Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорийн Нямдэлгэр |
Хэргийн индекс | 128/2020/0623/З |
Дугаар | 128/ШШ2020/0804 |
Огноо | 2020-12-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2020/0804
2020 оны 12 сарын 21 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2020/0804
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Н ХХК, /
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хороо
Гуравдагч этгээд: Т ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай Даатгалын нөхөн төлбөр олгох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Т ХХК-тай ... дугаартай Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан бөгөөд даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагдсан авто тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 100 хувь нөхөн төлөхөөр тохиролцсон.
Т ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбараас 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 40/172 дугаартай албан бичгээр манай компанийн Хөвсгөл аймагт байрлах салбарт хандаж Т ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын ажилтан С.Б, О.И нар албан томилолтоор Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ажиллаж байгаад буцах замдаа буюу 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Т ХХК-ийн эзэмшлийн даатгагдсан автомашин болох ... ХӨВ улсын дугаартай ... маркийн автомашинаар зорчиж явахдаа тус аймгийн Цагаан-Уул сумын нутаг Цэлгэрийн хөтөл гэх газарт зам тээврийн осол гаргаж, даатгалын тохиолдол үүссэн талаар мэдэгдсэн ба даатгалын нөхөн төлбөрт 19,638,000 төгрөг гаргуулах хүсэлтээ илэрхийлж, холбогдох баримтуудыг ирүүлсэн.
Т ХХК-аас ирүүлсэн баримтуудтай танилцаж үзэхэд Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7.10 дахь заалт буюу даатгалд хамрагдахгүй нөхцөлд хамаарах, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн дэслэгч Ж.Нийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №12 тоот тодорхойлолтоор баталгаажсан тул манай компанийн зүгээс 2020 оны 3
дугаар сарын 27-ны өдрийн 4-2/231 дугаартай албан бичгээр Т ХХК-д хандаж даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан тухай мэдэгдэл хүргүүлсэн.
Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай албан бичгээр манайд хандаж, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Бын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн магадалгаагаар жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг зөрчсөний улмаас осол гаргасан нь тогтоогдсон ба Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4.1.1-д заасан эрсдэл үүссэн болох нь нотлох баримтын хэмжээнд тогтоогдож байх тул даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын нөхөн төлбөрийг олгох тухай шийдвэрийг гаргахдаа Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Бын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаа"-г үндэслэл болгосон ба тус магадлалын 2 дугаар зүйл Магадалгаа хэсэгт зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, шороон, тэгш, хуурай, суурингийн гадна, хашлагагүй, хайсгүй, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ зам гэж тодорхойлсон ба мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг Цэлгэрийн хөндий гэх газар хөрсөн замд Ниссан Патрол маркийн ... ХӨВ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж дурдсан байна.
Гэтэл Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Б нь Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг осол болсон өдрөөс хойш 41 хоногийн дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн ба үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан хэмжилтүүдийг ямар баримтад үндэслэж хийсэн нь тодорхойгүй, осол болсон газарт хүрэлцэн очиж үзлэг хийсэн эсэх нь тодорхойгүй, ослын газрын ул мөр балраагүй байсан гэх баталгаа байхгүй байх ба эрх бүхий албан тушаалтны магадалгааг ямар баримт, нотолгоо, үйл баримтад үндэслэж гаргасан нь тодорхойгүй, эргэлзээтэй байна. Мөн цагдаагийн ахмад М.Бын гаргасан 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаанд жолооч С.Бийг Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйл заалтыг зөрчсөний улмаас осол гаргасан гэж дүгнэсэн ба Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт нь тус дүрмийн Нийтлэг үндэслэлд заагдсан ерөнхий зохицуулалт бөгөөд жолооч яг ямар зөрчил гаргасны улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл бий болсныг тодорхойлох тухайлсан зохицуулалт болж чадахгүй юм.
Мөн түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо шийдвэр гаргахдаа Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Бын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтыг үндэслэсэн магадлалыг үндэслэл болгосон нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ж.Нийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №12 дугаартай тодорхойлолтод тусгагдсан үндэслэлийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй ба тус тодорхойлолтод заагдсан Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн зөрчил нь Замын хөдөлгөөний дүрмийн Нийтлэг үндэслэлийн 1.3-д заасан жолоочийн нийтлэг үүрэгт хамаарах зөрчил юм. Өөрөөр хэлбэл цагдаагийн ахмад М.Бын магадлалдаа үндэслэл болгосон Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт нь тус дүрмийн 12.1-д заасан хурд хэтрүүлсэн зөрчлийг үгүйсгэх бус баталгаажуулсан үндэслэл болж байна. Т " ХХК-ийн эзэмшлийн автомашин осолдсон асуудал нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хэсгийн төлөөлөгчийн харьяалан шийдвэрлэх хэрэг маргааны асуудал бөгөөд хэсгийн төлөөлөгч Ж.Нийн тодорхойлолтод тусгагдсан Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан жолоочийн хурд хэтрүүлсэн зөрчил нь Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7.10-д заасан даатгалд хамрагдахгүй нөхцөл байдал байгааг хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо үл харгалзаж, дан ганц Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Бын дүгнэлт, магадлалыг үндэслэн шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй, үндэслэл бүхий биш гэж үзэж байна.
Хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо нь дээр дурдсан үндэслэл бүхий биш, эргэлзээтэй баримт материалыг үндэслэж даатгалын нөхөн төлбөрийг олгох тухай шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтлаагүй, мөн захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасан Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэсэн үүргээ биелүүлээгүй.
Мөн хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр буюу захиргааны акт нь захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь хэсэгт заасан захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах, мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Санхүүгийн зохицуулах хорооны хууль бус шийдвэрийн улмаас манай компани Т ХХК-д даатгалын нөхөн төлбөрт 19,638,000 төгрөгийг үндэслэлгүйгээр олгох нөхцөл байдалд хүрч, компанийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүсээд байна.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай Даатгалын нөхөн төлбөр олгох тухай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Санхүүгийн зохицуулах хороонд Т ХХК-ийн Хөвсгөл салбар, тооцооны төвөөс 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 40/234 тоот албан бичгээр тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн маргаан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн. Хүсэлтийн дагуу Н ХХК-аас даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан шийдвэрийн үндэслэл бүхий тайлбар болон түүнийг нотлох холбогдох баримтыг ирүүлэх тухай хугацаатай албан бичгийг Хорооны 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 9/1621 тоот албан бичгээр нэхэмжлэгч Н ХХК-нд хүргүүлсэн.
Нэхэмжлэгч Н ХХК-аас 2020 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 4-2/323 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан тухай тайлбар, холбогдох баримтыг ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Хороонд ирүүлсэн тайлбартаа: Т ХХК-ийн эзэмшлийн Ниссан патрол маркийн 75-78 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Б 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум, Цэлгэрийн хөндий гэх газар МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. гэж заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан нь тогтоогдсон. Иймд манай Н ХХК-ийн зүгээс талуудын хооронд байгуулсан N0/191-12-2-50027459 тоот Авто тээврийн хэрэгслийн даатгал-ын гэрээний даатгалд хамрагдахгүй ерөнхий нөхцөлүүд хэсгийн 7.10 дахь заалтад заасан хурд хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан, 4-2/231 тоот албан бичгийг даатгуулагчид хүргүүлсэн/ талаар дурдсан, мөн хавсралтаар Т ХХК, Н ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн N0/191-12-2-50027459 дугаартай Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, А ХХК-ийн Авто машин техникийн үнэлгээний тайлан, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ж.Нийн Н ХХК-ийн Хөвсгөл салбарт гаргасан 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 12 тоот тодорхойлолт, Т ХХК-ийн Хөвсгөл салбар, тооцооны төвийн 2020 оны дугаар сарын 09-ний өдрийн 40/172 тоотоор даатгагчаас даатгалын нөхөн төлбөр хүссэн албан бичиг, Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 49 тоот албан бичиг, Н ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4-2/231 тоот нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай албан бичиг, ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооч С.Бийн иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхийн хуулбарыг тус тус нотлох баримт болгон ирүүлсэн.
Талуудын ирүүлсэн нотлох баримтыг судлан үзэхэд, 2020 оны 02 дугаар сарын 19-ний Т ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын ажилтан С.Б, О.И нар нь албан томилолтоор тус аймгийн Цэцэрлэг суманд ажиллаж байгаад буцах замдаа Цагаан-Уул сумын нутаг Цэлгэрийн хөтөлд зам тээврийн осолд орсон бөгөөд уг зам тээврийн ослын шалтгааныг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Бын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаа-гаар жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. гэснийг зөрчсөний улмаас болсон гэж тогтоосон байсан. Мөн дээрх зөрчилд тус эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр жолооч С.Бийн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон баримтыг үндэслэн, талуудын хооронд байгуулсан 2019 оны №... тоот авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4.1.1-т заасан эрсдэл үүссэн болох нь нотлох баримтын хэмжээнд тогтоогдсон гэж үзэн даатгалын зүйлд учирсан хохирлыг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох нь зүйтэй гэж урьдчилан шийдвэрлэсэн шийдвэрийг гаргаж, Хорооны 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ... тоот албан бичгийг даатгагч болон даатгуулагчид шуудангаар хүргүүлсэн.
Санхүүгийн зохицуулах хороо нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэдэг. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар ... тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ, 33.2-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч нь Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно хэмээн зохицуулсан.
Энэ хэргийн хувьд даатгуулагч буюу үйлчлүүлэгчээс тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу нэхэмжлэгч Н ХХК-тай даатгалын нөхөн төлбөр-ийн асуудлаар маргаж, улмаар уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Даатгалын нөхөн төлбөр олгуулах тухай ... дугаар албан бичиг нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хоорондын энэхүү маргааны урьдчилан шийдвэрлэсэн агуулгатай. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргаан нь хоёр үндсэн төрөлтэй. Үүнд, Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан даатгалын харилцаанд Санхүүгийн зохицуулах хороо захиргааны чиг үүргээ хэрэгжүүлэн оролцох үед гаргасан шийдвэр байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч эсхүл өөр бусад эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд шүүхэд хандах боломжтой. Энэхүү харилцаа нь Санхүүгийн зохицуулах хороо захиргааны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргаан тул захиргааны хууль тогтоомжоор зохицуулагдах төдийгүй, шүүхэд хандах тохиолдолд захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.
Харин даатгуулагч, даатгагчийн хооронд үүссэн даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаарх маргааныг Санхүүгийн зохицуулах хороо урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх бөгөөд энэ журмаар гомдлыг хянасан Хорооны шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч гомдол гаргах тохиолдолд иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ. Учир нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д болон Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан маргаанаас даатгуулагч, даатгагчийн хооронд даатгалын гэрээний үүрэгтэй холбогдож үүссэн маргаан нь иргэний эрх зүйн гэрээний маргаан байна. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд үүссэн даатгалын гэрээний маргааныг урьдчилан шийдвэрлэхдээ захиргааны чиг үүрэг хэрэгжүүлж, нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгосон шийдвэр гаргаж буй хэрэг биш юм.
Тиймээс тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсхүл үйлчлүүлэгч даатгалын гэрээний үүрэгтэй холбогдож үүссэн маргааныг урьдчилан шийдвэрлэсэн Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрт гомдолтой бол иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй. Харин захиргааны хэргийн шүүх нь Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх ба Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчтай ижил байр суурьтай байгаа боловч Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан даатгалын үйл ажиллагаатай холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлэх эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд олгосон. Гэхдээ энэ эрх нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар маргааныг шийдвэрлэх гэснээр хязгаарлагдана гэж үзэж байна. Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт даатгагч болон даатгуулагчтай холбоотой маргааныг Иргэний хуулиар зохицуулахаар заасан байдаг. Санхүүгийн зохицуулах хорооноос гэрээний гүйцэтгэл болон нөхөн төлбөр олгох эсэх асуудлаар шийдвэр гаргаж урьдчилан шийдвэрлэх эрх хэмжээ байгаа эсэх асуудал дээр эргэлзэж байна. Үүнд шүүх өөрийн дүгнэлтээ гаргах байх. Маргаан бүхий асуудлын хувьд 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Н ХХК-тай Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан. Гэрээний хугацаанд маргаан бүхий асуудал үүссэн. Н ХХК-ийн татгалзлын гол үндэслэл нь гэрээний 7.10 дугаар зүйл буюу хурд хэтрүүлсэн гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримт болох Хөвсгөл салбарт гаргасан 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 12 тоот тодорхойлолт болон 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн эрх бүхий албан тушаалтнуудын магадалгаа зэргийг харахад Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дүгээр зүйл болон 12.1 дүгээр зүйл гарч ирж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйл Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэж заасан. Гэрээ байгуулах явцад даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлийг тухай үед гэрээний 7.10 дугаар зүйлд Замын хөдөлгөөний дүрмийн 12.4, 12.5 дахь заалтад хот дотор 60 км цагийн хурд хэтрүүлэхгүйгээр зорчих, хэтрүүлбэл нөхөн төлбөр олгохгүй гэсэн агуулгаар ойлгож гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд заасан тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамааруулаагүй гэж ойлгосон. Ослын шалтгааныг гулгаатай хэвийн замд урд дугуй буудсаны улмаас уруу газар руу гулгаж орсон гэж тодорхойлсон. Үүнийг Замын хөдөлгөөний дүрмийн аль зүйл хэсэгт хамаарахыг эрх бүхий албан тушаалтнууд өөр өөрөөр дүгнэсэн боловч аль аль нь гэрээний 4 дүгээр зүйлд заасан даатгалын тохиолдлын нөхцөлийг үгүйсгэхгүй байна. Өөрөөр хэлбэл нөхөн төлбөр олгох нь гэрээний үүргийн дагуу Н ХХК-нд үүсэж байна. Бусад асуудлыг шүүх өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэнэ гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дараах үйл баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд байгуулагдсан Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.10-т заасан даатгалд хамрагдахгүй нөхцөлүүдэд тусгагдсан зөрчил гаргасан байтал хариуцагчаас гуравдагч этгээдэд нөхөн төлбөрийг олго гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа талуудын хооронд байгуулагдсан Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-д Зам тээврийн хөдөлгөөний үеийн бүх төрлийн осол гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гуравдагч этгээдэд хохирлыг олгох нь зүйтэй гэж,
Гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Энэхүү даатгалын тохиолдол нь Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4.1-д заасан даатгалын эрсдэлт нөхцөлд хамаарч байгаа бөгөөд гэрээний 7.10-т заасан даатгалд хамаарахгүй нөхцөлд багтахгүй, иймд нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрийг хариуцах үүрэгтэй гэж тайлбарлан маргажээ.
Нэхэмжлэгч Н ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Т ХХК-тай ... дугаартай Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулжээ.
2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Т ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын ажилтан С.Б, О.И нар албан томилолтоор Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ажиллаж байгаад буцах замдаа Т ХХК-ийн даатгагдсан автомашин болох ... ХӨВ улсын дугаартай Ниссан Патрол Ү-61 маркийн автомашинаар зорчиж явахдаа тус аймгийн Цагаан-Уул сумын нутаг Цэлгэрийн хөтөл гэх газарт зам тээврийн осол гаргаж, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 40/172 дугаартай албан бичгээр Н ХХК-нд даатгалын тохиолдол үүссэн талаар мэдэгдэж, нөхөн төлбөрт 19,638,000 төгрөг гаргуулах хүсэлтээ илэрхийлж холбогдох баримтыг хүргүүлжээ.
Н ХХК-нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 4-2/231 тоот албан бичгээр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ж.Нийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №12 тоот тодорхойлолтыг дурдан Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.10 дахь заалтыг үндэслэн Т ХХК-нд нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна.
Нэхэмжлэгч Н ХХК болон Т ХХК-ийн хооронд үүссэн Автотээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлэхээр гуравдагч этгээд Т ХХК-ийн Хөвсгөл салбар, тооцооны төвөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 40/234 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргаж, холбогдох баримтыг хүргүүлжээ.
Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... тоот албан бичгээр ...ослын шалтгааныг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Бын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн магадлагаагаар жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг зөрчсөний улмаас осол гаргасан нь тогтоогджээ. Мөн дээрх зөрчилд тус эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр жолооч С.Бийн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй, мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон байна.
Дээрхээс үзэхэд талуудын хооронд байгуулсан Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4.1.1-д заасан эрсдэл үүссэн болох нь нотлох баримтын хэмжээнд тогтоогдож байх тул даатгалын зүйлд учирсан хохирлыг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох нь зүйтэй гэж үзлээ. Иймд ... даатгалын зүйлд болон хохирогчид учирсан хохирлын нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг чирэгдэлгүйгээр даруй шийдвэрлэж, энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг эргэж мэдэгдэхийг үүгээр үүрэг болгож байна гэж шийдвэрлэн талуудад мэдэгджээ.
Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч нь Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... тоот шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна, 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах, 40.3-т Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэж тус тус заажээ.
Т ХХК-ийн даатгагдсан автомашины зам тээврийн ослын талаар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Цагаан-Уул сумын хэсгийн төлөөлөгч Цагдаагийн дэслэгч Ж.Нийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №12 тоот тодорхойлолтод Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-46-04 тоотод оршин суух С.Б нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Цэлгэрийн хөндий гэх газар Ниссан Патрол маркийн ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол үүсгэсэн... гэж дурдсан байна.
Мөн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Хатгал тосгон дахь цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Бын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа-ны 7-д Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг Цэлгэрийн хөндий гэх газар хөрсөн замд Н.Патрол маркийн ... ХӨВ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-р зүйлд заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг осол болоход замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэж дүгнэжээ.
2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Б Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэж, тухайн автомашиныг жолоодож явсан С.Бийн гаргасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 51 дэх хэсэгт заасан шийтгэл ногдуулж нэг зуун нэгж буюу 100,000 төгрөгөөр торгосныг жолооч С.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Голомт банкаар дамжуулан төрийн сангийн дансанд тушаасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд дээрх үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
Мөн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Б Т ны Хөвсгөл салбарын захирал Л.Д 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хариу мэдэгдэх хуудсаар жолооч С.Бд холбогдох зөрчлийн хэргийг хянаад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулсан талаар мэдэгдэж, шийдвэрийг эс зөвшөөрвөл 5 хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлтийн удирдах албан тушаалтан, прокурорт гомдол гаргах эрхтэй талаар дурдсан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын гаргасан тайлбараас үзвэл Т ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын ажилтан С.Б нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Т ХХК-ийн эзэмшлийн ... ХӨВ улсын дугаартай Ниссан Патрол Ү-61 автомашиныг жолоодон явж байгаад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн нь эрх бүхий байгууллагын албан тушаалтнаас гаргасан Тодорхойлолт, Магадлагаа, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, Шийтгэлийн хуудас, Хариу мэдэгдэх хуудас зэргээр тус тус тогтоогдсон байтал Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай Даатгалын нөхөн төлбөр олгох тухай албан бичгээр талуудын хооронд байгуулагдсан Автотээврийн даатгалын гэрээний 4.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийг гуравдагч этгээдэд даатгалын зүйлд учирсан хохирлыг олгохыг үүрэг болгож шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо нь 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай Даатгалын нөхөн төлбөр олгох тухай шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтлаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэх судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох гэж заасан үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Н ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Түүнчлэн, энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу Санхүүгийн зохицуулах хорооны хорооны 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай Даатгалын нөхөн төлбөр олгох тухай захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч Н ХХК, гуравдагч этгээд Т ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Дугаар ... дугаартай Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний маргааныг шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай Даатгалын нөхөн төлбөр олгох тухай албан бичгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооноос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР