Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/233

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0219/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгч С.Э /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Б овогт С-ийн Э-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000252 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт С-ийн Э /РД: ............. /, ........... оны .....  дугаар сарын ........  өдөр ............  аймгийн .......... суманд төрсөн, .......  настай, эрэгтэй, дээд боловсролтой, ............  мэргэжилтэй, ...........  хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ....... , ..........-ийн хамт ...........  аймгийн ...............сумын ........ дугаар багийн .......  байрны ....... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч С.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын .......  дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ...........  гадна хувийн маргааны улмаас иргэн Б.С-ыг зодож эрүүл мэндэд нь духанд шарх, хуйханд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э-ийн мэдүүлсэн: “Надад гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргах зүйл байхгүй. Би гэм буруугаа ойлгож байна. Хэрэв өнөөдөр хохирогч шүүх хуралдаанд ирсэн бол уучлал гуйх байсан. Хохирогч надаас хохирол нэхэмжлээгүй. гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000000252 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.С-ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 05 дугаар сарын 25, 06 дугаарсарын 16-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг болж байхад ажлаасаа тараад Д гэх ажлынхаа залуугийн хамт хоолонд орчхоод байж байсан чинь  цуг ажилладаг М гэж дууддаг Э  гэх залуу Ажлаа тараад явж байна уулзъя.гэж хэлсэн. Тэгээд Д  бид хоёр хуучин хорооллын 19 дүгээр байрны урд талд такси барих гээд зогсож байсан чинь Э гэх хуучин хамт ажиллаж байсан залуу бид хоёрыг таниад машиндаа суулгасан. Тэгээд бид гурав Э буюу М-г ..........-аас очиж авсан. Бид дөрөв эмнэлгийн ар талд 0,75 литрийн Хараа нэртэй архи ууцгаагаад тэндээсээ Д  бид хоёр халаад муудаад харилаа гээд яваад өгсөн. Тэгээд бид хоёр С  Б-д хоёр шил архи хувааж уугаад байж байсан чинь М  над руу залгаад Хүрээд ир гэхээр нь үйлчилгээний төв дээр очсон. Намайг очиход М  байгаагүй. Харин Э ганцаараа байсан. Тэгээд бид хоёр .........  дэлгүүрийн гадна явж байхдаа бид хоёр архины халуундаа хэрэлдсэн чинь гэнэт Э чулуугаар миний толгой руу цохиод дараа нь гараараа зүүн нүд рүү цохисон. Тэгэхээр нь би Э хэрэггүй ээ хөгшөөн болъё гэж хэлсэн. Тэгээд удалгүй нэг залуу ирээд цагдаад дуудсан. Тухайн үед бид хоёр хоёулаа нэлээн согтолттой байсан бөгөөд  Э-т зодуулж байхад гудамжаар нэг залуу тэр хавиар явж таараад намайг зодуулж байхыг хараад цагдаад дуудлага өгсөн юм билээ. Одоо миний биеийн байдал хэвийн байна. Надад эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 16 дахь тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5, 6 дахь тал/

 

Гэрч Н.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: ...2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын үед Дархан сумын .......  дүгээр баг ............ дэлгүүрийн урдуур харих гээд ганцаараа алхаад явж байсан чинь ............  хажууд буюу .......... явах замын хажуу талд хоёр эрэгтэй хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хоорондоо юм ярьж байсан. Тэгээд цохиулсан гэх халзан толгойтой ах хүү газар хана налчихсан сууж байсан. Цохисон гэх ах өөдөөс нь босоод зогсчихсон андаа гээд яриад байсан. Би тэгээд өнгөрч явах төдийд босоод зогчихсон байсан ах ........... -ийн урдаас чулуу аваад буцаж нөгөө сууж байсан ах руу чиглээд явж байхад нь би дотроо юун чулуу авч байгаа юм бол, яах гэж байгаа юм бол гээд очсон чинь тэр ах гартаа барьсан чулуугаараа газар хана налаад сууж байсан ахын толгой руу шууд цохиод авсан. Цохиулсан ахын толгойноос цус гарсан. Би болиоч гэж хэлсэн боловч миний хэлж байгаа зүйлийг тоогоогүй эргэж хараачгүй. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Цохиулж байгаа ах Болиоч, миний буруу гээд байсан ч нөгөө чулуугаар цохисон ах Чамайг алаад хаячихъя гээд тоохгүй чулуугаар нүүр лүү нь цохисон. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

Гэрч Г.Э-ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: ...Миний бие  өөрийн таньдаг хуурай дүү нарын хамтаар 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дархан сумын .........  дугаар багт байрлах эмнэлгийн ар талд гадаа архи уусан. Тухайн үед С , Э нар байсан. Тэгээд бид нар ууж байгаад салаад Э бид хоёр орой 23 цагийн үед үйлчилгээний төвийн баар руу ороод ганц нэг юм татаад гарч ирээд би харилаа гээд яваад өгсөн. Намайг явсны дараа С , Э хоёр таараад цуг архи ууж байгаад муудалцаад С зодуулсан гэж хэлж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй.  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ...Б-ын С , ...ирэх үеийн зовуурь: шархаар өвдөнө, ...хэсэг газрын үзлэгээр: толгойн оройн хэсэгт хуйханд язарсан 3см орчим шархтай. гэх яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 550 дугаартай ...Б.С-ын биед духанд шарх, хуйханд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт тогтоогдлоо. Б.С-ын биед илэрсэн дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.С-ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

С.Э-ийн яллагдагчаар 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад Хуучин хорооллын 14 дүгээр байрны урд машинтайгаа явж байгаад С  гэх хуучин хамт ажиллаж байсан залуутай тааралдаад хаа хүрч яваа талаар нь асуусан чинь М-тай уулзах гэж байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт Бателион яваад очтол М хүлээгээд зогсож байсан. Тэгээд М-тай уулзаад эмнэлгийн урд талын хашааны гадна талын дэлгүүрээс Соёрхол нэртэй 0,75 литрийн архи аваад эмнэлгийн хашааны урд гадна талд хувааж ууцгаасан. Тэндээсээ салаад М  бид хоёр К-н орж хоол идэнгээ архи ууж байгаад шөнийн 00 цагийн үед тэндээсээ гарсан. Тэгээд байж байтал С  М руу залгаад Хаана байнагэсэн чинь Бид хоёр үйлчилгээн дээр байна. Одоо очиж байна. гэж хэлсэн. Тэгээд удалгүй 15 минутын дараа ирээд С  бид 2 цаашаагаа явсан. М-г явсны дараа халаасандаа М-ийн гар утсыг байгааг мэдсэн. С  бид хоёр таксинд суугаад манайд очъё гээд явж байгаад .......  гадаа хоорондоо муудалцаад С  над руу дайраад Буриадын хулгайч, чамайг хутгална гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад нүүр рүү нь гараараа цохиод дараа нь чулуугаар толгойн тус газар нь цохисон. Тухайн үед бид хоёр нэлээн их согтолттой байсан. Сүүлд анзаарсан чинь нэг залуу ирчихсэн хажууд байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч С.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч С.Э-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч С.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хохирогч Б.С нь гэмт хэргийн улмаас учирсан  хохиролд хохирол нэхэмжлээгүй тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулуу мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлөр болмогц устгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт С-ийн Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулуу мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР