Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2023/0739/З |
Дугаар | 221/МА2024/0047 |
Огноо | 2024-01-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2024/0047
2024 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 221/МА2024/0047 | Улаанбаатар хот |
“АМ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах нэхэмжлэл гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н;
Нэхэмжлэгч: “АМ” ХХК
Хариуцагч: БОАЖС ;
Нэхэмжлэлийн шаардлага: “...БОАЖС ын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалын “АМ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 809 дугаартай шийдвэр;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2023/0739/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “АМ” ХХК нь БОАЖС-д холбогдуулан “...БОАЖС ын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалын “АМ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 809 дугаартай шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 39.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.3 дахь заалт, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “АМ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н давж заалдах гомдолдоо: Шүүх талуудын шүүхэд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хэрэгт цугларсан баримтуудтай харьцуулан үзэж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй ба хэргийн зарим үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, үүнээс болж шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж гомдол гаргалаа.
3.1. Болсон үйл баримтын талаар:
3.1.1. БОАЖС ын 2020 оны 07 сарын 02-ны өдрийн А/528 дугаартай тушаалаар Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд “Өгөөмрийн адаг” нэртэй байршилд 20,451 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэрийг үндэслэн тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас 2020 оны 07 сарын 06-ны өдөр 0201721 дугаар бүхий Газар ашиглах гэрчилгээ гарсан байдаг. Ийнхүү 0201721 дугаар бүхий газар ашиглах эрхийн гэрчилгээг ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэгч компаниас гэрчилгээ гарсанаас хойш 2021 оныг дуустал гардаж авах боломжгүй байсан. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гэрчилгээгээ авхаар очиход хариуцсан мэргэжилтэн ээлжийн амралттай байгаа, баримт нь ирэхгүй байгаа, гэх шалтаг хэлэн гэрчилгээг олгоогүй байдаг. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 02 сарын 25-ны өдөр “гэрчилгээгээ ирж аваарай” гэж залгасан даруйд нэхэмжлэгч тал гэрчилгээний үнэ болон улсын тэмдэгтийн хураамж /хх82-85 дахь тал/-г төлж гэрчилгээг хүлээн авсан.
3.1.2. Гэрчилгээ гардаж авсаны дараагаар манай компаниас газар ашиглах эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, гурвалсан гэрээ байгуулахаар Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаатай удаа дараа биечлэн очиж уулзсан. Уулзах бүрд “...танай газрын кадастрын зурагт зурагдсан огтлолын цэг буруу байна. Энийг засварласны дараагаар гэрээ байгуулах талаар танай компанид мэдэгдэнэ...” гэж тайлбарладаг байсан. Ингэж явсаар 2022 оны 12 сарын сүүлээр дахин очиж уулзахад “...газрын нарийвчилсан үнэлгээгээ хийлгүүлээд хүсэлтийн хамт ирүүлээрэй...” гэсэн учраас үнэлгээ хийлгэхээр “Шүрэн завьяа” ХХК-тай очиж уулзан 2023 оны 01 сарын 09-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан байгаль орчины нарийвчилсан үнэлгээг хийлгүүлсэн. Улмаар 2023 оны 04 сарын сүүлээр нарийвчилсан үнэлгээний тайлан бэлэн болсон гэсэн тул “Горхи- тэрэлжийн БЦГ-н захиргаа”-нд 2023 оны 04 сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, гэрээ байгуулж өгнө үү гэх агуулга бүхий хүсэлтийг гаргаж байсан.
3.1.3 Удалгүй 2023 оны 06 сарын эхээр “Горхи-тэрэлжийн БЦГ-ын захиргаанаас утасаар холбогдон танай компанид олгосон газрыг цуцлах санал гарган Байгаль орчин, аялал жуулчлалын яамруу хүргүүлсэн байна танай компани яамруу очиж уулзаарай гэсэн тул компаниас 2023 оны 06 сарын 09-ний өдөр үйл ажиллагаа хэвийн явуулж, гурвалсан гэрээ байгуулах зөвшөөрөл олгох агуулга бүхий гомдлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Б.Бат-Эрдэнэд хаяглан хүргүүлсэн. Уг гомдлын хариуг 2023 оны 07 сарын 03-ны өдрөөр хаяглан танай байгууллагын газар ашиглах эрхийн гэрчилгээг 2023 оны 06 сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалаар цуцалсан талаар мэдэгдсэнийг 2023 оны 07 сарын 31-ний өдөр гардан авч мэдсэн байдаг.
3.2. Шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон байгаа талаар:
3.2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаа болон Байгаль аялал орчин, жуулчлалын очиж яаманд үзлэг хийсэн ба үзлэгээр нэхэмжлэгч “АМ” ХХК-д 2020 оны 07 сарын 06-ны өдрийн 0201721 дугаар бүхий газар ашиглах эрхийн гэрчилгээ олгохтой холбогдуулан бүрдүүлсэн хувийн хэрэг, олгосноос хойших бүрдүүлсэн хувийн хэрэг зэрэг нотлох баримт байгаагүй. Түүнчлэн газар ашиглах эрхийг олгосон талаарх бүртгэлийн баримт огт байхгүй, бүрдүүлээгүй, хувийн хэрэгт хавсаргаагүйн зэрэгцээ яамны бүртгэл, мэдээллүүд цахим сан руу шилжиж байгаа гэсэн боловч зөвхөн манай компанийн мэдээлэл тухайн цахим санд нь ороогүй гэх мэтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан нотлох боломжтой байсан үйл баримт болох 2022 оны 02 сарын 15-ны өдөр “АМ” ХХК-нд 2020 оны 07 сарын 06-ны өдрийн 0201721 дугаар гэрчилгээг олгосон талаарх нөхцөл байдлыг нотлоход хариуцагч талын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрэлсэн нь буруу байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу, дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
3.2.2. Түүнчлэн манай компаниас эрхийн гэрчилгээг авсан өдрөөс хойш удаа дараа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гурвалсан гэрээг байгуулахаар Горхи-тэрэлжийн байгалийн цогцолбор газарт биечлэн очиж уулзаж байсан ба уулзах бүрд ямар нэгэн шалтаг шалтгаан хэлж гэрээ байгуулах хугацааг хойшлуулж ирсэн атлаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамруу 2022 оны 11 сарын 03-нд, 2022 оны 12 сарын 15-нд, 2023 оны 04 сарын 07-ны өдөр тус тус эрхийн гэрчилгээг цуцлах санал хүргүүлж байсан нь ойлгомжгүй байна. Шүүхээс уг асуудлыг дүгнэхдээ "АМ” ХХК нь 2023 оны 04 сараас өмнө гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлж байсан үйл баримт тогтоогдоогүй гэсэн нь үндэслэлгүй буюу манай компанийн хувьд очиж уулзахаас илүүтэйгээр хүсэл зоригоо илэрхийлэх ямар арга хэрэгсэл байгаа талаар төдийлөн ойлгохгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд дээрх биечлэн очиж уулзаж байсан нөхцөл байдлыг тайлбарласан боловч шүүх хэт нэг талыг барьж зөвхөн хариуцагч талаас гаргасан тайлбарт хөтлөгдөн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой.
3.2.3. Нэхэмжлэгч компанийн хувьд газар ашиглах эрхийн гэрчилгээг хүлээн авснаас хойш гурвалсан гэрээг байгуулах хүсэл, сонирхолын үүднээс Горхи-тэрэлжийн байгалийн цогцолбор газрын захиргаатай биечлэн уулзаж, гэрээ байгуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан тул тус газраас энэ нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж гомдол гаргахад хүрлээ. Нөгөө талаар газар ашиглагч гурвалсан гэрээг байгуулах хүсэл, зорилгоо биечлэн уулзаж илэрхийлсээр байхад ямар үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох талаар удаа дараалан Байгаль орчин, аялал жуулчлалын яамд санал, хүсэлт гаргаж байсныг тодруулахгүйгээр зөвхөн “...газар ашиглах талаарх хүсэл, зоригоо огт илэрхийлж байгаагүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, дээрх үйл баримтуудаас үзэхэд шүүхийн шийдвэр гарахдаа захиргааны байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон түүний харьяа байгуулага болох Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргааны буруутай үйл ажиллагаанаас манай компанийг үйл ажиллагаагаа явуулахад саад учруулж байсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэнг буруу гэж үзхэд хүрлээ. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 03-ны өдрийн 0809 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын хооронд газрын харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлага хангасан байна.
2. Маргааны үйл баримтын тухайд:
2.1. Нэхэмжлэгч “АМ” ХХК-д БОАЖС ын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/528 дугаар тушаалаар Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд “Өгөөмрийн адаг” нэртэй байршилд 20451 м.кв буюу 2.0 га талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай “аялал жуулчлалын зориулалт”-аар ашиглуулахаар шийдвэрлэж, мөн оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0201721 дугаар гэрчилгээ /хх-ийн 8/ олгожээ.
2.2. Улмаар тус сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/230 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/793, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 208 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн санал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 35.3.4 дэх заалт, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд эрх авсан боловч газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй ...” 20 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч “АМ” ХХК-ийн “Өгөөмрийн адаг” нэртэй 2.0 га газар багтсан байна.
2.3. Нэхэмжлэгч “АМ” ХХК-аас “...0201721 дугаартай гэрчилгээг 2021 оны 01 дүгээр сарын үед хүлээн авсан. ...нийслэл Улаанбаатар хотод нийтдээ 2020-2022 оны хугацаанд 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ үед үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоогоогүй хуулийн этгээдийн жагсаалтад “АМ” ХХК ороогүй тул биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас тухайн газраа ашиглах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай болно. Мөн гурвалсан гэрээ байгуулснаар газрын төлбөрийг төлнө гэж ойлгож байсан тул гурвалсан гэрээ байгуулагдах хүртэл манай компаниас төлбөрийг төлөөгүй боловч төлөх бүрэн боломжтой, гэрээ байгуулж бүртгүүлснээр төлбөрийг төлөхөө илэрхийлж байсан” гэж, хариуцагчаас “...Нөхцөл байдлын хувьд газрын төлбөрөө төлөөгүй тухайд гэрээ байгуулагдаагүй. Гэрээ яагаад байгуулагдаагүй гэвэл “АМ” ХХК-ийн зүгээс гэрээгээ улсын тэмдэгтийн хураамж төлж авах үүрэгтэй. Гэтэл улсын тэмдэгтийн хураамжийг бүтэн 2 жилийн хугацаанд төлөөгүй байж байгаад 2022 онд төлөөд гэрчилгээгээ авсан...Мөн гэрчилгээгээ авсан даруйд газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах үүрэгтэй. ...энэ үүргээ биелүүлээгүй ...” гэж тус тус маргажээ.
3. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1. Хэрэгт авагдсан талуудын тайлбар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/793 болон 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 208 дугаар “...хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ...учир ... газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” албан бичгүүд /хх-ийн 31,35 дахь тал/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэхэмжлэгчийн газрын байршлыг харуулсан лавлагаа зураг /хх-ийн 39 дэх тал/, шүүхийн маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн фото зураг /хх-ийн 63-67 дахь тал/ зэргээр маргаан бүхий газар нь хоосон, зориулалтын дагуу ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй байх бөгөөд 2020-2023 онд газрын төлбөрийг төлөөгүй /хх-ийн 42 дахь тал/ болох нь тус тус тогтоогдсон байна.
3.2. Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:”, 1-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр” газар ашиглах эрхийг хүчингүй болгохоор хуульчилсан.
3.3. Дээрх заалтын агуулга нь урьдчилсан гурван нөхцөлтэй, эдгээр нөхцөлүүдийн аль нэг нь хангагдсан тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзнэ.
3.4. Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газрыг ашиглах эрхийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй зэрэг нь газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн болох нь тогтоогдсон байна.
3.5. Мөн нэхэмжлэгчид анх тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах эрх олгосон БОАЖС ын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/528 дугаар тушаалын 3 дахь заалтад “Улсын тэмдэгтийн хураамж болон газрын төлбөрийг хугацаанд нь төсөвт төлөх, ... зориулалтын дагуу ашиглах, ...стандартыг зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгох ... “АМ” ХХК-д анхааруулсугай” гэж дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь нэгэнтээ газар ашиглах эрх олгогдсон 2020 оноос Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан газар ашиглагчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр байна.
3.6. Хэдийгээр нэхэмжлэгч хуулийн этгээдээс “...газрыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зориулалтын дагуу ашиглаж чадаагүй үндэслэлээ цар тахлын хүнд үе байсан, гэрээ байгуулагдсанаар газрыг төлбөрийг төлнө гэж ойлгож ирсэн” гэж маргах бөгөөд нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Шүрэн завъяа” ХХК-аар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг гүйцэтгүүлсэн /хх-ийн 88-142 дахь талд/ байх боловч үүнээс өмнөх хугацаанд газрыг ашигласан гэх үйл баримтууд тогтоогдохгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх “...тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ байгуулах нь гурван талын хүсэл зоригийн илэрхийлэл байх боловч энэ талаарх гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлэх анхдагч үүрэг нь газар ашиглагчид буюу нэхэмжлэгчид байхад гэрээ байгуулах тухай хүсэлтээ гаргаагүй /газар ашиглах гэрчилгээг хүлээн авснаас хойш газар ашиглах талаар санаачилга, идэвхтэй үйлдэл гаргаагүй/, түүнчлэн энэ талаарх хүсэлтээ гаргах боломжгүйд хүрсэн бол хүндэтгэх шалтгааныг нотолсон баримтыг захиргааны байгууллага болон шүүхэд гаргаж өгөөгүй болно.” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
3.7. Түүнчлэн, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч “АМ” ХХК-ийг улсын тэмдэгтийн хураамжид 10 225 500 төгрөгийг төлсөн, харин газрын төлбөрийг төлөөгүй талаарх үйл баримттай талуудын хэн аль нь маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн “... газар ашиглах гэрээ байгуулагдсанаар газрын төлбөрийг төлнө. ...Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргааны буруутай үйл ажиллагаанаас манай компанийг үйл ажиллагаагаа явуулахад саад учруулж байсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй ...” гэх гомдол үндэслэлгүй.
3.8. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон хариуцагч БОАЖС ын тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт захиргааны үйл ажиллагаанд баримтлах “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчимд болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасантай нийцжээ.
3.9. Иймд, маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2023/0809 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА