Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2024/0082

 

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2024/0082

Улаанбаатар хот

А.А ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах нэхэмжлэл гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч А.А

Нэхэмжлэгч: А.А

Хариуцагч: БӨА-ийн УБХ-ийн  улсын бүртгэгч Х.И

Гуравдагч этгээд: З.А

Нэхэмжлэлийн шаардлага: “БӨА-ийн УБХ-ийн  улсын бүртгэгч Х.И-ы З.А -д 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0213009476 дугаартай, 000980853 дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0064 дугаартай шийдвэр;

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А,

Хариуцагч Х.И ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т,

Гуравдагч этгээд З.А ,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Б нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 110/2022/0062/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0064 дугаартай шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1,18.9, 19 дүгээр зүйлийн 19.4.2,19.4.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.А ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч А.А  давж заалдах гомдолдоо:

2.1. Шүүхээс хуулийг буруу тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн тухайд: Анхан шатны шүүхээс хариуцагчийн гаргасан захиргааны акт нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан газрын баримт бичгийг үндэслээгүй хэдий ч энэ нь эрх зүйн зөрчилтэй буюу алдаатай акт бөгөөд илт хууль бус захиргааны актыг шинжийг хангахгүй гэжээ. Мөн нэхэмжлэгч илт хууль бус болохыг тогтоолгохын тулд тухайн захиргааны актад онцгой ашиг сонирхол байгаагүй хэмээсэн. Нэхэмжлэгч А.А  миний бие гуравдагч этгээд З.А-д холбогдуулан гэр бүлийн маргааны улмаас гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгийг гаргуулах тухай иргэний хэргийг Улсын дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 001/XT2021/00816 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлүүлсэн. Уг шүүхийн шийдвэрээр эд хөрөнгийн бүртгэлгүй зуны байшинг З.А-д үлдээсэн хэдий ч аливаа байдлаар эрхийн бүртгэл хийх ёстой талаар шүүхийн шийдвэртээ заагаагүй. Харин хариуцагчийн үндэслэл болгосон баримт нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн хөрөнгийн эрхийг сэргээх тухай тогтоол байдаг. Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслээд эд хөрөнгийн өмчлөх эрх олгох, өөрчлөх, шилжүүлэх тухай эрх олгосон заалтыг зохицуулаагүй байна. Хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5, 6 дугаар зүйлийн 6.3, 6.6-д тус тус заасны дагуу шүүхийн болон арбитрын шийдвэрийг үндэслэл болгох ёстой билээ. Гэтэл, шүүхээс хариуцагч Х.И  нь зөрчилтэй эрх зүйн акт гаргасан байгаа гэж дүгнэж байгаа нь хуульд нийцсэнгүй. Хариуцагч анхнаасаа шийдвэр гүйцэтгэх байгууллагын баримт бичгийг авахдаа шүүхийн шийдвэргүй, газрын нэгж талбарын дугааргүй үл хөдлөх хөрөнгөд өмчлөх эрхийн бүртгэл хийсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх нөхцөлд хамаарах байтал хамааралгүй гэсэн нь хууль бус болсон. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт маргаан бүхий актад хуульд байхгүй үндэслэлээр бусдад давуу байдал олгосон, эсхүл огт хууль, эрх зүйн үндэслэлгүйгээр бусдын хүний эрх, эрх чөлөөнд халдсан зэрэг захиргааны актын илэрхий ноцтой агуулгын /материаллаг эрх зүйн алдаа/ алдааг ойлгодог ба энэ агуулгад бүрэн хамаарч байна. Мөн нэхэмжлэгч А.А  миний бие гуравдагч этгээд З.А нь 438 м.кв нийтийн эзэмшлийн талбайд байгаа зуны байшинг далимдуулан миний эзэмших, ашиглах эрхийг зөрчиж, ... шүүхийн шийдвэрт заагаагүй үндэслэлээр төрийн албан хаагч нарт хууль бусаар нөлөөлөн илт хууль бус захиргааны акт гаргасан байх тул тус үндэслэлүүдээр шүүхэд хандсан байхад онцгой ашиг сонирхол байхгүй хэмээн дүгнэсэн нь хууль бус юм.

2.2. Шүүхээс нотлох баримтыг зөв үнэлж тогтоогоогүй тухайд: Хариуцагч нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Айнурын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03/1131 дугаартай шийдвэр /албан бичиг/ болон Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Бердибекийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай Хөрөнгийн эрхийг сэргээх тухай тогтоолыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахин З.А-д үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг гаргасан байдаг билээ. Гэтэл, шүүхээс дээр дурдсан баримтаас гадна Улсын бүртгэлийн байцаагчийн шаардлагыг биелүүлсэн гэж худлаа дүгнэлт хийсэн байх ба бодит байдал дээр хариуцагч зөвхөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрийг үндэслэл болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч Эд хөрөнгийн эрх улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэх бөгөөд нэгж талбарт нэг хувийн хэрэг нээж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг уг нэгж талбар газрын эрхтэй нэг бүрдлээр бүртгэнэ.” гэж, мөн хуулийн 10.3, 10.6-д заасан тухайн үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй газрын холбогдох мэдээллийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийх ёстойг хуульчилсан байхад шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичиг, тогтоолыг үндэслээд бүртгэсэн нь тодорхой байхад улсын байцаагчийн албан шаардлагын дагуу бүртгэсэн гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Түүнчлэн, шүүхээс гуравдагч этгээд З.А нь маргаан бүхий зуны байшинд амьдраагүй байхад амьдарч байгаа мэтээр дүгнэсэн нь хэтрүүлэн хууль зүйн дүгнэлт хийсэн гэж үзэхэд хүргэж байна. Учир нь тухайн зуны байшинд амьдарч байгаа талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй бөгөөд З.А нь гэр бүлийн хамт БӨА-ийн Өлгий сумын 10-р баг Харасай ** гудамж ** тоот хаягт амьдардаг билээ.

2.3. З.А ын эрх, ашиг зөрчигдөх үйл баримт байхгүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь үндэслэлгүй тухайд: Хариуцагчийн үндэслэл болгосон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичиг, тогтоолыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00368 дугаартай шийдвэр, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн БӨА-ийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 212/МА2023/00096 дугаартай магадлалаар тус тус хүчингүй болгосон ба шүүхийн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байсан. Ийнхүү Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно.” гэж заасан хуулийн үндэслэлийн дагуу Баян-Өлгий аймаг дахь УБХ-ийн  хяналтын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 6546 дугаартай дүгнэлт гарч, З.А-д олгосон 000980853 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.А  миний маргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэрийн дагуу Баян-Өлгий аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсээс биелүүлсэн байна. Улмаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд шүүхээс гуравдагч этгээд З.А-ын эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хууль бус болсон. Угтаа бол хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн үндэслэл нь шүүхийн шийдвэрт үндэслээд хэлсэн тайлбар бөгөөд өөрөө сайн дураараа зөвшөөрсөн зүйл биш юм. Үүний улмаас гуравдагч этгээд З.А-ын эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй юм. Харин З.А-ын зүгээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй, эрх ашгийг нь зөрчсөн бол тухайн маргаан хянан шийдвэрлэгдэх явцад эрхээ хамгаалуулах боломжтой байсан билээ. Иймд, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 110/ШШ2023/0064 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.А ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
  2. Анх нэхэмжлэгч А.А ээс 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0213009476 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж /1-р хх-ийн 46 дахь тал/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас дээрх бүртгэлийн хүчингүй болгож, гуравдагч этгээд З.А ад үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосонтой холбогдуулан “З.А ыг Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0213009476 дугаарт бүртгэж, 000980853 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгосонтой холбогдуулан уг бүртгэлийг “хүчингүй” болгуулах гэж, улмаар уг бүртгэлийг мөн хүчингүй болгож, шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тус тус өөрчилжээ. /2-р хх-ийн 115 дахь тал /

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч А.Е-ийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Бүртгэлийн зөрчил арилгах, бүртгэл хүчингүй тухай” 6546 дугаар дүгнэлт /2-р хх-ийн 140 дэх тал/-ээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дүгээр тушаалаар баталсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 14 дүгээр зүйлд заасныг үндэслэн “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн цахим санд улсын бүртгэлийн Ү-0213009476 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэгч Х.И-ы шүүхийн шийдвэрээр өмчлөх эрх өөрчлөгдөх бүртгэлд бүртгэсэн 83-46064 дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлд бүртгэж олгосон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн 000980853 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.

4. Ийнхүү А.А ээс БӨА-ийн УБХ-ийн  улсын бүртгэгч Х.И д холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан болох хяналтын улсын байцаагч маргаан бүхий актыг хяналт шалгалтаар холбогдох журмыг зөрчсөн, зөрчилтэй бүртгэл явуулсан болохыг тогтоож, дүгнэлт үйлдэж уг бүртгэлийг хүчингүй болгосон байхад нэхэмжлэгчээс “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

5. Хууль болон журмын хүрээнд хүчингүй болгосон маргаан бүхий актыг шүүх дахин хянаж, “илт хууль бус болохыг тогтоолгох” эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актад хамааруулж дүгнэлт хийх хууль зүйн боломжгүй.

6. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хийх болсон үндэслэл нь иргэний хэргийн шүүхийн шийдвэр, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж зэрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасныг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байгаа учраас нэхэмжлэгчийн маргаж буй бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж үзэх үндэслэлгүй байна.

7. Нөгөөтээгүүр, эрх зүйн үйлчлэлгүй болсон буюу “хүчингүй” болсон бүртгэлийг “илт хууль бус болох”-ыг тогтоосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхгүй.

8. Гэрлэгч нар /нэхэмжлэгч, гуравдагч этгээд/-ын хооронд үүссэн маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэхдээ гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдийг тус бүрт хуваарилж шийдвэрлэсэн байх бөгөөд ингэхдээ З.А , А.А  нарын зуны байр, түлээ, нүүрсний амбаар, махны амбаар гэсэн эд хөрөнгийг З.А ад, 2007 оны 0067878 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 400 м.кв газар, өвлийн сууцны зориулалттай, 60 м.кв талбайтай 3 өрөө байшин, автомашины гарааш гэсэн эд хөрөнгийг А.А д олгохоор шийдвэрлэсэн, уг иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

9. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.” гэж бүх шатны шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг заавал биелүүлэх зарчмыг тодотгосон бөгөөд шүүхийн шийдвэрийг хувь хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүргийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх зохицуулалтад тусгайлан заасан.

10. Гэтэл нэхэмжлэгч А.А ээс “...маргаан бүхий актын улмаас иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу гэр бүлийн дундын хөрөнгөөс түүнд  хуваарилагдсан гэх 400 м.кв газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан” гэж маргах бөгөөд энэ нь эд хөрөнгийг эзэмших, ашиглахтай холбоотойгоор үүссэн иргэний журмаар шийдвэрлэгдвэл зохих маргаан гэж үзнэ.

11. Мөн гуравдагч этгээд З.А ын хувьд иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу газар түүнээс салгаж үл болох гэр бүлийн дундын хөрөнгөөс хуваарилагдсан 68.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхтэй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө байрших газартай холбоотой үүссэн асуудлын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч А.Е-ийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Бүртгэлийн зөрчил арилгах, бүртгэл хүчингүй тухай” 6546 дугаар дүгнэлтийн 3-д “Эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газрын асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх хүртэл бүртгэлд хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлэх” гэж шийдвэрлэжээ.

12. Үүнээс үзвэл газрын асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх хүртэл улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн байхад нэхэмжлэгчээс “...холбогдох хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмшигчид олгох ёстой атлаа газаргүй үл хөдлөх эд хөрөнгө бүртгэж хууль зөрчсөн, үүнээс болж, миний эрх ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байна” гэх гомдол үндэслэлгүй.

13. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзвэл, анхан шатны шүүх “...уг бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж байгаа эрх нь сэргээгдэх боломжгүй тул нэхэмжлэгчид уг гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол байна гэж үзэх үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгч А.А ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

14. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 110/ШШ2023/0064 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                  Н.ХОНИНХҮҮ  

ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН   

ШҮҮГЧ                                                               Т.ЭНХМАА