Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/114

 

 

      

 

 

 

   2022          07            01                                  2022/ШЦТ/114

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 Нарийн бичгийн дарга Э.Намуунзул, 

 Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

 Хохирогч Э.Г,

 Иргэний хариуцагч Говийн шилмэл зам ХХК-ны  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төмөрхуяг,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

 Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эд холбогдох эрүүгийн 2119001360190 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А.Э

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Говийн шилмэл зам ХХК-ийн уурхайн талбайд нүүрс угаах ажил хийдэг ажилчид зодлоо гэх зүйлээр шалтаглан тухайн ажилчид руу халдахаар ковш маркийн тээврийн хэрэгслийг жолоодон унаж явах үедээ хохирогч Э.Гийг мөргөж түүний биед “баруун дунд чөмөгний гандан хэсгийн далд хугарал, шаантны гандан хэсгийн далд хугарал, шилбэний түвшинд мэдрэлийн гэмтэл” бүхий гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв , нэмж хэлэх зүйл байхгүй. Өөрийн гэм бурууг хүлээж байна. Хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулна гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч А.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны шилжих шөнө Говийн шилмэл зам гэх нэртэй уул уурхайн компанид ажил  дээрээ... шөнө цайны цагийн үеэр... 0.75 литрийн Хараа, 0.5 литрийн Еvок нэртэй архийг тал хүртэл Нэргүй, Баттөмөр, Төгөлдөр бид 4 хувааж уусан... Тэгээд 01 цагт ажлын цаг эхлэх болоод ажилдаа гарсан. Ажиллаа хийж байх хугацаанд баяжуулах үйлдвэр дээр очоод овоолттой нүүрсийг машинаараа шанагдаж аваад пүүнкер лүү хийх гээд зөөлхнөөр гоожуулж байхад станцаар пүүнкэр дотор хүн байгаа нүүрс хийхгүй шүү гэж хэлэхээр нь би нүүрс хийхээ болиод зогсоогоод машинаасаа буугаад очиход пүүнкер дотроос нэг хүн гарч ирсэн. Тэгээд байж байхад Нэргүй ирээд намайг хүн аллаа гэж хэлээд цохихоор нь би маргалдаад байж байхад үйлдвэрийн ажилчид ирээд намайг зодож байхад хамт ажилладаг Дамдиндорж ирээд болиоч гэж хэлээд салгахад би машиндаа суугаад урд байсан 2 ковшийн араар нь тойроод гарахад хүн байна гээл хүмүүс орилоход би зогссон..., ... би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан маргаан болох үед ажилчид гарч ирээд намайг газарт унагааж хэдэн талаас татаж чангаагаад байхаар нь би уурлаж бухимдан ковшид орж асаагаад хүмүүсийг айлгах зорилготой ковшийг асааж явж байгаад хохирогчийг ковшийн шанагаар араас нь мөргөж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 146, 2 дугаар хавтаст хэргийн 60 дугаар тал),

 

Хохирогч Э.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эрүүл мэнд хэзээ зүгээр болох юм мэдэхгүй байна. Эмч нар цаг хугацаа их орно гэсэн. Ажил хийхгүй жил гаран боллоо. Цаашид яахаа мэдэхгүй байна, гол нь эрүүл мэнд л байна. Хурдан эдгэрмээр байна гэсэн мэдүүлэг,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төмөрхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай зүгээс одоогийн байдлаар хохирогчид 35,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг өгсөн, үүнээс 15,000,000 төгрөгийг 2 удаагийн хагалгааны зардалд, 20,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр  өгсөн. Цаашид тусламж дэмжлэг үзүүлнэ гэсэн мэдүүлэг,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( 1 дүгээр хавтаст хэргийн 3-7 дугаар тал),

Гэрч Б.Ойдовын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шөнийн 04 цагийн үед Говийн шилмэл зам ХХК-ийн пункер гацаад тэрийг цэвэрлэх гээд хоёр хүн дотор нь орсон байсан. Э нь дотор орсон байсан 2 хүн дээр нүүрс асгасан. Тэгэхээр нь бид нар гүйж очоод дотор нь хүн байна гэж хэлсэн. Ковшийн 3 операторыг ковшоо зогсоогоод амар гэж хэлсэн. Тэгэхэд тэр 3 амраагүй ба пункерт байсан 2 хүн гарч ирээд үйлдвэрт цэвэрлэгээ хийж дуусаад байж байтал гадна пункерээ дахин цэвэрлэхээр гарсан би үйлдвэр дотор үлдсэн байсан. 5 минут орчмын дараа араас нь гарахад ковшийн жолооч нар манай ажилчидтай зодолдож байсан. Би очиж салгаад байж байтал Э нь ковшруугаа авирч гараад ковшоо асаагаад элдэн хөөж эхэлсэн. Манай ажилтан Гийн араас хөөж эхэлсэн. Манай ажилтан Гийн араас хөөж явж байгаад шанагаар нь нь мөргөж 2 хөл дээр нь дарсан. Манай ажилчид зогсоогоод түлхүүрийг нь булааж авсан...’’ гэх мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар тал),

Гэрч Б.Ган-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:   “...2021 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 05 цаг 20 минутанд уг компаний орчуулагч Эрдэмт нь ирж уурхай талбай дээр байсан ковишийн жолооч нар архи уусан байхаар нь зогсолт хийлгээд хүрээд ирлээ гэж хэлж байсан. Удаагүй байж байтал хүмүүс бужигнаад явсан. Би ч араас бутлуурын үйлдвэр дээр 3 жолоочийн хамт очиход үйлдвэрийн хойд талд 1 залуу нүүрсэн дээр хэвтсэн байдалтай эмч очсон байсан... тухайн ажилчдыг шалгаж үзэхэд... Э... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн дохио өгч байсан...” гэх мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр тал),

Гэрч Б.Цэрэнпунцагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:   “...Төгөлдөр над руу залгаад маргааш 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн өдөр болно. Найздаа архи захиад өгчих гэж гуйхаар нь ажил дээр битгий уугаарай тааруулж ууна шүү гэж хэлсэн... би хэлснээр нь захиж өгсөн... орой 23 цаг 15 минутад Э руу чат бичсэн найзууд тааруулаарай гэсэн чинь уугаагүй ээ гэсэн хариу ирсэн. Ашгүй уугаагүй байна гээд санаа амраад унтсан...” гэх мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 20 дугаар тал),

Гэрч Н.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2021 оны 6 дугаар сарын 11-ний 19 цагт Олон овоотын 3 дугаар талбайд нүүрс буулгаад буцах үед ҮЗ-ийн жолооч Очироо бор өнгийн цаасан хайрцаг дотор жижиг угалсан хайрцагтай битүү боодолтой хайрцагтайг пүүк дээр очоод өгчих гэж хэлээд өгсөн... 20 цаг 28 минутад 80108825 дугаараас залгаад ирж байна уу пүүлэгч рүү ирчлээ гээд залгаж хэлсэн. Унтаж байх үед машины хаалга цохиод хайрцагтай юмаа авъя гэхээр нь хүү Анхбаярыг хайрцагтай зүйлийг нь аваад өг гэж хэлэхэд хүү авч өгсөн. Би хэн ирж хайрцагтай юм аа авсанг мэдэхгүй байна, харанхуйд царайг нь хараагүй...” гэх мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар тал),

Гэрч С.Дамдиндоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:   “...2021 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 05 цаг 10 минутын орчимд манай ажлын ковшийн жолооч Баттөмөр над руу залгаж “угаахын хэд чинь бид нарыг зодоод байна, хүрээд ир” гэж хэлсэн, тэгээд би уулын хэсэг дээрээс угаах үйлдвэр рүү өөрийн ажилд ашигладаг ковштойгоо очсон, намайг очиход Баттөмөр, Төгөлдөр, Э гурвыг угаахын 10 гаран хүн зодож байсан, би очоод болиоч гэж орилсон чинь нөгөө хүмуүс зодохоо болиод байж байтал Э гүйгээд өөрийн ковшид суугаад асаагаад миний ковш, миний ард зогсож байсан ковш хоёрын голоор эргэхэд замд нь байсан хүний ковшийн шанагаар мөргөөд зогссон. Би ковшноосоо буугаад очоод Эг буулгаад ковшийг холдуулсан ...манай 3 оператор архи уусан байсан... Э ямар хүнийг дайрсан талаар мэдэхгүй байна... тухайн дайруулсан хүн орилоод хэвтээд өгсөн...” гэх мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 36-37 тал),

"... хүмүүс маргаж муудахаа болиод ийш тийшээ тарцгаасан байдалтай байсан тэгтэл Э ковшруугаа гүйж ковшоо асаагаад миний жолоодож ирээд тавьсан ковшын ард тавьсан байсан 2 ковшын дундуур хүчтэй эргэж хүн мөргөж зогссон...” гэх мэдүүлэг ( 2 дугаар хавтаст хэргийн 62 дугаар тал),

Гэрч Г.Дарамбазарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:   “... 2021 оны 6 дугаар сарын 11-нээс 12-ны шилжих шөнө цагийг анзаараагүй угаах үйлдвэрлэл рүү зөөвөрлөдөг функер бөглөрсөн, тухайн үед бөглөөг арилгахаар манай ажилтан Г, Нэргүй нар бөглөрсөн функерыг ороод үйлдвэр бүрэн зогсож, орчуулагч Эрдэмтэд биеэр мэдэгдсэн юм. Тэгээд л Нэргүй нь түрүүлээд функер-с гараад ирсэн, функерээс Г нь гарах гээд толгойгоо зухуйлгасан чинь тухайн ажил үүрэг гүйцэтгэж байсан опериатрын жолооч Э нь функерт хүнтэй байхыг мэдээгүй аман дээрээс нь ковшоор бага зэрэг нүүрс асгасан... функер дээр байсан Нэргүй нь уурлаж функер РҮҮ нүүрс хийсэн ковшны опериатор Эг цохиж авсан... Би функерээс дээшээ өгсөөд үйлдвэр рүү орж байхад Э нь Эрдэмт гэх орчуулагчтай муудаад зогсож байгаа харагдсан... үйлдвэрт орчоод буцаад гарч ирэхэд Нэргүй, Э 2 нь хоорондоо хэрэлдээд байсан. Э нь Нэргүйг цохиж байгаа харагдсан яг хаана цохисныг бол хараагүй... Энэ явдлаас хойш... Нэргүй, Баттөмөр, Төгөлдөр нар бүгд архи ууна гэж ярьж байсан... Баттөмөр бид 2 муудалцаад ...Баттөмөр намайг тэвэрч аваад бид 2 зууралдаад нүүрсэн дээр унасан, Э нь араас ирээд намайг өшиглөсөн, тухайн үед тэнд байсан хүмүүс бүгд Эг барьж авсан... Би Баттөмөрийг тавиулаад тэнд байсан хүмүүсийг кемп рүү явцгаая гэж хэлээд явж байсан чинь Э нь цаашаа ковш руу гүйж байгаа харагдсан, мөн ковшт сууж асаахаар нь би хамт явсан хүмүүсээ үйлдвэр лүү ороорой гээд гүйсэн. Тээрмийн хэсэг дээр гүйж очиход Түмэнбаатар гэх туслах ажилтан хүн дарчихлаа гээд орилсон, буцаад гүйгээд бохир нүүрс хураасан хэсэг дээр очиход Э нь ковшийн жолоон дээр сууж байсан, хажууд нь Төгөлдөр гэх залуу зогсож байсан, цааш харсан ковшийн шанага доор Гийн 2 хөл дарагдсан байдалтай хэвтэж байсан ба Дамдин гэх ковшийн оператор нь Эгийн жолоодож байсан ковш дээр гарч Эг буулгаж тухайн ковшийг холдуулж бутлуурын техник байсан хэсэгт зогсоож тавьсан... Э, Төгөлдөр, Баттөмөр, Нэргүй нараас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан...” гэх мэдүүлэг( 1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),

Гэрч А.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр миний төрсөн өдөр болох гэж байсан ...Цэрэнпунцаг гэх пүүчид утсаар архи захьсан ...2021 оны 06 дугаар сарын 11-ний орой Цэрэнпунцаг захьсан архи чинь ирчихсэн гэхээр нь би 23 цаг 30 минутын орчимд очиж авсан. 2021 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө цайны цагаар цайндаа оролгүйгээр Нэргүй, Э, Баттөмөр бид 4 авчирсан архийг нүүрсний аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг контейнерт уусан. Архиа дуусаад бид шөнийн 02 цагт тус тус ажилдаа орж 04 цаг хүртэл ямарч асуудалгүй ажилласан. 04 цагаас хойш Э бид 2 солигдож Э ковш жолоодож эхний шанагыг хутгаж аваад бункерт нүүрс хийж байгаа харагдсан, би зөрөөд урд талын талбай руу ковштой явсан, 5-10 минутын дараа буцаж ирэхэд Эг Нэргүй болон угаалга хийдэг ажилчид зодож байсан, би шууд очоод салгасан чинь угаалгын 3 залуу намайг газарт унагааж 1-2 удаа өшиглөсөн, тухайн үед нүүрсний хажууд хүн мөргөчихлөө гээд Очироо гээд залуу орилхоор нь би гүйж очиход Г нь нүүрсэн дээр ковшийн шанаганд даруулсан, ковшийн Э жолоодсон байдалтай байсан. Э нь ковшоо хөдөлгөж чадахгүй сандарсан байхаар нь би хажуугаар нь орж тоормозыг нь дарсан чинь Дамдиндорж хажуугаар нь орж Эгийн унаж байсан ковшийг унаж цаашаа аваачиж зогсоосон...” гэх мэдүүлэг( 1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар тал),

Гэрч О.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Баттөмөр архи уух уу гэхэд Дарамбазар үгүй гэсэн чинь архи ууж чадах биш гээд басан байдлаар хэлсэн юм. Тэр асуудлаасаа болоод тэр 2 маргалдаад цэнхэр бутлуурын хажууд заамдалцаад зогсож байтал араас нь Э Дарамбазарын араас нь өшиглөсөн. Би Дарамбазар, Баттөмөр 2-ыг салгаад байж байтал Э ковшоо асаагаад эргэхэд Дарамбазар үйлдвэр лүү гүйгээрээ гэж хэлэхэд бүгд гүйж байтал Г 2 ковшийн голд гүйж яваад араас нь Э ковшоороо мөргөсөн, Түмээ ах хүн дарчихлаа ковшийн шанагаар гээд орилохоор нь буцаад очиход Дамдиндорж гэх ковшийн оператор Эг ковшноос буулгаж ковшийг холдуулсан... манай ажпын залуучууд Эг цохиж, зодсон байж магадгүй... би бодохдоо хүмүүсийг айлгах гэж ковшоо асаасан гэж бодож байна...” гэх мэдүүлэг( 1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр тал),

Гэрч Б.Баттөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цаг 10 минутаас 01 цаг 10 минутын хооронд цайндаа орохгүйгээр Нэргүй, Э бид нар Төгөлдөрийн авчирсан 2 шил архийг нүүрсний аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг кантерт очиж уусан... 02 цагт тус тусын ажилдаа орж 04 цаг хүртэл ямар ч асуудалгүй ажлаа хийж байсан юм. Станцаар хүмүүс бие биенээ дуудаад байхаар нь ковшоосоо буугаад бутлуурын функер лүү очсон ...Э, Төгөлдөр нар тус тусдаа 2-3 залуучуудтай маргалдаж зодолдсон байдалтай зууралдсан байсан би тухайн үед Эг салгасан чинь угаалгын ажилчид салгаж байгаа нэртэй энд тэндээс цохиод байсан, ...би Дамдиндоржийг гар утсаар дуудсан чинь Дамдиндорж ирээд хөөе болиочээ гэж орилсон чинь бүгд хэдэн тийшээ тарсан, тэгээд л Э гүйх шиг болохоор нь харсан чинь ковш руу орж ковшоо асаагаад хөдлөж байгаа харагдсан. Тэгээд Дамдиндоржийн ковшийн араар орох шиг болсон, цаана нь хүмүүсийн чарлах чимээ гарсан, тэгээд очоод харахад Э, Төгөлдөр нар нь Эгийн унадаг ковшийн кабин дотор байсан, ковшийн шанаганы доор Г хэвтэж байгаа харагдсан, Дамдиндорж нь Эг холдуулж ковшийг нь холдуулсан” гэх мэдүүлэг( 1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар тал),

Хохирогч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э болон нөгөө 2 ковшчин нь Нэргүй ах болон манай ажилчидтай хэрэлдэж муудалцсан. Тэгэхэд би нүүрсэн дээр байсан. Э ах уурандаа ковшоо жолоодож хөдөлгөөд шууд намайг чиглэж давхиад миний 2 хөл рүү ковшийн шанагаар цохиод миний баруун хөлний дунд чөмөгний яс хугарсан, зүүн хөлний шилбэ хугарсан, баруун хөлний судас тасарсан ...Улаанбаатар хотод Мөнгөн гүүр эмнэлэгт очиж хагалгаанд орсон, хагалгааны зардалд 8.000.000 төгрөг, сэргээн засах зардалд 600.000 төгрөгийг тус тус Говийн шилмэл зам ХХК-ниас гаргасан ба Э ах эмчилгээний төлбөртөө зарцуул гэж 600.000 төгрөг өгсөн. ...би гомдолтой байна, ажиллах хөдөлмөрийн чадваргүй болсон, цаашид эрүүл мэндээрээ хохирч байна. Мөнгөн гүүр эмнэлгийн эмч хэлэхдээ 2 жилийн дараа хөлний хадаасаа авхуулна, хадаас авахаас өмнө ажил хийх боломжгүй гэж хэлсэн. Би буруутай этгээдээс 2 жилийн ажиллах цалингаа гаргуулж авах хүсэлтэй байна. би сард 1.900.000 төгрөгний цалинтай ажилладаг байсан ба 24 сараар бодохоор 45.600.000 төгрөг болж байгаа, одоо би группд орох заалттай байгаа ...баруун хөл мэдээ орохгүй байгаа, одоо гипсдүүлээд суга таягтай явж байгаа ...Говийн шилмэл зам ХХК одоогийн байдлаар эмчилгээний зардалд 12 сая гаруй төгрөг өгсөн. Э нь 1.300.000 төгрөг өгсөн тэрнээс хойш холбоо бариагүй байна. цаашид судас залгуулах хагалгаанд орно, сэргээн засах эмчилгээ хийлгэнэ. Говийн шилмэл зам ХХК зүгээс эмчилгээний зардалд эхний ээлжинд 20.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн ба дараа дараагийн эмчилгээнд тусална гэсэн. Эд гомдолтой байна, эмчилгээний зардалд бага ч гэсэн тус хүргэхгүй байгаа ...Говийн шилмэл' зам ХХК-д гомдолгүй ...надаас эмчилгээний зардалтай холбоотой одоогийн байдлаар 7-8 сая төгрөг зарцуулаад байгаа, мөн цаашид хагалгаанд орж эмчилгээ хийлгэнэ, би гэм буруутай хүнээс эмчилгээнд одоо гаргасан байгаа зардал болон цаашид хийгдэх эмчилгээний зардлыг нэхэмжилнэ, мөн би эмчилгээ хийлгэж эдгэрэлтийн байдлаас болж хэдий хугацаанд ажил, төрөлгүй байхаа мэдэхгүй байгаа болохоор өөрийн ажилгүй байх хугацааны цалин болох сарын 1.800.000 төгрөгийг нэхэмжпэх хүсэлтэй байна. миний хувьд ажил төрлөө хийж яваад эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. цаашид прокурор, шүүхийн шатанд хохирлын баримтыг гаргаж өгнө” гэх мэдүүлэг( 1 дүгээр хавтаст хэргийн 61-62, 105-106 дугаар тал),

 “...Говийн шилмэл зам ХХК-ийн зүгээс 2 удаа хагалгаанд орсон зардал болон бусад эмчилгээний зардлын мөнгө болох нийт 35.000.000 төгрөг өгсөн. Миний хувьд Говийн шилмэл зам ХХК-аас эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжпэх зүйл гомдол санал байхгүй. Миний бие гэмтэл учруулсан Э гэх залууд гомдолтой байна...” гэх мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 235 дугаар тал),

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 04/154 дугаартай “...Э.Гийн биед баруун дунд чөмөгний гандан хэсгийн далд хугарал, шаантны гандан хэсгийн далд хугарал, шилбэний түвшинд мэдрэлийн гэмтлүүд тогтогдлоо. ...мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийн удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана” гэх дүгнэлт( 1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дугаар тал),

Гэрч Б.Хосбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Э.Гийн 2 хөл нь хугаралтай байсан ба баруун хөлний чөмөг хугарч мэдрэл гэмтсэн мөн зүүн хөлний шилбэ хугарсан байсан..." гэх мэдүүлэг( 1 дүгээр хавтаст хэргийн 119 дүгээр тал),

Гэрч Ч.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нөхөр А.Э 2021 оны 06 дугаар сарын 13- ны өдөр Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт ирсэн байна ажил дээрээ хүн мөргөсөн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг( 1 дүгээр хавтаст хэргийн 150 дугаар тал),

 Ослын судалгааны тайлан ( 2 дугаар хавтаст хэргийн 10-21 дүгээр тал),

 Аюулгүй ажиллагааны зааварчилгаа ( 1 дүгээр хавтаст хэргийн 65-68 дугаар тал),

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 69 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан  гэрч Б.Ойдов, Б.Ган-Очир, Б.Цэрэнпунцаг, Н.Гантөмөр, С.Дамдиндорж, Г.Дарамбазар, А.Төгөлдөр нарын мэдүүлэг , аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 04/154 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар шүүгдэгч А.Э нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Говийн шилмэл зам ХХК-ийн уурхайн талбайд нүүрс угаах ажил хийдэг ажилчид зодлоо гэх үндэслэлээр өөрин эзэмшиж байсан ковш маркийн тээврийн хэрэгслээ жолоодон  хохирогч Э.Гийг мөргөж түүний биед “баруун дунд чөмөгний гандан хэсгийн далд хугарал, шаантны гандан хэсгийн далд хугарал, шилбэний түвшинд мэдрэлийн гэмтэл” бүхий шарх гэмтэл үүсгэсэн гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “олон хүний амь бие,эрүүл мэнд,эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар”, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 11.4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хохирогчийн бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Учир нь шүүгдэгч А.Э нь хохирогч Э.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулахдаа олон хүний амь бие,эрүүл мэндэд хохирол учруулж болох аргаар буюу үйлдвэрийн хашаан дотор ажилчид муудалцаж байх үед өөрийн эзэмшиж байсан ковш маркийн тээврийн хэрэгслийг хөдөлгөн бусад руу чиглэсэн үйлдэл хийсэн,хүнд даацын техникээр бусдын эрүүл мэндэд хохирол учруулж сэтгэл санааны шаналал,зовиур үүсгэсэн гэж үзэх үндэслэл нь гэрч О.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Баттөмөр архи уух уу гэхэд Дарамбазар үгүй гэсэн чинь архи ууж чадах биш гээд бассан байдлаар хэлсэн юм. Тэр асуудлаасаа болоод тэр 2 маргалдаад цэнхэр бутлуурын хажууд заамдалцаад зогсож байтал Э Дарамбазарын араас нь өшиглөсөн. Би Дарамбазар, Баттөмөр 2-ыг салгаад байж байтал Э ковшоо асаагаад эргэхэд Дарамбазар үйлдвэр лүү гүйгээрээ гэж хэлэхэд бүгд гүйж байтал Г 2 ковшийн голд гүйж яваад араас нь Э ковшоороо мөргөсөн, Түмээ ах хүн дарчихлаа ковшийн шанагаар гээд орилохоор нь буцаад очиход Дамдиндорж гэх ковшийн оператор Эг ковшноос буулгаж ковшийг холдуулсан.. би бодохдоо хүмүүсийг айлгах гэж ковшоо асаасан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Дарамбазарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Баттөмөр бид 2 муудалцаад ...Баттөмөр намайг тэвэрч аваад бид 2 зууралдаад нүүрсэн дээр унасан, Э нь араас ирээд намайг өшиглөсөн, тухайн үед тэнд байсан хүмүүс бүгд Эг барьж авсан... Би Баттөмөрийг тавиулаад тэнд байсан хүмүүсийг кемп рүү явцгаая гэж хэлээд явж байсан чинь Э нь цаашаа ковш руу гүйж байгаа харагдсан, мөн ковшт сууж асаахаар нь би хамт явсан хүмүүсээ үйлдвэр лүү ороорой гээд гүйсэн...”гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ойдовын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 5 минут орчмын дараа араас нь гарахад ковшийн жолооч нар манай ажилчидтай зодолдож байсан. Би очиж салгаад байж байтал Э нь ковшруугаа авирч гараад ковшоо асаагаад элдэн хөөж эхэлсэн. Манай ажилтан Гийн араас хөөж эхэлсэн. Манай ажилтан Гийн араас хөөж явж байгаад шанагаар нь нь мөргөж 2 хөл дээр нь дарсан...”гэсэн мэдүүлэг,шинжээч эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 04/154 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийн удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэгдсэн ба энэ нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл,эс үйлдэхүйн улмаас хохирол,хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Э нь хохирогч Э.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулахдаа олон хүний амь бие,эрүүл мэндэд хохирол учруулж болох аргаар, бие махбодын,сэтгэл санааны шаналал ,зовиур үүсгэсэн  гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4/энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл,эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэгт тооцно/, 2.3 дугаар зүйлийн 2/өөрийн үйлдэл,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно/ заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2,3-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

Шүүгдэгчид 1 удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж ял сонсгон, яллагдагчаар татсан мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэж заасан тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг давхар баримтлах шаардлагагүй гэж үзлээ.

 

           Хохирол төлбөрийн талаар:

Иргэний хариуцагч байгууллага “Говийн шилмэл зам “ ХХК нь хохирогчид 2 удаагийн хагалгааны зардалд 15,000,000 төгрөгийг, хохирогч Э.Г нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд өртсөн гэж тус компаниас Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг 2021 оны 07 сарын 20-ны өдөр үйлдсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд зааснаар хохирогчтой харилцан тохиролцон 20,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн байна. Цаашид тусламж дэмжлэг үзүүлэхээ шүүхийн хэлэлцүүлэгт тус компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төмөрхуяг мэдүүлсэн болно.

Хохирогч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Миний эрүүл мэнд бүрэн эдгэрээгүй, цаашид яахыг мэдэхгүй байна. Ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа болохоор эм тариа, юмны үнэ өсч байгаа үед хэцүү байна. Эгаас хохирол төлбөр нэхэмжилмээр байна. Э 2 450 000 төгрөг өгсөн нь үнэн. 6374418 төгрөгийн баримт өгсөн. Үүнийг Эгаас нэхэмжлэнэ, өгсөн мөнгийг хасч тооцохгүй, цаашид эмчлүүлнэ” гэж мэдүүлсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд... хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хуульд заасны дагуу шүүгдэгч А.Э өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Э.Г өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг хуульд заасан арга хэлбэрээр арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Хэргээс үзэхэд хохирогч С.Гийн эмчилгээний болон бусад зардалд 6,374,418 төгрөгийн баримт хавсаргагдаж ирсэн байх бөгөөд иргэний хариуцагч байгууллагын хохирогчид төлсөн 35,000,000 төгрөгөнд дээрх нэхэмжлэл ороогүй болох нь баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс өөрийн өгсөн 2,450,000 төгрөгийг хасч тооцохгүйгээр төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгчээс 6,374,418 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал  болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Эг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Э нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-т зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй ба 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс үйлчилж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно. 

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, тус хууль 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “...энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж,

мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

            Шүүгдэгч А.Эгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-т заасан гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаа нь /2021 оны 06 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө/ 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх үйлдэл байх бөгөөд шүүгдэгч А.Э болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй.” гэсэн болно.

            Шүүгдэгч А.Эгийн хувийн байдал болон түүний үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 6, 7 дугаар зүйлээр тогтоосон хязгаарлалт болон 9 дүгээр зүйлд заасан хоригт тус тус хамаарахгүй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

        Бусад асуудлаар:

Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй ,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Шүүгдэгч А.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “олон хүний амь бие,эрүүл мэнд,эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, мөн  бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн”  гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 2-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

       3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эгаас 6,374,418 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Гд олгож, хохирогч өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН