Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 207

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

улсын яллагч Б.Энхтуул,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан ҮД:01-03,

           шүүгдэгч Б.Түмэнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р багийн 7-р гудамжны 04 тоотод оршин суух хаягтай, хэрэг үйлдэх үедээ  Төмөр замын дээд сургуульд сурч байсан , улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Дархан хүүд овогт Бат-Эрдэнийн Түмэнбаярт /РД:ЕС94122516/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625010981 дугаартай 105/2016/0197/Э индекстэй хэргийг хэргийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Түмэнбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 16-наас 27-ны хооронд /2 удаагийн үйлдлээр/ Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын 416-р байрны 174 тоотод оршин суух О.Одончимэгийн гэрт 2 удаа нэвтрэн орж, эхний удаад буюу 2016 оны 02 дугаар сарын 16-наас 25-ны хооронд монетан бөгж, ээмэг, гинж кулоны хамт, их гарын хуучны мөнгөн аяга 1 ширхэг, “гарнет-2” загварын пүүз зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.410.000 төгрөгийн, дараагийн удаад буюу буюу 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 43 инчийн “Самсунг” маркийн Лед зурагтыг хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан ба иргэн О.Одончимэгт 2 удаагийн үйлдлээр нийт 1.710.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 11-р  хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анома” хотхоны 72-р байрны 01 тоотод оршин суух Ж.Амарсанаагийн гэрт балконоор нь дамжин нэвтэрч, ”Никон” маркийн гэрэл зургийн аппарат, манан хөөрөг, “Айфони-5” маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж иргэн Ж.Амарсанаад 4.390.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байхдаа, 2016 оны 05 дугаар сарын 02-ноос 26-ны өдрийн хооронд  /3 удаагийн үйлдлээр/ Баянзүрх дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ зуун” хотхоны 24/в/ байрны 29 тоотод оршин суух Ч.Бат-Эрдэнийн гэрт тагтаар нь 3 удаа нэвтрэн орж,

 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр диамонд шигтгээтэй монетан бөгж 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, “Делл” маркийн хар өнгийн нөтбүүк, “Найк” брэндийн  цүнх зэрэг эд зүйлийг хулгайлж 1.050.000 төгрөгийн гэмт хэрэгт,

2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 6 ширхэг мөнгөн аяга, “Найк” брендийн хөлс шингээдэг хувцас, “Адидас” брендийн үүргэвч зэрэг эд зүйлийг хулгайлж 895.000 төгрөгийн гэмт хэрэгт,

2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2 ширхэг мөнгөн аяга, “Плэйстэйш-4” тогтоом, эмээлийн мөнгөн даруулга 2 ширхэг, баавар 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 760.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан ба иргэн Ч.Бат-Эрдэнэд 3 удаагийн үйлдлээр нийт 2.705.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристалл таун” хороололын 801-р байрны 106 тоотод оршин суух З.Төмөртөмөөгийн гэрт цонхийг нь хагалан нэвтрэн орж, “Асер” маркийн нөтбүүкийг хулгайлж иргэн З.Төмөртөмөөд 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Түмэнбаяр мэдүүлэхдээ:  Би холбогдсон  хэргийнхээ  талаар мөрдөн байцаалтанд  мэдүүлсэн  тул дахин ярихгүй гэв.

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч О.Одончимэгийн:..Би нөхөр Азжаргал, охин Наран нарын хамт 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Норвеги улс руу аялахаар явсан. Тэгээд тэндээс 2016 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 07 цаг болж байхад Баянзүрх дүүргийн 26-р хороо, Баянмонгол хороололын 416-174 тоотод байрлах гэртээ ирсэн. Гэртээ ирээд гэрийнхээ хаалгыг онгойлгоход хаалга түгжээтэй хойш нь 2 эргүүлж онгойсон. Бүрэн цоожтой байсан. Тэгээд гэртээ ороод нээх их юм бодолгүй харсан чинь зочны өрөөний тавиур дээр байсан “Samsung -42” инчийн хар өнгийн зурагт байхгүй байсан. Тэгээд тэр үед хадам ах Д.Жаргалбаярыг авсан юм байх гэж бодоод утас нь холбогдтол өдрийн 16 цаг хүртэл хүлээсэн. Тэгээд Жаргалбаяртай холбогдсон чинь би аваагүй гэхээр нь бүх зүйлээ бүртгэж үзтэл ээмэг, бөгж, зүүлт алдагдсан байсан. Тэгээд цагдаад хандсан. Тэгээд цагдаа нар ирээд үзлэг хийгээд явсны дараа гэрээ цэвэрлэж байсан чинь том болон дунд зэргийн мөнгөн аяга, үүдэнд байсан манай нөхрийн пүүз алдагдсан байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/

Мөрдөн байцаалтанд хохирогч Ж.Амарсанаагийн:..Манай гэр байрныхаа нэг  давхарт байрлалтай байдаг юм, гэрт орж ирэхэд миний ажлын өрөөний балконы хаалга онгорхой байсан. Манай балконы хаалгыг цаанаас нь түлхэж орж ирсэн байсан. Тэгэхээр нь би манай гэрт хулгайч орж ирсэн байна гэж бодоод бусад өрөөнүүдээрээ явахад юм онгичоогүй байсан. Тэгсэн чинь манай өрөөний шалан дээр пүүзний мөр гарчихсан байхаар нь балкон дээрээ гараад хартал баруун хойд талаас орж ирсэн юм шиг мөр байсан. Харин буцаад гарсан мөр нь балконы доод талын цасан дээр үлдсэн байсан. Тэгсэн чинь 4 хоногийн дараа буюу 2016 оны 03 дугаар 25-ны өдөр зураг авах гээд гэрэл зургийн аппаратаа хайсан чинь олдохгүй байсан. Тэгэхээр нь ямар ч байсан аппарат байхгүй болсон байна гэдгийг ойлгосон. Угаасаа гэрэл зургийн аппарат миний ажлын өрөөний ширээн дээр ил байсан юм. Тэгсэн чинь тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа би гэртээ цонхоор хараад байж байтал 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүн манай байрны орц руу орж ирж байгаа харагдсан. Тэгсэн нэг эрэгтэй нь миний гэрэл зургийн аппаратыг гартаа барьсан байсан. Би аппаратныхаа гаднах гэрийг нь хараад шууд таньсан, тэр хүмүүсийг ч манайхыг зориод ирж байна гэдгийг ойлгосон. Тэгээд хаалга онгойлгосон чинь ээж нь  “би хүүгээ дагуулаад ирлээ, манай хүү танай гэрт орж юм авсан байна” гэж хэлэхээр нь би гэртээ оруулаад гал тогооны өрөөнд оруулаад уулзсан…тэр хүүхэд надад хэлэхдээ манай гэрээс гэрэл зургийн аппарат, манан хөөрөг мөн миний “айфони-5” маркийн гар утсыг авсан гэдгээ хэлсэн… гэх мэдүүлэг /хх-н 78-р тал/

Мөрдөн байцаалтанд хохирогч Ч.Бат-Эрдэнийн:... Манай өөрийн гэрийн унтлагын өрөөний балконы цонхоор 3 удаа хулгайч орж эд зүйл алдагдсан. Анх 2016 оны 05 дугаар  сарын 02-нд 13 цагаас 18 цагийн хооронд эхнэр хүүхдүүдийг гадуур гарсан хойгуур хулгайч орж 1 ширхэг гуулин бөгж. 1 ширхэг монетан бөгж нь бүргэдийн толгойтой нүд нь диамонд шигтгээтэй байсан. Мөн 2 ширхэг мөнгөн аяга, Делл маркийн хар өнгийн нөтбүүк гэсэн зүйлүүдийг хүүхдүүдийн хичээлийн цүнхэнд хийгээд гарсан байсан. Тухайн үед цагдаа сэргийлэхэд мэдэгдээгүй. Харин 05дугаар  сарын 14-нөөс 15нд шилжих шөнө манай гэр бүл  хөдөө явсан юм. Тэгээд 05 дугаар сарын 15 нд оройн 21 цагийн үед гэртээ ирэхэд мөн унтлагын өрөөний цонхны хөшиг хагас нээгдсэн байхаар нь сэжиг төрсөн. Мөн хаалгаар ороход хаалга юманд тулаад онгойхгүй байсан. Тэгээд сэжигтэй санагдаад эд зүйлээ бүртгээд үзэхэд том өрөөнд байх шилэн шүүгээнд өрж тавьсан байсан 17 ширхэг мөнгөн аяганаас 6 ширхэг нь алга болсон байсан. Мөн хүүхдийн “Найк” брендийн 2016 онд “Найк” таунаас 300,000 төгрөгөөр худалдаж авсан бэлтгэлийн хэрэгслийг адидас  гэсэн цүнхтэй алдсан. 2016 оны 05 дугаар  сарын 26-нд манай эхнэр 12 цагаас 16 цагийн хооронд хүүхдээ салхилуулах гэж гарч гадуур явчихаад буцаад гэртээ ирсэн гэсэн. Тэгээд унтах гэж байхдаа 22 цагийн үед хулгайч орсныг мэдсэн гэсэн. Яаж мэдсэн гэхээр шилэн хоргонд байсан аяганууд байхгүй  байсан ба шилэн цом хөдөлсөн байхаар нь шалгаж үзэхэд дуучин Идэржавхлан, Намсрайноров нараас гэсэн бичиглэлтэй шилэн цомон дээр суурилуулсан 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан. мөн хүүхдийн плайстэшн-4 маркийн тоглоомыг шургуулганаас авсан байсан. Бас шилэн хоргоны хажууд байсан эмээлнээс 2 ширхэг мөнгөн даруулга, 1 ширхэг мөнгөн баавар алдагдсан байсан… гэх мэдүүлэг /1-р хх-н 160-р тал/

             Мөрдөн байцаалтанд хохирогч З.Төмөртөмөөгийн:... Би 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үед эхнэр хүүхдээ аваад зуслан руугаа явсан. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед манай СӨХ-өөс залгаад танай гэрийн цонх хагарсан байна та нар гэртээ байгаа юм уу? гэхэд би гэрт хулгай орсон байна гэж мэдээд манай хадам ээж Баярмагнай, ах Нүрзэд нарын хамт ирээд гэрийн хаалга би өөрөө онгойлгоод гэртээ ороход манай гэрийн цонх хагарсан байдалтай байсан. Тэгээд  бид нар алга болсон юм байхгүй юм шиг болохоор нь би шил хийдэг хүмүүсийг дуудаад цонхоо шиллүүлсэн. Тэгээд би дараа нь нөтбүүк алга болсныг мэдээд цагдаа нарыг дуудсан. Тэгээд цагдаа ирээд манайд үзлэг хийгээд явсан… гэх мэдүүлэг /1-р хх-н 249-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Жаргалбаярын:..Би тэдний гэрийхэн ирэхээс өмнө 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрт ороод гарсан. Намайг гэрт нь ороход түлхүүр цоож нь зүгээр, түлхүүрээрээ хэвийн  онгойж байсан, гэрт нь ороод доторх эд зүйлийг нь бүртгэх үед бол зурагт болон тавилганууд нь байрандаа байж байсан, тэгээд шалгачихаад гэрээс нь гараад явсан… гэх мэдүүлэг /1-р xx-н 26-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч  О.Есүхэйгийн: ... Тиймээ би одоо хальт санаж байна. Би ломбардны эзэн Түвшинбаяртай байж байхад гаднаас энэ дээрх залуу ганцаараа орж ирээд 40 инчийн хар өнгийн “Самсунг” маркийн зурагт 200,000 төгрөгөнд 7 хоногийн хугацаанд тавьсан. Тэгээд долоо хоногийн хугацаа дуусаад дахиад 8 хоног хүлээсэн боловч тухайн үед тэмдэглүүлсэн дугаар нь өөр хүний дугаар өгчихсөн байсан. Ингээд 2016 оны 03 дугаар  сарын 29-ны өдөр тус зурагтыг  зарж борлуулсан. Ямар хүнд зарж байгаагаа бид нар тэмдэглэдэггүй болохоор мэдэхгүй байна… гэх мэдүүлэг /хх-н 38-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч О.Оюунчимэгийн: ... Би хүүгээ сургуулиа жилийн чөлөө авсанаас хойш нь байнга л өөртэйгээ хамт байлгасан юм. Тэгсэн чинь 2016 оны 03 дугаар сарын 16 билүү 17-ны өдөр гэртээ ирсэн чинь миний хүү өвчтэй байгаа  эгчийнхээ гэрийг харахаар явсан байсан юм. Тэгэхээр нь би нэг их тоогоогүй өнгөрсөн. Тэгсэн чинь 03 дугаар сарын 18, 19-ний үед найз охиных нь ээж над руу залгаад Түмэнбаярыг хотод ирсэн байгаа гэдгийг хэлсэн юм. Тэрийг нь мэдчихээд Түмэнбаярыг гэртээ ир гэж дуудсан юм. Тэгсэн чинь миний хүү 03 дугаар сарын 22-ны өдөр Сайншандад гэртээ ирсэн юм. Тэгээд бид 2 маргааш нь хашаагаа цэвэрлээд  байж байгаад Түмэнбаярыг харсан чинь нэг л сонин байгаад байхаар нь миний хүү зүгээр биз , янз бүрийн юм болоогүй биз   гэхэд  зүгээрээ  ээжээ  гэж байсан.  Эгчийнхээ гэрийг харах гээд явсан.  Тэгэхээр нь би араас  нь утсаар яриад  миний хүү зүгээр биз, яагаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь дахин зүгээрээ  гэсэн .  Тэгээд байж байтал орой нь миний утсанд мессеж ирэхээр нь харсан чинь Түмэнбаяраас ээж би хэрэг тарьчихсан гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь хүрээд ир гэж дуудаад болсон зүйлийг нь яриулаад  хоёулаа Улаанбаатар хот орж цагдаад мэдэгдэхээр болоод тэр оройноо хот руу ирсэн юм… гэх мэдүүлэг /хх-н 81-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Уугантөгөлдөрийн:... Дээрх хүн нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манай ломбарданд “ Никкон Р-90”  маркийн гэрэл зургийн аппаратыг 100,000 төгрөгийн барьцаанд тавиад түүнээс хойш 4 хоногийн дараа 105,000 төгрөг болгон буцааж авсан байна… гэх мэдүүлэг /1-р хх-н 82-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Мөнгөнхуягийн: ... 2016 оны 03дугаар  сарын 22-ны өдөр манай дэлгүүрт Б.Түмэнбаяр нь ганцаараа орж ирээд “хөөрөг авах уу?” гэхээр нь би “үзье” гээд үзүүлсэн. Тэгээд би үзэж байгаад “яг чиний хөөрөг мөн юм уу”  гэж асуухад “надад ааваас минь үлдсэн юм, манай аав нас барсан” гэж хэлсэн. Тэгээд хэдэн төгрөгөөр зарахыг асуугаад 800,000 төгрөгөөр зарна гэсэн. Тэр хөөрөг нь морины сийлбэртэй, шүрэн толгойтой бага гарын манан хөөрөг байсан. Тэгэхээр нь би надад байгаа нь 600,000 төгрөг байна гэхэд ядаж 650,000 төгрөгөөр аваач гээд гуйхаар нь хүнээс 50,000 төгрөг нэмж зээлээд 650,000 төгрөгөөр уг хөөргийг авсан…  гэх мэдүүлэг /1-р хх-н 85-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Доржсүрэнгийн:...Миний ажилладаг “Заяа” ломбарданд /Бат-Эрдэнэ Түмэнбаяр гэх хүн/ 2016 оны 06 дугаар  сарын 02-ны өдөр дээрхи залуу баруун гараа боочихсон эмнэлэг явах хэрэгтэй байна. Нөтбүүкээ тавих гэсэн юм гээд 15 инчийн саарал хуучин эдлэгээ ихтэй нөтбүүк барьсан орж ирсэн. Тухайн үед ганцаараа явж байсан. Тэгээд 450,000 төгрөгөнд 14 хоногийн хугацаатай тавьсан. Тэгээд хугацаа дуусаад үлдээсэн дугаарууд руу нь залгасан боловч утас нь холбогдохгүй байсан учир 7 хоног үлдээгээд тухайн нөтбүүкийг зарсан… гэх мэдүүлэг /1-р хх-н 250-р тал/

 -Эд зүйлийн үнэлгээнүүд /1-р хх-ийн 19, 42, 66, 67, 196-199, 225-р тал/

 -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 05/275 тоот дүгнэлтэд:

   1. 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амона” хотхоны 72-р байрны балконы хаалга нь онгорхой хулгай орсон байж болзошгүй гэх хэргийн, хэргийн газрын үзлэгээр дэслэгч Э.Ариунсанаагийн илрүүлж бэхжүүлсэн ¹1, 2, 3, 5, 6, 9 гэж дугаарласан дакто хальсан дахь 6 ширхэг гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

   2. Хэргийн газраас бэхжүүлж авсан шинжилгээнд тэнцэж буй ¹2 дугаартай гарын мөр нь Папилон санд МN000110021480 дугаараар бүртгэгдсэн хулгайч Бат-Эрдэнэ овогтой Түмэнбаярын /РД:ЕС94122516/ баруун гарын эрхий хурууны хээтэй ерөнхий шинж болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тус тус тохирч байна.

  3. Шинжилгээнд тэнцэж буй бусад  гарын мөрүүд нь нэгдсэн “Адис-Папилон” санд бүртгэгдсэн гарын хээний дардас, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илэрсэн гарын мөрүүдтэй хоорондоо тохирохгүй байна. Шинжээч цагдаагийн дэслэгч Э.Ариунсанаа гэх дүгнэлт /1-р хх-ийн 90-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3708 тоот дүгнэлт:

 1. Шинжилгээнд ирүүлсэн БЗДЦ2Х шинжээч, а/д Б.Даваадоржийн  хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн 5 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэж буй 4 гэж дугаарласан гарын мөр Бат-Эрдэнэ овогтой Түмэнбаярын зүүн гарын ядам хурууны мөр байна.

3. Шинжилгээнд тэнцсэн 1,2,3,5 гэж дугаарласан гарын мөрүүд санд байгаа нийт хүмүүсийн гарын дардас болон эзэнгүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Шинжээч цагдаагийн ахмад Б.Галбадрах гэх дүгнэлт /хх-ийн 171-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн  7232 тоот дүгнэлтэд:  

1. Б.Түмэнбаяраас авсан гэх марльд шингээсэн цус мэт зүйл шинжилгээнд тэнцэж байна.

2. Яллагдагч Түмэнбаяраас авсан гэх марльд шингээсэн цус мэт зүйл дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна. Шинжээч цагдаагийн дэслэгч Б.Оргил гэх дүгнэлт /2-р  хх-ийн 5-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн  5856 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-ийн гэх цус мэт зүйл дээр цус илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй.

2. ХГҮ-ийн гэх цус мэт зүйл дээрх цус нь АВО системээр О/1/ бүлгийн харьяалалтай байна. Шинжээч  цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж  /2-р хх-ийн  7-р тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож  шийтгэх тогтоолын үндэслэл  болголоо.

            Хулгайлах  гэмт хэрэг  нь  бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө , эд юмсыг  гэмт этгээд  хувийн ашиг олох шунахай сэдэлт , зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр  бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ.

            Давтан гэмт хэрэг үйлдэх гэдэгт :  эрүүгийн хуулийн  нэг зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг  хоёр буюу  түүнээс дээш удаа  үйлдснийг   хэлнэ.

            Бусдын  орон байр, агуулах саванд  хууль бусаар нэвтрэх гэдэгт :  түлхүүр тааруулах,  багаж хэрэгсэл ашиглах буюу  ашиглахгүйгээр  цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох , нуугдах зэрэг бусад аргаар  нэвтрэн орохыг ойлгоно.

 Хэрэгт цугларсан  бичгийн  нотлох баримтууд болон хохирогч, гэрчүүдийн  мэдүүлэгүүдээс үзэхэд  шүүгдэгч  Б.Түмэнбаяр нь  иргэдийн   нэгдүгээр  давхарт байрлалтай орон  сууцнуудын   тагтаар дамжин хууль бусаар нэвтрэн  орж  давтан үйлдлээр  бусдын  эд зүйлийг  хулгайлсан гэмт хэрэг  үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Түмэнбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 16-наас 27-ны хооронд  Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хороололын 416-р байрны 174 тоотод оршин суух О.Одончимэгийн гэрт 2 удаа нэвтрэн орж, эхний удаад буюу 2016 оны 02 дугаар сарын 16-наас 25-ны хооронд монетан бөгж, ээмэг, гинж кулоны хамт, их гарын хуучны мөнгөн аяга 1 ширхэг, “гарнет-2 “загварын пүүз зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.410.000 төгрөгийн эд зүйлийг  хулгайлсан , дараагийн удаад буюу буюу 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 43 инчийн “Самсунг” маркийн Лед зурагтыг хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан ба иргэн О.Одончимэгт 2 удаагийн үйлдлээр нийт 1.710.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг ,

Давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 11-р  хорооны нутаг дэвсгэрт байрлах "Амона” хотхоны 72-р байрны 01 тоотод оршин суух Ж.Амарсанаагийн гэрт балконоор нь дамжин нэвтэрч, ”Никон” маркын гэрэл зургийн аппарат, манан хөөрөг, “Айфони-5” маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж иргэн Ж.Амарсанаад 4.390.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг ,

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байхдаа, 2016 оны 05 дугаар сарын 02-ноос 26-ны өдрийн /3 удаагийн үйлдлээр/ Баянзүрх дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ зуун” хотхоны 24 /в/ байрны 29 тоотод оршин суух Ч.Бат-Эрдэнийн гэрт тагтаар нь 3 удаа нэвтрэн орж,

 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр диамонд шигтгээтэй монетан бөгж 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, “Дели” маркийн хар өнгийн нөтбүүк, “Найк” брэндийн  цүнх зэрэг эд зүйлийг хулгайлж 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг,

2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 6 ширхэг мөнгөн аяга, “Найк” брендийн хөлс шингээдэг хувцас, “Адидас” брендийн үүргэвч зэрэг эд зүйлийг хулгайлж 895.000 төгрөгийн хохирол  учруулсан  гэмт хэргийг,

2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2 ширхэг мөнгөн аяга, “Плэйстэйш-4” тогтоом, эмээлийн мөнгөн даруулга 2 ширхэг, баавар 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 760.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан ба иргэн Ч.Бат-Эрдэнэд 3 удаагийн үйлдлээр нийт 2.705.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристалл Таун” хороололын 801-р байрны 106 тоотод оршин суух З.Төмөртөмөөгийн гэрт цонхийг нь хагалан нэвтрэн орж, “Асер” маркийн нөтбүүкийг хулгайлж иргэн З.Төмөртөмөөд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг  тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг,  талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Түмэнбаяр эдгээр хулгайн гэмт хэргүүдийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Шүүгдэгч Б.Түмэнбаяр нь урьд ял шийтгэл хүлээж  байгаагүй  болох нь  тэдгээрийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар  нотлогдож байна./1-р хх-н 104-тал/

Мөрдөн байцаалтын  шатанд  хохирогч Ж.Амарсанаагийн гэрээс гэрэл зургийн аппарат, манан хөөрөг,  “Айфони-5” маркын гар утсыг авсан, эдгээр зүйлүүдээ  буцаан  өгсөн  байх тул  хохирогч  Ж.Амарсанаад  төлөх  төлбөргүй гэж  үзэв.  /хх-н 78-р тал/

Шүүгдэгч Б.Түмэнбаяр нь О.Одончимэгт учруулсан 1.170.000 төгрөгийг, хохирогч Ч.Бат-Эрдэнэд учруулсан 2 /хоёр сая/ төгрөгийг, хохирогч З.Төмөртөмөөд  1.500.000 төгрөгийн хохиролыг нөхөн төлөөгүй байх тул Б.Түмэнбаяраас уг хохирлыг гаргуулан хохирогч нарт олгох үндэстэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан хүүд овогт Бат-Эрдэнийн Түмэнбаярыг  давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Бат-Эрдэнийн Түмэнбаярыг эд хөрөнгийг хураах нэмэгдэл  ял хэрэглэхгүйгээр  06 /зургаан/ сарын хугацаагаар  баривчлах  ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар Б.Түмэнбаярт 06 /зургаан/ сарын хугацаагаар оногдуулсан баривчлах  ялыг тодорхой  дэглэм бүхий байранд   ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Б.Түмэнбаярын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 131 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн дэлгэц хагархай эвдрэлтэй утас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Бат-Эрдэнийн Түмэнбаяраас хохирогч О.Одончимэгт   /РД:УК90041789/  1.170.000 /нэг сая нэг зуун далан мянган/ төгрөгийг, Ч.Бат-Эрдэнэд /РД:ДЮ76120214/ 2.705.000  /хоёр сая  долоон зуун  таван мянган/ төгрөгийг,  З.Төмөртөмөөд /РД:ВГ88072911/ 1.500.000 / нэг сая таван  зуун  мянган / төгрөгийг тус тус гаргуулан олгосугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Түмэнбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Түмэнбаярт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ