Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
Хэргийн индекс | 167/2022/0114/Э |
Дугаар | 2022/ШЦТ/122 |
Огноо | 2022-07-08 |
Зүйл хэсэг | 24.5.1., |
Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/122
2022 07 18 2022/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одттуяа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
Шүүгдэгч Ө.Т, түүний өмгөөлөгч М.Чулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Тд холбогдох эрүүгийн 2219000430167 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ө.Т
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ө.Т нь 2021 оны 12 сард Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг, 5 мод гэх газарт Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын ховор амьтны жагсаалтын 7-д орсон хөхтөн Хулан адууг /22.000.000 төгрөгийн үнэ бүхий/ тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, Хулан адууны түүхий эдийн зүйлийг 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар баг, 5 мод гэх нэршилтэй газарт байрлах агуулахдаа хадгалж хууль бусаар ан агнасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 12 дугаар сард адуугаа хайж яваад 5 мод гэх газраас зүүн урд, загийн хойш захад ганц Хулан зогсож байхаар нь очиж үзэхэд буруу талынх нь хөл дээгүүрээ хугарсан, доголсон байсан. Цаашаа явж адуугаа олоод орой нь хөөгөөд ирж байхад Хулан явж чадахгүй байсан. Адуугаа усан дээр орхичихоод гэр рүүгээ явж, бугуйл авч эргээд очиход Хулан нөгөө газартаа зогсож байсан. Бугуйлаар бугуйлдаж татахад Хулан ойчсон, шөнө янзлаад идэх, идэхээр нь болгож уутанд хийсэн. Маргааш нь эхнэртээ мах оруулж чанаж идэх үү гээд оруулж ирэхэд чи юун мах хаанаас авсан юм гэж асуухаар нь Гансүхийнхээс адууны мах авсан гэж хэлсэн. Намайг мах авч ирснийг мэдээгүй байсан. Гэртээ байж байтал Гансүхийнхэн тэмээ янзалж, идэш хийнэ гэж байхад Түвшинжаргал, Отгонбаяр хоёр ирсэн. Олон жоохон хүүхэдтэй болохоор танайд идэх хоолны мах байгаа юу гэхэд байхгүй гэсэн. Хоолны мах авч явах уу гэхэд тэгье гэхээр нь өгч явуулсан гэсэн мэдүүлэг,
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Тогоотын 1306 тоотод хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-12 дугаар тал),
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг, 5 мод гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт(хавтаст хэргийн 13-16 дугаар тал),
Хохирогч Э.Гомбосүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Би Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны бодлогийн мэргэжилтнээр ажилладаг... Сайхандулаан сумын засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/61 дугаартай албан бичгээр тус сумын 1 дүгээр баг 5 мод гэх газарт Хулан адуу хууль бусаар агнасан гэх хэрэгт хохирогч, иргэний нэхэмжпэгчээр оролцох болсон... Тухайн Хулан адууны экологи эдийн засгийн үнэлгээгээр нь зохих хууль журмын дагуу нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),
Гэрч Ф.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... төрсөн дүү Отгонбаяр, Түвшинжаргал нар нь хөдөө айл руу машин засна гэж явсан ба өдөртөө буцаж ирсэн... Ирэхдээ хэсэг хэсгээр нь уутанд хийсэн мах авч ирсэн ба адууны мах хүн өгөхөөр нь аваад ирлээ гэж хэлсэн. Тэр махаа авч ирээд манай байшинд хийж тавьсан...” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 26-27 дугаар тал),
Гэрч М.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хөдөө хүний машин янзлаж явж байгаад Сайхандулаан сумын урд 5 мод гэх газарт байдаг танил Ө.Тгийн гэрт нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны хавьцаа эхнэр Отгонбаярын хамт очоод машиныг нь янзалж өгөөд өдөртөө буцаад явах гэхэд Ө.Т хоолны мах байгаа юу гэхээр нь байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь мах авах уу гэхээр нь тэгэе гэсэн чинь гэрийн арын амбаараасаа дандаа гялгар торонд хийсэн тоог нь мэдэхгүй байна мах миний машины багажинд хийж өгсөн тэгээд бид хоёр шууд Сайншандад гэрт ирээд Ө.Тгийн өгсөн махыг хашаанд байдаг хуучин байшинд бүгдийг нь хийсэн. 2 хоногийн дараа цагдаагаас ирээд хулан адууны мах гээд хураагаад аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дугаар тал),
Гэрч Ф.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Түвшинжаргал нь хөдөө айл руу явж машин засахаар боллоо гэж хэлэхээр нь би нөхрийн хамт Сонота 2 загварын машинаар явахаар болоод Сайншанд сумаас баруун зүгт байх Үнэгтийн уурхайгаас баруун урд зүгт байх Түмээ гэх айлд очсон. Тухайн айл нь ганц гэр байсан ба гэрийнхээ ард барьж байгаа бололтой амбаартай баруун урдаа малын хашаатай айл байсан. Тухайн айлд нь Түмээ гэгч нь эхнэрийн хамт байсан. Манай нөхөр Түвшинжаргал нь жийп загварын машиныг зассан. Бид хоёр тухайн айлаас явах болоход Түмээ гэгч нь та 2 мах аваад яв гэж хэлсэн бөгөөд бид 2 машиндаа хэсэг хэсэг торонд хийсэн мах аваад явцгаасан. Авсан махаа шууд гэртээ авч ирээд Алтанцэцэг эгчийн гэрийн ард байх амбаарт хийсэн. Тухайн махнаас 1 удаа хэсгийг нь авч чанаж идэцгээсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дугаар тал),
Гэрч Ц.Лхагважавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 сараас хойш дүү Д.Цэцэнбилэгийн гэрт байсан. 2021 оны 12 сарын эхээр байсан ба одоо яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Ө.Т нь нар шингэхээс өмнө адуугаа авчирч услана гээд өөрийн улаан өнгийн мотоциклоо унаад урд зүгт явсан. Нар шингэж байх үед гэртээ дүү Ц.Цэцэнбилэг хоолоо хийгээд би бие муутай учраас хэвтэж байсан ба Ө.Түмэн- Өлзийг гэрт хэзээ ирснийг мэдээгүй. Маргааш нь Ө.Т хойд амбаараас мах оруулж чанахад дүү Ц.Цэцэнбилэг нь Ө.Тгээс энэ юу вэ гэж асуухад Ө.Т нь өчигдөр айлаас адууны мах авчирсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дугаар тал),
Гэрч Ц.Цэцэнбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө.Т нь нар шингэхээс өмнө адуугаа авчирч услана гээд өөрийн улаан өнгийн мотоциклоо унаад ертөнцийн зүгээр урд зүгт явсан. Тэгээд адуугаа тууж ирээд усан дээр орхиод ирлээ одоо услана гээд гэрээс бугуйл аваад гарах шиг болсон би тухайн үед хоолоо хийгээд байж байсан. Тухайн өдрөө Ө.Т нь тухайн өдрийнхөө шөнө ах Лхагважав бид хоёрыг унтаж байхад ирж байсан. Маргааш өглөө нь Ө.Т хойд амбаараас мах оруулж ирээд чанахаар нь би юун мах чанаж байгаа юм гэж асуухад өчигдөр айлаас адууны мах авчирсан юм гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95 дугаар тал),
Махны судалгаа хөгжүүлэлтийн лаборатори “битүү туурайтан амьтны митохондрын ДНХ-ын 12S генийн дарааллыг олшруулсан Полимеразын гинжин урвал /РСП/-ЫН үр дүнгээр шинжилгээнд ирсэн махны дээж адууны мах биш болох нь тогтоогдож байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дугаар тал),
Шинжээч О.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...шинжилгээнд ирүүлсэн дээж нь гэрийн тэжээмэл болон таван хошуу малын мах биш гэсэн үр дүн гарсан. Албан ёсны хариу нь битүү туурайтан амьтны митохондрын ДНХ-ын 12S генийн дарааллыг олшруулсан Полимеразын гинжин урвал /РСР/-ын үр дүнгээр шинжилгээнд ирсэн махны дээж нь адууны мах биш, зэрлэг битүү туурайтных болох нь тогтоогдсон...” гэсэн мэдүүлэг(хавтаст хэргийн 42 дугаар тал),
Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №1 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн толгой, арьс нь Хулан адууны толгойн яс, арьс болох нь батлагдсан” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),
Шинжээч Ю.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...толгой нэг тал нь арьстайгаа нөгөө тал нь арьсгүй байсан. Мөн шаргал * өнгийн арьс зэрэг эд зүйлийг гэрийн адуутай харьцуулаад үзлэг хийхэд толгой томтой, урт чихтай, чихний хоорондуур шилэн хүзүү дамжин сэрвээ хүртэл босоо бараан хялгасан дэлтэй, сэрвээнээс сүүлний уг хүртэл зоон дээгүүр тууш хүрэн бор судалтай, сүүл нь үзүүр хэсгээрээ шингэн хар хялгастай байсан нь зэрлэг Хулан адууны толгой, арьс болох нь тогтоогдсон... Уг Хулан адууны толгой болон гавлын ясны бүтэцээс харахад уг толгой нь соёогүй байсан бусад шүд нь гүйцэд гарсан байсан тул нас бие гүйцсэн эм Хулан адуу байсан эр Хулан адуу бол соёотой байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр тал),
Шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар Эм Хулан адууны экологи эдийн засгийн үнэлгээг 11.000.000 төгрөг байхаар тогтоосон” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 60 дугаар тал),
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 230 дугаартай “Аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багийн Таван мод гэх газар нь Улс болон Орон нутгийн тусгай хамгаалалтай газар нутагт хамаарахгүй болно..." гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 87 дугаар тал),
Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-115/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 106 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Т нь 2021 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг, 5 мод гэх газарт “Dayun” маркийн улсын дугааргүй мотоцикльтой адуу эрж явахдаа замд таарсан хөл нь гэмтсэн гэх хулан адууг бугуйлаар барьж Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын ховор амьтны жагсаалтын 7-д орсон хөхтөн Хулан адууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнажээ.
Шүүгдэгч Ө.Т нь ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Тогоотын 1306 тоотод хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг, 5 мод гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Э.Гомбосүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Би Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны бодлогийн мэргэжилтнээр ажилладаг... Тухайн Хулан адууны экологи эдийн засгийн үнэлгээгээр нь зохих хууль журмын дагуу нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг, гэрч Ф.Алтанцэцэг, М.Түвшинжаргал, Ф.Отгонбаяр,Ц.Лхагважав, Ц.Цэцэнбилэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, махны судалгаа хөгжүүлэлтийн лаборатори “битүү туурайтан амьтны митохондрын ДНХ-ын 12S генийн дарааллыг олшруулсан Полимеразын гинжин урвал /РСП/-ЫН үр дүнгээр шинжилгээнд ирсэн махны дээж адууны мах биш болох нь тогтоогдож байна...” гэсэн дүгнэлт, шинжээч О.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...шинжилгээнд ирүүлсэн дээж нь гэрийн тэжээмэл болон таван хошуу малын мах биш гэсэн үр дүн гарсан. Албан ёсны хариу нь битүү туурайтан амьтны митохондрын ДНХ-ын 12S генийн дарааллыг олшруулсан Полимеразын гинжин урвал /РСР/-ын үр дүнгээр шинжилгээнд ирсэн махны дээж нь адууны мах биш, зэрлэг битүү туурайтных болох нь тогтоогдсон...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №1 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн толгой, арьс нь Хулан адууны толгойн яс, арьс болох нь батлагдсан” гэсэн дүгнэлт, шинжээч Ю.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...толгой нэг тал нь арьстайгаа нөгөө тал нь арьсгүй байсан. Мөн шаргал өнгийн арьс зэрэг эд зүйлийг гэрийн адуутай харьцуулаад үзлэг хийхэд толгой томтой, урт чихтай, чихний хоорондуур шилэн хүзүү дамжин сэрвээ хүртэл босоо бараан хялгасан дэлтэй, сэрвээнээс сүүлний уг хүртэл зоон дээгүүр тууш хүрэн бор судалтай, сүүл нь үзүүр хэсгээрээ шингэн хар хялгастай байсан нь зэрлэг Хулан адууны толгой, арьс болох нь тогтоогдсон... Уг Хулан адууны толгой болон гавлын ясны бүтэцээс харахад уг толгой нь соёогүй байсан бусад шүд нь гүйцэд гарсан байсан тул нас бие гүйцсэн эм Хулан адуу байсан эр Хулан адуу бол соёотой байдаг...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх үзэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2-т “...амьтан...гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна, Монгол Улсын ан амьтан төрийн өмч мөн” гэж зааснаас үзэхэд ан амьтан бол үндэсний баялаг бөгөөд ан амьтдын нөөц болон нөхөн сэргэх чадвар, экологийн ач холбогдлоор нь нэн ховор, ховор, агнах нөөцтэй гэж ангилдаг байна.
Хууль тогтоогч ховор, нэн ховор амьтныг хамгаалах зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр нэн ховор, ховор амьтныг агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн объект нь байгаль хамгаалах болон амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцаа байх ба Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсарлтад зааснаар ховор амьтаны жагсаалтаар Хулан адуу нь ховор амьтанд тооцогддог болно.
Шүүгдэгч Ө.Тн дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Харин прокурор хулан адууны түүхий эдийн зүйлийг 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ...агуулахдаа хадгалж гэж яллах дүгнэлтэндээ бичжээ. Амьтаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20.-т "ангийн гаралтай түүхий эд" гэж амьтны арьс, шир, үс, өд, эвэр, толгой, цус, өөх, тос зэрэг эд эрхтэнийг ойлгоно гэж заажээ.
Шүүгдэгч Ө.Т нь 1 тооны хулан адууг агнахдаа түүний түүхий эдийг авч хадгалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан гэж үзэх шаардлагагүй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хулан адуу нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт зааснаар ховор амьтанд хамаарах бөгөөд Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ-”г үндэслэн эм хулан адууг 11000,00 төгрөгөөр үнэлсэн байна.
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасан байна.
Иймд шүүгдэгч Ө.Тгөөс 1 эм хулан адууны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж 11000.00х2=22000,00 төгрөгийг гаргуулан Төрийн сан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ө.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгч Ө.Тн үйлдсэн хэргийн шалтгаан нөхцөл, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Т нь ам бүл 3, сургуулийн насны 2 хүүхдийн хамт амьдардаг, тодорхой орлогогүй, хохирол төлбөр төлөгдөөгүй зэрэг байдал нь торгуулийн ял оногдуулах боломжгүй юм.
Шүүгдэгч Ө.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдэгдсэн хэргийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Ө.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хулан адууны арьс хэсэгтэй толгой, дөрвөн шийр, 76 кг 600 гр махыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж...гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан тул шүүгдэгч Ө.Тгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 120000 төгрөгийн/хх-ийн 116/ үнэлгээ бүхий “Dayun” маркийн улсын дугааргүй, LC6PCKBH2F0013308 арлын дугаартай мотоциклыг хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 21,880,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Тд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагыг арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Ө.Тд тайлбарласугай.
4.Шүүгдэгч Ө.Тд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 ,189 дүгээр зүйлд зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, хэргийн үйл баримтын талаарх бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалсугай.
6.Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тгээс 22,000,000 төгрөгийг гаргуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4,5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 5/386 тоот прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ө.Тгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 120000 төгрөгийн үнэлгээ бүхий “Dayun” маркийн улсын дугааргүй, LC6PCKBH2F0013308 арлын дугаартай мотоциклыг хурааж, дээрх мотоциклыг хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж зөрүү 21,880,000 төгрөгийг гаргуулан төрийн сан Байгаль орчин аялал жуулчлалын яамны байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хулан адууны арьс хэсэгтэй толгой, дөрвөн шийр, Дорнын Говь ХХК-ийн зооринд/тус компаний ажилтан С.Батдэлгэрт/ хадгалагдаж байгаа 12 ширхэг уутанд хийсэн нийт 76 кг 600 гр махыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН