Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/118

 

 

 

  

 

           

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

Улсын яллагчаар хяналтын  прокурор  Б.Ариунтөр,

Шүүгдэгч Д.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Пид холбогдох эрүүгийн 2219000000163 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.П

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.П нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Морьтой хөшөөний уулзвар дээр ... дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авсан.”, мөн дүрмийн 16.1 дүгээр зүйлд заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчтой зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн Б.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Д.Пийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 4 дүгээр сарын 25-ны өдөр ажлынхантайгаа өглөө эрт Замын-Үүд шүү томилолтоор яваад үдээс хойш 116 аг өнгөрөөгөөд ирсэн байсан. Ажлаасаа тараад явж байхад морьтой хөшөөний уулзвараар 2 хүн явган хүний гарцаар гарч байсан. Эхний хүн нь гараад 2 дахь хүн нь гэнэт уулзвар дээр зогссон. Тэр үед зөөлхөн явж байсан болохоор тоормосоо гишгээд машин гулсаж очоод осол гаргасан. Энэ хугацаанд хохирогчийг 4 удаа эргэсэн. Улаанбаатар эмчилгээнд явахад өөрөөсөө зардлаа гаргаж хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг,

 

Осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлт( хавтаст хэргийн 4-11 дүгээр тал),

 

Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл( хавтаст хэргийн 12 дугаар тал)

 

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...морьтой хөшөөний уулзварын урд талын явган хүний гарцаар баруунаас зүүн тийш зам хөндлөн гарч байтал миний танил Чинбат гэж хүү машинтай хажуугаар харалдаа цонхоороо намайг дуудахаар нь гарцан дээр түр зогсоод урагшаа хартал хойноос ирж байсан приус маркийн тээврийн хэрэгсэл гарцан дээр намайг мөргөсөн...миний баруун талын шилбэ болон шагайн хэсгээр хоёр хугарсан, эмч эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэж хэлээд одоо мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

 

Гэрч Б.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...ард явган хүний гарц дээр Баянааг хойноос ирж байсан улсын дугаар нь сайн санахгүй байна саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөөд зогссон. Би машинаас буугаад явган хүний гарц дээр очтол Баянаа машинд мөргүүлээд явган хүний гарцан дээр унасан байдалтай хэвтэж байсан, би яагаад явган хүний гарцан дээр хүн мөргөчихвөө зогсож болоогүй юм уу гэж асуухад тухайн жолооч би уг нь зөөлхөн явсан юм гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 21 дүгээр тал),

 

Техникийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлт( хавтаст хэргийн 2-24 дүгээр тал),

 

 Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02/0279 дугаартай “1. Б.Бын биед баруун шаант ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт( хавтаст хэргийн 46 дугаар тал),

 

Мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай “Приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.П нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 16.1 дүгээр зүйлд заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.” гэх магадалгаа ( хавтаст хэргийн 49 дүгээр тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 62 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна  гэж шүүх үзэв.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.П нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 16.1 дүгээр зүйлд заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний  улмаас зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн болох нь  Мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай магадлагаа, хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...морьтой хөшөөний уулзварын урд талын явган хүний гарцаар баруунаас зүүн тийш зам хөндлөн гарч байтал миний танил Чинбат гэж хүү машинтай хажуугаар харалдаа цонхоороо намайг дуудахаар нь гарцан дээр түр зогсоод урагшаа хартал хойноос ирж байсан приус маркийн тээврийн хэрэгсэл гарцан дээр намайг мөргөсөн......”гэсэн мэдүүлэг, гэрч Б.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...ард явган хүний гарц дээр Баянааг хойноос ирж байсан улсын дугаар нь сайн санахгүй байна саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөөд зогссон. Би машинаас буугаад явган хүний гарц дээр очтол Баянаа машинд мөргүүлээд явган хүний гарцан дээр унасан байдалтай хэвтэж байсан, би яагаад явган хүний гарцан дээр хүн мөргөчихвөө зогсож болоогүй юм уу гэж асуухад тухайн жолооч би уг нь зөөлхөн явсан юм гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг, Техникийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Пийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Морьтой хөшөөний уулзвар дээр ... дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин явган зорчигч Б.Быг мөргөн баруун шаант ясны хугарал гэмтэл буюу  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02/0279 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх,эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж байгаа үйлдэл юм.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч Д.Пид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Б.Б нь шүүхийн шатанд  ирүүлсэн хүсэлтдээ: ...П нь намайг машинаараа санаатай дайраагүй учраас би мөрдөн байцаагчид гомдолгүй гэж хэлсэн. Харин машин барин замын хөдөлгөөнд оролцож явахдаа туйлын анхаарал болгоомжгүй явж ийм хэрэг үйлдсэнд нь би гомдолтой байна. Гэмтэл авснаас хойш одоо болтол надад учирсан гэмтлийн хор уршиг арилаагүй, бие мах бодиороо шаналж, сэтгэл санааны зовлон эдэлж, тэтгэврийн хоёр хөгшний /эцэг эхийн/ асрамжид асруулж сувилуулж байна. Учирсан гэмтлийнхээ хор уршгийг хэдийд ямар байдлаар яаж арилахыг хэлж мэдэх юм надад алга. Иймд шүүх хуралдаанаас хойш цаашид гарах эмчилгээний зардал болон шаардлагатай бусад зардлыг Д.Поос нэхэмжилнэ гэжээ.

Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах зэрэг зайлшгүй бүх зардлыг төлөх үүрэгтэй.

Шүүгдэгч нь хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,000,000 төгрөгийг өгсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн байна. Хохирогч шүүхийн шатанд баримтаар хохирол нэхэмжлээгүй ба түүний эрүүл мэнд бүрэн эдгэрээгүй болох нь тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн  иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Пид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж нь шүүгдэгч Д.Пид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Д.Пид танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Д.Пийн хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн,цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

 

 Шүүгдэгч Д.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.П нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Д.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Шүүгдэгч Д.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  3.Шүүгдэгч Д.Пид оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба  хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Поос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АДЪЯАСҮРЭН