Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
Хэргийн индекс | 167/2022/0108/Э |
Дугаар | 2022/ШЦТ/113 |
Огноо | 2022-06-30 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | М.Отгонбаатар |
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,
шүүгдэгч Ц.У нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гарам овогт Цэцэгмаагийн Ут холбогдох эрүүгийн 2219001940178 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.У /
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ц.У нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг дэвсгэрт хохирогч А.Быг зодож, түүний биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нурууны зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйл байхгүй. Өөрийн гэм бурууг ойлгож, гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
Хохирогч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр... У машинаас бууж ирээд миний шилэн хүзүү дагз хоёрын голд гараа зангидаж байгаад 1 удаа цохисон би цааш хараад явж байсан болохоор аль гараараа цохисныг нь санахгүй байна... би машины рулийн ард сууж байтал ухаан балартаад нүд эрээлжлээд байсан 1 мэдсэн чинь өглөө би айлын гадаа сууж явсан хөх цэнхэр пронтер дотроо доошоо харцан гарын алга дүүрэн цус нөж болсон нүүр битүү цустай сэрсэн... тэгээд бид 2 манай гэрийн гадаа ирээд би Ут хандан машинаасаа буугаад ир манайд ярилц гэсэн чинь юу яриад байгаа юм чи өөрөө уначихаад юу олон юм яриад байгаа гэж хэлээд явсан..." гэх мэдүүлэг( хавтаст хэргийн 7-8 дугаар тал),
Гэрч Г.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дэлгэрэх суман дээр очиход архи зарахгүй байсан учир Б, У, бид гурав манай амбаараас 0.75 литрийн архи аваад Дэлгэрэх сумаас 3 км зайд хөдөө очоод архиа хувааж уучихаад Ч гээд манай хуурай дүүгийнд 18 цагийн орчимд очсон. Чгийнд ороод очтол Ч бид гурав 0.5 литрийн хараа нэртэй архи гаргаж өгсөн. Би тэр архийг уучихаад унтаад өгсөн. Өглөө сэрсэн чинь У, Б хоёр байхгүй яваад өгсөн байсан...” гэх мэдүүлэг( хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02/0276 дугаартай “А.Бын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нурууны зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 18-19 дугаар тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 67 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.У нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас хойш 45 км-т байх хохирогч А.Бынд адуугаа авахаар очиж улмаар тэндээс архи уух зорилгоор Дэлгэрэх суманд ирцгээн буцах замдаа айлаар орж архи ууж замдаа маргалдан А.Бын нүүр лүү цохиж түүний биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нурууны зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр... У машинаас бууж ирээд миний шилэн хүзүү дагз хоёрын голд гараа зангидаж байгаад 1 удаа цохьсон би цааш хараад явж байсан болохоор аль гараараа цохисныг нь санахгүй байна..." гэсэн мэдүүлэг, гэрч Г.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дэлгэрэх суман дээр очиход архи зарахгуй байсан учир Б, У, бид гурав манай амбаараас 0.75 литрийн архи аваад Дэлгэрэх сумаас 3 км зайд хөдөө очоод архиа хувааж уучихаад Ч гээд манай хуурай дүүгийнд 18 цагийн орчимд очсон. Чгийнд очтол 0.5 литрийн хараа нэртэй архи гаргаж өгсөн.....” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02/0276 дугаартай “А.Бын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нурууны зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ц.У нь хохирогч А.Бтай согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ялимгүй зүйлээс маргалдан ,зүй бус харьцсан харьцааны улмаас зодож гэмтэл учруулсан үйлдэл нь хохирогчид шууд чиглэсэн санаатай үйлдэл байна. Шүүгдэгчийн хохирогчид учруулсан тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нурууны зулгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмтэлд хамаарч байх тул эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Ц.Уын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “..надад гомдол санал байхгүй, 1000,000 төгрөг авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй ” гэсэн /хавтаст хэргийн 76 дугаар тал/ тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Ут прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатар нь шүүгдэгч Ц.Ут холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Ц.Ут танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч Ц.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Ц.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хэрэг ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г овогт Ц.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ут 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Ц.Ут оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН