Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/109

 

 

 

 

 

 

2022             06            27                                         2022/ШЦТ/109

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,  

шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бд холбогдох эрүүгийн 2219000000156 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х.Б

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Нтай маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Х.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эхнэрийнхээ шүдийг хугалсан, гэм буруугаа ойлгож байгаа гэсэн мэдүүлэг,  

 

Хохирогч Ч.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 04 дүгээр сарын 29-нөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Мандах сумын ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн төгсөгч нарын дунд уулзалт тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд миний бие 2022 оны 05 дугаар сарын 01-ний орой тэмцээн дуусгаад нөхөр Бы хамт хөдөө гэр лүүгээ явж байтал Б надад хандан чи гэрээ харсангүй, малаа харсангүй гэж уурласан, тэгэхэд нь би өөдөөс нь чи ч бас адилхан тэмцээн үзсэн биз дээ гэж хэлтэл шууд миний нүүр лүү гараа зангидаж байгаад 2-3 удаа цохиж, миний үүдэн шүдийг хугалсан” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 6-7 дугаар тал),

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02/0244 дугаартай “ Нгийн биед баруун дээд 1 дүгээр цөгцийн хугарал гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 18 дугаар тал)

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 02/0282 дугаартай “ Нгийн биед баруун дээд 1 дүгээр шүдний булгарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт ( хавтаст хэргийн 32 дугаар тал)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 51 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумаас өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр  гэрлүүгээ явах замдаа эхнэр Ч.Нтай гэртээ хоносонгүй, малаа харсангүй гэж маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ч.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2022 оны 05 дугаар сарын 01-ний орой тэмцээн дуусгаад нөхөр Бы хамт хөдөө гэр лүүгээ явж байтал Б чи гэрээ харсангүй, малаа харсангүй гэж уурласан, тэгэхэд нь би өөдөөс нь чи ч бас адилхан тэмцээн үзсэн биз дээ гэж хэлтэл шууд миний нүүр лүү гараа зангидаж байгаад 2-3 удаа цохиж, миний үүдэн шүдийг хугалсан” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 02/0282 дугаартай “ Нгийн биед баруун дээд 1 дүгээр шүдний булгарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл” учирсан болохыг тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.Б нь эхнэр Ч.Нг зодож гэмтэл учруулах болсон шалтгаан нь тодорхой нөхцөл байдлын улмаас эхнэрээ гэртээ хоносонгүй, малаа харсангүй гэж  нүүр лүү нь цохиж гэмтэл учруулсан  нь баримтаар тогтоогдсон ,харин шүүгдэгч Х.Б нь эхнэр Ч.Нг байнгын шинжтэй бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж, Ч.Н нь сэтгэл санаа,эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон,хохирч байсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Х.Бы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “..надад гомдол санал байхгүй, нөхөртэйгөө учраа олж эвлэрсэн” гэсэн /хавтаст хэргийн 50 дугаар тал/ тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатар нь шүүгдэгч Х.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Х.Бд танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч  Х.Бд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

         Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

        Бусад асуудлаар:

Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Х.Б нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Х.Бд оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг  дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.АДЪЯАСҮРЭН