Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2016/0907/З/ |
Дугаар | 158 |
Огноо | 2017-05-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 158
М.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, К.Ж, хариуцагч Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан гаалийн улсын байцаагч Г.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1028 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 172 дугаар магадлалтай, М.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан гаалийн улсын байцаагч Г.Г-д холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1028 дугаар шийдвэрээр Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.7, 290 дүгээр зүйлийн 290.2.1-д заасныг үндэслэн Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан гаалийн улсын байцаагч Г.Г-д холбогдуулан гаргасан “...гаалийн улсын байцаагчийн гаргасан 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 00036... дугаар “Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас”-ыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч М.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 172 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч К.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, 4.4, 274 дүгээр зүйлийн 274.1.7, 290 дүгээр зүйлийн 290.2.1-д заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 00036... дугаар бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас болон 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 011607000... дугаар зөрчлийн тухай тэмдэглэлд тус тус валютыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэж зөрчлийн үйлдлийг тэмдэглэж, уг үйлдэлд холбогдуулан бараа хураах захиргааны шийтгэл ногдуулсан байдаг.
Гэтэл Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-д “хууль бусаар нэвтрүүлсэн бол торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах” гэж заасан бөгөөд завдсан үйлдэлд захиргааны шийтгэл ногдуулах, бараа хураах эрх гаалийн улсын байцаагчид хуулиар олгогдоогүй байхад мөн хуулийн 290.2.1 дэх заалтыг хэрэглэх ёсгүй. Гаалийн хил нэвтэрсэн гэж хариуцагч тайлбарладаг боловч нэвтэрсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Захиргааны шийтгэл ногдуулсны дараа Монгол Улсад орж ирэхийн тулд нэхэмжлэгчийн паспорт дээр нь штамп дарагдсаныг шүүх анхаарч үзээгүй.
Нэхэмжлэгч М.А нь 28620 еврог гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй боловч гаалийн хилээр нэвтрүүлээгүй бөгөөд зөвхөн болгоомжгүйгээр нэвтрүүлэхийг завдсан боловч анхан болон давж заалдах шатны шүүх Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.1.2 дахь заалтыг завдсан үйлдэлд хэрэглэж, 2016 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 00036... дугаар “Бараа, тээврийн хэрэгслийг хураах” хуудас хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч М.Ахищ нь 28620 еврог Герман улсад мэдүүлсэн байх ба Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, нуун далдлах ямар нэгэн зорилго, сэдэл байгаагүй буюу Гаалийн тухай хуулийн 290.2.1-д “барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн бол иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх” гэж заасан зөрчлийн бүрэлдэхүүнийг хангаагүй байхад захиргааны зөрчил гэж үзэж, мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.7-д заасан эрхээ хэрэгжүүлсэн нь буруу юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хянавал:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан учир хяналтын шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Турк Улсын иргэн М.А-гаас олгогдсон итгэмжлэлээр иргэн Б.Е нь “гаалийн улсын байцаагч Г.Г-гийн үйлдсэн 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “бараа, тээврийн хэрэгслийг хураах 0036... дугаар хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргаж, “уг мөнгө нь Мүфтияд холбоонд бүртгэлтэй өнчин хүүхдүүдэд өгөх тусламжийн мөнгө байсан, хүмүүнлэгийн тусламжийн мөнгө болох талаарх “Х” хүмүүнлэгийн байгууллагын тодорхойлолт, мөн Герман улсын хилээр гаргасан зөвшөөрөл нь байсан учраас Монгол улсад оруулахад гаалийн деклараци бичих журмыг мэдээгүй, хэл нэвтрэлцэхгүй, муу ойлголцсоноос эрхээ эдэлж чадаагүй” гэж маргажээ.
Истанбул-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсад зорчсон Бүгд Найрамдах Турк /Герман улсын давхар харьяалалтай гэх/ Улсын иргэн М.А нь Монгол Улсын хилээр нэвтрэх үедээ биедээ авч явсан 28620 еврог гаалийн байгууллагад мэдүүлээгүй, тэрээр энэ талаар маргаагүй ба гаалийн улсын байцаагч нь “гаалийн хяналтын бүс”-д гаалийн хяналтыг хэрэгжүүлж, уг зорчигчийн биедээ авч явсан “мэдүүлбэл” зохих их хэмжээний валютыг илрүүлж, захиргааны хариуцлага хүлээлгэсэн нь дараах хууль, олон улсын гэрээнд нийцсэн байна.
Монгол Улсын Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр оруулж болно”, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэж зааснаас үзвэл, зорчигч нь гаалийн байгууллагад гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн тоо, хэмжээний валютыг Монгол Улсын хилээр оруулах эрхтэй бөгөөд 15 саяас дээш хэмжээний төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг тус улсын хилээр нэвтрүүлэх /оруулах, гаргах/-ээр бол гаалийн мэдүүлэг заавал бичих ёстой юм.
Мөн гаалийн харилцааг нарийвчлан зохицуулсан Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно; 3.1.1-д “бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ...валют,...”, 55 дугаар зүйлийн 55.1-д “мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ”, 55.3-т “мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ”, 55.9-д “улсын хилээр нэвтрэх зорчигч болон тээврийн хэрэгслийн багийн гишүүний хувийн хэрэглээний эд зүйл болон бусад барааг зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлнэ” гэж заасан тул зорчигч М.Ах нь биедээ бэлнээр авч явсан 28620 еврог дээр дурдсан Монгол улсын хуульд заасны дагуу Монгол улсын гаалийн байгууллагад “зорчигчийн гаалийн мэдүүлэг” бичиж мэдүүлэх үүрэгтэй.
Иймд, зорчигч М.А нь “гаалийн мэдүүлэг” бичилгүйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрсөн хэмжээнээс илүү валют биедээ бэлнээр авч явсан атлаа уг валютаа “гаалийн мэдүүлэг”-ээр мэдүүлээгүй нь өөрийнх нь буруу, түүнээс “Герман улсын хилээр гарах үедээ энэ мөнгөө тус улсын гаальд мэдүүлсэн баримт болон уг мөнгөний гарал үүслийн талаарх буюу хүмүүнлэгийн тусламжийн мөнгө болох тухай тодорхойлолттойн зэрэгцээ Монгол улсын гаальд мэдүүлэх журмыг мэдээгүй” гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Учир нь зорчигч М.А нь өөрт авч яваа 28620 еврог ХБНГУ-ын хилээр гарахдаа тус улсын гаальд мэдүүлсэн атлаа Монгол улсын хилээр орохдоо уг мөнгийг гаалийн байгууллагад “мэдүүлэх” ёстойг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд Буянт-Ухаа дахь гаалийн байгууллага нь Монгол Улсын нэгдэн орсон 1973 оны Киотогийн “Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенци”-д заасны дагуу ирж буй зорчигчдод улаан, ногоон гарцын аль нэгийг сонгох замаар гаалийн байгууллагад мэдүүлэх хэлбэрийг олон улсад нийтлэг мөрдөгддөг стандартын дагуу ойлгомжтой байдлаар илэрхийлсэн, Гаалийн тухай хуулийн 228 дугаар зүйлийн 228.6-д “зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл, эмэнд гаалийн бүрдүүлэлт хийх танхимд улаан, ногоон гарцын таних тэмдэг, тайлбар, танилцуулгыг зорчигчид харагдахаар газар байрлуулсан байна” гэдгийг хэрэгжүүлсэн, М.А нь “гаальд мэдүүлэх бараа” байхгүй тохиолдолд сонгох гаалийн хилийн ногоон гарцыг өөрөө сонгож, ашигласан зэрэг нь тогтоогдсоноос үзвэл, “гаалийн мэдүүлэг бичихийг мэдээгүй” гэсэн нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, хариуцагч гаалийн улсын байцаагч Г.Г-гийн Гаалийн тухай хуулийн 228 дугаар зүйлийн 228.7-д “ногоон гарцаар нэвтэрч буй зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл, эмэнд гаалийн хяналт тавьж гаалийн хилээр нэвтрүүлнэ”, 274 дүгээр зүйлийн 274.1.7-д “гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх”, 290 дүгээр зүйлийн 290.2.1-д “барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих,... зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн бол иргэнийг 10000-30000 төгрөгөөр,... торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх;” гэж заасныг хэрэгжүүлсэн үйл ажиллагааг буруутгах эрх зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч хяналтын журмаар “М.А нь 28620 еврог гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй боловч гаалийн хилээр нэвтрүүлээгүй бөгөөд зөвхөн болгоомжгүйгээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэлд шүүх Гаалийн тухай хуулийн 290.1.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн агуулгатай гомдол гаргажээ.
Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө” гэж заасан, Монгол Улсын нэгдэн орсон “Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенц”-ийн I бүлгийн 1 дүгээр зүйлийн /d/-д “дотоодын хууль тогтоомж” гэдгийг тодорхойлохдоо “Хэлэлцэн тохирогч тухайн талын нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөх хууль, журам, бусад арга хэмжээг,...” хэлсэн, уг конвенцийн II бүлгийн 2 дугаар зүйлд зааснаар Хэлэлцэн тохирогч тал бүрд конвенцийн хавсралтад заасан стандартыг дагаж мөрдөх үүрэг хүлээлгэсэн, тусгай хавсралт H /зөрчил/-ын I бүлгийн “гаалийн зөрчил” гэсэн хэсэгт “...“гаалийн зөрчил” гэж гаалийн хууль тогтоомж зөрчсөн эсхүл зөрчихийг завдсан аливаа үйлдлийг тус тус хэлнэ” гэж заасан байна.
Үүнээс үзвэл, М.А-гийн гаалийн байгууллагад “мэдүүлбэл” зохих бараа /валют/-г “гаалийн мэдүүлэг” бичилгүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэхээр завдсан үйлдлийг олон улсын эрх зүйн зохицуулалтаар “гаалийн зөрчил”-д тооцох бөгөөд гаалийн улсын байцаагч Г.Г нь Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас болон шийтгэвэр үйлдэхдээ “нэвтрүүлэхийг завдсан” гэж бичсэн нь буруу биш, зөрчлийн бүрэлдэхүүнгүй “завдсан” үйлдэлд хариуцлага хүлээлгэсэн гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ”, 228 дугаар зүйлийн 228.1-д “гаалийн байгууллага нь зорчигчийг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ гаалийн хяналтын улаан, ногоон гарцыг хэрэглэж болно”, 228.7-д “ногоон гарцаар нэвтэрч буй зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл, эмэнд гаалийн хяналт тавьж гаалийн хилээр нэвтрүүлнэ” гэж тус тус заасан, зорчигч М.А нь гаальд мэдүүлэх бараа байхгүй хэмээн “ногоон гарц”-ыг сонгож, гаалийн хил нэвтэрсэн нь тогтоогдсон тул Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх хэсэгт заасан зөрчлийн бүрэлдэхүүний “объектив тал” хангагдсан болохыг давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн, иймд “гаалийн хил нэвтэрсэн нотлох баримт байхгүй, захиргааны шийтгэл ногдуулсаны дараа Монгол улсад орж ирэхийн тулд нэхэмжлэгчийн паспорт дээр штамп дарагдсаныг шүүх анхаарч үзээгүй” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Дээрх байдалд үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1028 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 172 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ