| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2022/0104/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/110 |
| Огноо | 2022-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
улсын яллагчаар хяналтын прокурор М.ОтгонБаатар,
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.ОтгонБаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бт холбогдох эрүүгийн 2219000000146 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Я овогт Э.Б
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт .... УБС улсын дугаартай Киа маркийн автобусанд хохирогч Т.Утай маргалдаж, улмаар түүний баруун хөлийн шилбэн тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анхны тусламж үзүүлсэн. Хохирол төлбөрт 5,000,000 төгрөгийг бүрэн барагдуулсан гэсэн мэдүүлэг,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 3-7 дугаар тал),
Хохирогч Т.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд 24 цагийн үед ирсэн. Бид 3 шууд урагш гаран гармын урд гаран зүүн тийш бууж зогссон... Б, Б бид гурав хоол хийж виски хувааж ууссан. Б ах унтсан. Б бид хоёр үргэлжлүүлэн виски уусан. Нэг мэдсэн чинь өглөө босчихсон үүр цайсан байсан. Би Быг унтаж байхад нь сэрээн явах уу гэхэд намайг унтуулсангүй сэрээлээ гэж уурласан... Б бид хоёр муудаж Быг өшиглөх үед миний баруун хөлийн шилбэний дээд хэсгээр хутгаар зүссэн. Тухайн хутга нь автобусны гол хэсэгт ширээн дээр байсан хутгаар зүссэн...’’ гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 19-20 дугаар тал)
Гэрч П.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...унтаж байхад, автобусны гадна хоёр хүн чанга, чанга яриад байхаар нь би тээврийн хэрэгслээс гарч харахад тээврийн хэрэгслийн үүд хэсэгт У, Б хоёр байж байсан. Уын баруун хөлийн өвдөгний хэсгээс цус гарсан байхаар нь та хоёр чинь нэгнийгээ яаж байгаа юм бэ гэхэд тэр хоёр харин тиймээ ахаа уучлаарай гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 25 дугаар тал)
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/0269 дугаартай “Т.Уын биед баруун шилбэнд шарх’’ бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 27-28 дугаар тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 53 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт зорчин явахдаа .... УБС улсын дугаартай Киа маркийн автобусанд хохирогч Т.Утай “унтаж байхад сэрээлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний баруун хөлийн шилбэн тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Т.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд 24 цагийн үед ирсэн. Бид 3 шууд урагш гаран гармын урд гаран зүүн тийш бууж зогссон... Б, Б бид гурав хоол хийж виски хувааж ууссан. ...Нэг мэдсэн чинь өглөө болчихсон үүр цайсан байсан. Би Быг унтаж байхад нь сэрээн явах уу гэхэд намайг унтуулсангүй сэрээлээ гэж уурласан... бид хоёр муудаж Быг өшиглөх үед миний баруун хөлийн шилбэний дээд хэсгээр хутгаар зүссэн....’’ гэсэн мэдүүлэг, гэрч П.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...унтаж байхад, автобусны гадна хоёр хүн чанга, чанга яриад байхаар нь би тээврийн хэрэгслээс гарч харахад тээврийн хэрэгслийн үүд хэсэгт У, Б хоёр байж байсан. Уын баруун хөлийн өвдөгний хэсгээс цус гарсан байхаар нь та хоёр чинь нэгнийгээ яаж байгаа юм бэ гэхэд тэр хоёр харин тиймээ ахаа уучлаарай гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/0269 дугаартай “Т.Уын биед баруун шилбэнд шарх’’ бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Э.Б нь хохирогч Т.Утай “унтаж байхад сэрээлээ” гэж маргалдаж улмаар түүний баруун хөлийн шилбэн тус газарт хутгалж гэмтэл учруулж байгаа үйлдэл нь хохирогчид шууд чиглэсэн санаатай үйлдэл байна. Түүний учруулсан баруун шилбэний шарх бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмтэлд хамаарч байх тул эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Э.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Т.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “..надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэсэн /хавтаст хэргийн 74 дүгээр тал/ тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Бт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.ОтгонБ нь шүүгдэгч Э.Бт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Э.Бт танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Э.Б нь дээд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Я овогт Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Э.Бт оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үхрийн толгой бүхий зураглалтай, STAINLESS STELL гэсэн бичиглэлтэй, хүрэн өнгийн модон бариултай, хутганы ажлын хэсэг нь 14.7 см урттай, бариул нь 13 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН