| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2022/0174/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/189 |
| Огноо | 2022-05-11 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0174/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч Э.О /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт А овогт Э-н О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218001270175 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Товогт Э-н О /РД: ......../, 1.... оны .... дугаар сарын ....-ний өдөр Дархан-Уул аймгийн ....... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...., эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн ...... сумын .... дугаар багийн ........ тоотод оршин суух хаягтай, урьд ....... аймгийн ....... сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаатай тэнсэн хянан харгалзсан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Э.О-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.О нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн17 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт байрлах “Дархан” их дэлгүүрийн урд талын зам дээр Hyundai Terracan-HP маркийн ..... ДАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарцаар гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө”, 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг тус тус зөрчиж явган зорчигч насанд хүрээгүй Т.Алтанзулыг мөргөж эрүүл мэндэд нь ахар сүүлний 3 дугаар нугалмын их биед зөрүүгүй хугарал, 4 дүгээр нугалмын арагш эргэсэн эмгэг гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О-н мэдүүлсэн: “Санаандгүй байдлаар хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Болгоомжтой байх л хэрэгтэй юм байна. Хохиролд 1,670,000 төгрөг төлсөн. Цаашид хохирогчийн эмчилгээний зардлыг төлнө. Буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2218001270175 дугаартай хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хавтаст хэргийн 3, 10-13, 14 дэх тал/,
Насанд хүрээгүй хохирогч Т.А-н хэрэг бүртгэлтэд 2022 оны 02 дугаар сарын 28, 03 дугаар сарын 15-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагийн үед ээж Т-н хамт Т/Приус-30 маркийн .... ДАУ улсын дугаартай машинтай гэрийнхээ гаднаас хөдлөөд Дархан их дэлгүүрийн хажууд байдаг тоглоомын газар орох гээд Дархан их дэлгүүрийн гарцын ойролцоо буугаад гарцаар зам хөндлөн гарч байхад намайг машин мөргөж унагаасан. Намайг мөргөсөн байшин том саарал өнгөтэй машин байсан ба жолооч нь намайг мөргөснийхөө дараа шууд машиндаа суулгаад эмнэлэг рүү аваад явсан. Миний зүүн талаас машин мөргөсөн. Миний дух зулгарч хөхөрч хавдсан, баруун зүүн талын ташаан толгой, гуяны хэсэг хөхөрсөн бас ахар сүүл хэсэг хөхөрсөн, баруун тохой болон хүзүүний арын хэсэг хөхөрсөн, баруун хөлийн шилбэний булчин хэсгээр хөхөрсөн. Тэр өдөртөө Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт 7 хоног хэвтээд гарсан ч алхаж гишгэхэд хүндрэлтэй байсан. Бие сайн болохгүй байгаад байсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот руу вагоноор яваад Манал Оточ нэртэй хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Тэр эмнэлэгт хаван буулгах, шимэгдүүлэх тархиа дусал хийлгэсэн. Мөн Улаанбаатар хотод тархи, хүзүү, аарцаг ясны тодосгогчтой оношлогоо, хэвлийн эход харуулсан. Эхлээд зураг авахуулсан чинь зөөлөн эдийн няцрал харагдаад байна. Хавангаас шалтгаалаад хугарал нь харагдахгүй байна гээд дахин компьютер оношлогоо хийлгэсэн чинь аарцаг яс хугаралтай байна гэж хэлсэн. Би 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс хичээлдээ явна. Одоо явахаар зүүн хөлийн аарцагны хэсгээр хатгаж өвдөж байгаа. Хурдан алхаж гүйж чадахгүй байгаа. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17, 27 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч О.Т-н хэрэг бүртгэлтэд 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагийн үед охин А-г Дархан их дэлгүүрт хүргэж өгөөд замын ар талд явган хүний гарцаас зайтай буулгаад замаар гарахыг нь хүлээгээд 1 дүгээр эгнээгээрээ явган хүний гарц руу ойртоод зогсож байтал манай охин ялган хүний гарцаар гарах үед хажуугаар нь замын хоёр дугаар эгнээгээр нэг машин хурдтай орж ирээд явган хүний гарцаар гарч байгаа хүүхдийг хараад тормоз гишгэсэн боловч машин нь зогсож амжихгүй манай охиныг мөргөж явган хүний гарцаас 2м орчим өнгөрч явсан. Түүнийг хараад очтол тэр машины жолооч залуу охиныг өндийлгөж босгоод тэврээд авсан. Тэгээд охиноо харахад ямар ч гэсэн ухаантай байхаар нь эмнэлэг оръё гээд тэр залуу ч охиныг тэврээд машиндаа суулгаад явсан. Би ч араас нь дагаад эмнэлэг орсон. Ингээд манай охин эмнэлэгт очоод зургаа авахуулаад 7 хоног Нэгдсэн эмнэлэгт хэвтээд сайн болохгүй байсан учраас Улаанбаатар хотод очоод Манал Оточ эмнэлэгт 10 хоног хэвтээд гарсан. Улаанбаатарт байхдаа хавантай байна. Компьютер оношлогоонд харагдахгүй байна хаван буулгах эмчилгээ хийлгэж байж гэмтэл нь нарийн харагдана гэж хэлсэн. Ингээд хаван нь буусан гээд компьютерын нарийн оношилгоонд оруулахад аарцаг ясны зургаар нурууны 3 дугаар үеийн хугарал, 4 дүгээр үе эргэсэн байна гэж гарсан. Мөн эход үзүүлэхэд саванд шингэн тогтсон байна гээд бариа хийлгэж байгаа. Улаанбаатар хот руу явахад гарсан эмчилгээний зардал болох 1,400,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нөгөө машины жолооч залуу миний 5037103178 тоот дансанд хийсэн. Сүүлд эмчилгээ хийлгэж байгаа зарим баримтууд байгаа. Зарим баримтуудыг нь авч амжаагүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 270 дугаартай “...Т.А-н биед ахар сүүлний 3-р нугалмын их биед зөрүүгүй хугарал, 4-р нугалмын арагш эргэсэн эмгэг тогтоогдлоо. Уг гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Т.А-н биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-40 дэх тал/,
“ Дархан алтан жолоо” ХХК-ийн менежер Ш.Б шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаартай “...Hyundai Terracan маркийн саарал өнгийн .... ДАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тормозны MNS-459852011 стандартыг хангаж оролцсон байна. Тээврийн хэрэгслийн тормозны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй эвдрэлгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тормозны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зөвхөн камерын тусламжтайгаар болон жолооч өөрөө тодорхойлох боломжтой. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй. Уг материалд 19 ширхэг зураг хавсаргав” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 45-46, 47-50 дахь тал/,
Э.О-ын яллагдагчаар 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Би өөрийнхөө ..... ДАУ улсын дугаартай машиныг жолоодоод эхнэрийг ажлаас нь аваад буцаж явахдаа Дархан их дэлгүүрийн арын замаар явж байхдаа явган хүний гарцаар гарч байсан хүүхдийг оройтож хараад зогсож амжихгүй мөргөсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч Э.О нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Э.О-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Оыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Э.О-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Дээрх гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Т.А-н хууль ёсны төлөөлөгч О.Т нь насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 1,667,200 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсан, цаашид насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардлыг тухай бүр нь төлж барагдуулахаа илэрхийлж нотариатаар гэрчлүүлсэн байх тул шүүгдэгч Э.О-аас энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Харин насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Т нь насанд хүрээгүй хохирогч Т.А-н энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Э-н О-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хууль ёсны төлөөлөгч О.Т нь насанд хүрээгүй хохирогчийн энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР