| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00226/и |
| Дугаар | 153/ШШ2018/00154 |
| Огноо | 2018-04-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 153/ШШ2018/00154
| 2018 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2018/00206 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багт оршин суух, ПП59022016 дугаарын регистртэй, Л.Х-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 153/2018/00226/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Х нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1974 оноос 1980 оныг хүртэл эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байсан. 1981 онд гэр бүлтэй болж нэгдлийн 500-800 толгой хурга хүлээн авч 1983 оныг хүртэл хорогдолгүй сайн маллаж баярын бичгээр шагнуулж байсан. 1984 оноос 1985 оныг хүртэл хоршооны эр хонь, ямааг, 1985 оноос 1986 оныг хүртэл тэмээ маллаж байсан. 1986 оноос 1987 онд туувар туусан. 1987 оноос нэгдлийн эх мал маллаж байгаад 1992 оны 01 дүгээр сард айлд тарааж өгсөн. Миний бие нь өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумандаа мал маллаж амьдарч байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрүүд шаардлага хангахгүй хохироход хүрээд байна. Иймд намайг Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Л.Х нь шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
Хүсэлт гаргагч Л.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Л.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
- Хүсэлт гаргагчийн 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн 0708313 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
- Хүсэлт гаргагчийн 1981 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтрийн эх хувь /хх-ийн 16-25 дугаар хуудас/,
- Хүсэлт гаргагчийн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтрийн эх хувь /хх-ийн 26-36 дугаар хуудас/,
- Хүсэлт гаргагчийн 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтрийн эх хувь /хх-ийн 36-51 дүгээр хуудас/,
-Хүсэлт гаргагч Л.Х-д 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сайн малчин энгэрийн тэмдэг олгосон үнэмлэхний эх хувь /хх-ийн 14 дүгээр хуудас/, 1991 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 94 дүгээр Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медалиар шагнасан тухай үнэмлэхний эх хувь /хх-ийн 15 дугаар хуудас/, 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын соёлжилтийн комиссоос олгосон гэрчилгээний эх хувь /хх-ийн 52 дугаар хуудас/,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 633 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Агваш бригадын 1976 оноос 1985 он, 1988 оноос 1991 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, /хх-ийн 54-66 дугаар хуудас/,
-Гэрч Ч.Лхагвийн ...Би 1944 онд төрсөн. 1952 онд Ховд аймгийн Мянгад сумын бага сургуулийн 4 ангийг төгсөөд Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багт малчнаар ажиллаж эхэлсэн. 1964 онд цэргийн албанд татагдаж, 1967 онд цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1967 оноос 1993 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Худалдаа бэлтгэлийн анги болон Сүхбаатарын зам нэгдэлд хэсгийн ахлагч, тоо бүртгэгч, агент, түүхий эдийн эрхлэгч, жолооч зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Л.Х нь 1974 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл 1991 онд тарсан. Сүхбаатарын зам нэгдэл тараад ямар нэгэн компани болоогүй. Л.Х нь нэгдэл тарсан үеэс хойш буюу 1991 оноос өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багт мал маллаж амьдарч байна. Аавыг нь Н.Лхагва, ээжийг нь Ч.Түмээ гэдэг. Аав ээж нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд насаараа малчин хийсэн хүмүүс байсан. Л.Х-н эхнэрийг Б.Цэцэгмаа гэдэг хүн байдаг... гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч Б.Мунтхаагийн ...Би 1942 онд төрсөн. 1951 онд Ховд аймгийн Мянгад сумын бага сургуульд элсэн орж 1955 онд төгссөн. 1955 оноос 1960 оныг хүртэл эцэг эхийн хамт мал маллаж байсан. 1961 оноос 1997 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын шуудан зөөгч, бригадын дарга, нэгдлийн боловсон хүчин, нэгдлийн хянан байцаах комиссын дарга, сумын ардын хянан шалгах хорооны дарга, сумын захиргааны орлогч дарга, багийн дарга зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Би улсад 40 гаруй жил ажилласан. Л.Х нь 1974 оноос эхлээд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байсан. 1981 онд Б.Цэцэгмаатай гэр бүл болж өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багт мал маллаж амьдарч байна. Насаараа мал маллаж байгаа хүн. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байсан хүний хувьд Л.Х-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Л.Х-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Л.Х-ийг 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Л.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ