Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0551

 


“Скай инфра групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Баасанжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 426 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “Скай инфра групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Туул, П.Отгонсүрэн нарт холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, 15.2-т зааснаар Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 210201526 дугаар катыг хэргийн нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баасанжаргал давж заалдах гомдолдоо: “... 1. Анхан шатны шүүх шийдвэртээ Скай инфра групп ХХК нь 2012 оны 1,013,784,661.30 төгрөгийн орлогыг 2012 онд тайлагнаж, НӨАТ төлсөн бөгөөд уг орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнасныг ХУД-ийн татварын хэлтэс болон УТОХГ-аас баталгаажуулж, хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. Харин тухайн үед манай компани туслан гүйцэтгэгчид төлөх байсан төлбөрөө 229,656,774.20 төгрөгөөр дутуу төлсөн байсныг ХУД-ийн татварын хэлтсээс нэгэнт төлөх төлбөр бөгөөд НӨАТ-аас буцаан авалт хийх дүнд орж болно гээд баталгаажуулсан байсныг УТОХГ-аас хасаж, тухайн төлбөрийг төлсөн үедээ тайлагнаж дахин буцаан авалт хийх боломжтой гэснээр ийнхүү 63,354,000 төгрөгөөр баталгаажуулж, бид буцаан авсан. Бид туслан гүйцэтгэгч компанидаа төлөх ёстой үлдэгдэлээ 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр бүрэн төлж дуусгасан бөгөөд ийнхүү дээр төлсөн НӨАТ-аас хасч тооцох үндэслэлтэй зардал гаргасан тул бид ийнхүү буцаан авах хүсэлтээ илэрхийлсэн.

Татварын улсын байцаагч болон анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтэд нэхэмжлэгчийг НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасны дагуу хасалт хийх ажил гүйлгээ биш байсан гэж огт маргаагүй, актанд энэ тухай тусгаагүй болохыг дурдах нь зүйтэй.

2. Харин хуульд заасан тайланд засвар оруулах хугацаа хэтэрсэн, 2012 оны худалдан авалтын 2015 онд хасч тооцсон гэсэн үндэслэлээр акт тавигдсан. Гэтэл тайланд засвар оруулах хугацаа гэдэг нь татвар төлөгчийн зүгээс тайлангаа буруу гаргасан, андуурсан, зөрүүтэй бичигдсэн зэргээр өөрийн санаачлагаар засвар оруулахад тухайн тайлангийн жилийн дараа оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор засвар оруулах ойлголт юм. Гэтэл бидний НӨАТ-ын буцаан авалт гэдэг нь тайланд засвар оруулж байж авдаг зүйл огт биш гэдэг нь ойлгомжтой. Үнэхээр тайланд засвар оруулах хугацааг хэтэрсэн гэж үзэж байгаа бол 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн актаар 2012 оны худалдан авалтыг буцаан олгохоор баталгаажуулахгүй байх байсан.

3. Зах зээлийн харилцаанд компаниуд зээлээр бие биедээ борлуулалт хийх нь түгээмэл байдаг бөгөөд ийнхүү зээлийн борлуулалтандаа ногдох НӨАТ-ыг дараа оны 6 сардаа багтаан тайлагнаж, буцаан авна гэж хуулийг буруу тайлбарлавал бүх зээлийн гэрээний хугацаа энэ хугацаанд баригдаж 1 жилээс хэтрэхгүй болох буруу үр дагаварыг үүсгэж байна. Хэрэв татвар төлөгч ийнхүү зээлээр хийсэн худалдан авалтаа төлбөрөө бүрэн төлж дуусаагүй байх хугацаандаа буцаан авах эрх нь үүсч байвал энэ нь буруу механизм болох юм. Өөрөөр хэлбэл компаниуд бүх худалдан авалтаа зээл гээд, төлбөрөө аваагүй ч гэсэн хасч тооцуулах сөрөг үр дагаварт хүргэж байна.

4. Мөн хариуцагч тал болох ТЕГ-ын УТОХГ-ын улсын байцаагчийн маргаан бүхий 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 210201526 дугаар актыг хэргийн нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан нь хууль бус. Улсын дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолд: “Хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д заасан “...Хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх” ажиллагааг хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны актын хэрэгжилтийг түдгэлзүүлэх бөгөөд захиргааны байгууллага албан тушаалтнаас шинээр гаргасан захиргааны актад хуульд заасан ердийн журмаар гомдол гаргаж болно” гэж тайлбарласан. Анхан шатны шүүх хуралдааны үеэр хариуцагч тал болох захиргааны байгууллагаас хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзэн захиргаан актын хэрэгжилтийг түдгэлзүүлэх ямар ч хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж тогтоож байгаа нь буруу бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

            Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс “Скай инфра групп” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг санхүүгийн баримтуудад үндэслэн шалгаж, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 22,6965,677.40 төгрөгөөр баталгаажуулсныг Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газраас шалгаж 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 210201526 дугаар актаар нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 0 төгрөгөөр баталгаажуулжээ.

            Ийнхүү баталгаажуулсан үндэслэлээ хариуцагч “...Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 53 дугаар тушаалын 5.2, 5.3, 8.3-д тайланд залруулга хийх хугацааг зохицуулж хязгаарласан. Татвар төлөгч санхүү, мөнгөний хүрэлцээгүй байдал болон бусад шалтгааны улмаас худалдан авалтыг хойшлуулж бүртгэж байгаа боловч Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд хугацааг төгсгөлгүй үргэлжлэх талаар зохицуулалт байхгүй тул “Скай инфра групп” ХХК-ийн 2012 оны тайлант хугацааны худалдан авалтыг 2015 оны 1 дүгээр сарын тайланд илүү төлөлтөөр тусгасныг бууруулж, буцаан авах илүү төлөлтийг 00 төгрөгөөр баталгаажуулсан” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь:

- “Скай инфра групп” ХХК нь “М Си Эс Интернэйшнл” ХХК-тай 2012 онд байгуулсан “Ажил гүйцэтгэх” гэрээний төлбөрийн үлдэгдэл 121,651,251.60 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлснөөр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох эрх үүсжээ. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ажил, үйлчилгээг 2012 онд худалдан авсан боловч үүнийхээ төлбөрийг тодорхой үе шаттайгаар төлж, 2015 онд сүүлийн төлбөрийг төлсөн байх тул төлбөрийг төлснөөр дээрх эрх үүссэн гэж үзнэ. Гэрээний төлбөр болох мөнгийг төлөлгүйгээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж, буцаан авалт хийх боломжгүй нь тодорхой юм.

- Тэрчлэн Татварын ерөний газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 53 дугаар тушаалаар батлагдсан “Татварын тайлан хүлээн авах хянах, нэгтгэл хийх журам”-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Сар, улирал, жилийн эцсийн тайланд хийх залруулгыг дараа оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд харьяалагдах татварын албанд хийнэ”, 5.3-д “Тайлангийн залруулгыг хийхдээ алдааг нотлох анхан шатны баримт болон холбогдох бусад баримт материалыг үндэслэн энэ журмын 3.6-д заасны дагуу залруулна”, 8 дугаар зүйлийн 8.3-д “Татвар төлөгч тоон гарын үсгийг татварын хууль тогтоомж зөрчсөн аливаа үйлдэлд ашиглах, бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан байх бөгөөд хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдагдсан хууль, журмын заалтуудад болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалт хийх хугацааг хязгаарласан зохицуулалт байхгүй төдийгүй хугацаа хэтрүүлэн тайлагнасан тохиолдолд буцаан олголт хийгдэхгүй гэх хууль зүйн үндэслэл байхгүй байхад Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчид нь “Скай инфра групп“ ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан тооцооны “тусгай тэмдэглэл” хэсэгт “Тайланд засвар оруулах хугацаа хэтэрсэн, 2012 оны худалдан авалтыг 2015 онд хасч тооцсон” гэх үндэслэл дурдаж[1], буцаан авах илүү төлөлтийг 00 төгрөгөөр баталгаажуулсан нь буруу байна.

Мөн Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 53 дугаар тушаалаар батлагдсан “Татварын тайлан хүлээн авах хянах, нэгтгэл хийх журам”-ийн 3.6-д “Тайлан тушаах хуулиар тогтоосон хугацаанаас хойш алдаатай, буруу илгээсэн тайлангаа залруулах бол энэ тухай албан ёсны хүсэлтийг татварын албанд илгээж, тухайн хүсэлтийг татвар төлөгчдөд үйлчлэх нэгжийн татварын улсын байцаагч зөвшөөрсөн тохиолдолд залруулсан тайланг дахин илгээнэ” гэж зааснаас үзвэл татварын тайланд засвар оруулах, залруулга хийх гэдэгт зөвхөн алдаатай, буруу бичигдэж, илгээсэн тайлан дээрх мэдээллийг залруулж, зөвтгөх тухай асуудлыг хамааруулан авч үзэх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд тайлангаа алдаатай, буруу бичиж илгээсэн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин талууд уг ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох ажил, үйлчилгээ мөн гэдэгтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

            Дээрхээс дүгнэвэл, хариуцагчийн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 210201526 дугаар акт нь хууль зүйн үндэслэлгүй тул маргаан бүхий актыг хэргийн нөхцөл байдлыг тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх шаардлагагүй байжээ. 

            Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган маргаан бүхий актыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 426 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14.1, 14.1.1, 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 210201526 дугаар актыг хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                     Б.МӨНХТУЯА

                 ШҮҮГЧ                                                                                          Э.ХАЛИУНБАЯР

                ШҮҮГЧ                                                                                           Г.БИЛГҮҮН