Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/196

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0182/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Т.А /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Т-н А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000223 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, М овогт Т-н А /РД: ......../, .... оны .. дүгээр сарын ...-ны өдөр ..... аймгийн ..... суманд төрсөн, эрэгтэй, .... настай, бүрэн дунд боловсролтой, өрмийн машинч мэргэжилтэй, Болд төмөр ерөө гол ХХК-д баруун олборлолтын албанд гидро өрмийн операторчноор ажилладаг, ам бүл .., эцэг, эх, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дугаар баг, ........ хотхоны .... тоотод оршин суух хаягтай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Т.А-г согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.А нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Smile” нэртэй караоке дотор иргэн Ц.М-тай маргалдан улмаар хавсарч унаган эрүүл мэндэд нь баруун хөлийн шилбэний шаант, тахилзуур ясны битүү хугарал, шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А-гийн мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид 15,380,000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000000223 дугаартай хэргээс:

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

Гэрч Ц.М-н хэрэг бүртгэлтэд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн: ...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 12 цаг өнгөрч байхад надтай хамт ажилладаг Б, Б нар залгаад хүрээд ирээч гэхээр нь би Толгойтод байдаг нэг айлд очсон. Тэгээд тэндээ 0,75 литрийн архи авч очоод бид нар бүгд хувааж уугаад 17 цаг өнгөрөөд тэр айлаасаа гараад Дархан сумын 5 дугаар багт байдаг “S” нэртэй караоке орж архи ууцгааж байгаад салцгаахад хажуу ширээнд нэг залуу ганцаараа сууж байсан ба тэр залуу Б, Б хоёрыг таньдаг гээд манай ширээнд ирж суугаад тэр хоёртой юм яриад манай архинаас өөрөө хундагалж уусан. Тэгэхээр нь би Чи яах гээд байгаа юм бэ яваач гэж хэлсэн чинь Чи юу гээд байгаа юм. Би найзтайгаа юм ярьж байна гэхээр нь За за чи энд суух гэж байгаа бол суу. Чи хүнд гай болох нөхөр байна гэж хэлээд босоод явах гэтэл хойноос шууд босож ирээд хоолой боосон. Тэгээд намайг боож байгаад мушгиж газар унагаасан ба би унахдаа эвгүй унаад хөлөө гэмтээсэн. Мөн намайг унасны дараа миний дээр гарч суугаад намайг цохих гээд байхаар нь би тэр залууд Чи босож бай. Миний хөл эвгүй болчихлоо гэж хэлсэн чинь тэр залуу босч яваад эргээд гараа нэг юмаар боогоод намайг цохих гээд ирэхээр нь би Миний хөл эвгүй болчхоод байна. Чи түр байж бай гэж хэлсэн чинь Б ирж тэр залууг салгаж авч явсан. Миний баруун хөл шилбээрээ хоёр хугарсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

 

Гэрч Э.Л хэрэг бүртгэлтэд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн: Би өнөөдөр S караокед барменаар ажиллаж байсан юм. Тэгсэн чинь 19 цагийн үед манай караокед 2 эрэгтэй 1 эмэгтэй хүн орж ирээд үйлчлүүлж байтал гаднаас 1 эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд 20 цагийн үед эхлээд орж ирсэн 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүний 1 эрэгтэй хүнтэй сүүлд орж ирсэн 1 эрэгтэй  хүнтэй маргалдсан бөгөөд тэр хоёр босож ирээд тейкний урд талд барьцалдаж аваад сүүлд караокед орж ирсэн эрэгтэй нөгөө эрэгтэйгээ караокены шалан дээр унагаасан. Энэ үед би хажууд нь байсан болохоор салгасан. Гэтэл нөгөө шалан дээр унасан эрэгтэй босохгүй хэвтээд байсан. Тэгэхээр нь эмнэлэгт дуудлага өгсөн. Эмч нар ирээд та нар шалан дээр босож чадахгүй байсан эрэгтэйг аваад явсан. Хамт явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бас нөгөө шалан дээр унасан эрэгтэйг унагаасан 1 эрэгтэй хүнтэй хамт манай караоркед 1 ширээнд сууж байгаад гарсан. Тэд нар хоорондоо танилууд юм шиг байсан. Тэр шалан дээр унаад босохгүй байсан хүнийг унагаасан эрэгтэйг А гээд нэрийг нь мэдээд байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/

 

Гэрч С.Б-н хэрэг бүртгэлтэд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн үед Ц.М-тай хуучин Дарханд брак байрны ойролцоо уулзаад 1 шил архи хувааж уугаад караоркед орж суухаар болоод хуучин Дарханд S нэртэй караокены газар орсон. Тэгээд тэнд сууж байтал хажуу талын ширээнд миний танил А гэх залуу ганцаараа сууж байснаа босож ирээд намайг таниад ирж уулзсан. Тэгэхээр нь би Аг Чи ширээн дээрээ суу. Би найзуудтайгаа явж байна гэж хэлсэн.Тэгсэн чинь А ширээн дээрээсээ 1 хундага архи авч ирээд надад өгсөн. Тэгж байснаа Ц.М-тай А маргалцаад эхэлсэн. Тэгсэн Ц.М надад Би явлаа гэж хэлсэн.Тэгэхээр нь Яасан гэж асуутал Наад залуу чинь өдөөд байна явлаа гэж хэлээд босоод явсан чинь А араас нь дуудаад барьцалдаад авсан. Тэгээд А Ц.М-тай барьцалдаж байгаад мушгиад газар унагаасан. Тэгэхээр нь би очоод салгасан. Тэгсэн чинь М газар унаад босоогүй бөгөөд хөл эвгүй болчихлоо босож чадахгүй байна гэж хэлсэн. А эргээд ширээн дээрээ очиж суусан. Тэгсэн бармен эмэгтэй эмнэлэг дуудсан юм шиг байсан. Эмч ирээд Ц.М-г хэвтээгээр нь дамнуурга дээр аваад явсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

Гэрч Б.С-н хэрэг бүртгэлтэд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн: "...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр С.Б-та уулзаж хуучин Дарханд архи уусан. Тэгээд би их согтсон. Дараа нь нэг мэдсэн чинь хуучин Дарханд Smile нэртэй караокены газарт С.Б, Ц.М нартай хамт орсон байсан. Ц.М хэзээ яаж ирснийг би санахгүй байна. Нэг мэдсэн чинь маргаан болоод Ц.М караокены шалан дээр хэвтэж байсан. Ц.М-г яагаад маргалдсаныг мэдэхгүй байна. Үүнээс хойш 1 хоногийн өмнө Б надтай яриад М-н хөл нь 2 хугарсан байна гэсэн. Ц.А, Ц.М 2 маргалдсан байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 447 дугаартай ...Ц.М-н биед баруун хөлийн шилбэний шаант, тахилзуур ясны битүү хугарал, шилбэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

 

Т.А-гийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрчээр, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар өдөр тус тус мэдүүлсэн: ...Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр архи уучихсан явж байгаад хуучин Дарханд S нэртэй караокены газар ороод ганцаараа ганц шил архи авсан. Тэгээд тэнд сууж байтал хажуу талын ширээнд миний танил С.Б гэх залуу 2-3 хүнтэй сууж байсан. Би С.Б-гын сууж байсан ширээн дээр очиж мэндэлсэн бөгөөд Б-д 1 хундага архи өгсөн чинь Б уухгүй байсан. Тэгээд Б-тай хамт сууж байсан нэг залуутай маргалдсан. Би тухайн үед согтчихсон байсан болохоор юунаас болоод маргалдсанаа санахгүй байна. Тэгээд нөгөө залуу босохоор нь би араас нь очоод хавсарч унагаасан. Тэгээд зууралдаж байтал хүмүүс салгасан. Тэгээд нөгөө залуу караокены шалан дээр унаад босохгүй байсан. Тэгсэн удалгүй эмнэлэг ирээд тэр залууг аваад явсан. Тэр залуу Б-тай хамт явж байсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 18, 39 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч Т.А нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.А-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Т.А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Т.А-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо бичгээр илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Т.А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хохирогч Ц.М нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаар учирсан хохирол төлөгдсөн талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртлэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Т-н А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР