Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 1555

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: АДОБ-нд холбогдох,

“Цалин 3,463,138 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.   

                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Б.Б миний бие АДОБнд “Увс аймгийн Ачит нуур отрын бүс хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай” нэхэмжлэл гаргасан.  Тус нэхэмжлэлийг харьяалах бүх шатны шүүх хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх  дүүргийн иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2017.06.19-ний өдрийн  101/ШШ2017/02120 дугаар шийдвэр, Нийслэлийн  иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.08.11-ний өдрийн 1801 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017.12.12-ны өдрийн 001/ХТ2017/01597 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангасан.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017.06.19-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон тушаал гарсан 2018.01.19-ний өдрийг хүртэлх 7 сарын хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт шүүхийн  шийдвэрт тогтоогдсон  нэг сарын цалин хөлс болох 494,734  төгрөгөөр тооцож нийт 3,463,138 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “... Нийгмийн  даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч АДОБ шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Б.Б нь 2017.04.25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл  гаргахдаа “...Увс аймгийн Ачит нуур отрын бүс хариуцсан мэргэжилтний ажилд  эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах,  Нийгмийн  болон эрүүл мэндийн даатгалын  дэвтэрт холбогдох бичилт хийлгэхийг даалгах тухай...” нэхэмжлэлийг гаргаж 2017.06.19-ний өдрийн тус шүүхийн 2120 тоот шийдвэр гарсан. Хариуцагч тал өөрийн эрхийнхээ хүрээнд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.08.11-ний өдрийн 1801 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн  2017.12.12-ны өдрийн 1597 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байдаг. Улмаар тус захиргааны даргын 2017.12.21-ний өдрийн №Б-57 тоот “Ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох тухай” тушаалаар Б.Бид 1,541,729 төгрөг, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 120,255 төгрөгийг тус тус шилжүүлж, 2018.01.19-ний өдрийн Б-01 тоот тушаалаар Б.Бийг Увс аймгийн Ачит нуур отрын бүс хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилсон. Дээрх хэрэг  маргаан хянагдаж байх хугацаанд иргэн Б.Б нь ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан байдаг. Учир нь иргэн  Б.Б нь  2017.08.22-ны өдөр авто тээврийн осолд орж эмчилгээ хийлгэж байсан ба 2018.01.22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр уг авто тээврийн ослыг хэрэг нь шийдэгдсэн болно. Манай захиргаанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 2017.06.19-ний өдрийн Баянзүрх дүүргийн  иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2120 тоот шийдвэрийн  дагуу бүрэн гүйцэтгэсэн болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Урьд гаргасан тайлбараа дэмжиж байна. Б.Б нь  2017.08.22-ны өдөр осолд ороогүй юм байна лээ, охиноо асарч байсан тул Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн шүүхээс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргах шаардлагагүй гэж үзээд хүсэлт гаргаагүй. Б.Б-ийн цалин хөлсийг олгосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Б хариуцагч АДОБнд холбогдуулан “2017 оны 6 сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоолгосноос хойш 2018 оны 1 сарын 19-ний өдөр ажилд томилсон тушаал гаргах хүртэлх 7 сар ажилгүй байсан хугацааны цалинд 3,463,138 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” гэж нэмэгдүүлсэн.

 

Хариуцагч тал “тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2120 дугаартай шийдвэрийн дагуу цалинг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Бийг АДОБны Увс аймгийн ачит нуур отрын бүс хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосон Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 сарын 19-ний 2120 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 сарын 11-ний өдрийн 1801 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 1597 дугаартай тогтоол хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг.

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 1 сарын 4-ний 600 дугаартай захирамжаар тус шүүхийн 2017 оны 6 сарын 19-ний өдрийн 2120 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 сарын 11-ний өдрийн 1801 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 1597 дугаартай тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичигджээ.

 

            Анхан шатны шүүх Б.Бийг 2017 оны 6 сарын 19-ний өдөр ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэснээс хойш 7 сарын дараа буюу 2018 оны 1 сарын 19-ний өдөр ажилд нь томилсон тушаал гаргасан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан АДОБны 2018 оны 1 сарын 19-ний өдрийн Б-01 дугаартай ажилд томилж, чөлөөлөх тухай тушаалаар тогтоогдож байна.

 

Шүүх нэхэмжлэгч Б.Бийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн 2017 оны 6 сарын 19-ний өдрөөс хойш хариуцагч тал буюу ажил олгогч АДОБ мэргэжилтний ажилд нь 2018 оны 1 сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд томилоогүй нь тогтоогдож байна.

 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан тул нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан тул нэхэмжлэгч Б.Бийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийг хүртэл ажилгүй байсан гэж дүгнэн, уг хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Бийн сарын дундаж цалин хөлс нь 494,734 төгрөг болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2120 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Бийн 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 7 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговор 3,463,138 /7*494,734/  төгрөгийг АДОБнаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь АДОБны даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б-306 дугаар тушаалаар ажлаас халагдсан боловч 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд цалин хөлсөө авсан бөгөөд энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн болох нь хэрэгт авагдсан АДОБны даргын 2017 оны 12 сарын 21-ний өдрийн Б-57 дугаартай тушаалаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч тал энэ талаар маргаагүй.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Б.Бийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгосон 3,463,138 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ... 2017 оны 12 сарын 21-ний өдрийн Б-57 дугаартай тушаал гарч 1,541,729 төгрөгийг олгосон, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт нь бичилт хийсэн, нэхэмжлэгч мэдээгүй байна ... гэж тайлбарлаж байх боловч уг 1,541,729 төгрөг нь Б.Бийг ажлаас халсан 2017.03.15-ны өдрөөс шүүх ажилд нь тогтоосон 2017.06.19-ний өдрийг хүртэлх хугацааны цалин тул нэхэмжлэлийн шаардлагад хамааруулж тооцох үндэслэлгүй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасан тул Б.Бийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 3,463,138 төгрөгөөс зохих журмын дагуу эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

            Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяад шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч АДОБнаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,463,138 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг АДОБнд даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,650 төгрөгийн 70,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,290 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Бид олгож, АДОБнаас 70,360 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

           

 

            

ДАРГАЛАГЧ                              Д.БАТЦЭЦЭГ