| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2017/05749/И |
| Дугаар | 938 |
| Огноо | 2018-03-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 938
| 2018 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 101/ШШ2018/00938 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Цолмонгэрэл, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: .............. дугаар давхар, “Э” ХХК-ийн /РД: ......../ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .............................. тоотод оршин суух, Д.Тт /РД: ............/ холбогдох
41.360.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал,
Иргэдийн төлөөлөгч Э.Ундралмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Т манай байгууллагатай 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 055 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан ба түүнд 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 10169 арлын дугаартай, SD300N маркийн дугуйт ачигчийг хүлээлгэн өгсөн.
Д.Т нь түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул “Э” ХХК нь түүнд холбогдуулан 10169 арлын дугаартай, SD300N маркийн дугуйт ачигчийг гаргуулах, дээрх ачигчийн түрээсийн төлбөрт 35.691.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
Хариуцагч Д.Т нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул дээрхи шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2750 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Булган аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр шүүгчийн захирамжийн дагуу манай байгууллагад 10169 арлын дугаартай, SD300N маркийн дугуйт ачигчийг хүлээлгэн өгсөн ба хүлээн авах үед дугуйт ачигчийн урд тэнхлэг бүхэлдээ болон хурдны хайрцаг нь эвдэрсэн байсан.
Иймд хариуцагч Д.Таас дугуйт ачигчийн урд тэнхлэгийн үнэд 16.500.000 төгрөг, хурдны хайрцагны үнэд 24.860.000 төгрөг, нийт 41.360.000 төгрөгийг нэхэмжилж байна.
Манай байгууллага хариуцагч Д.Таас зөвхөн сэлбэгийн үнийг нэхэмжилж байгаа бөгөөд Булган аймгийн Бүрэгхангай сумаас ачигчийг авчирсан зардал, ажлын хөлсийг нэхэмжлээгүй.
Дугуйт ачигчийг Төв аймгийн Заамар суманд ашиглана гэж гэрээгээр тохирсон атлаа түрээслүүлэгч талд мэдэгдэлгүй, гэрээний 5.2.5-д заасныг буюу “....тоног төхөөрөмжийг ашиглах байршил, түүний өөрчлөлтийн талаар тухай бүр мэдээлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж дугуйт ачигчийг Булган аймагт аваачин, өөр этгээдэд буюу иргэн Базарсүрэнд шилжүүлэн өгсөн байсан.
Дугуйт ачигчийг өөр этгээдэд шилжүүлэхээр бол манай компаниас заавал зөвшөөрөл авах ёстой. Мэдэгдээгүйгээс үүссэн хохирлыг Д.Т өөрөө хариуцах ёстой. Бид шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэдсэн.
Гэрээ цуцлах үед тоног төхөөрөмж эвдрэлтэй байвал гэрээний 4.3.4-т зааснаар засвар болон сэлбэгийн зардлыг түрээслэгч буюу Д.Т төлөхөөр тохирсон тул төлөх ёстой.
Үүний дагуу бид нэхэмжилж байгаа бөгөөд хариуцагч тал Д.Т дугуйт ачигчийг эвдлээгүй, өөр хүнд шилжүүлэн өгсөн үед эвдэрсэн тул эвдрэлийг хариуцахгүй гэж тайлбарлаж байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2750 дугаар захирамжийн дагуу хариуцагч Д.Т 35.691.500 төгрөг төлөхөөс 1.000.000 төгрөгийг л төлсөн.
Шийдвэр гараад 2 жил гаруй хугацаа өнгөрч байхад 1.000.000 төгрөг л төлж байгаа юм чинь аккумляторын үнэ, дугуйт ачигчийг хотод авчирсан зардал, ажлын хөлсийг нэхэмжилбэл Д.Т дийлэхгүй.
Уг шийдвэр гарах үед бид дугуйт ачигч эвдрэлтэй байсан уу, үгүй юу гэдгийг мэдэх боломжгүй байсан тул сэлбэг болон засварын талаар нэхэмжлэл гаргаагүй.
Эвдрэлийн талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед мэдсэн ба хариуцагч Д.Тт эвдрэл, гэмтлийн талаар гарсан дүгнэлтийг танилцуулахад төлнө, маргахгүй, та нар харин үнийн дүнг нь багасгаж өгөөч, түр хүлээгээч, төлбөр төлөхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахаа түр зогсоогооч, уурхай ажиллаад эхлэнгүүт төлбөрийг чинь төлье гэж байснаа алга болсон тул манай байгууллага нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Д.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Д.Т нь 10169 арлын дугаартай, SD300N маркийн дугуйт ачигчийг худалдан авахаар “Э” ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр гэрээ байгуулсан ба 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр дугуйт ачигчаа хүлээн авсан.
Ингээр 2 сар гаруй хугацаанд өөрөө ашиглаж байгаад С.Базарсүрэн гэж хүнд түр хугацаагаар ашиглуулсан. С.Базарсүрэн дугуйт ачигчийг ашиглах явцад түүнээс авлагатай гэх “Хамтын Эх Булаг” ХХК уг дугуйт ачигчийг өрөндөө барьцаалаад авч явсан.
“Хамтын Эх Булаг” ХХК нь С.Базарсүрэнгээс авах 15.000.000 төгрөгийн өрөндөө уг дугуйт ачигчийг авсан юм билээ.
Үүнээс үүдэлтэй Д.Т “Э” ХХК-д түрээсийн төлбөрөө төлж чадахаа болин гэрээ цуцлагдан дугуйт ачигчийг нь хүлээлгэн өгч, түрээсийн төлбөр 35.691.500 төгрөгийг төлөхийг Д.Т хүлээн зөвшөөрсөн.
Түрээсийн төлбөрийн болон дугуйт ачигчийг хүлээлгэн өгөх асуудлыг шүүх шийдвэрлэсэн. Гэрээ цуцалсан гэсэн атлаа гэрээний үүрэг яриад байгааг ойлгохгүй байна.
Нэхэмжлэл болон хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц дахь бичиг баримтуудаас үзэхэд дугуйт ачигчийг “Хамтын Эх Булаг” ХХК-д байхад нь тухайн компаниас асааж, шалгаж хүлээн авсан үйл явдал баримтаар тогтоогдсон ба дугуйт ачигчийг “Хамтын Эх Булаг” ХХК-д байхад эвдрэл, гэмтэл үүсэн, шийдвэр гүйцэтгэгч битүүмжлэн, хураасан байхад бүх эд зүйлийг нь өөрчилсөн, тайлсан, байршлыг нь хөдөлгөсөн, аккумлятор болон бусад зүйлийг тоносон нь энэ хүмүүсийг төлбөр авах гээд явж байхад үүссэн асуудал.
Тухайн дугуйт ачигчид Д.Т санаатайгаар эвдрэл, гэмтэл учруулаагүй, С.Базарсүрэн болон түүнээс авлагатай “Хамтын Эх Булаг” ХХК-иас эвдрэл, гэмтэлтэй холбоотой зардлаа нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Дугуйт ачигчийн эвдрэл, гэмтлийн талаар дүгнэлт гаргасан “Хос стандарт” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх хугацаа дууссан байхдаа үнэлгээ хийсэн нь үндэслэлгүй.
Энэ асуудлыг өмнө шийдвэрлэсэн, Д.Т уг хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Д.Тт холбогдуулан 10169 арлын дугаартай, SD300N маркийн дугуйт ачигчийн урд тэнхлэгийн үнэ 16.500.000 төгрөг, хурдны хайрцагны үнэ 24.860.000 төгрөг, нийт 41.360.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.Т нь уг асуудлыг өмнө шийдвэрлэсэн, энэ хэргийн хариуцагч Д.Т биш тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Тт холбогдох 10169 арлын дугаартай, SD300N маркийн дугуйт ачигчийг гаргуулах, дугуйт ачигчийн түрээсийн төлбөрт 35.691.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2750 дугаар захирамжаар хариуцагч Д.Тын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
/ХХ-ийн 10-12 дугаар тал/
Дээрхи шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдан “Э” ХХК-ийн өмчлөлийн 10169 арлын дугаартай, SD300N маркийн дугуйт ачигчийн байгаа газар буюу Булган аймгийн Бүрэгхангай суманд “Хамтын Эх Булаг” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй газарт 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийн дугуйт ачигчийг төлбөр авагчид хүлээлгэн өгөхөөр ирэхэд дараахь нөхцөл байдал илэрчээ.
Үүнд: Битүүмжилсэн хөрөнгийг ашиглахгүй байхыг даалгасан мэдэгдлүүдийг хуулж авсан, дугуйт ачигч дахь бүх лацуудыг бахиар тасдаж авсан, техникийн байрлалыг өөрчилж хөдөлгөж, асаасан, урд талынх нь 2 дугуйг доторхи эд ангиудынх нь хамт салгаж, задалсан, аккумлятор нь байхгүй ба шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл үүссэн тул шийдвэрийг биелүүлэх ажиллагааг хойшлуулан үзлэгийн акт болон ажиллагааны тэмдэглэл үйлджээ.
/ХХ-ийн 42-45 дугаар тал/
2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч уг шийдвэрийг биелүүлэхээр мөн дээрхи газарт ирэхэд дугуйт ачигчийг өөрөөр нь явуулах боломжгүй нь тогтоогдсон тул машинаар чирч хамгаалалтын албаны байрны хажуу талд авчирч дахин ашиглахгүй байхыг холбогдох ажилтанд даалган, дугуйт ачигчийг машинаар ачин хотод хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
/ХХ-ийн 13-14, 46 дугаар тал/
12 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр мөн дээрхи “Хамтын Эх Булаг” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй газарт ирж эд хөрөнгө хураах акт үйлдэн дугуйт ачигчийг төлбөр авагч “Э” ХХК-д хүлээлгэн өгч хүлээлгэн өгсөн акт үйлджээ.
/ХХ-ийн 15-17, 47-48 дугаар тал/
Хариуцагч Д.Т нь нэхэмжлэгч “Э” ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 10169 арлын дугаартай, SD300N маркийн дугуйт ачигчийг түрээслэхээр тохирч 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр тээврийн хэрэгслийг хүлээн авсан ба уг гэрээний дагуу дугуйт ачигч хүлээлгэн өгсөн, түрээсийн төлбөртэй холбоотой асуудлыг шүүх өмнө нь шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй“ гэж заасны дагуу нэхэмжлэгч энэ талаар дахин нотлох шаардлагагүй.
/ХХ-ийн 19, 56-60 дугаар тал/
Гагцхүү дээрхи гэрээ цуцлагдан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс дугуйт ачигчийг өмчлөгч “Э” ХХК-д хүлээлгэн өгөх үед буюу түрээслэгч болох Д.Тын эзэмшил, ашиглалтанд байх үед үүссэн эвдрэлийг засахтай холбоотой зардлыг нэхэмжилж байна.
Хариуцагч Д.Т нь уг дугуйт ачигчид үүссэн эвдрэл, гэмтэл болон хохирлын үнэлгээтэй холбоотой маргаагүй бөгөөд уг гэмтэл нь дугуйт ачигчийг “Хамтын эх булаг” ХХК ашиглах үед үүссэн учир төлөхгүй гэж маргаж байна.
10169 арлын дугаартай, SD300N маркийн дугуйт ачигч “Э” ХХК-ийн өмчлөлийнх болох нь уг ачигчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 20 дугаар тал/
Хариуцагч Д.Т болон нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.4-т “тоног төхөөрөмжийн эд анги эвдрэлтэй тохиолдолд түүний засвар болон сэлбэгийн зардлыг” түрээслэгч төлнө,
5 дугаар зүйлийн 5.1.8-д “Түрээслэгч талын буруугаас хохирол учирсан тохиолдолд учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаардах эрхтэй”,
5.2.5-д “өөрийн хаяг, утас болон тоног төхөөрөмжийг ашиглах байршил, түүний өөрчлөлтийн талаар тухай бүрд мэдээлэх үүрэгтэй”,
5.2.8-д “түрээслэгч нь тоног төхөөрөмжийг ердийн элэгдлээс муутгахгүй байх үүрэгтэй” гэж заасан ба гэрээгээр дугуйт ачигчийг Төв аймгийн Заамар сумын нутагт ашиглана гэж тохирчээ.
/ХХ-ийн 56-60 дугаар тал/
Хариуцагч Д.Т нь дугуйт ачигчийг гэрээгээр тохирсноос өөр газар ашиглах болсноо “Э” ХХК-д амаар мэдэгдсэн гэх боловч энэ нь нотлогдоогүй бөгөөд тэрээр тоног төхөөрөмж буюу дугуйт ачигчийг түрээслүүлэгч талд мэдэгдэлгүй, өөр газарт аваачин бусдад ашиглуулснаас үүссэн хохирлыг өөрөө хариуцан арилгах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь өөрийн эд хөрөнгийг засварлахтай холбоотой зардлын талаархи үнийн саналыг хариуцагч Д.Тт 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр танилцуулан гардуулахад хариуцагч Д.Т нь төлбөрийг багасгах хүсэлт гаргаж байсан талаар нэхэмжлэгч тал шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй болно.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь өөрийн өмчлөлийн 10169 арлын дугаартай, SD300N маркийн дугуйт ачигчид үүссэн хохирлын үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний “Хос стандарт“ ХХК-д хүсэлт гаргасан бөгөөд “Хос стандарт“ ХХК нь 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тайлан гаргажээ.
Тайланд: 10169 арлын дугаартай, SD300N маркийн дугуйт ачигч шинэ, өмнө нь засварлагдаж байгаагүй, үнэлгээг зах зээлийн жишиг үнийн аргаар тооцоход урд тэнхлэг 16.500.000 төгрөг, хурдны хайрцаг 24.680.000 төгрөг, уг обьект 41.360.000 төгрөгөөр үнэлжээ.
“Хос стандарт” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй нь, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсоныг дурьдлаа.
/ХХ-ийн 26-41, 55 дугаар тал/
Иймд хариуцагч Д.Таас 41.360.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 288 дугаар зүйлийн 288.2.3-т заасныг баримтлан хариуцагч Д.Таас 41.360.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 364.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Таас 364.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ
Д.ЦЭРЭНДОЛГОР