| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 188/2019/0330/Э |
| Дугаар | 486 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 486
2019 5 23 2019/ДШМ/486
О.Т-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энхбат,
хохирогч Я.Алтантунгалаг,
шүүгдэгч О.Т- , түүний өмгөөлөгч С.Одгариг,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч М.Мөнхбаатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/344 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Т- ын өмгөөлөгч С.Одгариг, хохирогч Я.Алтантунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн О.Т-д холбогдох 1808026630912 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн О-ийн Т- , ..........оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........../;
О.Т- нь 2018 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө, согтуурсан үедээ, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 14-45 тоот гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Я.Алтантунгалагийг хутгалж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: О.Т- ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт О.Т- ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, О.Т- ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч О.Т- ыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар 20 см урттай, бор иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Т- урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Т- ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Т- ын өмгөөлөгч С.Одгариг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилжээ.
О.Т- ын хувьд хардсаны улмаас эхнэр Я.Алтантунгалагийн эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж, хүнд гэмтэл учруулсан боловч гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар байхгүй болсон гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсан боловч түүний үр дагавар болох хор уршиг байхгүй. Эхнэр нь “хохирол гомдолгүй, бид 2 олон жил хамт амьдарч байгаа, нөхрөө хорих ялаар шийтгүүлмээргүй байна” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн зэрэг байдлуудын улмаас энэ хүнд заавал хорих ялыг биеэр эдлүүлэхгүйгээр зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байдлыг харгалзан үзэж, өмгөөлөгч миний бие шүүх хуралдаан дээр хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй.
Шүүгдэгч О.Т- нь шийтгэх тогтоолын дагуу хорих ангид очоод уналт, таталт өгч биеийн эрүүл мэнд нь муудаж, эмнэлэгт хэвтсэн бөгөөд хэдийгээр хуульд гэмт үйлдэлд оногдуулах хариуцлагыг нарийвчлан томьёолсон байдаг боловч хэрэг үйлдэгдсэн болон ял оногдуулах үеийн нөхцөл байдлыг харьцуулан хүнийг зөвхөн хуулийн хатуу заалтаар биш энэрэнгүй зарчмаар хандаж, ялыг хөнгөрүүлэх нь энэ хүн болон энэ гэр бүлийн цаашдын амьдралд ач холбогдолтой /үүнд хохирогч орж байгаа/ болохыг анхааран үзэж, өмгөөлөгч миний анхан шатны шүүх хуралдаанд гаргасан байр суурийн дагуу зүйлчлэлийг өөрчилж, тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Т- “...тайлбаргүй...” гэв.
Хохирогч Я.Алтантунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Одоо би эрүүл болсон, ажлаа хийж байна. Нөхөр О.Т- 2 сар гаруй хугацаанд хоригдож байна. Энэ хугацаанд ажил хөдөлмөр хийж байсан бол надад болон ар гэрт нэмэртэй, аз жаргалтай байх байсан. О.Т- заримдаа намайг таньдаггүй, хэн билээ гэдэг. Унаж татдаг байсан. Миний бие ганцаараа ажил хийж ар гэрээ тэжээж тэтгэж чадахгүй байгаа тул О.Т-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх боломжгүй. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад О.Т- сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэсэн үйл баримт байхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Т- ын өмгөөлөгч С.Одгаригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
О.Т- нь 2018 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө, согтуурсан үедээ, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 14-45 тоот гэртээ эхнэр Я.Алтантунгалагийг хутгалж, эрүүл мэндэд нь “...хэвлийн хөндийн дотор эрхтэн гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, зүүн хөхний хатгагдсан шарх...” гэсэн хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Я.Алтантунгалагийн “...гэртээ унтаж байгаад хүн хашгирах чимээнээр сэртэл нөхөр О.Т- хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд О.Т- “алнаа” гэж хашгирахаар нь би газар унтаж байгаад босох гэтэл миний аюулхайгаас жоохон доод хэсэгт барьж байсан хутгаараа хутгалчихсан...” /хх 44-48, 176-178/,
гэрч Г.Арсланбаатарын “...хаалгаар гараад нөгөө өрөөнд орох гэтэл хадам ээж Я.Алтантунгалагтай хаалган дээр таарсан. Хадам ээжийн явсан бололтой замаар цус дусаад явсан. Мөн элгээ дарчихсан байсан. Я.Алтантунгалаг уйлаад бид хоёрын унтаж байсан орон дээр суусан. Цаад том өрөөний буйдан дээр хадам аав О.Т- сууж байсан. Би хадам ээжээс юу болсон талаар асууж, хэвлий хавьцаа дараад байсан гарыг нь аваад хартал хутгаар зүссэн бололтой шархнаас цус гарч байсан...” /хх 18-19/,
гэрч Т.Уранжаргалын “...шөнө 02 цагийн орчим ээж Я.Алтантунгалаг миний унтаж байгаа өрөөнд ороод ирэхээр нь сэрсэн. Ээж хэвлий хэсгээ гараараа дарчихсан байсан. Г.Арсланбаатар ээжийн гарыг татаад хартал хэвлий хэсэгт нь зүсэгдсэн бололтой жижигхэн шархнаас цус гарч байсан. Ээж ярихдаа “аав чинь намайг хутгаар хатгачихлаа” гэж байсан. Т согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ...Т- ын хажууд орон дээр манай мах хөшиглөдөг бор иштэй хутга байгаа харагдсан. ...” /хх 20-21/,
гэрч Б.Батболдын “...2018 оны 5 дугаар сарын 26-ны шөнө гэртээ унтаж байтал Уранжаргал “аав Т- ээжийг зодоод гаргаад явуулчихлаа” гэхээр нь би машинаа асаагаад гараад ангийн гэрэлтүүлгээр гэрэлтүүлээд харсан чинь шонгийн модны хажууд Алтантунгалаг пальто бололтой хувцас өмсөөд энгэрийг нь зөрүүлээд барьчихсан зогсож байсан. Алтантунгалагийг гэртээ оруулаад хувцсыг нь сөхөөд хартал хэвлийн аюулхай хэсэгт зүсэгдсэн бололтой шархнаас цус гарч байсан. Эмнэлэг рүү аваад явтал замдаа Алтантунгалаг ухаан алдаж унаж байсан. ...Алтантунгалаг “манай нөхөр Т- намайг хүнтэй хардаж зодоод хэвлий хэсэгт хутгалчихлаа, би хүүхдүүдийн өрөөнд хутгалуулчихаад орсон, тэгээд би гараад гүйсэн” гэж ярьж байсан. ...” /хх 22-23/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 6766 дугаартай “...Я.Алтантунгалгийн биед хэвлийн хөндийн дотор эрхтэн гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, зүүн хөхний хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 28/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч О.Т- ын эхнэр Я.Алтантунгалагийг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “...зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан...” гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.
О.Т- нь тус хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдээгүй, харин согтуурсан үедээ хардалтаас болж үйлдсэн талаар дүгнэж, түүний үйлдлийг “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” гэж хүндрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шийдвэр үндэслэлтэй байна.
О.Т- ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэснийг болон О.Т- ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс бага хорих ял оногдуулсан нь хуульд нийцжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...энэ хүн болон гэр бүлийнх нь цаашдын амьдралд ач холбогдолтойг анхааран хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилнө үү...” гэсэн, хохирогч Я.Алтантунгалаг “...хоёр хүүхэд бид нарын амьдралыг бодоод миний нөхөрт оногдох ялыг хөнгөрүүлэн үзэж, гаргаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.
Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас О.Т- сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан үедээ тус гэмт хэргийг үйлджээ гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүй, тогтоогдсонгүй.
Харин 2018 оны 5 дугаар сарын 25-ний орой гэртээ хохирогч Я.Алтантунгалагийг гэртээ ирснийх нь дараа шүүгдэгч О.Т- гэрээсээ гарч яваад, шөнө согтуурсан үедээ гэрийнхнийгээ унтаж амарч байхад нь тус хэргийг үйлдсэн болох нь:
О.Т- ын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн “...удалгүй Алтантунгалаг гэртээ ирсэн. Би Алтантунгалагтай хардалтаас болж муудалцсан. Тэгээд би гэрээсээ гараад явсан. Эрдэнэт хотоос яваа Ганзориг гэдэг хүнтэй таараад 2 шил архи хувааж уусан. Тэгээд гэртээ шөнө ирсэн.. Тэгээд би эхнэр Алтантунгалагийг хутгалсан байна билээ...” /хх57/ гэсэн мэдүүлэг,
хохирогч Я.Алтантунгалагийн “...гэртээ унтаж байгаад хүн хашгирах чимээнээр сэртэл нөхөр О.Т- хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд О.Т- “алнаа” гэж хашгирахаар нь би газар унтаж байгаад босох гэтэл миний аюулхайгаас жоохон доод хэсэгт барьж байсан хутгаараа хутгалчихсан.Тэгээд би босоод нөгөө өрөөнд унтаж байсан охин Уранжаргал, түүний нөхөр Арслан нарт энэ тухай хэлсэн...” /хх 44-48, 176-178/,
гэрч Т.Уранжаргалын “...шөнө 02 цагийн орчим ээж Я.Алтантунгалаг миний унтаж байгаа өрөөнд ороод ирэхээр нь сэрсэн...” /хх 20-21/,
гэрч Б.Батболдын “...шөнө гэртээ унтаж байтал манай гэрийн хаалгыг хүн нүдээд байхаар нь онгойлготол хадам дүү Уранжаргал, найз залуу Арсланбаатарын хамт ороод ирсэн...” /хх23/ гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Мөн О.Т- ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хүнд төрлийн гэмт хэрэг бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг анхан шатны шүүх харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулсан байх ба хуульд заагаагүй нөхцөлөөр шүүгдэгчид оногдуулах ялыг дахин хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, өөр төрлийн ял оногдуулах, ял шийтгэхгүй байх эрх шүүхэд олгогдоогүй болно.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Т- ын өмгөөлөгч С.Одгариг, хохирогч Я.Алтантунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/344 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Т- ын өмгөөлөгч С.Одгариг, хохирогч Я.Алтантунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ