Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/673

 

 

 

 

 

 

 

 

 

   2022         05         09                                       2022/ШЦТ/673

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,  

улсын яллагч Э.Ариунболд,

хохирогч Б.А.,

шүүгдэгч Б.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан З. овогт Б.ын Б.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1302 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хүүхэд асрах чөлөөтэй байгаа, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суух, З. овогт Б.ын Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б. нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их монгол” хорооллын гадна авто зогсоолд байрлуулсан байсан иргэн Б.А.ын эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн ..... УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “дугаараа үлдээгээгүй, гарц хаасан” гэх шалтгааны улмаас урд салхины шилийг нь домкратаар цохиж хагалан, толийг нь хугалж, копут зэргийг нь хууль бусаар гэмтээсний улмаас 1.975.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б. мэдүүлэхдээ: “Хохирогчийн буруутай үйлдэл байгаа гэж бодож байна. Би нялх хүүхэдтэй, надад машины хэрэгцээ маш их байдаг, хүүхдүүдээ хичээл, сургуульд нь хүргэдэг, маргааш нь нялх хүүхдээ эмнэлэгт үзүүлэх цагтай байсан. Тийм болохоор тухайн машиныг гаргаж чадахгүй бухимдсан. Энэ хүн утсаа тавиагүй байсан тул цагдаагаас утсыг нь олж аваад залгасан чинь утсаа аваагүй. Энэ хүн ч гэсэн хүний машины гарах хөдөлгөөнийг хааж тавьчихаад таг алга болсон нь буруутай үйлдэл гэж бодож байна.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А. мэдүүлэхдээ: “Тухайн үед манай гэрийн дээд давхраас харсан хүн байгаа. “Болиоч ээ” гэх зэргээр зөндөө хэлсэн юм шиг байгаа юм. Энэ хүн ганцаараа байгаагүй. Хоёрдугаарт, өөрөө согтуу байсан. Энэ хүн намайг утсаа аваагүй гэж байна. Миний дуудлагыг шүүлгээд үзэхэд нэг ч дуудлага ирээгүй. Харсан хүмүүсээс нь асуухад 2 залуу, 2 эмэгтэй байсан, 1 эмэгтэй нь хүүхдээ тэвэрчихсэн зогсч байсан гэж хэлдэг. Тэгээд тэр 2 эмэгтэй нь машинаасаа домкратаа аваад цонх руу ээлжилж шидээд байсан гэж байгаа. Өчнөөн олон харсан, үзсэн хүн байж байхад яагаад заавал энэ хүний хэлснээр ганцаараа үйлдсэн гээд цаашаа судлахгүйгээр хэргийг шийдээд байгааг ойлгохгүй байна. Тэртээ тэргүй энэ хүн такси бариад явах л байсан юм бол яагаад заавал эвдчихээд явж байгаа юм. Яагаад би энэ хүнийг архи уусан байсан гэж бодож байгаа вэ гэхээр эрүүл ухаантай хүн яагаад ч хүний эд хөрөнгөд ингэж халдахгүй. Мөн Мартын 8-ны өдөр шөнийн 02:00 цагт хүүхдээ тэврээд, согтуугаар машинаа барих гэж байсан юм уу бүү мэд. Цагдаагийн байгууллага цаашаа шалгах байсан ч шалгаж өгөөгүй. Бүх юм аягүй дутуу байгаад байна. Дахин шалгуулах хүсэлтэй байна. Ганцаараа байсан гэдэгт итгэхгүй байна. Манай дээд талын айлын залуу бүр гарсан гэж байгаа. Тэгтэл хэдэн хүүхнүүд бүр барьж идэх гээд байхаар нь бараг өөрөө зодуулах юм байна гээд буцаж гэр лүүгээ ороод цагдаад дуудлага өгсөн байгаа. Би тухайн үед мөрдөж байсан цагдаад нь хэлж байсан. Цагдаа нь л хайхраагүй юм шиг байна. Ер нь надад буруу байхгүй гэж бодож байна. Би утсаа үлдээгээгүй гэсэн нотолгоо байгаа юм уу? Миний утас байсан. Энэ хүн согтуу байсан учраас миний утсыг олж хараагүй. Би уг машиныг зарах гэж байсан. Зарах гэж байсан машины урд салхины шилийг нь солиод, будаг оруулаад, копутыг нь сольчихоор зах зээлийн ханшнаасаа навс унана. Тэр зах зээлийн ханшны зөрүү 8.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хүүхдээ тэвэрсэн, ганцаараа эмэгтэй ийм зүйл хийх боломжгүй гэж үзэж байна. Заавал хажуунаас нь өдөөн хатгасан хүн байгаа гэж бодож байна. Тэр цагдаад би харсан, үзсэн хүнийг өөрөө олоод, өөрөө дугаарыг нь өгсөн. Өөр орон сууцнаас ч гэсэн нэг хүн 4-5 секундын бичлэг хийсэн юм шиг байгаа юм. Тэр бичлэгийг ч гэсэн би цагдаад өгсөн. Маналжав гэж цагдаа байсан. Гэтэл ямар ч мөрдлөг явуулаагүй. Харанхуй байсан болохоор энэ хүний царай зүс харагдахгүй байсан. Зөвхөн гупер лүү өшиглөж байгаа бичлэг нь байсан. Би цагдаа, шүүхээр анх удаа орж байна. Тэр утгаараа миний хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа асуудалд гомдол гаргаж болдгийг нь мэдэхгүй байж байгаад өнгөрөөсөн байна.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.А.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 23:00 цагийн үед ажлаасаа тараад машинаа байрныхаа гадаа байрлуулаад гэртээ орсон. Тэгээд маргааш өглөө нь 06 цаг 50 минутад машинаа халаах гээд гартал урд салхины шил хагарсан, хажуу талын хоёр толь хугарсан, урд копут цоорсон байдалтай байсан. Би гомдолтой байна. Маш хурдан шийдүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

- Б.Б.ы яллагдагчаар өгсөн: “Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хохирлын мөнгийг төлж барагдуулаагүй. Би үнэлгээний газраас үнэлсэн 1.975.000 төгрөгийн хохиролтой танилцсан. Уг төлбөрийг төлж барагдуулах болно. Өмнө нь уг хохирлыг төлье гэсэн боловч хохирогч хохирлоос гадна 6.000.000 төгрөг төл гэсэн. Би үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг төлж барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

- “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-18/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б. нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их монгол” хорооллын гадна авто зогсоолд байрлуулсан байсан иргэн Б.А.ын эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн 6113 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “дугаараа үлдээгээгүй, гарц хаасан” гэх шалтгааны улмаас урд салхины шилийг нь домкратаар цохиж хагалан, толийг нь хугалж, копут зэргийг нь хууль бусаар гэмтээсний улмаас 1.975.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.А.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 23:00 цагийн үед ажлаасаа тараад машинаа байрныхаа гадаа байрлуулаад гэртээ орсон. Тэгээд маргааш өглөө нь 06 цаг 50 минутад машинаа халаах гээд гартал урд салхины шил хагарсан, хажуу талын хоёр толь хугарсан, урд копут цоорсон байдалтай байсан. Би гомдолтой байна. Маш хурдан шийдүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

- Б.Б.ы яллагдагчаар өгсөн: “Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хохирлын мөнгийг төлж барагдуулаагүй. Би үнэлгээний газраас үнэлсэн 1.975.000 төгрөгийн хохиролтой танилцсан. Уг төлбөрийг төлж барагдуулах болно. Өмнө нь уг хохирлыг төлье гэсэн боловч хохирогч хохирлоос гадна 6.000.000 төгрөг төл гэсэн. Би үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг төлж барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

- “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-18/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

             Хохирогч Б.А.т баримтаар 2.071.000 төгрөгийн хохирол учирч, шүүгдэгч нь хохирлыг хохирогчийн “Хаан” банкин дахь 5133078163 тоот дансанд төлсөн болох нь холбогдох мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Хохирогчоос “...машинд засвар орсноор зах зээлийнх нь ханш унасан, худалдан борлуулснаар олох байсан орлогын зөрүү 8.000.000 төгрөгийг нэхэмжилж байна, ...тухайн болсон үйл явдлыг харсан гэрчүүдээс мэдүүлэг авах хүсэлт гаргаж, холбогдох нотлох баримтыг өгсөн байхад мөрдөгч ажиллагаа хийгээгүй” гэж тайлбарлан маргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн уг ажиллагааны оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээд нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гомдол гаргах эрхтэй.”, 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч нь мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гаргах гомдлыг хяналт тавьж байгаа прокурорт, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаархи гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргана.” гэж тус тус заасан.

Хэдийгээр хохирогчоос 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хэргийн материалтай танилцахдаа “...тухайн үед 1 хүн байгаагүй. 2-3 хүн байсан. Харсан, үзсэн хүн байгаа. Тус хүмүүсийг шалгуулах хүсэлттэй байгаа тул шалгаж өгнө үү.” гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж, мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор хохирогчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан байх боловч хохирогч нь мөрдөгчийн тухайн шийдвэрт гомдол гаргах эрхээ “хууль мэдэхгүй” гэх шалтгаанаар хэрэгжүүлээгүй нь цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, үйл баримтыг дахин шалгуулах шаардлагатай гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчийн гаргасан тодорхой хүсэлтийг мөрдөгч хангахаас татгалзсан, гарган өгсөн нотлох баримтыг хэрэгт хавсаргаж, холбогдох ажиллагааг хийгээгүй тохиолдолд тухайн шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргах эрхтэй байхад хожим “мөрдөгч хайхраагүй” гэх хохирогчийн тайлбар хуульд нийцэхгүй байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг тогтоох боломжтой, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул хохирогчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан өөр бусад гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Б.Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүгдэгчийн хүсэлтээр хэргийг өмгөөлөгчийнх нь эзгүйд хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З. овогт Б.ын Б.ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

            3. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б.д оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

            6. Хохирогч Б.А. нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД