Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорийн Нямдэлгэр |
Хэргийн индекс | 128/2020/0359/З |
Дугаар | 128/ШШ2020/0602 |
Огноо | 2020-09-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2020/0602
2020 оны 09 сарын 21 өдөр Дугаар 128/ШШ2020/0602 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: А.Т ХХК /
Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн сайд, тус сайдын тушаалаар байгуулагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын комисс
Нэхэмжлэлийн шаардлага: Хууль зүйн дотоод хэргийн яамны комиссын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №03 дугаар хурлын шийдвэрийн 8 дахь хэсэг буюу Асэтрэвел ХХК-д холбогдох Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, Асэтрэвел ХХК-ийн хүсэлт гаргасан 180 ширхэг галт зэвсгийг иргэний болон харуул хамгаалалтын зориулалт-аар тус компанид 2020 онд олгогдсон квотын тоонд нь багтаан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, А.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч А.Т ХХК нь 2012 онд ОХУ-ийн Молот-Оружие зэвсгийн үйлдвэртэй байгуулсан №496/60615885/Е0242 тоот гадаад худалдааны гэрээний үндсэн дээр 580 ширхэг галт зэвсгийг худалдан авахаар хэлцэл хийж 71.410 америк доллар төлсөн болно. Дурдсан галт зэвсгүүдээ оруулах гэсэн боловч Галт зэвсгийн тухай хууль өөрчлөгдөн найруулагдаж буйтай холбогдуулж 2013 оноос галт зэвсэг сумыг нийтэд худалдах зорилгоор улсын хилээр оруулах сонгон шалгаруулах ажлыг зарлаж, зохион байгуулаагүй болно.
Улмаар 2015 онд Галт зэвсгийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар улсын хилээр оруулж ирэх бууны зөвшөөрлийг тодорхой тооны квотоор тусгай Комиссын дүгнэлтээр Хууль зүйн яамны сайд олгохоор болсон. Манай компани 2016 онд тусгай зөвшөөрлөө шинэчлэн авснаас хойш шинээр батлагдсан хуулийн нөхцөл шаардлагыг хангах 180 ширхэг бууг улсын хилээр оруулж ирэх хүсэлтийг хууль зүйн яаманд удаа дараа хандаж тавьсан боловч зөвшөөрөл өгөөгүй.
Иймд тус компани 2018 оны 04 дүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн яамны Комиссын 2018 оны 02 сарын 14 өдрийн №01 дүгээр хурлын шийдвэрийн 3 дахь хэсэг буюу А.Т ХХК-д холбогдох Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, А.Т" ХХК-ийн хүсэлт гаргасан 180 ширхэг галт зэвсгийг спорт, сургалтын зориулалттайгаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2 жил гаруй хугацаагаар шүүхээр явсны эцэст УДШ-ийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хэргийн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын
19 өдрийн 87 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн оруулж ирэхийг хүсэж буй вепрь загварын галт зэвсэг нь /3/... сайдын хамтран баталсан ... галт зэвсэг, сумны нэр төрлийн жагсаалт-д хамаарах бөгөөд эдгээр нь гохны нэг даралтаар нэг сум гардаг спорт сургалт, харуул хамгаалалтын чиглэлээр ашиглаж болох нь тогтоогдсон байна /шүүхийн тогтоолын 17 дугаар заалт/ хэмээн дүгнээд, улсын
хилээр оруулж ирэхийг хүссэн хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн комиссын татгалзал нь хууль бус болохыг тогтоосон. /шүүхийн тогтоолын 19 дүгээр заалт/ Мөн ГЗТ хуулийн 19.5, 19.6-р заалтыг баримтлан нэхэмжлэгчийг спорт сургалтын зориулалттай галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх эрхгүй гэж үзээд улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хангахаас татгалзсан. /шүүхийн тогтоолын 23 дугаар заалт/
Харин шүүх А.Т ХХК-аас Хууль зүйн яаманд гаргаж байсан удаа дараагийн хүсэлтдээ 180 ширхэг галт зэвсгийг харуул хамгаалалтын ...зориулалтаар оруулж ирэхийг хүсэж байсан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн шалтгаанаа ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...спортын зориулалтаар оруулж ирэх эрх нь нээлттэй, хүсалт гаргавал зөвшөөрөл олгох боломжтой..., гэсэн тайлбар өгсөн учир харуул хамгаалалт гэх үгээ хасаж тодорхойлсон нөхцөл байдлыг харгалзан /шүүхийн тогтоолын 24 дугаар заалт/, ... нэхэмжлэгчийн улсын хилээр оруулж ирэхийг хүсэж буй Вепрь загварын 180 ширхэг галт зэвсэг нь ... сайдын тушаалаар батлагдсан ... галт зэвсэг, сумны нэр төрлийн жагсаалт-ын 2-т заасан харуул хамгаалалтын зориулалтай галт зэвсгийн ангилалд нийцэж буй эсэхийг нарийвчлан шалгаж, нэхэмжлэгч нь уг зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхэд тавигдах холбогдох хууль, журамд заасан бусад шаардлагыг хангасан эсэх, мөн тухайн жилд харуул хамгаалалтын зориулалтаар импортлох галт зэвсгийн тоо хэмжээ зэрэг шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр хариуцагчаас дахин акт гаргах 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн юм. /шүүхийн тогтоолын 26 дугаар заалт/ Тус хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүх хамтран хариуцагчаар Хууль зүй дотоод хэргийн сайдыг татах нь зүйтэй гэж үзэж хэргийг буцааж, улмаар бид Комисс болон сайдыг хариуцагчаар татаж хэргийг шийдвэрлүүлсэн билээ.
Иймд бид нэг талаас энэхүү жишгийг харгалзан, нөгөө талаас Хууль зүйн сайдын 2015 оны 11 сарын 04 өдрийн А251, 304 тоот хамтарсан
тушаалын хавсралт Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл
импортлох, худалдах болон спорт, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах
хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журам-ын 2.5-д ГЗТ хуулийн 16.3 дэх
хэсэгт заасан Комисс ...санал дүгнэлт гаргана, мөн журмын 2.7-д Комиссын
санал дүгнэлтийг үндэслэн галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох эсэхийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн
шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хариуцагчаар Хууль зүй дотоод хэргийн яамны сайдын тушаалаар байгуулагдсан Комиссыг, хууль зүйн сайдыг хамтран хариуцагчаар тус тус татсан болно.
Манай компани дээр дурдсан шүүхийн шийдвэр биелэгдэх нөхцөлийг анхааран үзээд дараах хүсэлтийг Хууль зүй дотоод хэргийн яаманд 2020 оны 03 сарын 16 өдөр гаргасан. Үүнд: ОХУ-ийн Молот-Оружие зэвсгийн үйлдвэртэй 2012 онд байгуулсан N8406/60615835/Е0242 тоот гадаад худалдааны 71.410 долларын төлбөрийн үүрэг урьдчилан төлөгдсөн гэрээний дагуу худалдан авсан 180 ширхэг Вепрь загварын галт зэвсгийг спорт сургалтын зориулалттай" оруулах хүсэлтээсээ татгалзаж, харин иргэний болон харуул хамгаалалтын зориулалт-аар улсын хилээр нэвтрүүлэх,
А.Т" ХХК-ийн "Молот-Оружие зэвсгийн үйлдвэртэй байгуулсан гэрээний сунгагдсан хугацаа 2020 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болж, дахин сунгагдахгүй бодит нөхцөл байдалтай холбогдуулж, тус яамнаас 2020 оны квотоор тус компанид нэгэнт олгогдсон байгаа 305 ширхэг галт зэвсгийн тоонд багтааж, Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зевшөөрлийг хүссэн болно.
Гэтэл Хууль зүйн яамны комисс Галт зэвсгийн тухай хуулийн 5.2, 6.2, 19.7-р заалт бол Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн магадалгааг үндэслэн дурдсан 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөх олгох боломжгүй талаар шийдвэрлэсэн тухай хариу ирүүлжээ. Энэхүү шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байх тул шүүхэд хандаж байна. Учир нь дурдсан галт зэвсгүүдийг иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсгийн ангилалд хамаарахыг удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд нотолдог. /ШШҮХ-ийн 2016.08.23 өдрийн 5097 тоот шинжээчийн дүгнэлт, 2019 оны 05 сарын 27-ны өдрийн 2394 тоот шинжээчийн дүгнэлт/ Түүнчлэн дээр дурдсан УДШ-ийн хүчин төгөлдөр тогтоолоор эдгээр буунууд нь гохны нэг даралтаар нэг сум гардаг ба спорт сургалт, харуул хамгаалалтын чиглэлээр ашиглаж болохыг ч тогтоосон байна. Мөн нэхэмжлэгч дурдсан зэвсгийг ан агнах зориулалтаар улсын хилээр оруулах хүсэлт тавиагүй, зөвхөн УДШ-ийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар шийдвэрийн хүрээнд гаргасан хүсэлт байсан.
Нэхэмжлэгч А.Т ХХК нь ОХУ-ын 'Молот-Оружие зэвсгийн үйлдвэртэй 2012 онд байгуулсан гэрээний үүргийн дагуу худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ цаг хугацаанд нь шилжүүлэн авах үүрэгтэй байтал ийнхүү шүүхэдсээр өнөөг хүрч байгаа. Гэтэл ОХУ-ын Молот-Оружие зэвсгийн үйлдвэр компанийг зэвсгээ авахгүй гэрээгээ зөрчиж байна гээд А.Т ХХК-нд мэдэгдэл ирүүлж, гэрээний дагуу торгууль, алданги тооцож байгаа бөгөөд 2017 онд нэмэлт гэрээгээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгуулсан бөгөөд энэ хугацаанд галт зэвсгээ татаж авахгүй бол гэрээний хүү, торгуулийн журмаар урьдчилгаанд төлсөн 71.410 долларыг 100% суутгах
бодит хохирол учрахаар байгаа нь тус компанид хүндээр тусаж буйг анхааран үзэхийг шүүхээс хүсэж байна.
Иймд Хууль зүй, дотоод хэргийн яамны комиссын 2020 оны 04 сарын 15-ны
өдрийн №03 дугаар хурлын шийдвэрийн 8 дахь хэсэг буюу А.Т ХХК-д
холбогдох Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх
зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, А.Т ХХК-ийн хүсэлт гаргасан 180 ширхэг галт зэвсгийг иргэний болон харуул хамгаалалтын
зориулалт-аар тус компанид 2020 онд олгогдсон квотын тоонд нь багтаан улсын
хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн эрх
ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад нь дурдсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/07 дугаар тушаалаар байгуулагдсан комиссын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар хурлын шийдвэрийн 8 дахь хэсэг буюу А.Т ХХК-д холбогдох Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан заалтыг хүчингүй болгож, А.Т ХХК-ийн хүсэлт гаргасан 180 ширхэг галт зэвсгийг иргэний болон харуул хамгаалалтын зориулалт-аар тус компанид 2020 онд олгосон квотын тоонд нь багтаан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах асуудлаар хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Тус компанийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/05 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандсан хүсэлтийг Комисс хэлэлцсэн.
Уг хүсэлтэд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А.Т ХХК-ий нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/07 дугаар тушаалаар байгуулсан комисст холбогдох захиргааны хэргийн тухай 87 дугаартай тогтоолоор ...дахин шинээр акт гаргах хүртэл 6 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэрийн хүрээнд иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар Вепрь загварын 180 ширхэг галт зэвсэг импортлох зөвшөөрөл олгохыг хүссэн.
А.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй маргааныг Улсын дээд шүүхийн 2020
02 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар тогтоолоор ...дахин шинээр акт гаргах хүртэл 6 сар хүртэлх хугацаанд түдгэлзүүлсүгэй, ..захиргааны байгууллага шүүхээс тогтоосон 6 сар хүртэлх хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай гэсэн шийдвэр гарсан.
Дээрх Улсын дээд шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар тогтоол нь Комисс энэхүү асуудлыг 6 сарын хугацаанд тухайн асуудлыг хэлэлцээд аливаа шийдвэр гаргах эрхийг Комисст олгосон агуулгатай болно.
Үүний дагуу Комисс нь А.Т ХХК-иас иргэний болон харуул гаалалтын зориулалтаар Вепрь загварын 180 ширхэг галт зэвсэг импортлох хүсэлтийг хэлэлцээд Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Ан агнах зорилгоор ашиглах галт зэвсэг нь автоматаар, эсхүл өөрөө цэнэглэгдэх боломжгүй, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг байх бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байна, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг нь автоматаар буудах боломжгүй, сумны хошуу нь зүрхэвчгүй байна, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д Энэ хуулийн 19.6-д заасан галт зэвсэг, сумыг нийтэд алдахгүй бөгөөд зөвхөн спорт-сургалтын зориулалтаар спортын тэмцээнд цох, бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглана гэсэн заалт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1818 дугаартай мэргэжилтний магадлагааг тус тус үндэслэн А.Т ХХК-ий Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн.
Комиссын энэхүү шийдвэр нь үндэслэл бүхий хууль, журамд нийцсэн гэж үзэж байна.
Учир нь Улсын дээд шүүхээс 2 шатны шүүхийн шийдвэрийг хянахдаа нэхэмжлэгчийн гаргасан уг маргаан бүхий 180 ширхэг бууг УДШ-ийн тогтоолын 22-25 дахь хэсэгт спорт сургалтын зориулалтаар оруулж хийг шүүхээс даалгах боломжгүй тул зөвхөн харуул хамгаалалтын зориулалтаар оруулах боломжтой эсэхийг шалгаж, 6 сарын хугацаанд дахин хэлэлцэн акт гаргах боломжийг олгосон байгааг тогтоолын 26 аар хэсэгт дурдсаныг анхаарч үзэхийг хүсч байна.
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1818 дугаартай мэргэжилтний магадлагаагаар дээрх бууны зориулалт нь үйлдвэрлэгчээсээ ан агнуурын болон спорт сургалтын зориулалттай болохыг тодорхойлсон болно.
Дээрх маргаан бүхий 180 ширхэг галт зэвсэг импортлох асуудлыг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0558 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0632 дугаар шийдвэр А.Т ХХК-ий талд шийдвэр гарч, Комиссоос давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, Нийслэлийн Захиргааны давж заалдах шатны шүүхийн 2019 оны 626 магадлалаар хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн болно.
Дээр дурдсан А.Т ХХК-ийн нэхэмжлэлээр 180 ширхэг буутай холбоотой асуудлаар 2018 оноос эхлэн захиргааны хэрэг үүсгэн 2 тал маргаж эхэлсэн бөгөөд дараах шүүхийн шийдвэрүүд тус тус гарсан байна.
1. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0558 дугаар шийдвэр;
2. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0632 аар шийдвэр;
3. Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 1/МА2018/0584 дүгээр магадлал;
4. Нийслэлийн Захиргааны давж заалдах шатны шүүхийн 2019 оны 626 магадлал;
5. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 87 дугаар тогтоол,
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д ...хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасныг зөрчин нэхэмжлэлийг хүлээн авсан байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч А.Т ХХК-ийн Ерөнхий захирал Э.Эаас Хууль зүй, дотоод хэргийн яамны комиссын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №03 дугаар хурлын шийдвэрийн 8 дахь хэсэг буюу Асэ трэвэл ХХК-нд холбогдох Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, А.Т ХХК-ийн хүсэлт гаргасан 180 ширхэг галт зэвсгийг иргэний болон харуул хамгаалалтын зориулалт-аар тус компанид олгогдсон квотын тоонд нь багтаан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дараах үйл баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Асэ тревэл ХХК-ийн нэхэмжлэлтэй Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/07 дугаар тушаалаар байгуулсан комисст холбогдох Хууль зүй, дотоод хэргийн яамны комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн 3 дахь хэсэг буюу тус компанид холбогдох Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0632 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 626 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар тогтоолоор хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/07 дугаар тушаалаар байгуулагдсан комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн 3 дахь хэсгийг дахин шинээр акт гаргах хүртэл 6 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж тус тус шийдвэрлэжээ.
Маргаан бүхий актын холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн хугацаанд нэхэмжлэгч А.Т ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/05 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд Молот-Оружие зэвсгийн үйлдвэртэй байгуулсан гэрээний сунгагдсан хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болох /дахин сунгагдахгүй/ гэж буйтай холбогдож, тус яамнаас 2020 оны квотоор манай компанид олгогдоод байгаа 305 ширхэг галт зэвсгийн тоонд багтааж, дээр дурдсан зориулалтаар Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг олгохыг хүссэн байна.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1-4/1696 тоот албан бичгээр ... Танайхаас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/05 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасан Комисст шилжүүлсэн болно. Тус комисс хүсэлтийг 2020 оны 03 дугаар хурлаар хэлэлцэн, шийдвэрлэсэн бөгөөд хурлын тэмдэглэлээс танай компанид холбогдох хэсгийг хуулбарлан хүргүүлж байна гээд хавсралтаар комиссын шийдвэрийн А.Т ХХК-нд холбогдох хэсгийг хуулбарлан хүргүүлжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/07 дугаар тушаалаар иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт хэрэглэлтэй адилтгах хэрэгсэл импортлох, нийтэд худалдаалах, үйлдвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, төв ажиллуулах зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар санал гаргах, үүнтэй холбоотой сонгон шалгаруулалтыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий комиссыг байгуулсан.
Улмаар маргаан бүхий Хууль зүй, дотоод хэргийн яамны комиссын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №03 дугаар хурлын шийдвэрийн 8 дахь хэсэг буюу "Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/07 дугаар тушаалаар байгуулсан комисст холбогдох захиргааны хэргийн тухай 87 дугаар тогтоолоор ... дахин шинээр акт гаргах хүртэл 6 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэрийн дагуу А.Т ХХК-иас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/05 дугаартай албан бичгээр иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар Вепрь загварын 180 ширхэг иргэний зориулалттай галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгуулах хүсэлтийг авч хэлэлцээд Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Ан агнах зорилгоор ашиглах галт зэвсэг нь автоматаар, эсхүл өөрөө цэнэглэгдэх боломжгүй, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг байх бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байна, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг нь автоматаар буудах боломжгүй, сумны хошуу нь зүрхэвчгүй байна, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д Энэ хуулийн 19.6-д заасан галт зэвсэг,сумыг нийтэд худалдахгүй бөгөөд зөвхөн спорт-сургалтын зориулалтаар спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглана гэсэн заалт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1818 дугаартай мэргэжилтний магадалгааг тус тус үндэслэн А.Т ХХК-ийн Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй тухай хариуг хүргүүлэх-ээр шийдвэрлэсэн байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч А.Т ХХК-нд Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/112 дугаар тушаалаар иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг 6 жилийн хугацаагаар олгожээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/07 дугаар тушаалаар байгуулагдсан Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт хэрэгсэлтэй адилтгах хэрэгсэл импортлох, нийтэд худалдаалах, үйлдвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, төв ажиллуулах зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар санал гаргах үүнтэй холбоотой сонгон шалгаруулалтыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий комисс нэхэмжлэгч А.Т ХХК-ийн галт зэвсэг импортлох тухай хүсэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 3 дугаар хурлаар хэлэлцсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тус комиссын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 3 дугаар хурлын шийдвэрийн 8 дахь хэсэг буюу тус компанид холбогдох Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, А.Т ХХК-ийн хүсэлт гаргасан 180 ширхэг галт зэвсгийг иргэний болон харуул хамгаалалтын зориулалт-аар тус компанид олгогдсон квотын тоонд нь багтаан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах шаардлагаар маргаж байна.
Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Галт зэвсгийг ашиглаж байгаа зориулалтаар нь доор дурдсанаар ангилна, 4.1.1-д иргэний, 4.1.2-т харуул хамгаалалтын гэж, 4.2-т Энэ хуулийн 4.1.1, 4.2.1-т заасан ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтыг хууль зүйн, байгаль орчны болон спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална гэж заажээ.
Шүүхээс нэхэмжлэгч А.Т ХХК-ийн хүсэлт гаргасан Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг иргэний зориулалтаар дараах үндэслэлээр улсын хил нэвтрүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй байна гэж дүгнэлээ.
Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаас үзвэл иргэний зориулалтаар ашиглах галт зэвсгийг ан агнах, спорт-сургалтын, үзмэр цуглуулгын гэж ангилсан байна.
1. Ан агнуурын зориулалтын тухайд:
Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Ан агнах зорилгоор ашиглах галт зэвсэг нь автоматаар, эсхүл өөрөө цэнэглэгдэх боломжгүй, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг байх бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байна, Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/250, А/379, 437 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалт-ийн 1.1-т Ан агнах зориулалттай галт зэвсэг нь ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх, хүхээгтээ арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй 4,5 мм-ээс 12,7 мм хүртэл калибрийн галт зэвсгүүд, гөлгөр гол төмөртэй гараар цэнэглэгдэх, хүхээгтээ арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй галт зэвсгүүд гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компанийн импортоор оруулж ирэх хүсэлт гаргасан Молот оружие зэвсгийн үйлдвэрийн галт зэвсэг болох Вепрь-223 супер /СОК-97м/, Вепрь-КМ /ВПО-136/, Вепрь-308 /СОК-95/ загварын буунуудыг спорт, сургалтын зориулалтаар ашиглаж эзэмшиж болох эсэх талаар дүгнэлт гаргуулахаар нийт 4 удаа шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2394 дүгээр дүгнэлтээр ...дээрх загварын буунууд нь Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/250, А/379, 437 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалт-д хамаарах ба эдгээр галт зэвсгүүд нь гохны нэг даралтаар нэг сум гардаг ба үйлдвэрлэгчээс иргэний зориулалтаар ан агнуур спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэсэн. Дээрх галт зэвсгүүдийг спорт-сургалт, харуул хамгаалалтын чиглэлээр ашиглаж, эзэмшиж болно гэсэн дүгнэлт гаргасан үйл баримтууд тогтоогдов.
Ийнхүү шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч компанийн Вепрь загварын 180 ширхэг галт зэвсэг нь хууль болон журамд заасан ан агнуурын чиглэлээр эзэмших, ашиглах шаардлагуудыг галт зэвсгийн үзүүлэлтийн хувьд буюу ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх гэсэн ойлголтод хамаарахгүй байх тул уг зориулалтаар улсын хил нэвтрүүлэхийг даалгах боломжгүй гэж шүүхээс үзлээ.
2. Спорт-сургалтын зориулалтын тухайд:
Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Спорт-сургалтын зорилгоор ашиглах галт зэвсгийн сумны хошуу нь зүрхэвчгүй байна, Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/250, А/379, 437 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалт-ийн 1.2-т Спорт-сургалтын, 1.2.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол ажиллагааны хувьд автоматаар буудах боломжгүй, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй, олон улсын спорт холбоодын дүрмээр зөвшөөрөгдсөн эсвэл үйлдвэрлэгчдийн тодорхойлолттой галт зэвсгүүдийг ойлгоно гэж зохицуулсан байна.
Спорт-сургалтын чиглэлээр галт зэвсэг импортлох аж ахуйн нэгжийн тухайд Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг, сумыг спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд зориулан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно, 19.7-д Энэ хуулийн 19.6-д заасан галт зэвсэг, сумыг нийтэд худалдахгүй бөгөөд зөвхөн спорт-сургалтын зориулалтаар спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглана гэж галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл улсын хилээр нэвтрүүлэхийг хуульд тусгайлан заажээ.
Ингэхдээ Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдах болон спорт сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журам-ын 2.5-д Галт зэвсгийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт заасан Комисс өргөдөл болон хавсаргасан бичгийг хүлээн авснаас хойш ажлын 14 өдрийн дотор хянаж, санал, дүгнэлт гаргана гэж, мөн 2.7-д Комиссын санал, дүгнэлтийг үндэслэн галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох эсэхийг хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ гэж зааснаар галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх эрхтэй болохыг заасан.
Хууль болон журмын дээрх заалтуудаас үзвэл нэхэмжлэгч А.Т ХХК-нь спорт-сургалтын зориулалттай галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх шаардлагыг хангахгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул уг галт зэвсгүүдийг спорт-сургалтын зориулалтаар улсын хил нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах хууль зүйн боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, спорт-сургалтын зориулалттай галт зэвсгийг арилжааны зорилгоор бусдад худалдаалах боломжгүй, зөвхөн спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглах зорилгоор л хуульд заасан журмын дагуу зөвшөөрөл авсны үндсэн дээр улсын хилээр нэвтрүүлэх боломжтой байна.
3. Үзмэр-цуглуулгын зорилгоор:
Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд зөвхөн үзмэр, цуглуулгын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно гэж, Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/250, А/379, 437 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалт-ийн 1.3-т Үзмэр, цуглуулгын, 1.3.1-т Түүхэн, ховор, үнэт, дурсгалтай, холбогдох байгууллага болон гарал үүсэл, эх сурвалжийн тодорхойлолттой бүх төрлийн галт зэвсгүүд гэж заажээ.
Нэхэмжлэгч А.Т ХХК-ийн улсын хил нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн Вепрь загварын 180 ширхэг галт зэвсэг нь дээрх хууль болон журамд заасан үзүүлэлт, шалгуурт хамаарахгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч А.Т ХХК-ийн иргэний зориулалтаар улсын хил нэвтрүүлэх хүсэлт гаргасан Вепрь загварын 180 ширэг галт зэвсгийг дээрх үндэслэлүүдээр улсын хил нэвтрүүлэхийг хариуцагчид даалгах боломжгүй гэж шүүхээс дүгнэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар тогтоолын хянавал хэсгийн 26 дугаарт ... нэхэмжлэгчийн улсын хилээр оруулж ирэхийг хүсэж буй Вепрь загварын 180 ширхэг галт зэвсэг нь Хууль зүй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/250, А/379, 437 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалт-ын 2-т заасан харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсгийн ангилалд нийцэж буй эсэхийг нарийвчлан шалгаж, нэхэмжлэгч нь уг зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхэд тавигдах холбогдох хууль, журамд заасан бусад шаардлагыг хангасан эсэх, мөн тухайн жилд харуул хамгаалалтын зориулалтаар импортлох галт зэвсгийн тоо хэмжээ зэрэг шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр маргаан бүхий захиргааны акт болох ... 6 сар хүртэл түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ гэж дүгнэжээ.
Галт зэвсгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, байгаль хамгаалагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг гэнэ, 6.2-т Харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг нь автоматаар буудах боломжгүй, сумны хошуу нь зүрхэвчгүй байна гэж, Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/250, А/3 79, 437 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалт-ийн 2.1-т Харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсгийн ангилалд хуульд өөрөөр заагаагүй бол ажиллагааны хувьд автоматаар буудах боломжгүй, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй, 5,6 мм-ээс 9 мм хүртэл калибрийн галт зэвсгүүдийг ойлгоно, 2.2-т Гөлгөр гол төмөртэй ажиллагааны хувьд автоматаар /гохон дээрх нэг удаагийн даралтаар 2 ба түүнээс дээш тооны сум гаргахгүй/ буудах боломжгүй, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй галт зэвсгүүд гэж заажээ.
Шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 4908 дугаар Бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамжаар нэхэмжлэгч А.Т ХХК-ийн импортоор оруулж ирэх хүсэлт гаргасан Молот оружие зэвсгийн үйлдвэрийн галт зэвсэг болох Вепрь-223 супер /СОК-97м/, Вепрь-КМ /ВПО-136/, Вепрь-308 /СОК-95/ загварын галт зэвсгүүдийг Хууль зүй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/250, А/379, 437 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалт-ын 2-т заасан харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсгийн ангилалд нийцэж буй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон.
Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3487 дугаар шинжээчийн дүгнэлтээр ОХУ-ын Молот оружие зэвсгийн үйлдвэрийн галт зэвсэг болох Вепрь-223 супер /СОК-97м/, Вепрь-КМ /ВПО-136/, Вепрь-308 /СОК-95/ загварын галт зэвсгүүд нь Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/250, А/3 79, 437 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалт-ын 2.1-т заасан харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсгийн ангилалд хамаарч байна гэж дүгнэжээ.
Түүнчлэн, энэ талаар өмнө нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2394 дүгээр дүгнэлтээр ...дээрх загварын буунууд нь Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/250, А/379, 437 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалт-д хамаарах ба эдгээр галт зэвсгүүд нь гохны нэг даралтаар нэг сум гардаг ба үйлдвэрлэгчээс иргэний зориулалтаар ан агнуур спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэсэн. Дээрх галт зэвсгүүдийг спорт-сургалт, харуул хамгаалалтын чиглэлээр ашиглаж, эзэмшиж болно гэсэн дүгнэлт гарсан болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч А.Т ХХК нь иргэний зориулалтаас гадна харуул хамгаалалтын зориулалтаар ашиглаж болох галт зэвсгийг иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болохын хувьд хүсэлт гаргасан байхад харуул хамгаалалтын чиглэлээр импортлох зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцээгүй гэж дүгнэв.
Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нэхэмжлэгч А.Т ХХК-ийн харуул хамгаалалтын зориулалтаар тодорхой тооны галт зэвсгийг импортолж, нийтэд худалдаалах хүсэлт нь энэ хууль болон холбогдох журмын зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Харин хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д Тухайн жилд импортлох галт зэвсгийн тоо хэмжээг Комиссын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/35 дугаар тушаалын хавсралтаар Монгол Улсад 2020 онд импортлох харуул хамгаалалтын зориулалтын галт зэвсгийн тоог нийт 300 ширхэг байхаар тогтоосноос нэхэмжлэгч А.Т ХХК-нд харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг 45 ширхэг хуваарилсан тухай 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №14-2/463 тоот албан бичгээр мэдэгджээ.
Гэтэл нэхэмжлэгч компани иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар 180 ширхэг галт зэвсгийг импортлох хүсэлт гаргасан байгаа нь жил бүр квот тогтоож хяналтын тоонд багтааж зөвшөөрөл олгох дээрх хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангахдаа хүсэлт гаргасан 180 ширхэг гэсэн хэмжээгээр бус харин тухайн жилд харуул хамгаалалтын чиглэлээр тус компанид хуваарилагдсан галт зэвсгийн тоогоор импортлох зөвшөөрөл олгож шийдвэрлэхийг хариуцагчид даалгах боломжтой гэж дүгнэв.
Нөгөө талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2394, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3487 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдээр нэхэмжлэгч компанийн улсын хил нэвтрүүлэхээр хүсэлт гаргасан Вепрь загварын галт зэвсгүүдийг Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/250, А/379, 437 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтын 2.1-д заасан харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсгийн ангилалд хамаарч байна гэж дүгнэсэн байхад ...тухайн үйлдвэрлэгч улсын тодорхойлолтоор харуул хамгаалалтын зориулалтаар үйлдвэрлээгүй гэсэн хууль болон журамд заагаагүй үндэслэлээр татгалзаж буй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
Учир нь иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсгийн ангилалд хамаарч буй галт зэвсгийг импортлон нийтэд худалдаалахыг Галт зэвсгийн тухай хуулиар хориглоогүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/27 дугаар тушаалаар байгуулсан Комиссын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын 03 дугаар тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь гэсний 8 дахь хэсгийг хүчингүй болгож, А.Т ХХК-ийн хүсэлт гаргасан харуул хамгаалалтын зориулалтаар импортлох галт зэвсгийг 2020 онд импортлох тооны хязгаарт багтаан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж, иргэний зориулалтаар тус компанид олгогдсон квотын тоонд нь багтаан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 4.1.2, 4.2, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.4, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.9, 19 дүгээр зүйлийн 19.5, 19.7-д заасныг баримтлан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/27 дугаар тушаалаар байгуулсан Комиссын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын 03 дугаар тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь гэсний 8 дахь хэсгийг хүчингүй болгож, А.Т ХХК-ийн хүсэлт гаргасан харуул хамгаалалтын зориулалтаар тус компанид олгогдсон квотын тоонд нь багтаан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/27 дугаар тушаалаар байгуулсан Комиссоос 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР