Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/106

 

 

 

 

 

 

2022             06            22                                         2022/ШЦТ/106

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох эрүүгийн 2219001450169 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сайншанд сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр зүүн урд талд байрлах хүнсний дэлгүүрийн үүдэнд хохирогч М.Дийг архи авч өгөөгүй гэх зүйлээр шалтаглан түүний эзэмшлийн 07-89 ДГС улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шил, зөв талын урд байрлах дохиог чулуу шидэн хагалж 320,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 3 дугаар сургуулийн тэнд Д ахтай таарахад яагаад уугаад яваад байгаа юм гээд намайг загнахаар нь танд ямар хамаатай юм бэ гэж хэлхээд эрүүлдээ уулзаарай гээд машиндаа суухад нь би араас нь очоод нүүр лүү нь цохиход намайг түлхчхээд машинтайгаа хөдлөөд явахаар нь би чулуу авч шидэж машиных нь арын цонхыг хагалсан гэсэн мэдүүлэг,  

 

Хохирогч М.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Замын-Үүд явдаг шөнийн 01 цаг 50 минутын суудал тосохоор ганцаараа явж байгаад цаг болоогүй байсан болохоор 23 цагийн орчимд Сайншанд сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр урд талд байрлах хүнсний дэлгүүрээс ундаа авахаар ороод гараад иртэл Т, Бат-Эрдэнэ буюу Зангад гэх залуутай хамт дэлгүүрийн гадаа зогсож байсан. Би Ттой мэндэлчихээд явах гэсэн чинь Зангад ирээд тамхи аваад өг гээд байхаар нь дэлгүүр лүү ороод тамхи авч өгчихөөд явах гэсэн чинь Зангад 1 шил архи аваад өгчих гээд байхаар нь би завгүй суудал тосох гэж байна гэсэн чинь Б.Т ирээд над руу агсраад байхаар нь Зангадын унаж явсан саарал өнгийн Соната 7 маркийн авто машинд түлхээд суулгачихаад машиндаа суугаад явах гэтэл Зангад машин дотор орж ирээд чи миний машиныг барь би чиний машиныг барина гэхээр нь би яахаараа чамд машин бариулж байхын гэж хэлээд Зангадыг түлхээд машинтайгаа хөдлөөд явах гэтэл Т Зангадын автомашинаас бууж жолооч талын хаалгыг нээгээд миний баруун нүдний доод тал баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би Тын хөлийг барьж байгаад цааш нь түлхээд машинаа хөдөлгөөд явах гэтэл Т босож ирээд жолооны эсрэг талын урд талын гэрэл дохио машины хамар зэргийг цохиж эвдэлсэн би машинаа ухрааж байгаад буцаж урагшлаад Тумэнхоролын хажуугаар нь хөдлөөд явтал араас чулуу шидээд миний машины арын шил, жолоочийн эсрэг талын арын хаалганы борооны хамгаалалт, мөн гэрэл дохиог эвдсэн. Тэгээд би цагдаа дуудаж Тыг барьж өгсөн...Б.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09 дүгээр тал)

 

Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “....Машины хойд шил хагарсан, борооны хаалт хагарч, нэмэлт гэрлийн дохио хагарсан гэмтлийн зах зээлийн үнэ цэнэ 320.000 төгрөг...” гэх тайлан ( хавтаст хэргийн 20-22 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 38 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сайншанд сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн  зүүн урд талд байрлах хүнсний дэлгүүрийн үүдэнд хохирогч М.Дийг архи авч өгөөгүй гэх зүйлээр шалтаглан түүний эзэмшлийн 07-89 ДГС улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шил, зөв талын урд байрлах дохиог чулуу шидэн хагалж 320,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч М.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ...машинаа хөдөлгөөд явах гэтэл Т босож ирээд жолооны эсрэг талын урд талын гэрэл дохио, машины хамар зэргийг цохиж эвдэлсэн би машинаа ухрааж байгаад буцаж урагшлаад Тын хажуугаар нь хөдлөөд явтал араас чулуу шидээд миний машины арын шил, жолоочийн эсрэг талын арын хаалганы борооны хамгаалалт, мөн гэрэл дохиог эвдсэн. ...Б.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Хохирогчид 320000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байна.

Шүүгдэгч Б.Т нь хохирогчийн эд хөрөнгө буюу автомашины арын салхины шил, зөв талын урд байрлах дохиог чулуу шидэж хагалсан нь хууль бусаар бусдын эд хөрөнгийг эүмших,агиглах эрхэд халдсан гэж үзэх үндэслэлтэй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж,гэмтээсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан,прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Шүүгдэгч Б.Тын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “хохирлоо барагдуулж авсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 9, 48 дугаар тал/ тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Тд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөр нь шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Б.Тд танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч  Б.Тд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.     

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

        Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Б.Т нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Б.Тд оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.АДЪЯАСҮРЭН