Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 67

 

        Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,  

         Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

         Шүүгдэгч: Б.Алтансүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Батсүхийн Алтансүхэд холбогдох 201620000168 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютрын операторч мэргэжилтэй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг 08-34 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар тэнссэн, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоос үлдсэн 1 жил 11 сарын ялыг нэмж нийт 5 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Харчин овогт Батсүхийн Алтансүх / РД:ОЮ90020951 /, 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Алтансүх нь Улаангом сумын нутаг “Гашууны гол”-ын хөвөөнд 2016 оны 7 дугаар сарын 06-ны шөнө иргэн Л.Долгорыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл, Ё.Батбаярыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                

             1. Хохирогч Л.Долгорын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр манай гэрт миний дүү Ё.Батбаяр /Хөхөө/ ирсэн. Тэгээд миний нөхөр С.Гансүх, охин Г.Нямаа, Ё.Батбаяр бид 4 Гашууны гол дээр очиж би хувцас угаагаад, охин Г.Нямаа Ё.Батбаярын машин арчаад, миний нөхөр С.Гансүх, Ё.Батбаяр хоёр нэг шил 0,75 литрийн архи хувааж ууцгаасан. Тэгтэл Б.Алтансүмбэр, Б.Алтансүх нар нь залгаад хаана байна гэхээр нь Гашууны гол дээр байна гэж хэлэхэд тэд нар 1 шил архи авч ирээд ууж байгаад Б.Алтансүх нь намайг цохиж миний хөл дээр дэвсэж хөл хугалсан. Б.Алтансүх нь эхлээд намайг боогоод ухаан алдуулж унагаасан тухайн үед би ухаан алдсан болохоор юу болсоныг сайн санахгүй байна. Тэгээд Ё.Батбаяр намайг өмөөрч хамгаалсан. Миний охин Г.Нямааг 2016 оны 04 дүгээр сард Алтансүх нь доромжилж хүмүүс дагуулж очиж архи уусан гэсэн тэгэхээр нь би түүнийг Алтансүхэд чи миний охиныг битгий доромжил гэж хэлсэн. Гэтэл Б.Алтансүх уурлаж намайг цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-22 тал /,

             2. Хохирогч Ё.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 07 дугаар сарын 06-ны орой хүргэн ах С.Гансүхийн гэрт очоод С.Гансүх ах, Л.Долгор эгч, тэдний охин Г.Нямаа бид нар дэлгүүр орж 2 кг боорцог, 2 том цэвэр ус, 4 ширхэг зайрмаг, 1 шил 0,75 литрийн Ерөөл нэртэй архи аваад миний машинаар Гашууны голын доод хэсгээр “Бор үзүүр”-ийн ойролцоо очоод сууцгаасан. Тэгээд сууж байтал С.Гансүх ахын нагац дүү нар болох Б.Алтансүмбэр, Б.Алтансүх ирсэн ба бид нар авч ирсэн архиа хувааж уусан юм. Тэгээд Б.Алтансүх төврүү орж нэг шил архи авчирч хуваагаад ууж байтал Л.Долгор эгч архи ууж согтчихоод чи миний охиныг жирэмсэн болгосон гээд Б.Алтансүхэд хандаж хэлэхэд түүнээс болж тэр 2 маргалдаж зодолдож эхэлсэн. Тэгтэл Б.Алтансүх Л.Долгор эгчид уурлаад барьж авч нүүр лүү нь цохиод газар унахад нь хөл дээр нь дэвсээд хөлийг нь хугалсан. Тэгээд би салгах гээд дундуур нь ороход миний баруун нүдрүү гараараа цохисон тэгээд Б.Алтансүмбэр бид 2 Л.Долгор эгчийг машинд суулгаад гэрт нь ирэхэд миний араас Б.Алтансүх орж ирээд хоолны шүүгээнээс хутга аваад намайг хутгалах гээд надруу далайж миний цээж хэсэгт хальт зүссэн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хх-ийн 24 тал /,

            3. Гэрч Г.Нямаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр би ээжийнхээ хамт Конкурс буюу их сургуулийн хуваарь амлах байран дээр өнжөөд 15 цагийн үед сургуулиа амлаж дуусчихаад гэртээ ирэхэд манай гэрт аав ганцаараа байсан. Тэгтэл миний нагац ах буюу ээжийн дүү Ё.Батбаяр Улаангом сумын 9 дүгээр баг Цастогтох дэлгүүрийн доод талд байдаг гэрээсээ ирсэн юм. Тэгээд аав ээж бид нар дэлгүүр орж 2 кг боорцог, 2 том цэвэр ус, 4 ширхэг зайрмаг, 1 шил 0,75 литрийн “Ерөөл” нэртэй  архи аваад Ё.Батбаяр ахын 40-03 улсын дугаартай Ланд-круйзер 80 маркийн автомашинаар Гашууны голын доод хэсгээр Бор үзүүрийн ойролцоо очоод голын хөвөөнд сууцгаасан. Тухайн үед ээж хувцас угаагаад, би машин арчаад, аав Батбаяр ах 2 дэлгүүрээс авч ирсэн 1 шил архиа уугаад сууж байтал Б.Алтансүмбэр ах аав руу залгасан. Ээж утсыг нь аваад ярихад Б.Алтансүмбэр ах хаана байцгаана гэж ярьсан, ээж Гашууны голд байна гэж хэлэхэд ойролцоогоор 30 минутын дараа Б.Алтансүмбэр ах өөрийнхөө дүү Б.Алтансүхийн хамт ирсэн. Тухайн үед Гашууны голд Б.Алтансүмбэр, Б.Алтансүх, аав С.Гансүх, ээж Л.Долгор, Ё.Батбаяр ах бид 6 үлдсэн. Ё.Батбаяр ах, аав 2 авч ирсэн архийг Б.Алтансүмбэр, Б.Алтансүх хоёртой хувааж ууж дуусчихаад Б.Алтансүмбэр нь Б.Алтансүх ахыг чи яваад манай авгайгаас 10,000 төгрөг аваад 1 шил архи аваад ир гэсэн. Тэгээд Б.Алтансүх ах явж 1 шил 1 литрийн “Түмний хишиг” нэртэй архи авч ирсэн. Тухайн архийг авч ирээд хуваагаад ууж байх хооронд би түр унтсан байсан. Би сэрээд ирэхэд ууж байсан архи нь дуусчихсан дахиад архинд явна гээд ээж, би, Хөхөө ах бид 3 Хөхөө ахын машинаар төв рүү орж ирсэн, би замдаа гэрийн ойролцоо буугаад гэртээ ороод гаднаасаа цоожлуулчихаад унтаад үлдсэн. Ээж Л.Долгор, Ё.Батбаяр ах 2 яваад өгсөн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй шөнө 3 цагийн үед би гэртээ унтаж байхад манай гадаа машин ирээд гаднаас хүн ороод ирэхээр нь харахад Ё.Батбаяр ахын нүүр нь хөх няц болчихсон нүд нүүр нь хавдчихсан байсан. Б.Алтансүмбэр ах ээжийг янхан гичий авгай минь буугаач гээд байхаар нь би Ё.Батбаяр ахын машинд дөхөж очиход ээжийн нүүрэн битүү хавдчихсан, хөл нь хугарсан байсан. Тэгээд би ээжээс юу болсон гэхэд ээж надад хандаж Б.Алтансүмбэр, Б.Алтансүх 2 нийлээд хөл дээр дэвсээд хөлийг минь хугалаад зодож цохисон гэж байсан. Тэгээд би ээжийнхээ дэргэд байж байтал Б.Алтансүмбэр ах гэрээс гарч машины дэргэд ирээд Б.Алтансүх Ё.Батбаяр ахыг хутгалчихлаа одоо гарч ирээд танай ээжийг хутгална гэж байна чи наадах авгайгаа хурдан аваад зайл гэсэн. Тэгээд би цагдаа дуудаад ээжийг эмнэлгийн машинтай авч явсан. Б.Алтансүх 2016 оны хавар манай гэрт ирээд надад архи шахаад намайг цуг унтая гэсэн би түүнийг ээжид хэлчихсэн байсан. Тухайн асуудлыг ээж Б.Алтансүхэд хандаж хэлснээс болж маргалдсан гэж эмнэлгийн машинд явж байхдаа хэлсэн" гэх мэдүүлэг. /хх-ийн 25-26 тал/,

            4.  Гэрч Б.Алтансүмбэрийн мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ байж байгаад мотоциклио засах гэхэд мотоциклийн сэлбэг дутахаар нь нагац ах С.Гансүх рүү залгахад утсыг нь эхнэр Л.Долгор нь авсан та нар хаана байна гэхэд Гашууны голд байна гэсэн. Тэгэхээр нь би дүү Б.Алтансүхийг дагуулаад өөрийнхөө мотоциклиор Гашууны голд очиход С.Гансүх ах, Л.Долгор эгч тэдний охин болох Г.Нямаа, Л.Долгор эгчийн дүү Ё.Батбаяр нар архи уугаад сууж байсан. Б.Алтансүх бид хоёр тэр хэдтэй нийлж задалчихсан байсан архинаас нь уусан. Тэдний архийг ууж дуусаад Б.Алтансүхийг чи яваад гэрээс мөнгө аваад нэг шил архи аваад ир гэж хэлээд явуулсан ба Б.Алтансүх мотоциклтой манай гэрлүү яваад 0,75 литрийн 1 шил “Түмний хишиг” нэртэй архи авч ирсэн. Тухайн архийг уугаад сууж байгаад Л.Долгор эгч Түмээ гэдэг хүнийг утсаар дуудсан. Түмээ эгч 3 ширхэг 2,5 литрийн "Три медведь" нэртэй пиво авч ирсэн. Тэгээд бид нар архи пиво уугаад юм яриад сууж байтал Л.Долгор эгч агсамнаж салаавч гаргаж байгаад Б.Алтансүхэд хандаж миний охины хэвлийд хүүхэд байгаа энэ хүүхэд чинийх ч юм билүү хэн мэдэх юм гэсэн. Тэгтэл Б.Алтансүх уурлаж юу яриад байгаа юм бэ би юу гэж нагац ахынхаа охинтой унтаж хэвтэж байдаг юм бэ гэж хэлээд Л.Долгорыг цохиод унагаасан. Тэгээд Л.Долгор Б.Алтансүх хоёр хэрэлдэж ноцолдож байхад Ё.Батбаяр дундуур нь орж салгах гэхэд нь Б.Алтансүх Ё.Батбаярыг түлхээд цохиж байсан. Тэгээд дахин Л.Долгорыг өшиглөж цохиж байгаад салсан. ...Л.Долгор эгч Б.Алтансүхэд зодуулаад газар хэвтэхдээ хөл хугарчихлаа хөл гээд орилоод байсан бөгөөд Л.Долгор эгчийг би Ё.Батбаярын машинд суулгаад Улаангом руу С.Гансүх ахын гэрт авч ирсэн. С.Гансүх ахын гэрт ирээд ...Б.Алтансүх, Ё.Батбаяр хоёр хэрэлдэж маргалдсан зогсож байсан тухайн үед Б.Алтансүх Ё.Батбаярыг хутгалсан гэсэн би хутгалсан эсэхийг нь бол хараагүй. Б.Алтансүх охинтой нь унтаж хэвтсэн гэж хэлснээс болж л Л.Долгорыг зодож цохисон" гэх мэдүүлэг. / хх-ийн 28-29 тал/,

            5. Гэрч Ч.Түмэндэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ байсан бөгөөд миний найз Л.Долгор над руу шөнө дунд залгаад чи манай гадаа хүрээд ирээч би хүнд зодуулчихлаа гэсэн.  Би утсаар ярьсанаас хойш 20 гаруй минутын дараа Л.Долгорын гэрт очиход Л.Долгорын нүүр нүд нь битүү хавдар болчихсон хөл нь хугарчихсан байсан. Тухайн үед Л.Долгор нь нөхрийнхөө эгчийн хүүхдэд зодуулсан гэдгийг мэдсэн." гэх мэдүүлэг. / хх-ийн 31-32 тал/,

            6. Хохирогч Л.Долгорын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгох тухай 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Шинжилгээ хийлгэх тогтоол” /хх-ийн 35/,

            7. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 7 сарын 08-ны өдрийн 339 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:“Үзүүлэгч Л.Долгорын биед гэмтэл учирсан байна. Баруун шилбэ, тахилзуур ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун дээд зовхи, хамар, цээжин зулгаралт, 2 нүдний эргэн тойрон, нүдний алимний салст, эрүү, дээд уруулын салст, зүүн шуунд цус хуралт, үүдэн дээд зүүн 4 дүгээр шүд эмтрэл зэрэг гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө” гэжээ. / хх-ийн 36 тал/,

             8. Хохирогч Ё.Батбаярын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгох тухай 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Шинжилгээ хийлгэх тогтоол” /хх-ийн 39/,

        9. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 337 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Үзүүлэгч Ё.Батбаярын биед гэмтэл учирсан байна. Аюулхайд шарх, тархи доргилт, баруун нүдний эргэн тойронд, зүүн чихний дэлбэн, хүзүү, цээж, баруун, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, хамар, хүзүүнд цулгаралт гэмтэл учирсан байна. Аюулхайд учирсан шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэжээ. / хх-ийн 40 тал/,

            10. Битүүмжилсэн эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэх тухай 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Шинжилгээ хийлгэх тогтоол. /хх-ийн 47/,

           11. Увс финанс-Аудит ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 391 тоот “Гэр үнэлсэн тухай тайлан”. Тайлангаар зургаан хантай шалгүй гэрийн зах зээлийн үнэ 1.600.000 төгрөг болохыг тодорхойлсон байна. / хх-ийн 48-49 тал /,

             12. Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн засаг даргын Б.Алтансүх тус багт оршин суудаг болохыг тодорхойлсон 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 793 тоот тодорхойлолт / хх-ийн 62 тал /,

            13. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 63 тал /,

            14. Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 64-66 тал /, 

            15. Увс аймаг дах Сум дундын шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 81 тоот шийтгэх тогтоол. /хх-ийн 69-70/,

            16. Увс аймаг дах Сум дундын шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 21 тоот шийтгэх тогтоол. /хх-ийн 71-76/,

            17. Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 17 тоот “Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах тухай” захирамж.

            18. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 77-91, 93/,

             19. Хохирогч Л.Долгорын “Амбулториор эмчлүүлэгчийн карт”. / хх-ийн 94-125 /,

              20. Хохирогч Л.Долгорын гомдолгүй талаарх баримт.

            21. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,

            22. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд,

            23. 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, /хх-ийн 15-17/,

            24. Шүүгдэгч Б.Алтансүхийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Би 2016 оны 7 дугаар сарын 06-ны орой 20 цагийн үед ах Б.Алтансүмбэрийн хамт С.Гансүх ахын гэрт очиход тэдний гэрт нь хүн байгаагүй бөгөөд эхнэр Л.Долгор луу залгахад Гашууны гол дээр байна гэхээр нь Гашууны гол дээр явж очиход тэнд Ё.Батбаяр /Хөхөө/, С.Гансүх, Л.Долгор, Г.Нямаа нар байсан. Тэгээд тэнд байсан архинаас ууцгаагаад дуусахад миний ах Б.Алтансүмбэр нь намайг чи гэр лүү яваад мөнгө аваад архи аваад ир гэсэн. Би буцаж Чандмань руу явж мөнгө аваад замдаа нэг шил "Түмний хишиг" нэртэй архи аваад ...очсон ба тухайн архийг бид нар хуваагаад ууж байтал Л.Долгор надад хандаж чи миний охинтой унтаад миний охиныг жирэмсэн болгосон чи муу шоронгийн ялтан гэж хэлээд миний амруу салаавч өгсөн. Тэгэхээр нь би Л.Долгорын урдаас өөрийнхөө дүүг ингэх хүн мөн үү та болиоч гэхэд битгий хуц муу ялтан гэсэн тэгээд би урдаас нь цохисон тэгээд салсан. Салаад бид нар хоорондоо хэрэлдэж байтал дахин намайг ялтан гэж дуудахаар нь би явж очоод жалга руу түлхэж унагаасан тэр үед хөл нь жаахан эвгүй болчихсон. ...Л.Долгор бид хоёрыг салгах гээд намайг цохисон тэр үед нь би Ё.Батбаярыг цааш нь бай гэж хэд хэдэн удаа түлхсэн. ...С.Гансүх ахын гэрт ирээд байж байтал Ё.Батбаяр миний эгчийг зодлоо гээд намайг зодох гэхээр нь би шүүгээнд байсан хутгыг аваад айлгах гэхэд Ё.Батбаяр өөрөө хутга булааж аваад хальт зүсэгдсэн. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх-ийн 57, 60 тал/ зэрэг баримтууд болно.             

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

      Шүүгдэгч Б.Алтансүх нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг “Гашууны гол”-ын хөвөөд 2016 оны 7 дугаар сарын 06-ны шөнө хохирогч Л.Долгорыг зодож бие махбодид нь хүндэвтэр, хохирогч Ё.Батбаярыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч Л.Долгор, Ё.Батбаяр нарын мэдүүлэг, гэрч Г.Нямаа, Б.Алтансүмбэр, Ч.Түмэндэмбэрэл нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 337, 339 дүгээр шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Б.Алтансүхийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

       Хохирогч Л.Долгорын “...миний охин Г.Нямааг 2016 оны 04 дүгээр сард Б.Алтансүх нь доромжилж хүмүүс дагуулж очиж архи уусан..., ...би ...чи миний охиныг битгий доромжил гэж хэлсэн. Гэтэл Б.Алтансүх уурлаж намайг цохисон...”, хохирогч Ё.Батбаярын “...Л.Долгор эгч архи ууж согтчихоод чи миний охиныг жирэмсэн болгосон гээд Б.Алтансүхэд хандаж хэлэхэд түүнээс болж тэр 2 маргалдаж зодолдож эхэлсэн...”, гэрч Г.Нямаагийн “...Б.Алтансүх 2016 оны хавар манай гэрт ирээд надад архи шахаад намайг цуг унтая гэсэн би түүнийг ээжид хэлчихсэн байсан. Тухайн асуудлыг ээж Б.Алтансүхэд хандаж хэлснээс болж маргалдсан...” гэх мэдүүлгүүдээр хохирогч Л.Долгор, шүүгдэгч Б.Алтансүх нарын хувийн таарамжгүй харилцаанаас улмаас тухайн гэмт хэрэг гарсан нь тогтоогдсон,

        Мөн хохирогч Л.Долгорын биед баруун шилбэ, тахилзуур ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун дээд зовхи, хамар, цээжин зулгаралт, 2 нүдний эргэн тойрон, нүдний алимний салст, эрүү, дээд уруулын салст, зүүн шуунд цус хуралт, үүдэн дээд зүүн 4 дүгээр шүд эмтрэл зэрэг хүндэвтэр гэмтэл, хохирогч Ё.Батбаярын биед аюулхайд шарх, тархи доргилт, баруун нүдний эргэн тойронд, зүүн чихний дэлбэн, хүзүү, цээж, баруун, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, хамар, хүзүүнд зулгаралт зэрэг хөнгөн гэмтэл үүссэн нь шинжээч эмчийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 337, 339 дүгээр дүгнэлтүүдээр болон хохирогч Л.Долгорын аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, мэс засал хийлгэсэн баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

     Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч Б.Алтансүхийг хүний эрх, эрх чөлөөнд халдаж, бусдын бие махбодид хөнгөн болон хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

     Хохирогч Ё.Батбаяр нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж, хохирогч Л.Долгор нь мөрдөн байцаалтын шатанд гомдолтой байна, учирсан хохирлыг минь барагдуулахад тусална уу гэж мэдүүлж байсан боловч хэрэгт хохирлын баримт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй, намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэх тайлбарыг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй үзсэн болно.  

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан байхаас гадна гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн байхыг шаарддаг.

     Хэрэгт шүүгдэгч Б.Алтансүх, хохирогч Ё.Батбаяр нар хоорондоо эвлэрсэн талаарх бичгээр илэрхийлсэн хүсэлт, эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримт авагдаагүй, шүүгдэгч нь хохирогчоос уучлалт гуйсан, гэм хорыг арилгасан, хохирогч нь түүнтэй сайн дураараа эвлэрсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөөгийн шүүх хуралдаанд гаргасан “...шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг хөнгөн гэмт хэрэг бөгөөд хохирогч Ё.Батбаяр гомдол санал, нэхэмжлэхгүй зүйл гэж мэдүүлсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх саналыг хүлээн авах боломжгүйг дурьдах нь зүйтэй.  

        Хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 81 тоот, мөн шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 21 тоот шийтгэх тогтоолууд болон Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 17 тоот захирамж зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Алтансүх нь 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзахаар, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос үлдсэн 1 жил 11 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих 457 дугаар ангид ял эдэлж байгаад 2013 онд 1 жил 9 сар 9 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна. 

        Шүүгдэгч Б.Алтансүхэд хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн сулласан хугацаа нь дуусч, түүний хүндэвтэр гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болсон буюу ялгүй болсон байхдаа дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.   

        Шүүгдэгч Б.Алтансүхэд ял оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байгаа боловч согтруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл зэргийг харгалзан түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж,  хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

      Шүүгдэгч Б.Алтансүх нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор 6 ханатай монгол гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.  

      Монгол  улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Харчин овогт Батсүхийн Алтансүхийг бусдын бие махбодид хөнгөн,  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Шүүгдэгч Б.Алтансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 /нэг/ жил хорих, 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 /нэг/ сар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Алтансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 сар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жил хорих ялд багтаан, эдлэх ялыг 1 /нэг/ жил хорих ялаар тогтоосугай.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Алтансүхэд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

         5. Шүүгдэгч Б.Алтансүх нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

       6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтансүхийн эзэмшлийн 6 ханатай, шалгүй монгол гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

       7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтансүхэд өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга  хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.  

      8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1 дэх зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА