Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/229

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0206/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор  Г.Уянга,

Шүүгдэгч Г.А, Б.О-Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Г-ын А, Б овогт Б-ын О-Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үлдэж ирүүлсэн 2218000000208 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, М овогт Г-ын А /РД: ........... /, ...... оны ....  дүгээр сарын .......-ний өдөр .........  аймгийн ........ суманд төрсөн, эмэгтэй, ...... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ... , эцэг, эх, дүү нарын хамт ...... аймгийн Дархан сумын .......  дугаар багийн ............  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

2.  Монгол Улсын иргэн, Б овогт Б-ын О-Э /РД: .............. /, ......... оны.........  дугаар сарын ...... -ны өдөр ..........  аймгийн ......... суманд төрсөн, эмэгтэй, ........  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, маникюурчин мэргэжилтэй, ам бүл ..... , ..............-нарын хамт ........  аймгийн ........ сумын .....  дугаар багийн .........  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Г.А, Б.О-Э нар нь согтуурсан үедээ бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаан байхгүй. Бид хоёр хохирогчид 460,000 төгрөг өгсөн. Дахиж буруу үйлдэл гаргахгүй. гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О-Э-ийн мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй, Гэм буруугаа хүлээн зөьшөөрч байна. гэх мэдүүлэг,

                                                                                                                                                           

Эрүүгийн 2218000000208 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.А-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/, гэрч Б.А-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/, гэрч Э.Н-Э-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/, гэрч Х.Н-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,  Капитал зууч ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38, 45-46 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Г.А, Б.О-Э нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.А, Б.О-Э нар нь согтуурсан үедээ бүлэглэж, 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23 цагийн үед Дархан-Уул аймгийн ..........  сумын ...... дүгээр багт байрлах “N” баарны гадна иргэн Г.А-тай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хөмсгөнд зулгаралт, зүүн дээд зовхи, баруун нүд, уруул, бугалга, шуу, гуя, өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч Г.А-ийн мөрдөн байцаалтад  2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр найз П-ийн хамт караокед сууж байгаад орой 21 цаг өнгөрч байхад  N бааранд орсон. Бид хоёрыг бааранд ороод суусны дараа П-ийн нэг найз нь ирээд хамт суусан. Тэгээд 23 цагийн үед би дотор сууж байгаад салхилах гээд гарч ирээд гадаа зогсож байсан. Тухайн үед би нэлээн согтчихсон байсан болохоор болсон явдлыг сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь л хүмүүстэй маргалдчихсан зодолдчихсон байсан. Тэгээд би ухаан ороод За боль, та нар надаас дүү юм шиг байна. Ингэж болохгүй гэж хэлээд больсныхоо дараа хүзүүндээ байсан моньетон гинжээ байхгүйг мэдсэн. Тэгээд тэр хавиар хайсан чинь нэг охин ирээд Чи ямар гинжтэй байсан юм гээд над руу дайрсан. Тэгээд тэр баарны бармен хүүхэн нь камер хараад гарч ирээд боль гэж хэлж салгасны дараа тэд нар цаашаа яваад өгсөн. Би шууд цагдаад дуудлага өгсөн. Ямар ч байсан үснээс зулгаагаад өшиглөөд, цохиод байсан. Үснээс нэлээн их зулгаасан, толгой руу бас олон удаа цохисон. Толгой руу нэг өшиглөсөн байж магадгүй гэж бодож байна. Баруун нүд, уруулын дээр хөхөрсөн, мөн зүүн хөмсөгний дээр, гар, хөл зэрэг шалбарсан. Одоо болтол өвдөж байна. Би зодуулсандаа гомдолтой байна. Мөнгөн завьяагаас 600,000 төгрөгөөр худалдан авч байсан гинж алга болсон. Мөн өмдний халаасанд байсан Huawei Y-6 утасны дэлгэц хагарсан. Тэдгээрийг төлүүлмээр байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/,

 

Гэрч Б.А-н мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн: ...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагийн үед найзууд болох З  буюу А, Н, Н-Э нартай уулзаж Дархан сумын .........  дүгээр багт байрлах Н бааранд орох гээд баарны үүдэнд очтол баарны гадаа нэг ядарсан ах явж байгаад тамхи асуугаад Н надаас энэ ахад нэг тамхи өгөөч гэхээр нь би тамхи гаргаад тэр ахад өгч байтал цаана нэг танихгүй эмэгтэй сууж байснаа Та нараас тамхи гуйтлаа доош ороогүй байна шүү гэх мэтийн зүйл яриад байсан. Тэгтэл З тэр эмэгтэйтэй зодолдоод эхэлсэн. Бид хэд салгах гэж байтал тэр эмэгтэй Н-Э-ийг цохиж байгаа харагдсан, тэрнээс бусад юмнуудыг би сайн хараагүй. Удалгүй хүмүүс ирээд салгацгаасан. Бид хэд бааранд орохоо болиод шинэ Дархан ороод С бааранд ороод пиво ууцгаагаад баар хаасны дараа гараад иртэл цагдаа нар ирээд Н, О-Э хоёрыг авч яваад эрүүлжүүлсэн. А, О-Э нар маргалдсан эмэгтэйтэйгээ бие биеийнхээ үснээс зулгааж зууралдаад байсан. Яг цохисныг нь бол хараагүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

 

Гэрч Э.Н-Э-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: "...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр найз О-Э, А, Н, А нартай 20 цагийн үед уулзаад караоке орж сууж пиво ууцгаасан. Тэгээд караокеноос 23 цагт гараад бааранд оръё гэж ярилцаад хуучин Дарханд байдаг Н баар руу орох гээд  очтол үүдэнд нэг эгч байсан. Бид нарыг орох гэж байхад тэр эгч тамхи билүү гал асуухаар нь Н байхгүй гэж хэлсэн чинь тэр эгч Ямар аймар хардаг юм бэ ал чинь гэж хэлсэн. Тэгсэн чинь А тэр эгчийн үснээс зулгаагаад нөгөө эгч зөрүүлээд үснээс нь зулгаагаад зодолдож эхэлсэн. Тэгээд тэр хоёрыг бид нар бүгд очоод салгаад байж байсан тэр эгчийн утас нь газар уначихсан байхаар нь О-Э тэр эгчийн утсыг өгсөн чинь шууд манай найз О-Э-ий үснээс зулгаагаад дахин үснээсээ зулгаалцсан. Тэгж байгаад тэнд байсан хүмүүс орж ирээд салгаад бид нар тэр бааранд орохоо болиод Шинэ Дархан руу явж С баар руу орсон. Бааранд ороод хаасных нь дараа гарч ирээд үйлчилгээний төв дээр явж байтал цагдаа нар ирээд Н, О-Э бид гурвыг авч явж эрүүлжүүлэхэд хийсэн. Би тэр эмэгтэйг цохиж зодоогүй, салгах гэж оролдсон. А үснээс нь зулгаасан, цохиогүй. Н, А хоёр тэр эмэгтэйд гар хүрсэн эсэхийг мэдэхгүй байна. Би хараагүй." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

Гэрч Х.Н-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр найз Н-Э, А, А, О-Э нартай уулзаад хамт караокед орж сууж пиво уусан. Тэгээд караокед 2 цаг дуулаад 21 цагийн үед бид нар гараад хуучин Дарханд Н бааранд орохоор ярилцаад баарны гадна очоод орох гэж байсан чинь үүдэнд нэг эгч надаас гал асуухаар нь би байхгүй гэсэн чинь Сүртэй пизда вэ гэхээр нь би Юу гээд байгаа юм бэ гэсэн чинь Чамайг юу ч гэсэн яадаг юм бэ гэж хэлсэн. Тэгээд би тэр эгчтэй жаахан маргалдаад хэрэлдээд байж байтал манай найз А шууд тэр эмэгтэйг үстээд авсан чинь  нөгөө эмэгтэй бас манай найзыг үстээд тэр хоёр үстэлцээд газар унаад өнхрөлдөөд байсан. Тэгэхээр нь тэнд байсан хүмүүс болон манай найзууд тэр хоёрыг салгасан. Тэгээд салгачхаад бид нар таксинд суугаад шинэ Дарханд байдаг бааранд орсон. Бааранд ороод баар хаасны дараа гарч ирээд таксинд суух гэж байсан чинь цагдаа нар ирээд бид нарыг эрүүлжүүлэхэд хийсэн. Тэр эмэгтэй манай найзуудыг цохиж зодоогүй. Харин А үснээс нь зулгаагаад хамт газар унаад өнхрөлдсөн. Надад гар хүрээгүй. О-г тэр эмэгтэйг цохиж зодсон, үснээс нь зулгаасныг би хараагүй. Харин О-Э өөрөө болохоор тэр эмэгтэйтэй үстэлцсэн гэж хэлсэн. Мөн А түүнийг нь харсан гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 425 дугаартай ...Г.А-ийн биед тархи доргилт, хөмсгөнд зулгаралт, зүүн дээд зовхи, баруун нүд, уруул, зүүн бугалга, шуу, гуя, өвдөгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ...Г.А-ийн эзэмшлийн 2019 онд үйлдвэрлэгдсэн Huawei Y6 маркийн гар утас дэлгэц хагарсан 1 ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 60,000 /жаран мянга/ төгрөг байна. гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 37, 38 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн ...Г.А-ийн эзэмшлийн монетон гинж /5.6гр/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 728,000 /долоон зуун хорин найман мянга/ төгрөг байна. гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 45, 46 дахь тал/,

 

Б.О-Э-ийн яллагдагчаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагийн үед найз А, Н-Э, Н, А нартай уулзаад хуучин Дарханд байдаг нэг караокены газар орж пиво ууцгаасан. Тэгээд 22 цаг өнгөрөөгөөд Дархан сумын Н нэртэй бааранд орцгооё гэж яриад тэр баарны гадаа очтол баарны үүдэнд нэг 30 орчим насны цайвар ягаан өнгийн биеийн тамирын хослолтой, урт үстэй эмэгтэй хүрч ирээд тамхи, гал байна уу гэж манай найз Н асуухад Н Гал байхгүй ээ гэж хэлсэн чинь тэр эмэгтэй манай найз Н-ийн өөдөөс Ямар сүртэ ал вэ гэж хэлсэн чинь Н тэр хүнд Чи одоо яаж харьцаад байгаа юм бэ. Байхгүй л бол байхгүй биз дээ гээд хэлсэн. Тэгсэн манай найз А ямар нэгэн юм хэлэлгүйгээр шууд очоод үснээс нь зулгаасан чинь тэр эмэгтэй зөрүүлж үснээс нь зулгаасан. Тэгээд тэр хоёр ноцолдож, үстэлцсээр байгаад газар унаж өнхрөлдсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс болон манай найзууд тэр хоёрыг салгасан. Тэр хоёрыг салсных нь дараа гар утас нь газар унасан байхаар нь би газраас аваад Хөөе утас чинь уначихсан байна. Утсаа аваарай гээд аваачаад өгсөн чинь юм хэлэлгүй шууд намайг үстэхээр нь би үснээс нь зулгаад бид үстэлцсэн. Тэгж байхдаа толгой руу нь гараараа цохисон. Тэгээд үстэлцээд зогсож байтал хүмүүс салгаад тэр эмэгтэй тэндээ үлдээд манай найзууд шинэ Дархан руу явсан. Тухайн өдөр өөр ямар нэгэн асуудал болоогүй. Би тэр эмэгтэйд гинж байсныг хараагүй. Ямар ч байсан гар утас нь газарт унасан байхаар нь аваад өгсөн чинь дэлгэц нь хагарсан байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/,

 

Г.А-ын яллагдагчаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр найз А, Н-Э,  Н, О-Э нартай уулзаад караокед орсон. Би тэд нартай уулзхаасаа өмнө 10 жилийн ангийнхаа хүүхдүүдтэй уулзаад архи уучихсан байсан болохоор согтуу байсан. Яг юу гэдэг нэртэй караокед орсон гэдгээ мэдэхгүй байна. Тэгээд найзуудтайгаа уулзаад караокед пиво ууж байгаад 22 цагийн үед гараад Н бааранд оръё гэж ярилцаад тийшээ явсан. Бид  нар тэр баарны үүдэнд очоод дотогш орох гээд гадаа тамхи татаад зогсож байсан чинь тэнд байсан 30 орчим насны нэг хүүхэн манай найз Н-оос Тамхи байна уу гэхэд Байхгүйгэсэн чинь түүнийг Ал минь, гичийнүүдээ гээд орилоод байсан. Тэгэхээр нь согтуу байсан болохоор тэр эмэгтэйг очоод үснээс нь зулгаасан чинь тэр хүүхэн бас миний үснээс зулгаагаад бид хоёр үстэлцэж газар унаад өнхөрч ноцолдоод тэдээд манай найзууд хоёр тийшээ салгасан. Би тэр эмэгтэйгээс салчхаад үс гэзгээ янзлаад байж байтал тэр хүүхэн дахиад О-Э-тэй үстэлцээд эхэлсэн. Тэгтэл тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгаад бид нар шууд таксинд суугаад шинэ Дархан руу явсан. Тэр эмэгтэйд гинж байсныг хараагүй. Манай найзууд л дараа нь утасных нь дэлгэц хагарсан байсан гэж хэлсэн. Би утсыг нь огт хараагүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.А, Б.О-Э нар нь бүлэглэж согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ..........  дүгээр багт байрлах N баарны гадна Г.А-г үг хэлээр доромжилсон гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.гэв.

 

Шүүгдэгч Г.А, Б.О-Э нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.А, Б.О-Э нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэлээ.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Г.А-ийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, хөмсгөнд зулгаралт, зүүн дээд зовхи, баруун нүд, уруул, зүүн бугалга, шуу, гуя, өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол нь тус Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоср, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч Г.А, Б.О-Э нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохиргч  нарын согтууруулах ундаа хэрэглэсний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хэрэгт авагдсан баримтуудыг нэг бүрчлэн судалж дүгнэхэд хохирогчид нийт 788,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон ба шүүгдэгч Г.А нь 230,000 төгрөг, шүүгдэгч Г.А нь 345,000 төгрөгийн хохирлыг тус тус хохирогчид төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Г.А-аас 49,000 төгрөг, шүүгдэгч Б.О-Э-с 164,000 төгрөгийг гаргуулж хохирогч ............  аймгийн ........... сумын ....  дугаар багийн ...... хотхоны ......  тоотод оршин суух хаягтай Б овогт Г-ын А /РД: ........... , утас-............... /-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгч Г.А, Б.О-Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх тул ял эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Гэмт хэрэг үйлдсэн хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй зэргийг харгалзан шүүгдэгч нарт 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, оногдуулсан ялыг нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх, шүүгдэгч Г.А-ын цагдан хоригдсон нэг хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох саналтай байна. гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.А, Б.О-Э нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Г.А, Б.О-Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч Г.А, Б.О-Э нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч нар нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нар Г.А, Б.О-Э нарт нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Г.А, Б.О-Э нарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Г.А, Б.О-Э нарт тус бүр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нэг  хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нийт 8 цагийг түүний эдлэх ялаас хасаж, шүүгдэгч Г.А-ын биечлэн эдлэх ялыг 232 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.А нь 1 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.О-Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж, шүүгдэгч Б.О-Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Г-ын А, Б овогт Б-ын О-Э нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Б.О-Э нарт тус бүр 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ын цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас нь хасаж, шүүгдэгч Г.А-ын биечлэн эдлэх ялыг 232 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.А, Б.О-Э нарт мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.О-Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-аас 49,000 төгрөг, шүүгдэгч Б.О-Э-с 164,000 төгрөгийг гаргуулж хохирогч ...........  аймгийн .........  сумын .....  дугаар багийн .......  хотхоны .......... тоотод оршин суух хаягтай Б  овогт Г-ын А /РД: ............. , утас.............. /-т олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.О-Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ИДЭР