Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/115

 

     

 

 

    2022         07           01                                      2022/ШЦТ/115

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг,

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн 2219000000155 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, А.Б

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.Б нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хүрээгийн бууц гэх нэршилтэй газарт байрлах гэртээ эхнэр Д.Аг “урьд бусадтай харилцаж байсан” гэх зүйлээр шалтаглан хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийхгүй байх, бусадтай харилцахыг хязгаарлаж, улмаар зодож, түүний биед зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи..., зүүн хөмсөгт зулгаралт” бүхий гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 05 дугаар 10-ны өдрийн 22 цагийн үед энхэр А, найз Гантөмөр, Мөнхцэцэг нарын хамт өөрийн гэртээ 5 пиво уусан. Мөнхцэцэг гэр лүүгээ явж, Гантөмөрийг тасраад унтаж байхад эхнэр маань босооч гээд хувцаснаас нь татаж ураад байхаар нь би “боль л доо чи яах гээд байгаа юм” гэсэн миний толгой руу нэг цохиод би зөрүүлээд нүүр рүү нь цохисон гэсэн мэдүүлэг,

 

          Хохирогч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хүрээгийн бууц гэх газар би өөрийн гэрт 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шөнийн 23 цагийн орчимд нөхөр А.Б, найзууд болох М.Мөнхцэцэг, Б.Амаржаргал, Г.Гантөмөр нарын хамт Сэнгүр нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво 5 ширхгийг уусан. 2022 оны 05 дугаар сарын 11-ний өглөөний 05 цаг болтол ууж байгаад манай нөхөр БатЗ намайг хүнтэй чааталсан гэх шалтгаанаас болоод маргалдсан. Тэгээд би уур хүрээд БатЗг гараараа толгой руу нь цохисон чинь миний зүүн нүд рүү манай нөхөр БатЗ гараараа миний зүүн нүд рүү 1 удаа цохисон. Тэгээд үснээс үсдээд татсан...” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 5-6 дугаар тал),

 

         Гэрч Ө.Ариунтунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 06 цаг 30 минут болж байхад манай худ Алтанцэцэг гэрт орж ирээд А, БатЗ хоёр зодолдоод ирж ав гэсэн байна гэж хэлсэн... хөдөө очиход БатЗ, Гантөмөр гэх залуу хоёр гэрийн гадаа тамхи татаад сууж байсан... гэр лүү явж ороход манай охин А гэртээ нүд нь хавдчихсан... гэр орон нь эмх замбараагүй байдалтай байсан... БатЗд хандаж чи юу болоод байгаа юм яагаад эхнэрээ зодсон юм гэхэд та явуулдаг газартаа явуулчих, цагдаагаа дууд гэсэн зүйл яриад мөн Аг өмнө нь нэг хүнтэй явалдаад байсан талаар яриад байсан...” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 7 дугаар тал),

                   

          Гэрч Д.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 05 цаг өнгөрч байхад манай төрсөн дүү Д.А залгаад З намайг зодчихлоо та аав, ээжийг дагуулаад хүрээд ир миний нүд хавдаад таглагдчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр тал),

 

          Гэрч М.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А, БатЗ нарын хөдөө гэрт нь шөнө 23 цаг болж байхад очсон бид хэд гэрт нь очоод нөгөө караокег нь тохиргоог хийчхээд бид нар сууж сэнгүр нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво 4 ширхгийг хувааж ууцгааж дуусгаад өглөө 05 цаг жоохон өнгөрөөгөөд Амаржаргал бид хоёр харилаа гээд сумын төв рүү явсан... бид хоёрыг явахад БатЗ, А хоёр муудаж маргалдсан зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 02/0268 дугаартай “Д.Агийн биед зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт” бүхий гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

         

          Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-43-51/, Яллагдагч А.Бгийн "... 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 05 цагийн үед би эхнэр Атай өмнө жил өөр хүнтэй чатаар чаатлаад байсан талаар ярьж маргалдсан. Энэ үед эхнэр А намайг гараараа цохиод авахаар би уур хүрсэндээ зөрүүлээд эхнэр Агийн зүүн нүдэнд гараараа 1 удаа цохисон, эхнэр над руу дайраад байхаар нь би гэрээс гарч гадаа байсан машиндаа суусан... би архи ууж согтуурсан үедээ эхнэр Д.Аг хардсан асуудлаас болж зодож биед нь гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж байна...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 70-71 дүгээр тал),

  

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 43 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хүрээгийн бууц гэх газарт байх гэртээ эхнэр Д.Аг  бусадтай чааталсан гэх шалтгаанаар түүний зүүн нүд рүү 1 удаа цохиж “зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи..., зүүн хөмсөгт зулгаралт” бүхий гэмтэл  буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 11-ний өглөөний 05 цаг болтол ууж байгаад манай нөхөр БатЗ намайг хүнтэй чааталсан гэх шалтгаанаас болоод маргалдсан. Тэгээд би уур хүрээд БатЗг гараараа толгой руу нь цохисон чинь гараараа миний зүүн нүд рүү 1 удаа цохисон. Тэгээд үснээс үсдээд татсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ө.Ариунтунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 06 цаг 30 минут болж байхад манай худ Алтанцэцэг гэрт орж ирээд А, БатЗ хоёр зодолдоод ирж ав гэсэн байна гэж хэлсэн... хөдөө очиход... гэр лүү явж ороход манай охин А гэртээ нүд нь хавдчихсан... гэр орон нь эмх замбараагүй байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 05 цаг өнгөрч байхад манай төрсөн дүү Д.А залгаад З намайг зодчихлоо та аав, ээжийг дагуулаад хүрээд ир миний нүд хавдаад таглагдчихлаа гэсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А, БатЗ нарын хөдөө гэрт нь шөнө 23 цаг болж байхад очсон ...сэнгүр нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво 4 ширхэгийг хувааж ууцгааж дуусгаад өглөө 05 цаг жоохон өнгөрөөгөөд Амаржаргал бид хоёр харилаа гээд сумын төв рүү явсан... бид хоёрыг явахад БатЗ, А хоёр муудаж маргалдсан зүйл байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг,        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 02/0268 дугаартай “Д.Агийн биед зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт   зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

         Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал буюу гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодох, догшин авирлах... хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогдох бөгөөд шалтгаан нь үл ялих зүйл болон тодорхой шалтгааны аль алинаар үйлдэгдэж болдог.

 

         Шүүгдэгч А.Б нь эхнэр Д.Аг зодож гэмтэл учруулах болсон шалтгаан нь эхнэрээ хардаж,улмаар зодож хөнгөн гэмтэл учруулсан нь баримтаар тогтоогдсон, хохирогч Д.А “манай нөхөр зодож цохиж байгаагүй, сая болсон асуудал архи ууснаас болоод л маргалдсан” гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн боловч энэ нь гэрч Ө.Ариунтунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ миний мэдэж байгаагаар БатЗ, А хоёр муудаж маргалдаад байх асуудал байсан. Миний охин А БатЗгоос салмаар байна гэж хүртэл дуудаж байсан. Муудаж сайддаг асуудлаа нуудаг хүмүүс, зодож цохиод байна гэж ярьж байгаагүй” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Азжаргалын мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн “миний хувьд БатЗг нууц, далд аргаар хүчирхийлэл үйлддэг гэж бодож байна. 2021 оны 08 сард шиг санаж байна БатЗ Агийн хоолойг боосон гээд хоолойд нь мөр гарсан байсан...”гэсэн мэдүүлэг, Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын “архи уусан үедээ эхнэртээ муухай ааш гаргаж хэрүүл маргаан өддөг” гэсэн үнэлгээ зэрэг нотлох баримтаар сэтгэл санаа,бие махбодын байдлаараа хохирч байсан гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.

 

        Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.

 

         Шүүгдэгч А.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

 Хохирол төлбөрийн талаар:

 Хохирогч Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1200,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг хувийн байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан болно.

 

Шүүгдэгч А.Б нь урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

        Бусад асуудлаар:

Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч А.Бд оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг  дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН