юм. Би өөрийн мотоциклио жолоодож ардаа А.Е-ийг сундалж аваад Баяннуур сумын 4 дүгээр баг буюу Х.Ж- гэх хүний хашааны зүүн талд ирээд зогссон. Тухайн үед Д.Р- болон Х.М- нар хашаанаас зайдуу зогсож байсан юм. Би тэгээд Х.Ж-ы хашаанд орж амбаарын хаалгыг нь онгойлгож дотор нь байсан ямаанаас эхлээд цагаан зүсний 1 борлонг авч гараад хашааны гадна талд байсан А.Е-т өгч, өөрөө буцаж уг амбаарт ороод дахиад хар зүсний 1 тооны ямааг авч гарсан. Тэгээд цагаан зүсний ямааг Д.Р-, Х.М- нарт өгч, А.Е- бид хоёр хар зүсний ямааг мотоциклиор дундуураа дүүрч авч хөдөлсөн. Би тэгээд эхлээд Х.С- гэх хүний хашаанд ороод зогссон. Тухайн үед Д.Р- болон Х.М- нар хашааны гадна талд байсан. Уг 2 ямааг А.Е- барьж байсан ба би Х.С- гэх хүний гэрт орж уг хүнийг дагуулан гарч ирээд энэ 2 ямааг та худалдаж авах уу? гэхэд Х.С- нь үгүй би энэ малыг худалдаж авахгүй гэсэн. Тэгээд 1 ямааг А.Е- бид хоёр, нөгөө ямааг Д.Р- болон Х.М- хоёр дундаа мотоциклиор дүүрч авч хөдөлсөн. Тэгээд Д.Е- гэх хүний хашаанд очсон ба тухайн үед уг 2 ямааг Д.Р- барьж байсан ба би уг хүний гэрт орж Д.Е- гэх хүнийг дагуулан гадаа гарч ирээд та энэ 2 ямааг худалдаж авах уу? гэхэд Д.Е- нь хулгайн мал юм уу? харанхуй шөнө хаанаас ямаа авч ирээд байгаа юм бэ? би энэ малыг худалдаж авч чадахгүй гэсэн. Тэгээд Д.Е- бид хоёрын зургийг утсаар авахад Д.Р- нь та мал авахгүй бол бидний зургийг устгачихаач гэж гуйсаар байгаад түүний утаснаас зургаа устгуулчихаад бид дөрөв буцаж гараад Х.С- гэх хүний хашаанд орж зогссон бөгөөд уг 2 ямааг А.Е- барьж байсан. Тухайн үед Д.Р- болон Х.М- нар хашааны гадна талд байсан юм. Би тэгээд Х.С-ын гэрт орж түүнийг дагуулан гадаа гарч уг 2 тооны ямааг та худалдаад авчихаач гэж хэлсэн ба Х.С- нь 1 борлонгийн мөнгө болох 40,000 төгрөг өгсөн ба хэд хоног харна, хулгайн мал биш бол үлдсэн 1 ямааны мөнгөө аваарай гэж хэлсэн. Тэгээд А.Е- бид хоёр хашаанаас гарч явж байгаад зогссон бөгөөд би А.Е-т 10,000 төгрөг өгч, 20.000 төгрөгт нь бензин хийж, үлдсэн 10,000 төгрөгт нь шоколад авч идсэн..., ...би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн хэрэгт хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг/ 1 дүгээр хавтаст хэргийн 211-212 дахь тал/,
14. Шүүгдэгч А.Е-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. А.А-т өөрийн малыг нь авахад туслаж байна гэж бодоод түүнтэй хамт явсан. Тэрнээс биш хулгайн мал гэдгийг нь надад анхнаасаа хэлээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 223-224 дахь тал / зэрэг зэрэг баримтуудыг,
Өсвөр насны шүүгдэгч Д.Р-, Х.М- нарын өмгөөлөгч К.Е-аас:
1.Баяннуур сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал А.Е-ий тодорхойлолт /нэгдүгээр хавтаст хэргийн 176 дахь/,
2.Баяннуур сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал А.Е-ий тодорхойлолт /нэгдүгээр хавтаст хэргийн 195 дахь/,
3. Өсвөр насны шүүгдэгч Х.М-, А.А-, Д.Р-, шүүгдэгч А.Е- нарын насыг тоолсон тухай тэмдэглэл /нэгдүгээр хавтаст хэргийн 51-60 дахь тал/,
4. Өсвөр насны шүүгдэгч А.А-ын яллагдагчаар өгсөн ”Хулгай хийх санааг би гаргасан, гэхдээ тэдэнд хулгай хийх гэж байгаа талаар хэлээгүй, сүүлд нь ямаа зарсны дараа хэлсэн” мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 211-212 дахь тал/,
5. Өмгөөлөгч К.Е-аас хяналтын прокурор А.Д-д гаргасан хүсэлт /Хоёрдугаар хавтаст хэргийн 63 дахь тал/,
6. Өмгөөлөгч К.Е-аас дээд шатны прокурорт гаргасан гомдол зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-аас:
1.Өсвөр насны шүүгдэгч Х.М-ийн гэрчээр өгсөн “А.А- уг 2 тооны ямааны 1 ямааг нь 40.000 төгрөгөөр Х.С-ад зарсан, нэгнийх нь мөнгийг маргааш ирж аваарай гэсэн гэж хэлсэн ба А.А- тэр мөнгөнөөс А.Е-т 10.000 төгрөг өгөөд үлдэх 30.000 төгрөгийг өөрөө авсан. Тэр үед Д.Р- бид хоёр уг 2 ямааг хулгайн мал юм биш биз гэхэд А.А- нь тийм гэж хэлсэн. Тэгээд Д.Р- бид хоёр эхлээд яагаад хулгайн мал гэж хэлээгүй юм бэ гэж хэлээд гэрлүүгээ явчихсан” гэх мэдүүлэг / нэгдүгээр хавтаст хэргийн 88 дахь тал/,
2. Өсвөр насны шүүгдэгч А.А-ын гэрчээр өгсөн “Би А.Е-, болон Д.Р-, Х.М- нарт уг 2 тооны ямааг миний мал гэж хэлсэн” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 89-92 дахь/,
3.Өсвөр насны шүүгдэгч Д.Р-ын гэрчээр өгсөн: ”Тэгээд А.А- нөгөө хүнийг гэрээс нь дагуулж гарч ирээд ямаагаа зараад мөнгийг нь авсны дараа А.Е- нь А.А-аас энэ ямар учиртай ямаа вэ гэж асуухад А.А- хулгайн мал гэж хариулсан. Уг 2 тооны ямааг бид хулгайн мал гэж мэдээгүй. Ямааг зарсных нь дараа хулгайн гэдгийг А.А-аас сонссон” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 96-97 дахь тал/,
4.Шүүгдэгч А.Е-ийн гэрчээр өгсөн”А.А- нь уг 2 тооны ямааг өөрийнх нь ямаа гэж хэлсэн. Х.С-ад ямаагаа зарсны дараа би А.А-аас энэ чинь хулгайн мал биш биздээ гэхэд А.А- тиймээ хулгайн ямаа гэж хэлсэн. Ямааг зарсны дараа бид хулгайн гэж мэдсэн. Тэрнээс өмнө хулгайн гэж мэдээгүй байсан” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 99-101 дэх тал/,
5. Өсвөр насны яллагдагч Х.М-ийн “А.А- 2 тооны ямааны 1 ямааг нь 40.000 төгрөгөөр зарсан. Нэгнийх нь мөнгийг маргааш ирж аваарай гэж хэлсэн гэсэн ба А.А- А.Е-т 10.000 төгрөг өгч, үлдсэн 30.000 төгрөгийг өөрөө авсан. Тэгээд Д.Р- бид хоёр энэ хулгайн мал юм бишүү гэхэд А.А- тийм гэж хэлэхээр нь бидэнд эхлээд яагаад хулгайн мал гэж хэлээгүй юм бэ, тийм бол бид хоёр явахгүй байсан шүү дээ” гэж хэлээд явчихсан” гэх мэдүүлэг / нэгдүгээр хавтаст хэргийн 173-174 дэх тал/,
6. Өсвөр насны яллагдагч Д.Р-ын “А.А- нь 2 ямааны нэгийг нь 40.000 төгрөгөөр зарчихлаа, нэгнийх нь мөнгийг дараа авахаар болсон гээд надад 10.000 төгрөг өгөх гэхэд би аваагүй. Тэгээд уг 10.000 төгрөгийг А.Е- аваад үлдсэн 30.000 төгрөгийг А.А- өөрөө авсан. Тэр үед А.Е- А.А-аас энэ хоёр ямааг яагаад зарж байгаа юм бэ гэж асуухад А.А- хулгайн мал гэж хэлсэн. Тэгээд Х.М- бид хоёр чи тэгээд анхнаасаа бидэнд хэлэхгүй яасан юм, тэгсэн бол чамтай хамт явахгүй байсан гээд түүнд уурлаад гэртээ харьсан. Бидэнд хулгай хийх талаар урьдчилж хэлж ярьсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 192-193 дахь тал/,
7. Өсвөр насны яллагдагч А.А-ын “Хулгай хийх санааг би гаргасан, гэхдээ тэдэнд хулгай хийх гэж байгаа талаар хэлээгүй, сүүлд нь ямаа зарсны дараа хэлсэн” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 211-212 дахь тал/,
8. Яллагдагч А.Е-ийн “Миний бие А.А-т өөрийн малыг авахад нь тусалж байна гэж бодоод түүнтэй хамт явсан. Тэрнээс биш хулгайн мал гэдгийг анхнаасаа надад хэлээгүй” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 223-224 дэх тал/,
9.Хэргийн материалыг танилцуулсан тухай баримт /хоёрдугаар хавтаст хэргийн 47 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг,
Өсвөр насны шүүгдэгч А.А-ын өмгөөлөгч С.Т-эс:
1.Өсвөр насны шүүгдэгч А.А-ын насыг тоолсон тухай тэмдэглэл /нэгдүгээр хавтаст хэргийн 54 дэх тал/,
2.Хохирогч Х.Ж-ы мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 71 дэх тал/,
3.Өсвөр насны шүүгдэгч А.А-ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас,
4.Өсвөр насны шүүгдэгч А.А-ын эрүүл мэндийн карт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
2.Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч А.Е- болон өсвөр насны шүүгдэгч Х.М-, Д.Р-, А.А- нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
В.Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал буюу хэргийн үйл баримт:
1.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
2. Өсвөр насны шүүгдэгч Д.Р-, Х.М- нар нь 2022 оны 1 дүгээр сарын 16-ны орой утсандаа нэгж авах зорилгоор Д.Р-ын аав Д-ын эзэмшлийн мотоциклиор Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт байрлах, Х- гэх хүний дэлгүүрт очих үедээ тус дэлгүүрийн гадна шүүгдэгч А.Е-, өсвөр насны шүүгдэгч А.А- нар мотоцикльтой явсантай тааралдаж, улмаар А.А-, А.Е- нар нь “А.А-ын ямаа ойрхон айлд байгаа юм байна, тэрийг аваад ирэх үү” гэхэд насанд хүрээгүй Д.Р-, Х.М- нар зөвшөөрч, тэдэнтэй хамт явсан байна.
3.Улмаар хохирогч Х.Ж-ы хашааны гадна очоод өсвөр насны шүүгдэгч А.А- нь шүүгдэгч А.Е-, өсвөр насны шүүгдэгч Д.Р-, Х.М- нарыг мотоцикльтой нь зогсоож байгаад өөрөө хохирогч Х.Ж-ы хашаанд орж, 2 тооны ямааг нэг нэгээр нь гаргаж, шүүгдэгч А.Е-, өсвөр насны шүүгдэгч Д.Р-, Х.М- нарт өгснөөр А.А-, А.Е- нар хар зүсмийн 1 тооны ямааг, өсвөр насны шүүгдэгч Д.Р-, Х.М- нар цагаан зүсмийн 1 тооны ямааг тус тусын унаж явсан мотоциклиор тээвэрлэж, эхлээд гэрч Х.С-ынд очиж, А.А- “ямаа авах уу” гэж асуухад Х.С- авахгүй гэсэн, дараа нь гэрч Д.Е-ынд очиж, өсвөр насны шүүгдэгч А.А- нь Д.Е-оос ямаа авах эсэхийг асуухад гэрч Д.Е- “харанхуй шөнө хаанаас ямаа авч ирээд байгаа юм бэ, хулгайн мал юм уу” гэж хэлээд аваагүй тул 2 тооны ямаагаа тээвэрлэн дахин гэрч Х.С-ынд очиж, өсвөр насны шүүгдэгч А.А- нь Х.С-ад 2 тооны ямааг худалдахад Х.С- нь А.А-т 1 ямааны үнэ 40.000 төгрөг өгөөд “Хэд хоног харна, хулгайн мал биш бол үлдсэн 1 тооны ямааны мөнгийг өгнө” гэж хэлсэн, өсвөр насны шүүгдэгч А.А- нь хохирогч Х.Ж-ы 2 тооны ямааг “хулгайн мал биш, өөрийн мал” гэж хэлэн, Х.С-ад худалдан борлуулсан гэх үйл баримт хэрэгт тогтоогджээ.
4. Түүнчлэн хулгайн гэмт хэргийг өсвөр насны шүүгдэгч А.А- санаачлан зохион байгуулж, үйлдэхдээ шүүгдэгч А.Е-, өсвөр насны шүүгдэгч Д.Р-, Х.М- нарт хулгай хийх гэж байгаа талаараа хэлээгүй, тухайн 2 тооны ямааг өөрийн ямаа гэж хэлсэн тухай шүүгдэгч А.Е-, өсвөр насны шүүгдэгч А.А-, Д.Р-, Х.М- нар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байна.
Хууль зүйн дүгнэлт буюу шүүгдэгч А.Е-, өсвөр насны шүүгдэгч Д.Р-, Х.М- нарыг цагаатгах, өсвөр насны шүүгдэгч А.А-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
1.Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмын дагуу тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, нотлох баримтуудын эх сурвалжийг нь магадлан, өөр хооронд харьцуулан, үнэлж дүгнээд өсвөр насны шүүгдэгч А.А-ыг машин механизм ашиглан, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох,
2. Шүүгдэгч А.Е-, өсвөр насны шүүгдэгч Д.Р-, Х.М- нар нь бүлэглэж, машин механизм ашиглан, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүгдэгч А.Е-, өсвөр насны шүүгдэгч Д.Р-, Х.М- нарт ашигтай байдлаар шийдвэрлэж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж тус тус үзлээ.
3. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2213000000043 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолууд, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 60 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч А.Е-, өсвөр насны шүүгдэгч А.А-, Д.Р-, Х.М- нарыг бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн үед машин механизм ашиглан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Ж-ы хашаанаас 2 тооны ямаа хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүх хуралдаанд яллах талын нотлох баримт болгож шинжлэн судалсан (1) хохирогч Х.Ж-ы мэдүүлэг, (2) гэрч Х.С-ын мэдүүлэг, (3) гэрч Д.Е-ын мэдүүлэг, (4) иргэний хариуцагч С.А-ийн мэдүүлэг, (5) өсвөр насны шүүгдэгч Х.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, (6) өсвөр насны шүүгдэгч Д.Р-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, (7) өсвөр насны шүүгдэгч А.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, (8) шүүгдэгч А.Е-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, (9)тэдгээрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг хооронд нь харьцуулж, хэрэгт хамааралтай байдлаар нь үнэлж үзэхэд тухайн нотлох баримтуудын хүрээнд өсвөр насны шүүгдэгч А.А-ыг машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг буруутайд тооцох үндэслэлтэй,
5. Харин шүүгдэгч А.Е- болон өсвөр насны шүүгдэгч Х.М-, Д.Р- нарыг бүлэглэн, машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхэд эргэлзээтэй байна.
6.Тодруулбал хохирогч Х.Ж- нь 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад “2 тооны ямаа хулгайд алдагдсан” гэх гомдол мэдээллийг гаргаж, улмаар 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэхдээ “2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 2 тооны ямаагаа хулгайд алдсан.Би манай сумын иргэн Айдынбекийн А.А- гэх хүүхдийг сэжиглэж байна, тэр сүүлийн үед манайхаар ирдэг байсан” гэж, 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “Миний хулгайд алдсан 2 тооны ямааг хэсгийн төлөөлөгч олж өгсөн тул надад гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлсэн байна.
7. Хохирогч Х.Ж-ы дээрх 2 удаагийн мэдүүлэг нь түүнийг 2022 оны 1 дүгээр сарын 16-ны үед өөрийн 2 тооны ямаагаа хулгайд алдсан гэх үйл баримтыг нотолж байх бөгөөд харин тухайн 2 тооны ямааг шүүгдэгч А.Е-, өсвөр насны шүүгдэгч Д.Р-, Х.М- нар хулгайлсныг шууд нотлох баримт болж чадахгүй байна. Учир нь Х.Ж- нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө өөрийнх нь ямааг хууль бусаар авсан этгээдийг шууд зааж хэлээгүй, алдсан ямаагаа буцаан авсан гэх боловч хэнээс, хэрхэн, яаж хүлээж авсан, уг ямааг хэн хулгайлсан талаар тодорхой мэдүүлээгүй, зөвхөн А.А-ыг сэжиглэж байгаа тухай мэдүүлсэн байна.
8.Түүнчлэн шүүгдэгч А.Е- мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “А.А- нь уг 2 тооны ямааг өөрийн ямаа гэж хэлсэн. Ямааг Х.С-ад худалдсаны дараа би А.А-аас “Энэ чинь хулгайн ямаа юм бишүү” гэхэд “тийм” гэж хэлсэн. Д.Р-, Х.М- бид 3 тухайн 2 тооны ямааг А.А- нь С-ад худалдсаны дараа хулгайн гэдгийг мэдсэн. Би тухайн үед А.А-ад өөрийн малыг авахад тусалж байна гэж бодоод түүнтэй хамт явсан, тэрнээс хулгайн мал гэдгийг А.А- надад анхнаасаа хэлээгүй.”гэж, /Нэгдүгээр хавтаст хэргийн 223-224 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,
9.Өсвөр насны шүүгдэгч Х.М- мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “2022 оны 1 сарын 16-ны орой Д.Р- манайд мотоцикльтой ирээд дэлгүүр яваад нэгж аваад ирье гэсэн. Тэгээд бид хоёр Баяннуур сумын 2 дугаар багт байх Х- гэх хүний дэлгүүрээс 2000 нэгж аваад зогсож байхад А.А-, А.Е- нар мотоцикльтой ирээд “А.А-ын ямаа нь ойрхон нэг айлд байгаа юм байна, тэрийг хамт очоод аваад ирэх үү” гэхээр нь Д.Р- бид хоёр зөвшөөрч, тус тусын мотоцикльтой хамт явсан. Тэгээд Баяннуур сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх нэг айлаас 2 тооны ямаа аваад А.А- нь Х.С- гэх хүнд нэг ямааг 40.000 төгрөгөөр худалдсан, нэг ямааны мөнгийг маргааш ирж аваарай гэсэн. Тэр үед Д.Р- бид хоёр А.А-т хандаж “энэ ямаа хулгайн юм биш биздээ” гэхэд тийм гэж хэлэхээр нь анхнаасаа хулгайн гэдгийг хэлэхгүй яасан юм, тэгсэн бол бид хоёр явахгүй байсан гээд уурлаад явчихсан гэж, /Нэгдүгээр хавтаст хэргийн 173-174 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,
10.Өсвөр насны шүүгдэгч Д.Р- мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: ”2022 оны 1 дүгээр сарын 16-ны орой аавын мотоцикльтой Х.М-ийн гэрт очиж, дэлгүүрээс нэгж аваад ирье гээд түүнийг дагуулан явж, Х- гэх хүний дэлгүүрээс нэгж аваад зогсож байтал А.Е-, А.А- нар мотоцикльтой тааралдсан. Тэгээд бид ярилцаад зогсож байтал А.Е- нь бид хоёрт “А.А-ын ямаа айлд байгаа юм байна, тэрийг аваад ирье” гэхээр нь Х.М- бид хоёр зөвшөөрөөд хамт явсан. Тэгээд Баяннуур сумын 4 дүгээр багийн нэг айлаас 2 тооны ямаа авч, А.А- нь Х.С- гэх хүнд нэг ямааг 40.000 төгрөгөөр зарсан, үлдсэн ямааны мөнгийг дараа авахаар болсон гээд надад 10.000 төгрөг өгөх гэхэд би аваагүй, тэгээд уг 10.000 төгрөгийг А.Е- аваад үлдсэн 30.000 төгрөгийг А.А- авсан. Тэр үед А.Е- А.А-аас “яагаад энэ хоёр ямааг зарж байгаа юм бэ” гэхэд А.А- “энэ хулгайн мал” гэж хэлсэн. Тэгээд Х.М- бид хоёр чи тэгээд анхнаасаа хулгай хийх гэж байгаагаа хэлэхгүй яасан юм, тэгсэн бол чамтай хамт явахгүй байсан гэж уурлаад явчихсан. Бид нийлж хулгай хийх талаар урьдчилж ярьсан зүйл байхгүй” гэж, /нэгдүгээр хавтаст хэргийн 192-193 дахь тал/,
11.Өсвөр насны шүүгдэгч А.А- мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “Хулгай хийх санааг би гаргасан. Гэхдээ А.Е-, Д.Р-, Х.М- нарт хулгай хийх гэж байгаа талаар хэлээгүй. 2 тооны ямааг би өөрийн мал гэж хэлсэн. Сүүлд ямааг зарсны дараа хэлсэн” гэж /нэгдүгээр хавтаст хэргийн 211-212 дахь тал/ тус тус мэдүүлжээ.
12.Шүүгдэгч А.Е- болон өсвөр насны шүүгдэгч Д.Р-, Х.М-, А.А- нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримтын талаар удаа дараа мэдүүлэхдээ “А.А- нь тухайн 2 тооны ямааг өөрийн ямаа гэж хэлсэн, хулгай хийж байгаа талаар А.Е-, Х.М-, Д.Р- нарт хэлээгүй, гэрч Х.С-ад 2 тооны ямааг худалдан борлуулсны дараа асуухад “хулгайн мал” гэж хэлсэн” тухай тогтвортой мэдүүлсэн байна.
13.Түүнчлэн гэрч Х.С- мөрдөн байцаалтын шатанд “Би тэр үед энэ ямааг хаанаас авсан юм бэ, хулгайн мал биш биз” гэж асуухад А.А- нь “хулгайн ямаа бишээ, манай ямаа, та авах уу” гэж асуусан. А.А- нь тэдгээр ямааг өөрийн ямаа гэж хэлж байсан” гэж /нэгдүгээр хавтаст хэргийн 73-74 дэх тал/,
14.Гэрч Б.Есбол мөрдөн байцаалтын шатанд “Намайг дуудахаар нь гэрээс гарахад А.А- хажуудаа танихгүй залуугийн хамт 2 ямаа бариад зогсож байсан бөгөөд А.А- нь “энэ миний ямаа байгаа юм, та авах уу” гэж асуусан. Тэгээд би ямааг авахгүй гэж хэлээд хулгайн мал байж магадгүй гэж бодоод утсаараа тэр хоёрын зургийг авахад А.А- “Та ямаа авахгүй бол бид хоёрын зургийг устгачих, энэ мал миний өөрийн мал” гээд гуйгаад байхаар нь авсан зургаа устгасан” гэж /нэгдүгээр хавтаст хэргийн 80-81, 84 дэх тал/ тус тус мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч А.Е-, өсвөр насны шүүгдэгч Д.Р-, Х.М- нарын “Тухайн 2 тооны ямааг А.А- өөрийн мал гэж хэлсэн. Хулгайлж байгаа талаар бидэнд хэлээгүй” гэх мэдүүлгүүд, өсвөр насны шүүгдэгч А.А-ын “Би А.Е-, Д.Р-, Х.М- нарт хулгай хийх гэж байгаа талаар хэлээгүй, миний мал гэж хэлсэн” гэх мэдүүлэг үнэн зөв байж болзошгүй гэх эргэлзээг төрүүлж байна.
15.Тодруулбал шүүгдэгч А.Е- болон өсвөр насны шүүгдэгч Д.Р-, Х.М-, А.А- нарын “Тухайн 2 тооны ямааг хулгайлж байгаа талаар А.А- нь А.Е-, Д.Р-, Х.М- нарт хэлээгүй, ямааг Х.С-ад худалдсаны дараа хулгайн мал гэж хэлсэн” гэх мэдүүлгийг хангалттай үгүйсгэж, няцаасан баримт хэрэгт цуглараагүй байна гэж үзлээ.
16.Нөгөөтэйгүүр шүүгдэгч А.Е- болон өсвөр насны шүүгдэгч Д.Р-, Х.М-, А.А- нарын мэдүүлэг нь харилцан хамаарал бүхий, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, хоорондоо зөрүүгүй байх бөгөөд гэрч Х.С-, Д.Е- нарын мэдүүлэгтэй зарим талаараа тохирч байна.
17.Гэмт хэрэгт холбогдох үедээ шүүгдэгч А.Е- 18 нас 12 хоногтой, өсвөр насны шүүгдэгч Х.М- нь 16 нас, 10 сар, 1 хоногтой, өсвөр насны шүүгдэгч Д.Р- нь 16 нас, 10 сар, 15 хоногтой байсан болох нь нэгдүгээр хавтаст хэргийн 51-52,57-58, 59-60 дахь талд авагдсан нас тоолсон тэмдэглэлүүд болон иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байх бөгөөд тэдний насны байдлаас үзэхэд тухайн өдөр А.А-ыг “Миний ямаа айлд байгаа, хамт яваад аваад ирье” гэхэд хүүхдийн гэнэн цайлган, итгэмтгий зангаар, найздаа туслах сэтгэлээр А.А-ыг дагаад явсан байж болзошгүй, ялангуяа өсвөр насны шүүгдэгч Д.Р-, Х.М- нар нь оюун ухаан, сэтгэхүйн хөгжлийн хувьд гүйцэд төлөвшиж амжаагүй, 16 настай хүүхдүүд байх тул тухайн үед А.А-ыг бусдын мал хулгайлж байгааг ойлгож ухамсарлаагүй байх боломжтой. Иймд яллах дүгнэлтийн хүрээнд А.Е-, Д.Р-, Х.М- нарыг субьектив санаа зорилгын хувьд А.А-тай үйлдлээрээ нэгдэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон гэж үзэхэд эргэлзээ төрж байна.
18. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудаар А.Е-, Х.М-, Д.Р- нар нь өсвөр насны шүүгдэгч А.А-тай бүлэглэн, машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээгүй байдлаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй буюу тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан “Бүлэглэж, машин механизм ашиглаж, мал хулгайлах” гэмт хэргийн субьектив талын шинж болох гэмт хэргийн сэдэлт, зорилго эргэлзээгүй, бодит байдлаар, хангалттай нотлогдон тогтоогдоогүй,
19. Шүүгдэгч А.Е-, өсвөр насны шүүгдэгч Д.Р-, Х.М- нарыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллаж байгаа нотлох баримтууд хангалтгүй байхад А.Е-, Х.М-, Д.Р- нарыг “Шөнө оройн цагаар А.А-тай хамт явсан тул түүнийг хулгай хийж байгааг мэдэх ёстой, мэдсэн байх боломжтой, А.Е- нь А.А-тай садан төрлийн холбоотой, хөрш амьдардагийн хувьд түүний ямаа хохирогч Х.Ж-ы хашаанд байх боломжгүй гэдгийг мэдэх ёстой байсан” гэх зэргээр нотлох баримтад тулгуурлахгүйгээр хийсвэр дүгнэлт хийж, Е.Ертис, Д.Р-, Х.М- нарыг буруутгах нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, гэм буруугийн зарчимд нийцэхгүй гэж шүүх үзлээ.
20.Харин А.А-ыг машин механизм ашиглаж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд хангалттай байна.
21. Шүүгдэгч А.Е- нь гэмт хэрэг төгссөний дараа А.А-ын ямаа худалдан борлуулсан орлогоос 10.000 төгрөг авсан гэж мэдүүлснийг үгүйсгэж, няцаасан нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд мал хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа 10.000 төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй юм.
22. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдлын хүрээнд А.Е-, Х.М-, Д.Р- нарт холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч болон өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчмын дагуу хэргийг А.Е-, Х.М-, Д.Р- нарт ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
23. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2213000000043 дугаартай хэргээс шүүгдэгч А.Е-, өсвөр насны шүүгдэгч Х.М-, Д.Р- нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэв.
24. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд “Мал хулгайлах” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд “машин механизм ашиглаж” гэмт хэрэг үйлдсэнийг уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулсан байна.
25. Өсвөр насны шүүгдэгч А.А- нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор хүн, ачаа тээвэрлэх зориулалттай, иргэн А.Д-ын эзэмшлийн, улаан өнгийн, Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль, өөрийн эцэг А.Айдынбекийн эзэмшлийн, цэнхэр өнгийн, Мустанг-5 маркийн, улсын дугааргүй мотоциклийг тус тус ашиглаж, 2 тооны ямааг тээвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн “машин механизм ашиглаж” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.
26. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч А.А- нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон бөгөөд шүүхээс шүүгдэгч А.Е-, өсвөр насны шүүгдэгч Х.М-, Д.Р- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн тул прокуророос өсвөр насны шүүгдэгч А.А-ыг А.Е-, өсвөр насны шүүгдэгч Х.М-, Д.Р- нартай бүлэглэн, машин механизм ашиглаж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар зүйлчилснийг хөнгөрүүлэн өөрчилж, А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар “Машин механизм ашиглаж, мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
27. Өсвөр насны шүүгдэгч А.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ илэрхийлснийг түүний өмгөөлөгч С.Т- дэмжиж шүүх хуралдаанд оролцсон болно.
28. Гэмт хэрэг үйлдэгдэхэд өсвөр насны шүүгдэгч А.А-ын сургуулиас завсардсан нөхцөл байдал, эцэг эхийн хараа хяналтгүй байдал нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.
29. Хохирогч Х.Ж- нь мөрдөн байцаалтын шатанд:”Би хэсгийн төлөөлөгчөөр дамжуулан 2 ямаагаа биет байдлаар олж авсан тул цаашид өөр нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн байна.
30.Иймд энэ шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч А.А-аас гаргуулах хохирол, төлбөр байхгүй гэж үзлээ.
Хоёр: Өсвөр насны шүүгдэгч А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
2.Шүүхээс өсвөр насны шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3.Шүүхээс өсвөр насны шүүгдэгч А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
4.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь өсвөр насны шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаатайгаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулах саналыг,
5.Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т- нь “Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдалтай учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж, гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг, эхэд даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
6. Өсвөр насны шүүгдэгч А.А- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд:” Би гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Мөн би зүрхний өвчнөөсөө шалтгаалж татаж унадаг юм. Тиймээс надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна гэв.
7.Өсвөр насны шүүгдэгч А.А-ын хууль ёсны төлөөлөгч С.А- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд:” Манай гэр бүлийн хүн архаг өвчтэй хүн. Байнгын эмчийн хяналтад байдаг хүн. Манайх өөрийн гэсэн хэдэн тооны үхэрнээс өөр мал хөрөнгөгүй, ядуу амьдралтай айл юм. Гэсэн хэдий ч би хүүхдээ чадах чинээгээрээ сайн хүмүүжүүлсэн. Мал хулгайлсныг нь мэдээд өөрөө цагдаагийн байгууллагад мэдэгдэж, буруу хэрэг хийснийг нь хүүдээ ойлгуулж, ухамсарлуулсан. Миний хүү А.А- анх удаа тохиолдлын улмаас гэмт хэрэгт холбогдлоо. Тиймээс шүүхээс түүнд хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэв.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг хуульчилж өгсөн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна.” гэж зохицуулсан байна.
9.Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан өсвөр насны шүүгдэгч А.А-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба өсвөр насны шүүгдэгч А.А- нь урьд ял шийтгүүлж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /нэгдүгээр хавтаст хэргийн 214 дэх тал/ тогтоогдож байна.
10.Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх зорилгоор, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзан өсвөр насны шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Архылыхт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг үүргийг хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгахаар шийдвэрлэв.
11.Өсвөр насны шүүгдэгч А.Архылых нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд энэ шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, өсвөр насны шүүгдэгч А.А-ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг С.А-, эх Т.Р- нарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
12.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.
13.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх ойлголт юм.
14.Өсвөр насны шүүгдэгч А.А- нь хохирогч Х.Ж-ы 2 тооны ямааг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэхийн тулд хүн, ачаа тээвэрлэх зориулалттай, иргэн А.Д-ын эзэмшлийн, улаан өнгийн, Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль, өөрийн эцэг С.А-ийн эзэмшлийн, цэнхэр өнгийн, Мустанг-5 маркийн, улсын дугааргүй мотоциклийг тус тус ашиглаж, 2 тооны ямааг тээвэрлэсэн нь нотлогдож, “машин механизм ашигласан” гэж хүндрүүлэн зүйлчлэгдсэн тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өсвөр насны шүүгдэгч А.А-ын хууль ёсны төлөөлөгч С.А-ийн эзэмшлийн, цэнхэр өнгийн, Мустанг-5 маркийн, улсын дугааргүй, 850.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий /нэгдүгээр хавтаст хэргийн 142-147 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагдаагийн кобонд хадгалагдаж байгаа, LXYPCKLO1FO387677 арлын дугаартай мотоциклийг улсын төсөвт шилжүүлэх,
15.А.А-ын мал хулгайлахдаа ашигласан улаан өнгийн, Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль нь өсвөр насны шүүгдэгч А.А- болон түүний хууль ёсны төлөөлөгчийн эзэмшилд байгаа нь тогтоогдоогүй, харин иргэн А.Д-ын эзэмшлийнх болох нь тогтоогдсон тул хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон улаан өнгийн, Мустанг-5 маркийн улсын дугааргүй, XYPCKLO8CO343140 арлын дугаартай, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагдаагийн кобонд хадгалагдаж байгаа мотоциклийг түүний хууль ёсны өмчлөгч, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн иргэн А.Д-ад буцаан олгож, уг мотоциклийн үнэлгээ /нэгдүгээр хавтаст хэргийн 132-137 дахь тал/ болох 950.000 төгрөгийг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч С.А-ээс гаргуулан улсын төсөвт тус тус шилжүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
16.Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч А.А- нь хохирогч Х.Ж-ы 2 тооны ямааг хулгайлж, 1 ямааг иргэн Х.С-ад 40.000 төгрөгөөр худалдан борлуулсан үйл баримт тогтоогдсон тул өсвөр насны шүүгдэгчийн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг болох 40.000 төгрөгийг түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч С.А-ээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
17.Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.
18.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч А.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гүйцэтгэх хуудас бичиж хүргүүлэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2213000000043 дугаартай хэргээс Б.х овогт Х-ын М, Б.х овогт Д-ын Р, Ж.х овогт А-н Е нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Е- болон, өсвөр насны шүүгдэгч Х.М-, Д.Р- нарыг цагаатгасугай.
2. Цагаатгагдсан этгээд болох А.Е-, Х.М-, Д.Р-, нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүх хуралдааны танхимаас даруй сулласугай.
3.Цагаатгагдсан этгээд болох А.Е-, Х.М-, Д.Р- нар нь гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас өөрт нь хохирол учирсан гэж үзвэл хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
5.Өсвөр насны шүүгдэгч А.А-ыг “Мал хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч А.А-т мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч А.А-ыг хянан хүмүүжих 1 (нэг) жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
8.Өсвөр насны шүүгдэгч А.А- нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд энэ шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.А-т хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, үүрэг хүлээлгэсэн энэхүү шийтгэх тогтоолыг хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт, А.А-ыг хянан хүмүүжүүлэх 1 (нэг) жилийн хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг С.А-, эх Т.Р нарт тус тус даалгасугай.
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.А-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, С.А-ийн эзэмшлийн, цэнхэр өнгийн, Мустанг-5 маркийн, улсын дугааргүй, LXYPCKLO1FO387677 арлын дугаартай, 850.000 (найман зуун тавин мянга)-н төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагдаагийн кобонд хадгалагдаж байгаа мотоциклийг улсын орлогод оруулж, А.А-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улаан өнгийн, Мустанг-5 маркийн улсын дугааргүй, XYPCKLO8CO343140 арлын дугаартай, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагдаагийн кобонд хадгалагдаж байгаа, мотоциклийг түүний хууль ёсны өмчлөгч, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн иргэн А.Д-ад буцаан олгож, уг мотоциклийн үнэлгээ болох 950.000 (есөн зуун тавин мянга)-н төгрөг, өсвөр насны шүүгдэгч А.А-ын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг болох 40.000 (дөчин мянга)-н төгрөг зэргийг түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч С.А-ээс тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.
11. Энэ шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч А.Архылых, түүний хууль ёсны төлөөлөгч С.А- нараас гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч А.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд заасан журмын дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.