Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/119

 

 

 

 

 

 

2022             07            04                                         2022/ШЦТ/119

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Тод холбогдох эрүүгийн 219000000139 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Н.Т

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Т нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн орчимд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт төмөр замын барилгын далан шорооны үйл ажиллагаа явуулж буй “....” ХХК-ны далан шорооны ажлын талбай дээр тус компаний ажилтан  Х.Гтай маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр буулгах талбайг буруу зааж өгснөөс болж Гтай муудалцсан.Тэгээд би Хово маркийн тээврийн хэрэгслээсээ бууж ирээд олигтойхон зааж өгсөнгүй гэхэд миний хөл рүү өшиглөсөн, тэгэхээр нь би уурлаад нүүр лүү нь 1 удаа гараараа цохьсон. Хохиролд 2000000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг,  

 

Хохирогч Х.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед байх талбай дээр шороо зөөж байгаа тээврийн хэрэгслүүдийн ресийг тоолох ажлаа хийж байтал 83-33 гэсэн улсын дугаартай серийг нь санахгүй байна буулгагч Хово маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.Т гэх залуу ачиж ирсэн шороогоо буруу газар буулгах гэхээр нь би гараараа дохио өгөөд энд буулгаж болохгүй, өөр газар буулгах талаар мэдэгдсэн боловч Н.Т гэх залуу надаас зөрж буруу газар шороог буулгасан...та бууж ирээд асгасан шороогоо хар буруу газар буулгачихлаа гэж хэлсэн. Н.Т тээврийн хэрэгсэлээс бууж ирээд шууд миний зүүн шанаа тус газар 2-3 удаа гараараа цохьсон, энэ үед би хойшоо газар унасан, хамраас цус гарсан...миний зүүн нүдний дотор ухархайн яс цөмөрсөн гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 7 дугаар тал)

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02/0249 дугаартай “1. Х.Ггийн биед зүүн нүдний ухархай дотор ханын хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 20-21 дүгээр тал)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 16 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Т нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн орчимд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт төмөр замын барилгын далан шорооны үйл ажиллагаа явуулж буй “....” ХХК-ны далан шорооны ажлын талбай дээр тус компаний ажилтан  Х.Гтай “буулгах талбайг буруу зааж өглөө” гэж маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Х.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед байх талбай дээр шороо зөөж байгаа тээврийн хэрэгслүүдийн ресийг тоолох ажлаа хийж байтал ...жолооч Н.Т гэх залуу ачиж ирсэн шороогоо буруу газар буулгах гэхээр нь би гараараа дохио өгөөд энд буулгаж болохгүй, өөр газар буулгах талаар мэдэгдсэн боловч Н.Т гэх залуу надаас зөрж буруу газар шороог буулгасан...та бууж ирээд асгасан шороогоо хар буруу газар буулгачихлаа гэж хэлсэн. Н.Т тээврийн хэрэгсэлээс бууж ирээд шууд миний зүүн шанаа тус газар 2-3 удаа гараараа цохьсон, энэ үед би хойшоо газар унасан, хамраас цус гарсан...миний зүүн нүдний дотор ухархайн яс цөмөрсөн гэмтэл учирсан...” гэсэн мэдүүлэг, шүүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02/0249 дугаартай “1. Х.Ггийн биед зүүн нүдний ухархай дотор ханын хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Н.Т нь хохирогч Х.Гтай ажлын талбай дээр үл ойлголцлын  улмаас маргалдан зүүн шанаанд нь цохиж гэмтэл учруулсан үйлдэл нь хохирогчид шууд чиглэсэн санаатай үйлдэл байна. Шүүгдэгчийн хохирогчид учруулсан зүүн нүдний ухархай дотор ханын хугарал бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмтэлд хамаарч байх тул эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Н.Тын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Х.Г мөрдөн шалгах ажиллагаанд “..хохирлын 2000,000 төгрөгийг бүрэн авсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэсэн /хавтаст хэргийн 63 дугаар тал/ тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Тод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж нь шүүгдэгч Н.Тод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Н.Тод танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч  Г.Н.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

         Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

        Бусад асуудлаар:

Шүүгдэгч Н.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Н.Т нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тод 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Н.Тод оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг  дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Тод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.АДЪЯАСҮРЭН