Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/123

 

 

       

 

 

 

 

 

    2022         07           19                                      2022/ШЦТ/123

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр

Гэрч Г.Гооцэцэг,

Шинжээч эмч Э.Анхбаяр /цахимаар/,

Хохирогч Э.Э,

Шүүгдэгч Ш.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Од холбогдох эрүүгийн 2219000000046 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, банкны эдийн засагч, тогооч мэргэжилтэй, Сайншанд сумын 12 дугаар цэцэрлэгт тогооч ажилтай, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, 34-12 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ш.О РД:ЕС79080304,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ш.О нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цаг 20 минутын орчим Дорноговь аймаг Сайншанд сумын 12 дугаар цэцэрлэгийн ангид  Э.Этэй маргалдан сандал шидэж, гарыг нь оносны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Ш.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр юу болсон талаар улсын яллагч яллах дүгнэлт уншлаа. Гэхдээ би сандал авч шидээгүй, шидээгүй учраас өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Э.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр ажил дээрээ ирээд ангийнхаа бүлэгт байхад нярав Отгонлхам намайг өрөөндөө дуудсан. Оны эцсийн жилийн тооллогын ахлагчаар ажилласан. Тухайн үед бичиг, баримтаа архивлах ажил байна өрөөнд ороод ирээч гэхээр нь би өрөөнд нь орсон. Манай нярав, нягтлан 2 нэг өрөөнд суудаг. Нягтлан цахимаар хуралтай болчихлоо та хоёр амрах өрөөнд ороод ажлаа хий гээд орсон. Өрөөнд ороод удаагүй байтал үйлчлэгч Болортуяа нягтлан, нярав хоёрын хоолыг авчирч өгсөн. Нярав Отгонлхам нь Ээгий багшдаа нэг хоол авч ирээд өгөөч гэхэд Болороо за гээд буусан. Би тэр хоёрыг хоолоо идээд дуустал нь бараг хүлээсэн байх, аваад ирээрэй гэхэд за гээд буусан болохоор хүлээгээд сууж байсан. Нягтлан, нярав хоёр хоолоо идээд дуусах дөхөхөөр нь би доошоо бууж хоолоо идчихээд ирье, ирээд идэхгүй яасан юм бол гэж байгаа байх гэж бодоод доошоо буутал манай анги хоолоо аваагүй байсан. Гал тогооны цонхоор Од хандаж үг хэлээгүй, Болороо сууж байхаар нь өө яасан бэ, би чамайг хүлээгээд байлаа гэж хэлчихээд анги хоолоо аваагүй юм уу гээд анги руугаа хоолоо аваад явсан. О араас орж ирээд чи тэнд хоолоо зөөлгүүлж идэх ямар шаардлагатай юм, өөртөө 2 минут зарцуулаад хоолоо идэхгүй гээд маш уурлангуй хэлсэн. Тухайн үед Отгоо эгч хамт хоолоо идье гэж хэлсэн гэж ойлгуулах гэсэн боловч ойлгоогүй.... Бид нар урьд, өмнө нь ямар нэгэн өрөөнд суучихаад тогооч, үйлчлэгч нарыг хоол аваад ир гэсэн тохиолдол байгаагүй. О ямар ч ойлгох боломжгүй, өөдөөс уурлаад чи бууж ирээд өөртөө 1, 2 минут зарцуулаад хоолоо идчихэж чадахгүй яадаг юм гээд байхаар нь цонхыг нь саваад эрэмбээрээ байгаарай гэж хэлчихээд анги руугаа ороод ангийнхаа баруун талын хүүхдүүд хооллох хэсэгт баруун зүг рүү хараад суугаад хүүхэд хооллож байхад удалгүй О орж ирээд чи одоо эрэмбэтэй байгаарай гэж юу яриад байгаа юм гээд 2 удаа намайг өшиглөсөн. Би босоод зөрүүлээд аягатай бантан цацсан, бантан цацаад хүүе чи болиоч ээ, зайлаач ээ гэдэг үгийн хандаж хэлсэн. Би хүүхдүүдийн хажуугаас холдъё гэж бодоод хивс рүү, хүүхэдгүй газар очсон. Оийг Гооцэцэг туслах багш хориод байхад дийлдэхгүй, миний өөдөөс дайраад намайг олон удаа өшиглөж, сандал авч шидсэн, би гараараа хамгаалсан. Би зөрүүлээд сандал авч шидсэн, шидсэн сандал хэн нэгнийг оноогүй, хивсэн дээр унасан. Туслах тогооч нь гаднаас орж ирээд Оийг авч гарсан. Туслах тогоочийг авч гарахад чи бөгс долоогч, бөгсөө долоож амьдар гэх мэтээр хэл амаар доромжилсон. Дараа нь Болортуяа орж ирээд нэг углаашийг нь авч гарсан. Тухайн өдөр 2 давхарт арга зүйч маань сууж байсан. Арга зүйчдээ би өнөөдөр ажлын байран дээрээ зодуулчихлаа яах ёстой вэ гэж хэлсэн. Би цагдаа дуудна гээд 2 давхраас буухдаа цагдаа руу залгасан. Тухайн үед уураа барьж эмэгтэй хүн байж, хүүхдийн боловсролын байгууллагад ажилладаг хүн гэж бодоод дуудлагаа салгаж ангидаа орж асгасан бантангаа цэвэрлэж, хүүхдүүдээ оронд нь оруулж унтуулсан. Миний утас дуугарч Бадамжид арга зүйч залгаж өрөөнд ороод ир гэхээр нь орж очсон. Надад кофе аягалж өгөөд эмэгтэй хүмүүс байна, няравт Оийг дууд гэхэд туслах тогоочтойгоо боловсролын газарт очсон байсан. ...Тухайн үед маш их айж, сандарсан байсан гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Гооцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ангид орж ирээд О Э багштай хоорондоо ширүүн үгээр хэрэлдээд байсан, О Э багшийн араас хөлөөрөө өшиглөсөн. Э багш идэж байсан бантангаа нүүр рүү нь цацсан, ... Салгасны дараа миний гар эвгүй болчихлоо, хөхөрсөн байна уу гээд үзүүлсэн. Намайг харах үед хөхөрсөн зүйл байхгүй байсан. Дараа нь гудсаа зөөж хүүхдүүдээ унтуулсан. Оийг Э багш руу сандал шидсэн эсэхийг одоо сайн санахгүй байна. Мөрдөн байцаалтад тухайн үед үнэн зөв мэдүүлэг өгсөн гэсэн мэдүүлэг,

 

Шинжээч Э.Анхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Э.Эийн биед учирсан баруун атгаалж ясны цууралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй, гэмтлийн хэзээ учруулсныг тогтоох боломжгүй, ...ясны бүтцийг бүрэн алдагдуулаагүй учраас тухайн үед айхтар зовуурь илрэхгүй, ямар нэгэн ачаалал өгөх үед зовуурь илэрнэ гэсэн мэдүүлэг,

 

        Гэрч Г.Бадамжидын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн өдрөөс хойш 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай цэцэрлэгийн эрхлэгч Бямбацэцэгээр удирдуулсан багш Э, ахлах тогооч О нарын хооронд болсон асуудлын талаар ёс зүйн хурал болсон. Уг хурлыг нээж эрхлэгч Бямбацэцэг нь хэлэлцэх асуудлын талаар танилцуулсан ба тухайн өдөр болсон үйл явдлыг багш Э, ахлах тогооч О нарыг яриулсан юм. Тэр үед би эрхлэгч Бямбацэцэгээс чөлөө авч гарч яваад Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас хүүхдээ аваад буцаж ирэхэд багш Э, ахлах тогооч О нар нь яриагаа дуусгаад ёс зүйн багийн гишүүд санал хүсэлтээ хэлж байсан. Тухайн хурлын тэмдэглэлийг багш Болормаа бичсэн юм. Энэ хурлыг дуусах үед багш Э нь би Оийг уучилж болж байна харин гэр бүлийн хүн маань зөвлөөд ч байгаа юм шиг, заагаад ч байгаа шиг хүнд зодуулчихаад шийдүүлдэг газраар нь шийдүүлсэнгүй гэсэн хандлагатай байгаа гэж хэлж байсан. Тэр үед эрхлэгч ёс зүйн багийн гишүүд багш Э гэр бүлийн хүн нь ийм байдал гаргах нь аргагүй ахлах тогооч Оийг албан ёсоор уучлалт гуйх нь зөв гэхэд О нь миний зүгээс Эийн ар гэрийн хүнээс уучлалт гуйхад бэлэн байна гэж хэлээд дараа нь бас би энэ байгууллагаас албан ёсоор гарч байгаа өөр байгууллагад ажилд орвол өмнөх ажиллаж байсан байгууллагадаа хүн зодоод гарсан гэвэл ажил олдохгүй шүү дээ тэгэхээр Эийн нөхөртэй уулзаад учир зүйгээ олвол зүгээр байна гэж байсан” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 22-25 дугаар тал)

 

                                                          Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02/058 дугаартай "... Э.Эийн биед баруун атгаал ясны цууралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43 дугаар тал),

 

                                                        Гэрч Б.Одбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө ирээд гэртээ ирэхээр нь амралтын өдөр байсан тул эхнэр Э болон хүүхдүүд байсан ба эхнэр Б.Э нь баруун гараа шохойдсон байхаар нь хаана юу болсон талаар асуухад чамайг Улаанбаатар хот явахаас өмнө ажлын газрынхаа хүнтэй маргалдахад миний өөдөөс сандал шидээд миний гар ийм болсон талаар хэлсэн...намайг гэрт байх хугацаанд болон ямар нэг хүнээс 2022 оны 01 дүгээр сарын 07-ноос 09-ний хооронд эхнэр Э.Эийг гэртээ болон гадаа халтирч унасан талаар хараагүй, сонсоогүй...би 2022 оны 01 дүгээр сарын 07-ноос 09-ний хооронд эхнэр Этэй муудаж цохисон, зодсон асуудал огт байхгүй, харин намайг Улаанбаатар хот яваад ирэхэд баруун гараа шохойдуулаад ажлын газрын хүнтэй маргалдахад өөдөөс нь сандал шидээд ийм зүйл болсон талаар ойлголт авсан...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 148-149 дугаар тал),

 

       Гэрч Ц.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн үед тогооч Оийг Бүжин бүлгийн ангид ороод 10 минут орчим болоод хашгиралдаад муудалцаад байх шиг байхаар нь араас нь ороход тогооч О болон багш Э нар муудалцаад байсан ба голд нь туслах багш Гооцэцэг хориод байж байсан ба тогооч О, багш Э хоёр нь туслах багш Гооцэцэгийн хоёр талаас муудалцаад хашгиралдаад байж байх үед багш Э зүүн талдаа байсан хүүхдийн суудаг ногоон өнгийн сандал байсныг аваад тогооч О рүү аваад шидэхэд хэн нэгнийг оноогүй шалан дээр унасан ба би тогооч Оийг тэр ангиас аваад гараад явсан. Тэгээд тогооч Оийн нүүр нь бантан болсон байсныг угааж цэвэрлэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 152-153 дугаар тал),

  

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 54 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Ш.О нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цаг 20 минутын орчим Дорноговь аймаг Сайншанд сумын 12 дугаар цэцэрлэгт хамт ажилладаг Этэй “хоол зөөлгөж идлээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний  хариуцан ажилладаг бүлэгт орж   маргалдан сандал шидэж, гарыг нь оносны улмаас эрүүл мэндэд нь баруун атгаал ясны цууралт гэмтэл  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Э.Э,гэрч Г.Гооцэцэг , шинжээч эмч Э.Анхбаяр нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Г.Бадамжид, Б.Одбаяр, Ц.Нарангэрэл нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,  Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02/058 дугаартай "... Э.Эийн биед баруун атгаал ясны цууралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

               Шүүгдэгч Ш.О нь хохирогч Э.Э рүү сандал шидээгүй тул  учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа хэдий ч хохирогчид учирсан  баруун гарын атгаал ясны цууралт гэмтэл нь шүүгдэгчийн хохирогч руу цэцэрлэгийн хүүхдийн суудаг пивор сандал чулуудсан санаатай үйлдэлтэй шууд холбоотой болох нь  хохирогч Э.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Оийг Гооцэцэг туслах багш хориод байхад дийлэхгүй, миний өөдөөс дайраад намайг олон удаа өшиглөж, сандал авч шидэхэд нь би гараараа хамгаалсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Гооцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ангид орж ирээд О, Э багш нар хоорондоо ширүүн үгээр хэрэлдээд байсан, О Э багшийн араас хөлөөрөө өшиглөсөн, Э багш идэж байсан бантангаа нүүр лүү нь цацсан. ...Оийг Э багш руу сандал шидсэн эсэхийг одоо сайн санахгүй байна. Мөрдөн байцаалтад тухайн үед үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Гооцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э багш  босож ирэн идэж байсан бантангаа О тогоочийн нүүр лүү цацахаар нь би сандараад хүүхдүүдийн хажууд юу болж байгаа юм гэж хэлээд хүүхэд хооллож байснаа болин О,Э хоёрын голоор орон болиулсан чинь тэр хоёр хоорондоо хэрэлдэн бие бие рүүгээ дайраад байсан. О тогооч Э багш руу сандал барин дайраад байсан. Оийг болиулж байх үед Э багш руу сандал шидсэн. Харин Э багшийг оносон үгүйг хараагүй...”гэсэн мэдүүлэг, шинжээч эмч Э.Анхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Эт учирсан гэмтэл нь баруун гарын атгаал ясны цууралт гэмтэл. Ясны  бүтцийг бүрэн алдагдуулаагүй учраас тухайн үед айхтар зовиур илрэхгүй,ямар нэг ачаалал өгөх,хүнд юм өргөх үед зовиур илэрнэ...”гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

          Хохирогч Э.Э нь өөрт учирсан гэмтлийн талаар тухайн үедээ буюу 2022 оны 01 сарын 07-ны өдөр туслах багш Г.Гооцэцэгт хэлсэн болох нь гэрч Г.Гооцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Э багш тухайн үедээ гар эвгүй болоод байна гээд надад үзүүлж байсан,ямар нэг гэмтсэн,хөхөрсөн зүйл хараагүй гэсэн мэдүүлэг,мөн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би хүүхдүүдээ тайвшруулаад Э багштай уулзахад гар эвгүй болчихлоо гэхээр нь харахад баруун гарын бугалага хэсгээр нь бага зэрэг хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон байна.

 

Гэрч Г.Гооцэцэг, Ц.Нарангэрэл нарын мэдүүлэг нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд гэж үзэх үндэслэлтэй ба гэрч нарын өгсөн мэдүүлгүүдийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгээр гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болох нь тогтоогдсон гэж  үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ш.Оийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хэрэгт хураан авсан гэх 1 ширхэг СД бичлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 24.4 дүгээр зүйлд заасан нотлох баримт цуглуулах,бэхжүүлэх журмыг зөрчсөн байх тул хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД-ыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

 

 Хохирол төлбөрийн талаар:

 Хавтаст хэргийн 108 дугаар талд хохирогчоос нийт 1362358 төгрөгийн нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж ирүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт дээрх хохирлыг нэхэмжилнэ гэжээ.

Хэрэгт ирүүлсэн баримтаас  эмийн үнэ 115,512 төгрөгийг /5900+51830+12000+5700 Төгс Омбол эмийн сан, +15500 Шанд фарм эмийн сан+19182+5400 монос эмийн сан/ гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Дээрх эмээс гадна яс бэхжүүлэхэд 1,032,279 төгрөгийн кальц, тосыг Тяньши сүлжээнээс авч хэрэглэсэн гэж хохирогчоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба хохирогчийг өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавьж нэмэлт бүтээгдэхүүн авч хэрэглэснийг үгүйсгэх үндэслэлгүй байх боловч уг бүтээгдэхүүн авсан нэхэмжлэх дээр өөр хүний нэрээр бичигдсэн, зарим нь 2022 оны 03 сарын 02-нд авсан баримттай ба мөн 4 удаа эмнэлэг явсан гэж 40,000 төгрөгийн шатахууны зардал, нийт 1072,279 төгрөгийг нэхэмжилснийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож,

Хохирогч Э.Э эмнэлгийн чөлөө олгох хуудсаар мөнгө авсан гэх боловч эмнэлгийн чөлөөний баримт байхгүй, тэтгэмж олгогдсон эсэх нь тодорхойгүй, ажил олгогч байгууллагаас олгосон тодорхойлолтод тэтгэмжийн мөнгө олгогдсон эсэх, 2022 оны 01 сард хэдэн төгрөгийн цалин, актны мөнгө авсан тухай мэдээлэл байхгүй байх тул хохирогчийн цалингийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийг дан ганц нягтлан бодогчийн тодорхойлолтыг үндэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ш.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй талаар өөрийгөө өмгөөлж оролцсон болно.

 

Шүүгдэгч Ш.О урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал/анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ш.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгчийн эрхэлсэн ажилгүй, эдийн засгийн байдал зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

           

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Ш.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Ш.О нь дээд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Ш.Од оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, хэрэгт хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Оээс 115,512 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Эт олгож, нэхэмжлэлээс 1,072,279 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цалингийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.АДЪЯАСҮРЭН