| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00298/и |
| Дугаар | 153/ШШ2018/00203 |
| Огноо | 2018-04-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 153/ШШ2018/00203
| 2018 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2018/00203 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Т.Ц-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 153/2018/00218/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Ц нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1959 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1974 оноос 1977 оны 06 дугаар сарыг хүртэл, 1980 оны 08 дугаар сараас 1992 оныг дуустал ажилласан.
Миний бие 1977 оны 06 дугаар сараас 1980 оны 07 сарыг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний бие Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд хоньчноор 1975 оноос 1977 оны 06 дугаар сар хүртэл, 1980 оны 08 дугаар сараас 1992 оныг дуустал ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, Хөдөлмөр нэгдэлд ажилд орсон гарсан тушаал байхгүй, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архиваас лавлагааг шүүлгэхэд зарим он дутуу, өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна.
Иймд Т.Ц намайг 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Т.Ц нь 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт малчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Т.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Т.Ц-ийн 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
- Хүсэлт гаргагчийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн эх хувь /хх-ийн 5-17 дугаар хуудас/
- Хүсэлт гаргагчийн 1981 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн эх хувь /хх-ийн 18-29 дүгээр хуудас/
- Хүсэлт гаргагч Т.Ц-д 1985 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр намын хороо, нэгдлийн зөвлөлөөс олгосон ...сууриудын социалист уралдаанд шалгарч, бригадын өдөрлөгийн тэргүүн ширээнд 2 удаагаа шалгарч суусан тул гэрчилгээ олгов... гэх гэрчилгээний эх хувь /хх-ийн 30 дугаар хуудас/, 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр олгосон энх сүрэгтэн дипломын эх хувь /хх-ийн 31 дүгээр хуудас/, 1987 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дурсгалын дипломын эх хувь /хх-ийн 32 дугаар хуудас/, 1978 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлөөс олгосон талархалын эх хувь /хх-ийн 33 дугаар хуудас/, 1980 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн бригадын зөвлөлөөс олгосон талархалын эх хувь /хх-ийн 34 дүгээр хуудас/, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлөөс олгосон дипломын эх хувь /хх-ийн 35 дугаар хуудас/, 1986 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 44 дугаартай Ховд аймгийн Хөдөлмөр нэгдлийн зөвлөлөөс олгосон дипломын эх хувь /хх-ийн 36 дугаар хуудас/, 1988 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөр нэгдлийн зөвлөлөөс Энх сүрэгтэн цол олгосон диплом /хх-ийн 37 дугаар хуудас/, 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ...Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн хоньчин Т.Ц танд ЗХУ-д жуулчлах эрх олгов.. гэх жуулчлах эрхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 42 дугаар хуудас/,
- Хүсэлт гаргагчийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нээлгэсэн 0774168 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 43 дугаар хуудас/
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 495 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн бригадын 1975 оноос 1992 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс,
-Гэрч Л.Отгонбаярын ...Би 1984 оноос 1993 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан. 1993 оноос 2001 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын 4 дүгээр баг буюу одоогийн Эхэн багт малчнаар ажиллаж байсан. Намайг 1984 оноос 1993 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байх хугацаанд Т.Ц нь Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн бригадад малчнаар ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч Т.Дамирангийн ...Би Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийг 1981 онд төгссөн. Улмаар 1981 оноос 1984 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Бураа бригадад малчнаар ажиллаж байгаад 1984 онд цэргийн албанд татагдсан. 1987 онд цэргийн албанаас халагдаж 1992 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Бураа бригадад тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Т.Ц нь 1978 онд тусдаа гэр бүл болсон. Түүнээс хойш буюу 1978 оноос 2014 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Бураа бригадад тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байсан хүний хувьд Т.Ц-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна....”,
-Н.Чимэд-Очирын “...Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн малчин Т.Ц нь 1975 оноос эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1977 оны 06 дугаар сараас 1980 оны 06 дугаар сарыг дуустал цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд эцэг эхийн хамт мал маллаж байсан. 1981 оны 09 дүгээр сард Т.Отгонтой гэр бүл болж 1992 оныг дуустал малчнаар ажилласан. Т.Ц нь манай багийн тэргүүний малчин байсан ба 1990 оны МХЗМХ төв хорооны зардлаар ЗХУ-д жуулчилж байсан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т.Ц-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т.Ц-г 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Т.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ