Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/107

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гд холбогдох эрүүгийн 2219000000166 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Г

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн .... тоотод эхнэр Б.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Б.Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа ойлгож байгаа, миний буруу. Манай эхнэр 2021 оны 11 сард аймагт шилжиж ирсэн. Би Замын-Үүдэд ажилтай учир ирж чадахгүй байж байгаад 2022 оны 2 сард ирээд хэд хоноод буцсан.Тэгээд 5 сард гэртээ ирсэн. 5 сарын 15-ны өдөр Мэндбаяр гэх хүнийг гуйгаад гэрийнхээ хашааг янзалсан юм. Бид хоёр 2 шил архи хувааж уусан. Гэрт ороход Б архи уулаа гэж маргаан үүсгэсэн, тэгээд юу болсон талаар сайн санахгүй байгаа. Хэрүүл маргаан болсны дараа эхнэрийн нүд хөхөрсөн байсан  гэсэн мэдүүлэг,  

Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, намайг Мөнхбат гэж хүнтэй явалдлаа гэж хардан миний эрх эрх чөлөөнд халдаж зодсон...Б.Г нь урьд өмнө миний эрх чөлөөнд халдаж зодож байгаагүй, миний зүүн нүд хөхөрч хавдсан, хоёр шуу хавдсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 6 дугаар тал),

 

Гэрч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: '‘...Б.Г гэрт иртэл эхнэр нь архи дарс уулаа гэж хэрүүл маргаан үүсгээд байсан тэгтэл Га эхнэрийнхээ нүүр рүү 2 удаа цохисон...зүүн нүд билүү баруун нүд нь Гыг цохисны дараа хөхөрсөн харагдаж байсан..." гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 10 дугаар тал)

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/0267 дугаартай “1. Б.Бгийн биед зүүн нүдний алимны салстын цус харвалт, дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар, баруун зүүн бугалга, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 13-14 дүгээр тал)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 16 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн .... тоотод эхнэр Б.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, намайг Мөнхбат гэж хүнтэй явалдлаа гэж хардан миний эрх эрх чөлөөнд халдаж зодсон...Б.Г нь урьд өмнө миний эрх чөлөөнд халдаж зодож байгаагүй, миний зүүн нүд хөхөрч хавдсан, хоёр шуу хавдсан гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: '‘...Б.Г гэрт иртэл эхнэр нь архи дарс уулаа гэж хэрүүл маргаан үүсгээд байсан тэгтэл Га эхнэрийнхээ нүүр рүү 2 удаа цохисон...зүүн нүд билүү баруун нүд нь Гыг цохисны дараа хөхөрсөн харагдаж байсан..." гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/0267 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Г нь эхнэр Б.Бг зодож гэмтэл учруулах болсон шалтгаан нь тодорхой нөхцөл байдлын улмаас эхнэрээ хардаж,  нүүр лүү нь цохиж гэмтэл учруулсан  нь баримтаар тогтоогдсон, харин шүүгдэгч Б.Г нь эхнэр Б.Бг байнгын шинжтэй бие махбод болон сюэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж, Б.Б нь сэтгэл санаа,эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон,хохирч байсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Б.Г дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

           Хохирол төлбөрийн талаар:

           Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “..надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэсэн /хавтаст хэргийн 42 дугаар тал/ тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Гд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж нь шүүгдэгч Б.Гд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Б.Гд танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч  Б.Гд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

         Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

        Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Б.Г нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Б.Гд оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг  дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.АДЪЯАСҮРЭН