Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1608

 

 

 

 

    2018 оны 05 сарын 10 өдөр

          Дугаар 101/ШШ2018/01608

                   Улаанбаатар хот

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Б.Цолмонгэрэл, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  овогт Б.Б /регистрийн дугаар *******/-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийбатын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Д.Б /регистрийн дугаар *******/-д холбогдох

 

Гэм хорын хохирол 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Батбаяр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0200/, иргэдийн төлөөлөгч Б.Нацагсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 7 дугаар сард Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг Гүн бүрд хэмээх газарт Б.Б миний өмчлөлийн 4 тооны адууг 17 настай н.А******* хэмээх залуу тууж зам хөндлөн гарч явах үед хариуцагч Д.Б  өөрийн өмчлөлийн ******* ******* улсын дугаартай тоёота премио маркийн автомашинаар маш хурдтай ирж Макс угшилын, хурдан удмын сартай хонгор зүсмийн эрлийз даагыг дайрч гэмтээсэн бөгөөд тус даага одоо эмчлэгдэх боломжгүйгээр хөл нь гэмтэлтэй болсон. Тус сартай хонгор даага нь Макс угшилын хурдан удмын эрлийз /Англи удмын/ даага бөгөөд Макс группын захирал Тод манлай уяач Д.Ц*******ээс надад бэлгэнд өгч байсан Америкаас ирсэн Вест Монголиа хурдан адууны төл юм. Миний бие тухайн хэрэг явдал болсоны дараа Төв аймгийн Цагдаагийн газарт хандан өргөдөл гаргасан бөгөөд цагдаагийн байгууллага өргөдлийг шалган үзээж Д.Б гэм буруутай хэмээн үзэж шийтгэврээр 100,000 төгрөгийн торгууль ногдуулсан боловч миний адууны хохирлын асуудал шийгдэгдээгүй үлдсэн юм. Д.Б цагдаад мэдүүлэг өгөх үедээ миний адууг дайрч гэмтээснээ хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн боловч одоо болтол хохирлыг минь барагдуулаагүй байна. Би дааганыхаа үнэлгээг мэргэжлийн үнэлгээний компаниар гаргуулж, цагдаад асуудал шалгагдах үед нотлох баримтаар гаргаж өгсөн байсан бөгөөд миний даага 20,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн болно.

Машинд дайрагдсан сартай хонгор зүсмийн даага эдгэршгүй гэмтэл авч бэртэл авсны улмаас хэсэг хугацааны дараа нядалгаанд орж үхсэн байдаг. Түүний эх шарга гүү нь тухайн үед гэмтсэн боловч сэхээ аваад эдгэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагад оруулаагүй. Б.Б нь Д.Ц******* гэж хүний адууг олон жил маллаж ирсэн байдаг учраас урамшуулал болгож бэлэглэсэн, 7 дугаар сарын 17-ны өдөр наадмын үеэр уралдуулах гээд сойж, уралдуулах гэж байсан. Адууны одоогийн зах зээлийн ханшаар хамгийн багадаа 20,000,000 төгрөг гэж тооцож байгаа бөгөөд Б.Б нь анх зөрчил шалган шийдвэрлэж байхад адуугаа 60-70 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Үнэлгээ хийсэн мэргэжлийн эрх бүхий үнэлгээний компанийн үнэд дүйцүүлэн багасгаж 20,000,000 төгрөгөөр үнэлж тогтоосон байдаг тул үнэлгээг бодитой хийгдсэн гэж үзэж байгаа. Дааганы өмчлөлийн асуудал дээр бодит байдал дээр Б.Бы гэмтээд үхсэн даага нь Б.Бы даага гэсэн нотлох баримт байхгүй. Энгийн малчин ард иргэд тэр болгон бичгээр гэрээ хэлцэл үйлдээд байдаггүй. Энийг хүн бүхэн л мэдэж байгаа. Тооллогын баримт, хувийн данс бүртгэл дээр бол тухайн үед ийм зүсмийн, ийм тооны адуу байлаа гээд тоо л байдаг болохоос биш тэр нь тэрний төл юм гэсэн ургын хөтлөлт хийдэггүй. Вест Монголиагийн төл юм гэдгийг нотлохгүй байх гэж бодсон тул тооллогын баримтыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Мөн улсын тооллогын баримтыг харахаар малын зүс, нас болгоноор дурдаж гаргадаггүй. Тэгэхээр тэр нотлох баримтыг гаргаж өгсөн байсан ч дааганы өмчлөл харагдахгүй учраас гаргаж өгөөгүй. Б.Бы өмчлөлийн даага, адуу биш байсан бол нэхэмжлэл гаргах шаардлага байхгүй байсан. Хүнс хөдөө аж үйлдвэрийн журмаар малыг гэрчилгээжүүлэх журам байдаг боловч энэ журмын хэрэгжилт хүндрэлтэй байдаг юм уу, хэрэгждэггүй. Мал болгон дээрээ бүртгэгдээд бичиг баримтжаад байдаг малчин бодит байдал дээр байхгүй. Мөн яалт ч үгүй 2 тооны адуу дайруулсан. Б.Б*******ий тээврийн хэрэгслийн ашиглалтын гэм буруутай үйлдлээс хохирол үүссэн гэдэг нь цагдаагийн байгууллагаар бүрэн тогтоогдоод гэм хор нь бүрэн дүүрэн тогтоогдсон дээр маргаан байхгүй. Иргэний хуульд мал нь хариулгагүй явж байсан бол жолоочийн гэм буруу гэж үздэггүй, гэтэл энэ тохиолдолд хариуцлагатай туугаад явж байхад нь Б.Б*******э дайрсан тул жолоочийн гэм буруу гэж үзнэ. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй тул Б.Б*******ийн өөрийнх нь өмчлөлийн автомашин гэдгийг өөрөө ч хүлээн зөвшөөрч байгаа тул бүрэн хариуцах үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байдаг. Гэтэл даага үхчихсэн, хуучин байдалд сэргээн засах боломжгүй тул мөнгөөр нэхэмжилж байгаа. Ямар нэгэн байдлаар ашиг олох гэж нэхэмжлэл гаргаагүй. Хэрвээ тэгсэн бол олох байсан орлого, гэмтсэн гүүний хохирлыг ч нэхэмжлээд явах байсан.

Иймд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэн надад учруулсан гэм хорын хохирол болох 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

  

Хариуцагч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Батбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

   2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт явж байсан. Гэнэт замын хажуугаас нэг хүн зам хөндлөн адуугаа туугаад гараад ирсэн ба би зогсоох арга хэмжээ авсан ч нэг тооны шарга зүсмийн адууг мөргөсөн юм. Тухайн үед тэр адуу гэмтээгүй болно. Харин нэхэмжлэгчийн нэрлээд байгаа сартай хонгор зүсмийн эрлийз даагыг мөргөөгүй, тэнд байгаагүй болно.

Нэхэмжлэгчийн дааганы үнэлгээг нэлээн олон тооны уяачдаас судалгаа хийж авснаар үнэлгээн дээр дурдагдсан байгаа боловч үнэлгээг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд нэг өдрийн дотор хийгдсэн үнэлгээ байдаг. Үнэлгээн дээр 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр мөргөсөн талаар дурдсан байдаг. Хэрэг учрал нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 6 цагын үед болсон талаар гэрч нар мэдүүлдэг. Үнэлгээг хүсэлт гаргагч хийлгэсэн боловч шинжээчид эрх, үүрэг сануулж хийсэн зүйл байхгүй байна. Нэхэмжлэгч нь өөрийгөө эзэмшигч, өмчлөгч гэдгээ нотолж чадахгүй байна. Мөн энэ талаар зөрчлийн хэрэг шалгагдаж зөрчил ногдуулсан байдаг. Энд ганц шарга гүүний асуудал яригдаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харахад сартай хонгор даага дайруулаагүй, нэхэмжлэх эрхгүй байна. Эд нар л Вест Монголиа угшлынх гэж яриад байгаа болхоос үүнийгээ нотлоогүй. Шарга гүү дайрсан гэдэг дээр маргадаггүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Бд холбогдуулан тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас хурдан удмын сартай хонгор зүсмийн эрлийз даагыг мөргөсөний хохиролд 20,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэг тооны шарга зүсмийн адууг мөргөсөн боловч гэмтээгүй, харин даага мөргөөгүй, мөн уг дааганы өмчлөгч болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг “Гүн бүрд” гэх газар 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос Мандалговь аймаг явах чиглэлийн асфальтан зам дээр ******* ******* улсын дугаартай тоёота примо маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн үйлдэлд нь 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад адуу мөргүүлсэн асуудлаар Б.Б нь гомдол гаргаж ажиллагаанд оролцож байсан, өөр этгээд гомдол гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар өөрийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй буюу хурдан удмын сартай хонгор зүсмийн эрлийз дааганы өмчлөгч нь гэж үзэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь 2 тооны адуу дайруулсан, харин хариуцагч нь нэг тооны адуу дайрсан гэж маргаж байх бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл”-ээс үзэхэд адуу мөргүүлсэн талаар дурьдагдсан боловч хичнээн тооны адуу мөргүүлж, түүнтэй холбоотой бэхжүүлсэн ул мөр, зураг гэх мэт нь тусгагдаагүй, хавсаргагдаагүй байна.

 

Мөн зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгсөн Ц.А*******, Т.О******* нар нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө өмнө өгсөн мэдүүлэгээсээ зөрүүгүй, харин гэрчүүдийн мэдүүлэгт Ц.А******* нь 2 тооны адуу дайрсан, Т.О******* нь 1 тооны адуу дайрсан гэж тус тус мэдүүлж байгаа бөгөөд хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар хэн алиных нь мэдүүлэг давхар нотлогдохгүй байна. 

 

Энэхүү зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь дууссан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд зохигчдын хэн алин нь ажиллагаа дутуу хийгдсэн болон бусад асуудлаар гомдол гаргаагүй байна.

 

Эдгээрээс үзвэл зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Б.Бы хурдан удмын сартай хонгор зүсмийн эрлийз даагыг хариуцагч Б.Б*******э дайрсан болох нь тогтоогдохгүй буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хор учруулсан этгээд гэж үзэх үндэслэлгүй байна. 

 

Түүнчлэн сартай хонгор зүсмийн эрлийз даага нь Макс угшилын хурдан удмын эрлийз /Англи удмын/ даага гэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

    

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Бы хариуцагч Д.Бд холбогдуулан гаргасан “хохирол 20,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Т.ЭНХЖАРГАЛ

 

 

                                    ШҮҮГЧИД                                                                 Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

 

                                                                                                                        Э.ЭНЭБИШ