Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0475

 

2020 оны 07 сарын 21 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2020/0475

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******, нэхэмжлэгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П нарыг оролцуулан Г.Гын нэхэмжлэлтэй, УИХТГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Г.Г, /

Хариуцагч: УИХТГ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: УИХТГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд /ажлын 15 хоног/ цалингүй ажилласан олговор болон албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаанд цалинг буруу тогтоосноос авч чадаагүй ажилласан хугацааны цалингийн зөрүүг хуулийн дагуу тогтоож гаргуулах, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар Г.Гын ажлаас чөлөөлөх тухай захирамжийн 1 дэх хэсгийн ажлаас чөлөөлсүгэй гэсний 2, 3 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан УИХТГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих ёсоор баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г-ын Г би УИХТГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 833 дугаар захирамжаар томилогдон, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 35 дугаар захирамжаар Улсын Их Хурлын Тамгын газартаа төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагч билээ.

Нэг. Намайг УИХТГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжаар Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны референтийн албан тушаалд хүүхэд асрах чөлөөтэй хүний албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн бөгөөд хүүхэд асрах чөлөөтэй хүн ажилдаа эргэж орох өргөдлөө өгсөн.

Миний бие хүүхэд асрах чөлөөтэй хүн ажилдаа эргэж орсон тохиолдолд намайг Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-д заасан үндэслэлээр албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж байгаа тул урьд эрхэлж байсан УИХТГ-ын ерөнхий нарийн бичгийн даргын туслах албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, эсхүл уг албан тушаалтай дүйцэх хэмжээний ажлаар хангана гэсэн итгэл үнэмшил бүрэн дүүрэн байсан. Гэтэл УИХТГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг үндэслэн намайг урьд эрхэлж байсан ажил, үгүй ядаж өөр албан тушаалд томилохгүйгээр бүр мөсөн ажилгүй болгосон явдал нь төрийн жинхэнэ албан хаагч миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно, 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг хариуцна, 43.6-д Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно гэж төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэлийг тодорхой зохицуулсан байхад намайг хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг үндэслэн бүр мөсөн ажилгүй болгох хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан үндэслэлээр УИХТГ-ын ерөнхий нарийн бичгийн даргын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар Г.Гыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийн 1 дэх хэсгийн ажлаас чөлөөлсүгэй гэснийг, 2, 3 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагыг гаргаж байгаа болно.

Хоёр. Хүний нөөцийн ахлах референт Б.П 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр /Баасан гараг/-ийн 12:30 цагт намайг өрөөндөө дуудаж чиний өмнө гаргасан өргөдлийг уншиж танилцсан, чамайг ажлаас чөлөөлөхөд асуудалгүй юм байна лээ гэж өмнөх захирамж /УИХТГ-ын ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамж/, өргөдлийг үндэслэл болгож намайг албан тушаалаас чөлөөлөхөд асуудалгүй гэж үзэж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байгаа бөгөөд тухайн захирамжаар намайг цалингүй ажлын 15 өдөр ажиллуулж, цалин хөлсийг буруу тогтоож үүрэг гүйцэтгүүлсэн атал давхар тус захирамжаар чөлөөлөхөд асуудалгүй гэж байгаа нь төрийн жинхэнэ албан хаагч миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Илт хууль бус
захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна, мөн хуулийн
47.3-т Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн
захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна, 47.4-т Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд
захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад
хэдийд ч хандаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч миний бие төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөх хүсэлт огт
гаргаагүй, мөн төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон
гүйцэтгүүлэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөх
эрх зүйн зохицуулалт огт байхгүй байхад хариуцагч 2019 оны 06 дугаар сарын 11-
ний өдрийн ******* дугаар захирамжийг гаргахдаа намайг туслахын албан тушаалаас
чөлөөлөх шийдвэрийг өөрөө мэдэж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47
дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг
сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй үндэслэлд хамаарна гэж
үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан үндэслэлээр УИХТГ-ын ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагыг давхар гаргаж байгаа болно.

УИХТГ-ын ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосноор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу цалингүй ажилласан нөхөн олговор, мөн цалинг буруу тогтоосноос авч чадаагүй цалингийн зөрүүг хуулийн хүрээнд тооцуулан гаргуулж авах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах эрх үүснэ гэж миний бие үзэж байна.

Иймд 1/ УИХТГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох, 2/ 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх ажлын 15 хоногын хугацаанд цалингүй ажилласан олговор болон албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаанд цалинг буруу тогтоосноос авч чадаагүй ажилласан хугацааны цалингийн зөрүүг хуулийн дагуу тооцож гаргуулах, 3/ 2020 оны оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар Г.Гыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийн 1 дэх хэсгийн ажлаас чөлөөлсүгэй гэсний 2, 3 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан УИХТГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих ёсоор баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгуулсан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. УИХТГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн тухайд:

Г.Г нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр УИХТГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хандаж, Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны референт Н.Мийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллах хүсэлтээ гаргасан.

Мөн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн даргад хандаж, Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалаас Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны референт Н.Мийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллах, энэ хугацааны буюу 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд цалингүй ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байна.

Иймд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжаар Г.Гыг Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалаас чөлөөлж, Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны референт Н.Мийн жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Өөрөөр хэлбэл, Г.Гын өөрийнх нь гаргасан хүсэлтээр түүнийг Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд захирамжийг тухайн үед өөрт нь танилцуулж, Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны референт Н.Мийн ажлыг түүнд хүлээлцүүлсэн байдаг. Г.Гын үндэслэл болгосон Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн заалтад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамж дор дурдсаны дагуу хамаарахгүй юм. Үүнд

Нэгдүгээрт: Г.Г өөрөө хүсэлтээ гаргасан тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй.

Хоёрдугаарт. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжийг гаргахдаа хуулийн үндэслэл болгосон Улсын Их Хурлын тухай хуулийн 40.3, 41.1.4 дэх нь Ерөнхий нарийн бичгийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Тамгын газрын ажилтныг томилох, чөлөөлөх, захирамж гаргах хуулийн үндэслэл юм.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 42.1.6, 43.3.4 заалтууд нь жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхтэй холбоотой заалт юм. Иймд УИХТГ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хуульд заасан үндэслэлийн дагуу дээр дурдсан захирамжийг гаргасан байна.

Г.Г нь Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны референтийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаандаа Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан үүргийг огт гүйцэтгээгүй бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд ажиллаж бол туслахын цалинг авахаас гадна Засгийн газрын 2019 оны 9 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журам"-ын дагуу түр орлон гүйцэтгэж байгаа албан тушаалын цалингийн 40 хүртэл хувийн нэмэгдэл хөлс авч ажиллах байсан.

Хэрвээ Г.Г нь өөрийгөө Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалаас хууль бусаар чөлөөлсөн гэж үзсэн бол Төрийн албаны тухай 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар 30 хоногийн дотор гомдлоо гаргах байсан бөгөөд тус хуулийн 14.5 дахь хэсэгт заасныг ашиглаж илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох-од хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэдгээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь түүний нэхэмжлэлээс тодорхой харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, УИХТГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны ******* дугаар захирамж нь Г.Гын тухайн үеийн гаргасан өөрийнх нь хүсэл сонирхолд нийцээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзэж, тухайн үед гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй тул түүнийг УИХТГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны ******* дугаар захирамжийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Гэтэл Г.Гын шүүхэд гаргасан нэхэмжлэлд УИХТГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах гэх бодол нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүйн дээр уг албан тушаалтай дүйцэх хэмжээний ажлаар хангана гэх түүний итгэл үнэмшил нь уг 2019 оны ******* дугаар захирамжтай огт хамааралгүй юм.

Энэхүү тохиолдолд түүний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон зүйл нь УИХТГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ******* дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг нотлох боломжгүй байна.

2. 2019 оны 6-р сарын 11-ний өдрөөс 2019 оны 6-р сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд цалингүй ажилласан олговор болон албан үүргийг түр гүйцэтгэх хугацаанд цалинг буруу тогтоосноос авч чадаагүй ажилласан хугацааны цалингийн зөрүүг олгуулах тухайд:

Г.Г нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гаргасан хүсэлтэндээ 2019 оны 6-р сарын 11-ний өдрөөс Н.Мийн ээлжийн амралт дуусах өдөр буюу 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны референт
Н.Мийн оронд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж, энэ хугацаанд цалингүй ажиллахыг зөвшөөрсөн байна. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжаар Г.Г үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул Засгийн газрын 2019 оны 9 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журам-ын 2.3 дахь хэсгийн дагуу албан тушаалын цалинг олгосон тул түүнд ажилласан хугацааны цалингийн зөрүүг олгох хууль, эрх зүйн үндэслэл байхгүй байна.

З. УИХТГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийн 1 дэх хэсгийн ажлаас чөлөөлсүгэй гэсний 2,3 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4-т жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй ... тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар орлон гүйцэтгүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй ... гэж тус тус заасан.

Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны референт Н.М хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж, хүсэлт гаргасан түүнийг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар захирамж гарч, Г.Гыг Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны референтийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацааг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжаар Г.Гын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул захирамжийн 1 дэх хэсгийн ажлаас чөлөөлсүгэй, 2,3 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй ..." гэсний Н.Мийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж, ажилдаа орох т гаргасны дагуу түүнийг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулсан.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй тул Г.Гыг Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд эгүүлэн томилох тухай хуулийн үндэслэл байхгүй байна. Г.Гын өөрийнх нь гаргасан 2019 оны 6 дугаар сарын 7,10-ны өдрийн хүсэлтээр Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалаас чөлөөлсөн.

Иймд Г.Гд ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Дээр дурдсан хууль, эрх зүйн үндэслэлийн дагуу Г.Гын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г нь УИХТГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх ажлын 15 хоногийн хугацаанд цалингүй ажилласан олговор болон албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаанд цалинг буруу тогтоосноос авч чадаагүй ажилласан хугацааны цалингийн зөрүүг хуулийн дагуу тооцож гаргуулах, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар Г.Гыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийн 1 дэх хэсгийн ажлаас чөлөөлсүгэй гэснийг, 2, 3 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих ёсоор баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дараах үйл баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. УИХТГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Г.Гыг анх Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын дагуу төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэж, Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1510 дугаар албан бичгээр УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтэст Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлжээ.

Улмаар Улсын Их Хурлын /цаашид УИХ-ын гэх/ Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 833 захирамжаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд томилж, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 35 дугаар захирамжаар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн байна.

Нэхэмжлэгч Г.Г нь УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны референт албан тушаалтай Н.Мийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг нь түр орлон гүйцэтгэх, уг албан тушаалд ажиллахаар 2019 оны 06 дугаар сарын 07, 10-ны өдрүүдэд тус тус бичгээр хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийг үндэслэн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нь нэхэмжлэгч Г.Гыг ажлаас чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ******* дугаар захирамжийг гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Гас ...миний бие төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөх хүсэлт огт гаргаагүй, мөн төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөх эрх зүйн зохицуулалт огт байхгүй байхад хариуцагч 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжийг гаргахдаа намайг туслахын албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг өөрөө мэдэж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй үндэслэлд хамаарна гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан үндэслэлээр УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагыг давхар гаргаж байгаа болно гэжээ.

Хариуцагчаас УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Г.Г нь УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны референт албан тушаалтай Н.Мийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг нь түр орлон гүйцэтгэхээр зөвшөөрч хүсэлтээ бичиж өгсөн тул ******* дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт болох боломжгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамж нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т (2006 оны), Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.3.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Засгийн газрын 2019 оны 9 дүгээр тогтоолын хавсралтын 2.3 дахь хэсэг, 2019 оны 01/4583 дугаар албан бичиг, Г.Гын 2019 оны 06 дугаар сарын 07, 10-ны өдрүүдэд гаргасан хүсэлтүүдийг тус тус үндэслэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-дэх хэсэгт захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудыг хуульчилсан. Маргаан бүхий акт болох УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-47.1.7-д заасан тохиолдлуудад хамаарахгүй байх тул илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Тухайлбал, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамж нь утга агуулгын илэрхий алдаатай бус, тухайн актыг гаргасан албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдсэн, актын заалтууд нь хоорондоо зөрчилдөөгүй, хоёрдмол утгагүй агуулга, баталсан байгууллага, албан тушаалтан тодорхой, тухайн актыг гаргасан албан тушаалтан хуулиар олгогдсон өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар тухайн актыг гаргасан бүрэн эрхээ хэтрүүлээгүй, холбогдох хуулийн заалтуудыг үндэслэл болгосон, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжтой байх тул илт хууль бус актын шинжийг агуулаагүй байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Ерөнхий нарийн бичгийн дарга эрхлэх асуудлаараа захирамж гаргана, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т Тамгын газрын ажилтан, гишүүний саналыг үндэслэн түүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч, туслахыг томилох, чөлөөлөх (2006) гэж заасны дагуу УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нь маргаан бүхий ******* дугаар захирамжийг гаргасан нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгчээс тус маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болох үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу тайлбарлан маргаж байх боловч нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд томилогдон ажиллах хүсэлтээ бичгээр илэрхийлж байсан нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзэхээргүй байна.

2. 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх ажлын 15 хоногийн хугацаанд цалингүй ажилласан олговор болон албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаанд цалинг буруу тогтоосноос авч чадаагүй ажилласан хугацааны цалингийн зөрүүг хуулийн дагуу тооцож гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Засгийн газрын 2019 оны 9 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журам-ын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн  42 дугаар зүйлд заасан үндэслэлээр, мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид цалин, урамшуулал олгоход энэ журмыг баримтална, 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 43.3.4-т заасан үндэслэлээр төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч түр орлон гүйцэтгүүлсэн бол тухайн албан тушаалын цалинг түүнд олгоно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Г.Г нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр УИХ-ын Тамгын газрын Захиргаа, Санхүү үйлчилгээний хэлтсийн даргад хандан гаргасан хүсэлтдээ ... УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах албан тушаалаас Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны референт Н.Мийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллахаар 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүсэлт гаргасан билээ. Иймд 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс Н.Мийн ээлжийн амралт дуусах өдөр буюу 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд цалингүй 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс референтийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллахыг зөвшөөрч байна гэсэн байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь тухайн үед бичгээр хүсэлт гарган цалингүй ажиллахаа сайн дураар хүлээн зөвшөөрч илэрхийлсэн байх тул 15 хоногийн албан тушаалын цалингийн зөрүүг одоо нөхөн олгох үндэслэлгүй байна гэж шүүхээс үзлээ.

3. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар Г.Гыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийн 1 дэх хэсгийн ажлаас чөлөөлсүгэй гэснийг, 2, 3 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих ёсоор баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны референт Н.М хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан тул эрхэлж байсан ажилдаа эргэн орох хүсэлт гаргасантай холбогдуулан уг албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байсан Г.Гыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4, Хөдөлмөрийн тухай 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн гаргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4-т жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална, 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамж нь холбогдох хуулийг баримталсан бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул захирамжийн 1 дэх хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ уг маргаан бүхий тушаалыг гаргах үеэр хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэж маргаж байх боловч шүүх хуралдааны явцад талуудаас энэ талаар тодруулахад уг маргаан бүхий тушаалтай холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг дуудан уулзаж мэдэгдсэн талаар талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд маргаагүй болно.

Нэхэмжлэгч Г.Г нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр УИХТГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хандан хүсэлтдээ ... миний бие УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Хууль, эрх зүйн байнгын хорооны ажлын албаны референт Н.Мийн хүүхэд асрах чөлөөтэй хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллах хүсэлтэй байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй, 36.1.1-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилтан эдгэрснийхээ дараа нэг сарын дотор эргэж ирсэн, 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, 36.1.3-т хуульд заасан бусад тохиолдол гэж ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах тухай тохиолдлуудыг дурджээ.

Хуульд заасан дээрх тохиолдлуудад нэхэмжлэгч Г.Гын нэхэмжлэлийн шаардлагад холбогдох үйл баримт хамаарахгүй байх тул урьд эрхэлж байсан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих ёсоор баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалаас чөлөөлсөн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжтай тухайн үед маргаж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр Г.Гын УИХТГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх ажлын 15 хоногийн хугацаанд цалингүй ажилласан олговор болон албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаанд цалинг буруу тогтоосноос авч чадаагүй ажилласан хугацааны цалингийн зөрүүг хуулийн дагуу тооцож гаргуулах, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар Г.Гыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийн 1 дэх хэсгийн ажлаас чөлөөлсүгэй гэснийг, 2, 3 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих ёсоор баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэг (2006 оны), Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 36 дугаар зүйлийн 36.1, 106 дугаар зүйлийн 106.2, дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Гас УИХТГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх ажлын 15 хоногийн хугацаанд цалингүй ажилласан олговор болон албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаанд цалинг буруу тогтоосноос авч чадаагүй ажилласан хугацааны цалингийн зөрүүг хуулийн дагуу тооцож гаргуулах, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар Г.Гыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийн 1 дэх хэсгийн ажлаас чөлөөлсүгэй гэснийг, 2, 3 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих ёсоор баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.Гас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР