| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2022/0102/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/108 |
| Огноо | 2022-06-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,
шүүгдэгч Э.Б, М.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э Э.Б, О.М Д нарт холбогдох эрүүгийн 2119002360134 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д.Э Э.Б /
О.М Д /
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Э.Б, М.Д нар нь бүлэглэж 2021 оны 08 дугаар сарын 15-наас 16-ны хооронд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг ... гэх газраас иргэн Ж.Бгийн эзэмшлийн 9 тооны эр ямаа, 22 тооны эм ямаа, нийт-31 тооны ямааг завшиж, 3.060.000 /гурван сая жаран мянга/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:Манай малд айлын мал нийлсэн байсан. Хүүхдийн бие өвдөөд байхаар нь 8 эр ямааг нь алж янзлаад зарсан.Үлдсэн 22 ямааг нь Б гэж хүн ирээд туугаад явсан.Мөнгөө хүүхдийнхээ эм тарианд зарцуулсан. 8 ямааны хохирол 2400000 төгрөгийг төлсөн. Гэм буруугаа ойлгож байна гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 8 сарын 15,16-ны үед манай малд 30 гаруй тооны ямаа нийлсэн байсан. Эзэн нь ирж авахгүй 5-6 хоносон. Хүүхдийн бие өвдөөд 8 тооны ямааг нь зарсан. Өөрийн бурууг ойлгож байна гэсэн мэдүүлэг,
Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын дүгнэлт( хавтаст хэргийн 28, 119 дугаар тал),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт( хавтаст хэргийн 123-125 дугаар тал),
Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл ( хавтаст хэргийн 127-130 дугаар тал),
Хохирогч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ойролцоох айлуудын мал шүүж яваад Э.Бын малаар орсон, тэнд манайхаас 21 эм ямаа байсныг ялгаж орхиод гэр нь иртэл нэг ямаа Э.Б янзлаад сууж байсан, тэгээд очоод хартал манай ямаа мөн байсан, эм чихлээс эврийн будаг зүс нь, тэгээд энэ хэний ямаа янзалж байгаа юм гэхэд Цэцэг эгчийн ямаа гэж хэлсэн. Тэгтэл Цэцэг нь би урдаас ирэхдээ ийм ямаа авч ирсэн манай ямаа гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ идэх гэж байгаа ямаа чинь манай ямаа байна танай малд хорь гаран ямаа байна ш дээ гэхэд дуугарахгүй байцгаагаад байсан...би өөрийн биеэр малынхаа дансыг тулгаад тоолоход манай ямаанаас 9 тооны эр ямаа сураггүй дутсан 22 эм ямаа Э.Бын малаас салгаж авсан. Үлдсэн 33 тооны ямаа миний өмнө тоолохдоо дутуу тоолсон юм шиг байна лээ одоо яг дутаж байгаа нь бол 9 эр ямаа л байна...дутсан 9 тооны эр ямааны төлбөрийг Э.Б нь төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 8-11, 70, 116 дугаар тал)
Гэрч Иын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сард байх Э.Б над руу залгаад би таньд хоёр мах зарсан гээд цагдаад хэлсэн гэж байсан тэгэхээр нь би надад хамаагүй ш дээ Сугард өгсөн гэдгээ хэлэхгүй яасан юм бэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 13 дугаар тал)
Гэрч Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хонь ямааны мах авдаг, бод авдаггүй...би сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-р хуудас/,
Гэрч Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тоолоход 60 гаран ямаа дутсан байсан тэр талаар хэлсэн. Тэгээд Б өөрөө ирээд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны орчимд хотоос ирээд малаа тоолоход 64 ямаа дутаж байна гэж байсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 18 дугаар тал)
Гэрч М.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Б улаан зүсмийн эвэртээ ногоон будагтай эм жижиг шүдлэн насны гэрийнхээ гадаа нядалж, янзлаад байж байхад Сайхандулаан сумын 3 дугаар багийн малчин Б ирээд Э.Бын нядалж янзалж байсан ямааг хараад энэ манай ямаа байна гэж хэлсэн. Э.Б тэр үед Б энэ ямаа Ууганцэцэг эгчийн ямаа гэж хэлсэн. Би мөн Б эгчид энэ манай ямаа гэж хэлсэн...миний зүсэлж өгнө гэж байсан улаан зүсмийн ямаа хонинд байсан...тус багийн малчин Б эгчийн ямаа байсан. би дүү Дд миний хэлсэн ав гэсэн ямааг авсан гэж бодож байсан чинь тэр ямааг аваагүй байсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 23 дугаар тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 39, 91 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б, М.Д нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 15-наас 16-ны хооронд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг .... гэх газар нутаглаж байхдаа иргэн Ж.Бгийн эзэмшлийн 9 тооны эр ямаа, 22 тооны эм ямаа, нийт 31 тооны ямаа бэлчээрт байсан хонинд нь ирж нийлсэнээс 9 тооны эр ямааг алж нядлан бусдад зарсан, 22 тооны эм ямааг буцаан өгч нийт 3.060.000 /гурван сая жаран мянга/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ойролцоох айлуудын мал шүүж яваад Э.Бын малаар орсон, тэнд манайхаас 21 эм ямаа байсныг ялгаж орхиод гэрт нь иртэл нэг ямаа Э.Б янзлаад сууж байсан, тэгээд очоод хартал манай ямаа мөн байсан, эм чихлээс эврийн будаг зүс нь, тэгээд энэ хэний ямаа янзалж байгаа юм гэхэд Цэцэг эгчийн ямаа гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ идэх гэж байгаа ямаа чинь манай ямаа байна танай малд хорь гаран ямаа байна ш дээ гэхэд дуугарахгүй байцгаагаад байсан...би өөрийн биеэр малынхаа дансыг тулгаад тоолоход манай ямаанаас 9 тооны эр ямаа сураггүй дутсан, 22 эм ямаа Э.Бын малаас салгаж авсан....дутсан 9 тооны эр ямааны төлбөрийг Э.Б нь төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Иын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сард байх Э.Б над руу залгаад би таньд хоёр мах зарсан гээд цагдаад хэлсэн гэж байсан тэгэхээр нь би надад хамаагүй ш дээ Сугарт өгсөн гэдгээ хэлэхгүй яасан юм бэ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Б улаан зүсмийн эвэртээ ногоон будагтай эм жижиг шүдлэн насны ямааг гэрийнхээ гадаа нядалж, янзлаад байж байхад Сайхандулаан сумын 3 дугаар багийн малчин Б ирээд Э.Бын нядалж янзалж байсан ямааг хараад энэ манай ямаа байна гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг, Хас Үнэлгээ ХХК-ний хөрөнгө даатгалын хохирлын дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон эд хөрөнгө, бусдын мал өөрийн малд нь нийлсэн байхад авч ашигласан, өөрөөр хэлбэл гэмт этгээд нь бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, захиран зарцуулсан байдаг.
Шүүгдэгч Э.Б, М.Д нар нь 9 тооны эр ямаа, 22 тооны эм ямааг бусдын мал гэдгийг мэдсээр байж авч 9 тооны эр ямааг алж нядлан бусдад зарж, 22 тооны эм ямааг эзэн нь өөрөө ирж малаас нь ялган авсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон,бусдын алдуул мал завшсан үйлдэл нь шууд санаатай,шунахай сэдэлттэй байна.
Иймд шүүгдэгч Э.Б, М.Д нар нь бүлэглэн хохирогч Ж.Бгийн эзэмшлийн 9 тооны эр ямаа, 22 тооны эм ямаа, нийт-31 тооны ямааг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь Э.Б миний 9 ямааны төлбөр болох 2,400,000 төгрөгийг өгсөн, ... ба 22 тооны эм ямааг Э.Бын малаас салгаж авсан” гэсэн (хавтаст хэргийн 116 дугаар тал) тул шүүгдэгч нарыг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Б, М.Д нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Э.Б, М.Д нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж нь шүүгдэгч Э.Б, М.Д нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Э.Б, М.Д нарт танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч Э.Б, М.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүгдэгч Э.Бад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд, шүүгдэгч М.Дд түүний санхүүгийн чадвар, эдийн засгийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Э.Б, М.Д нарт нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Э.Бын эзэмшлийн ногоон өнгийн улсын дугааргүй ..... арлын дугаартай Даюун-150 маркийн мотоциклыг прокурорын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 05/08 тоот тогтоолоор битүүмжилсэн ба шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглаагүй тул прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Э Э.Б, О.Мн Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, М.Д нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Э.Бад оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд, шүүгдэгч М.Дд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бын эзэмшлийн ногоон өнгийн улсын дугааргүй ..... арлын дугаартай Даюун-150 маркийн мотоциклыг битүүмжилсэн прокурорын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 05/08 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, М.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН