Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсумын Идэр |
Хэргийн индекс | 166/2022/0025/Э |
Дугаар | 2022/ШЦТ/238 |
Огноо | 2022-06-24 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0225/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Шүүгдэгч С.Г /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Б овогт С-ын Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000250 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт С-ын Г /РД: ............... /, ........ оны ..... дугаар сарын .... -ны өдөр .... аймгийн ..... суманд төрсөн, ...... , эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өндөр насны тэтгэвэрт, ам бүл ....., .................-ийн хамт ......... аймгийн ....... сумын ...... дүгээр багийн .............. тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч С.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Г нь согтуурсан үедээ 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн ........... сумын...... дүгээр багийн ............ гудамжны ........ тоот хашаанд хувийн маргааны улмаас иргэн П.А-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний шиллэг эдийн бүдэгшил, склерийн улайлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г-ын мэдүүлсэн: “Би гэмт хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Өмнө нь үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2218000000250 дугаартай хэргээс:
Хохирогч П.А-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 05 дугаар сарын 22, 06 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ............. сумын .... дүгээр багийн ............. тоотод гэртээ байж байтал манай байшинтай залгаа байдаг ТҮЦ-ний цонхыг үл таних хүн цохиод тогшоод “Муу сайн хулгайчууд. Миний модыг өг.” гэж хэлээд орилж байгаад манай хашаанд орж ирэхээр нь би гараад тухайн хүн рүү хандан “Та яагаад цонх тогшоод байгаа юм. Хашаанаас одоо гар.” гэж хэлээд түлхтэл тухайн эрэгтэй хүн “Та нар хулгайч биз дээ” гэж хэлээд миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохихоор нь би цагдаа руу дуудлага өгсөн. Тэр хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэрүүл маргаан болоход манай хадам аав, ээж хоёр байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10, 8-9 дэх тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 542 дугаартай “...П.А-ийн биед баруун нүдний шиллэг эдийн бүдэгшил, склерийн улайлт тогтоогдлоо. П.А-ийн биед илэрсэн дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. П.А-ийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоох боломжгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “...П-ийн А., .. ирэх үеийн зовуурь: толгой өвдөнө, баруун нүд улайсан өвдөнө, ...хэсэг газрын үзлэгээр: баруун нүдний склер улайсан, зовхи хавдсан” гэх яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
С.Г-ын холбогдогчоор 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, яллагдагчаар 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 22-ны өглөө 10 цагийн автобусаар Улаанбаатар хотоос гараад Дарханд 15 цагт ирээд гэртээ харих замдаа найз Т-ийн гэрт .......... хороололд очсон чинь манай найз надад нэг шил 0,75 литрийн Хараа архи гаргаж өгөөд бид хоёр гэрт нь уугаад би сүүлээ согтоод байхаар нь нагац дүү О-ийг дуудаад гэртээ хүргүүлсэн. Тухайн үед би согтуудаа манай хажууд ТҮЦ ажиллуулдаг айлын худалдагч хүүхэнтэй хоёр хашааны дунд байдаг гэрлийн шонгоос болоод хэрүүл хийж байгаад нүүр лүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тухайн үед би их согтуу байсан болохоор болсон асуудлыг сайн санахгүй байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18, 39 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч С.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч С.Г-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч С.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хохирогч П.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 350,000 төгрөг нэхэмжилсэн боловч 155,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн, шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсан бөгөөд хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ын Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР