Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/218

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0205/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,

Шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ж овогт Б-ны Ж-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000215 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ж овогт Б-ны Ж /РД: .............. /, ........  оны ...  дугаар сарын ... -ний өдөр ...........  аймагт төрсөн, ......  настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........ , .............. нарын хамт .........  аймгийн ....... сумын  .........  дугаар багийн ............-ийн .........  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.Ж нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн үед ..............  аймгийн ...........  сумын ............  дүгээр баг .......  дугаар хорооллын ................. гудамжны .............  тоотод оршин суух  иргэн Э.О-ийн хувийн орон сууцанд хууль бусаар нэвтрэн 4 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,200,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж мэдүүлэхдээ: “...Миний бие тэр орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн мэдэлгүй тэр хаусны үүдний амбаарын жижиг цонхийг хагалж ороод 4 ширхэг мөнгөн аяга авсан тэгээд үйлчилгээний төв дээр ирээд тасраад унасан байсан, сэрээд хартал карманд 4 ширхэг мөнгөн аяга байсан. Ингээд дэлгүүр ороод худалдагчид 4 ширхэг мөнгөн аягыг зарах гэж тайлбарласан удалгүй цагдаа орж ирээд намайг аваад явсан. 4 ширхэг мөнгөн аягыг эзэнд нь буцааж өгсөн. Хагалсан цонхийг төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг

                                                                                                                                                  

Эрүүгийн 2218000000215 дугаартай хэргээс:

 

Хохирогч Э.О-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дахь тал/, гэрч Г.Б-ы мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 18 дахь тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дэх тал/, гэрч Б.К-ны мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/, Капитал зууч ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 55 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Ж-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ж нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн үед ............  аймгийн ..........  сумын ........ дүгээр баг .......  дугаар хорооллын ..........  дугаар гудамжны .......... тоотод оршин суух  иргэн Э.О-ийн хувийн орон сууцанд хууль бусаар нэвтрэн 4 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,200,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч Э.О-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 01, 05 дугаар сарын 03-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2022 оны 04 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн үед гэртээ байж байхад манай сургуулийн оюутан над руу залгаж сургууль дээр хүрээд ирээч гэж хэлэхээр нь гэрээ түгжээд сургууль руу явсан. Тэгээд 20 цаг 20 минутын үед гэртээ ирэхэд манай гэрийн үүдний гэрэл асаалттай байхаар нь манай хүү ирсэн юм байх гээд гэр лүү орох гээд үүдэнд иртэл хаалганы хажуу талын жижиг цонх хагарсан, үүдэнд байсан цагаан тортой хог асгарсан, 5 ширхэг мөнгөн аяга газар хэвтэж байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс их гарын 2 ширхэг, дунд гарын 2 ширхэг буюу нийт 4 ширхэг мөнгөн аяга алга болсон. Их гарын мөнгөн аягыг 2014 онд 500,000 төгрөгөөр, бусад мөнгөн аягыг бэлгэнд авч байсан. Алдагдсан мөнгөн аягануудаа буцааж хүлээн авсан. Надад учирсан хохирол бүрэн төлөгдсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24, 26 дахь тал/,

 

Гэрч Т.Ч-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дэлгүүр дээрээ ажлаа хийгээд байж байтал манай дэлгүүрээс өмнө нь эд зүйл хулгайлж байгаад баригдаж байсан залуу манай аавтай дэлгүүрийн гадна таараад манай аавд “Мөнгөн аяга авах уу” гэж асуугаад орж ирээд “Аягануудыг 50,000 төгрөгөөр худалдаж авах уу” гэж асуухаар нь би “Чи наад аягануудаа хаанаас авсан юм бэ” гэж асуухад “Би гэрээсээ авчирсан” гэж хэлсэн ба би тэр үед "Чиний хувцас чинь яагаад цус болчихсон байгаа юм бэ" гэж асуухад “Хонь гаргаад хувцас цус болсон” гэж хэлэхээр нь сэжигтэй санагдаад Энхмягмар цагдаад болсон асуудлыг утсаар залгаж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

 

Гэр Б.Б-ны мөрдөн байцаалтад 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр охиныхоо дэлгүүр дээр хайрцагтай зүйл оруулж өгөх гээд дэлгүүр лүү орж явтал 20-25 орчим настай, масктай, дээгүүрээ улаан өнгийн ноосон малгайтай, хар өнгийн куртиктэй залуу торонд юм хийчихсэн “Ахаа мөнгөн аяга авах уу” гэж надаас асуухаар нь би “Юу юм бэ, хэнийх юм” гэж асуугаад гартаа барьчихсан байхаар нь дагуулаад дэлгүүр лүү ороод тэр залуутай уулзаад юун аяга, хаанаас авсан, хэнийх юм гэдгийг нь асууж тодруулахад тэр залуу “Манай гэр микрт байдаг. Мөнгөний хэрэг болоод зарах гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэр залуугийн тухайн үед өмсөж явсан хувцас нил цус болчихсон байхаар нь асуухад “Мал нядалж байгаад хувцсаа цус болгосон” гэж хэлсэн.  Сэжигтэй байхаар нь охиндоо цагдаа дуудаж өг гэж хэлээд гараад явсан. Торон дотор нь 4 ширхэг мөнгөн аяга байсан. Аягануудыг үзэхэд нэг ч бичиг байгаагүй.”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “...Э.О-ийн гэрээс алдагдсан их гарын мөнгөн аяга /хэрэглэж байсан/ 2ш, дунд гарын мөнгөн аяга /хэрэглэж байсан/ 2ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 1,200,000 /Нэг сая хоёр зуун мянга/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 37, 38 дахь тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-9 дэх тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай “...Үзлэгээр тогтоогдсо нөхцөл байдал: үзлэгээр 4 ширхэг мөнгөн аяга байх ба эхний мөнгөн аяганд үзлэг хийхэд 17см диаметртэй, 6.5 см өндөртэй аяганы дотор хэсэгт зааны зурагтай байв. Аягыг доош харуулахад аяганы доод хэсэг салсан, доод хэсэгт төрийн сүлдтэй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Хоёр дахь мөнгөн аяганд үзлэг хийхэд 16.5см диаметртэй, 7см өндөртэй аяга байх ба аягыг эргүүлж доош харуулахад доод хэсэг нь бүхэлдээ хээтэй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Гурав дахь мөнгөн аяганд үзлэг хийхэд 13см диаметртэй 5см өндөртэй аяга байх ба аягыг эргүүлж доош харуулахад доод хэсэгт өлзий хээний сийлбэртэй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв Дөрөв дэх мөнгөн аяганд үзлэг хийхэд 13см диаметртэй 5см өндөртэй аяга байх ба аягыг эргүүлж оош харуулахад аяганы доод хэсэгт эвтэй 4 амьтаны сийлбэртэй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...Бичлэгийг эхлүүлэхэд ...............  сумын .......  дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ..............  хүнсний дэлгүүрийн гадна талын үүдний хэсэг харагдах ба камерын бичлэг эхлэх үед 2022 оны 04 дүгээр сарын 01-ний оройн 19 цаг 49 минут 58 секундэд эхлэж байх ба саарал өнгийн малгай өмссөн гартаа хайрцагтай эд зүйл барьсан 55-60 орчим насны 170-175 см орчим өндөр нуруутай эрэгтэй хүн дэлгүүр лүү орох хэсгийн үүдний довжоон дээр дэлгүүр лүү орох гээд явж байх үед араас нь улаан өнгийн ноосон малгай, хар өнгийн урд куртиктэй, саарал өнгийн өмдтэй, бараан өнгийн гуталтай, гартаа тортой эд зүйл барьсан 20-25 орчим насны 165 см орчим нуруутай эрэгтэй хүн юм ярьсаар ахимаг насны эрэгтэй дээр дөхөж очоод баруун талын гартаа барьсан цагаан өнгийн тортой эд зүйлээ байрыг нь сольж зүүн талын гартаа барих бөгөөд 20 секунд юм ярьж зогсож байгаад торныхоо амсарыг нээж дотроос нь 1 ширхэг саарал өнгийн металь аяга гэмээр зүйл гарган эргүүлж тойруулан үзүүлж зогсож байгаад тэдгээр хүмүүс дотогш дэлгүүр лүү орж байгаагаар хяналтын камерын дуусаж байлаа.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/,

Эд зүйл хураан авсан тухай “...17см диаметртэй 6.5 см өндөртэй аяганы дотор хэсэгт зааны зурагтай, доод хэсэгт салсан хэсэгт төрийн сүлдтэй 1 ширхэг мөнгөн аяга, 16.5 диаметртэй 7 см өндөртэй доод хэсэг нь бүхэлдээ хээтэй 1 ширхэг мөнгөн аяга, 13 см диаметртэй 5 см өндөртэй, доод хэсэгт өлзий хээний сийлбэртэй 1 ширхэг мөнгөн аяга, 13 см диаметртэй 5 см өндөртэй, доод хэсэгт эвтэй 4 амьтаны сийлбэртэй 1 ширхэг мөнгөн аяга буюу нийт 4 ширхэг мөнгөн аягыг Б.Ж-ээс хураан авч тэмдэглэлийг оролцог нарт танилцуулав.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...17 см диаметртэй 6.5 см өндөртэй аяганы дотор хэсэгт зааны зурагтай, доод хэсэгт салсан хэсэгт төрийн сүлдтэй 1 ширхэг мөнгөн аяга, 16.5 диаметртэй 7 см өндөртэй доод хэсэг нь бүхэлдээ хээтэй 1 ширхэг мөнгөн аяга, 13 см диаметртэй 5см өндөртэй, доод хэсэгт өлзий хээний сийлбэртэй 1 ширхэг мөнгөн аяга, 13см диаметртэй 5 см өндөртэй, доод хэсэгт эвтэй 4 амьтаны сийлбэртэй 1 ширхэг мөнгөн аяга буюу нийт 4 ширхэг мөнгөн аягыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 23 цаг 30 минутад хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв. ...эд зүйл хүлээн авсан Э.О” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дэх тал/,

 

Б.Ж-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр гэрчээр, 04 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: “...Парк таун хороолол руу 19 цаг өнгөрч байхад яваад хаус хороолол дундуур яваад замын хажуугийн хаусны гадна хаалга онгорхой байхаар нь хашааны дотор ороход зэрэгцээд 2 хаус байсны цаа талын хаусны гэрэл унтраасан ямар хүнгүй харагдсан. Тэгэхээр нь 10 минут орчим ажиглаж харж байгаад үүдний шилэн таамбар хэсэг рүү нь ороод хаалгыг нь татаж үзэхэд цоожтой байхаар нь хаалганых нь баруун талын жижиг нарийн цонхыг хагалаад тухайн цонхоор орсон. Орохдоо баруун талын эрхий хурууны үений хажууд цонх хагалсан шилэн дээр дараад зүссэн. Ороод шууд 2 давхар луу гарахад 4 хаалга байсан ба 2 хаалга нь цоожтой 2 хаалга нь онгорхой байхаар нь онгорхой 2 хаалга руу шагайж үзэхэд авах юм харагдахгүй байхаар нь 1 давхар руу буугаад гал тогооны хэсэг рүү ороход плитканы хажуу талын дээд шүүгээнд мөнгөн аяга өрсөн байхаар нь түүнээс тэр мөнгөн аягануудыг аваад буцаад гарахдаа заримыг нь гал тогоонд, заримыг нь цонхор гарахдаа унагаад үлдсэн 4 ширхэг мөнгөн аяга авч гарсан. Тэндээс гараад Дархан сумын.........  дугаар багт байрлах үйлчилгээний төв ороод тэнд байдаг ломбард руу ороод мөнгөн аяга авах эсэх талаар асуухад авахгүй гэхээр нь тэнд байдаг супермаркет руу зарах гэж байгаад цагдаад баригдсан. Би гэрийнхээ хажуугийн дэлгүүрээс идэж уух юм аваад түүнийгээ төлж чадахгүй болохоор хулгай хийсэн. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар тодорхой мэдүүлэг өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33, 82 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Ж нь  2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 19:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Э.О-ийн өмчлөлийн .........  аймгийн ............ сумын .......  дүгээр багийн ......  дугаар хороолол, ......... дугаар гудамжны ........... тоот .......  давхар хувийн сууцны ..........  давхрын хаалганы хажуу талын жижиг цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн орж 4 ширхэг мөнгөн аяга авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Н.Баярмаа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Ж-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Учир нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан хүндрүүлэн зүйлчилнэ.

Дээрх хүн байнга амьдрах зориулалттай орон байр нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй, нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.О-д 1,200,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь хулгайд алдсан зүйлээ биет байдлаар хүлээн авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах  төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Ж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Ж нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Б.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагаа хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч Б.Ж нь урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Ж-т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлөхөөр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Б-ы Ж-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-т шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй тус тус болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж, шүүгдэгчийн эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР